ХҮний эрх ба хүнд суртал



Дата17.06.2016
өлшемі36.04 Kb.
#142945

2008 оны хүний эрхийн үндэсний чуулганд

ХҮНИЙ ЭРХ БА ХҮНД СУРТАЛ”
ХЭҮК-ын дарга Д.Солонгын хэлсэн үг

Эрхэм Ерөнхийлөгч өө!

Чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ХЭҮК, НҮБХХ-ийн газартай хамтран зохион байгуулж буй “Хүний эрх ба Хүнд суртал” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулагдаж байгаа энэ чуулганаар манай улсын төрийн байгууллагууд дахь хүнд суртлын өнөөгийн түвшин, шалтгаан нөхцлийг тодорхой судалгааны үндсэн дээр тал бүрээс нь шүүн хэлэлцэх гэж байна.

Монгол хэлнээ “хүнд суртал” гэж орчуулагдсан “Bureaucracy” хэмээх үг эртний Ромын Эзэнт гүрний үеэс улбаалан зуун зуунаар дамжин хувьсаж илүү гүн гүнзгий утга санааг агуулах болж хүн төрөлхтөний өөрийгөө удирдан залах аргыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж ирсэн байна. Оросын яруу найрагч Владимир Маяковскийн “Хэт хуралдагсад” хэмээх шүлэгт өдөр бүр шалих шалихгүй зүйл дээр биеэ хуваан хуралдаж иргэдтэй уулзах цаг завгүй болсон түшмэдийн тухай өгүүлдгийг Та бүхэн санаж байгаа байх. Энэ нь хүнд суртал он удаан жилийн туршид оршин тогтсоор байгаагийн илрэл юм. Энэ үзэгдэлтэй түүхийн бүхий л үед хүн төрөлхтөн өдөр тутмын ажил, амьдралдаа нүүр тулж түүнтэй тэмцэх арга замаа ч нарийсгасаар ирсэн байна.

Хүнд суртал бол монголын нийгэмд хаа сайгүй байгаа бодит үзэгдэл бөгөөд төрийн үйлчилгээг цалгардуулж, бухимдал, чирэгдэл үүсгэж хүний эрхийг зөрчиж, улмаар хээл хахууль, авлигад хүргэж олон сөрөг үр дагаврыг бий болгож нийгмийн үндсийг ганхуулсан үзэгдэл болоод байна.

Хаана хариуцлага, сахилга сул байна тэнд хүнд суртал, авлига газар авч байдаг нь энгийн ухагдахуун юм. Үүний цаана хүний эрх ямагт хөндөгдөж байдаг учраас хүнд сурталтай тэмцэхэд хүний эрхийн байгууллага анхаарлаа хандуулж байна.

Макс Веберийн тодорхойлсон “түшмэл ёсыг” хууль ёс, технологиос салгаж, хариуцлагагүй, сахилгагүй, чадваргүй байдлаар орлуулснаар хүнд суртал гэсэн гаж үзэгдэл үүсч байна. Үүний гол шалтгаан нь хууль ёсыг яв цав хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой. Хууль ёс хэрэгжихгүй орон зайд зөвхөн дур зорго үйлчлэх нь ойлгомжтой юм. Нөгөө талаас хууль тогтоомжийн уян, боловсронгуй бус байдал ч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас социологич Мишель Крозье аливаа байгууллага дахь эрх зүйн хувьд тодорхой бус байдал нь эрх зүйн хийдлийг бий болгож, улмаар албан хаагчид нь тэр орон зайгаар өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж, өөрийн үзэмжээр үйлдэл хийх эрх чөлөөг бий болгодог гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүнд суртал бол нийгмийн үзэгдэл гэхээсээ илүү “түшмэл ёс”-ны гажсан орон зайгаар тэжээгдэж байдаг “төрийн өвчин” гэж хэлж болохоор байна. Макс Веберийн үзлээр хүнд суртлыг бууруулахын тулд байгууллагын ажилтнуудын дунд ажил үүргийг мэргэшсэн чадвараар нь хуваарилах хэрэгтэй. Салбар бүр өөрсдийн хийх ёстой ажлын чиг үүргээ мэдсэн байх шаардлагатай бөгөөд хамгийн дээд боломжит хөдөлмөрийн хуваарилалт нь байгууллагын бүх цэгт мэргэшсэн ажилтны ашиглах, нөхцөл байдлыг бий болгодог байна. Тийм учраас эдгээр ажилтнууд өөрсдийнхөө чиг үүргийг үр нөлөөтэй гүйцэтгэж хариуцлагаа бүрэн хүлээж чаддаг.

Өнөөдрийн үндэсний чуулганыг угтан төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагууд дахь хүнд суртал сэдвүүдээр хийсэн судлаачдын багийн судалгааны дүнгээс үзэхэд хүнд суртал нь төрийн албан хаагчийн идэвхи санаачлагагүй, чадваргүй байдал, түүнчлэн хувийн ашиг сонирхол, ил тод бус байдлаас үүдэн бий болж байна гэж үзжээ. Мөн эрх зүйн зохицуулалтын дутагдал, зохион байгуулалтын асуудлууд нь хүнд суртлын шалтгаан болсоор байна гэсэн байна.

Хүнд суртлыг бууруулах нэг гол арга зам бол төвлөрлийг сааруулж хүнд суртлын уул уурхай болж буй үй олон зөвшөөрлийн тогтолцоог халах явдал юм. Зарим лиценз, тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой төрийн зарим чиг үүргийг чадварлаг төрийн бус байгууллагуудад шилжүүлснээр хүнд суртлын цар хүрээг багасгах боломжтой. Чадварлаг төрийн бус байгууллага төрийн ачааллаас хуваалцаж шуурхай, үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж болдгийн тодорхой нэг жишээ бол Нотариатын байгууллага юм.

Төрийн байгууллагын ил тод байдал нь хүнд суртлыг бууруулах нэг арга зам мөн. Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ил тод байж төрийн байгууллагын мэдээлэл иргэдэд ямар ч үед нээлттэй байх ёстой. Байгууллагын шуурхай, ил тод байдал, иргэдийн идэвхитэй оролцоо, хариуцлагын тогтолцоо болон төвлөрлийн сааруулалт төрийг хариуцлагатай болгон шинэчлэхийг нөхцөлдүүлдэг.

Иргэдийн хууль, эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлснээр иргэн бүр өөрийн эрхийг хамгаалах чадвартай болж хүнд суртлын эсрэг тэмцэх, төрийн байгууллагуудад ачаалал үүсгэж, дарамт бий болгох явдлыг бууруулах боломж нээгдэнэ.

Өнөөдөр бид төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, нээлттэй, хүртээмжтэй, ил тод, хууль ёсны дагуу, хүнийг дээдэлж, эрх, эрх чөлөөг нь хүндэтгэж хүргэх оновчтой арга замыг тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрхийн үндэсний чуулганыг өөрийн ивээл дор зохион байгуулах, хүнд суртлыг даван туулах арга замыг хэлэлцэх боломж олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье.


Анхаарсан явдалд баярлалаа.

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет