Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв



бет3/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12

Ө.Энхтүвшин: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.2-т заасан тодорхой асуудлаар нэг бүрчлэн санал хураалт явуулж дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна:



 

1. 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтад сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 73.59 хувь нь оролцсон, нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж  51.21 хувь буюу олонхийн санал авсан, санал хураалт хуулийн дагуу явагдсан байх тул Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болжээ.

 

2. Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход  харшлах шалтгаан байхгүй гэж үзлээ.



 

3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль болон Тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,



 

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон, нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэж үзсэн учир Цахиагийн Элбэгдоржийг  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль болон Тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж өгнө үү.



 

Анхаарал тавьсанд баярлалаа.


Д.Дэмбэрэл: - Ө.Энхтүвшин даргад баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулаад асуух асуулттай гишүүн байна уу? Асуух асуулттай гишүүн алга байна. Асуух асуулттай гишүүн байхгүй бол одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.3.5-д заасны дагуу анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчин төгөлдөр болсон, нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн томъёолол тус бүрээр санал хураалт явуулах ёстой. Тийм учраас энэ хоёр асуудлаар санал хураалт явуулъя.
Эхний санал хураалт бол анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт явж байна.
Санал хураалтад 65 гишүүн оролцож, 63 гишүүн зөвшөөрч, 96.9 хувийн саналаар Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон гэж гишүүд зөвшөөрч санал өглөө.
Хоёр дахь санал хураалтыг явуулъя. Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт явж байна.
Санал хураалтад 65 гишүүн оролцож, 64 гишүүн зөвшөөрч, 98.5 хувийн саналаар нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэж УИХ-ын гишүүд санал өгч байна.
Энэ хоёр санал хураалт нэгэнт явагдсан учраас одоо УИХ-ын хууль батлах ажилд оръё. Би хуулийн төслийг уншиж та бүхэнд танилцуулъя.
Монгол Улсын хууль. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай.
Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 2.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсүгэй гэсэн хуулийн төсөл байна. Энэ хуулийг баталъя гэсэн санал хураалтыг явуулъя.
Санал хураалтад 65 гишүүн оролцож, 65 гишүүн зөвшөөрч, 100.0 хувийн саналаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хууль батлагдаж байна.
Энэхүү хуулийн редакци дээр, саяны миний уншсан дээр саналтай хүн байна уу? За Ц.Нямдорж редакцийн санал.
Ц.Нямдорж: - Тэр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай л гээд явчихвал яасан юм бэ? Гэж үзэж гээд хэрэггүй үгнүүд, дунд нь уснууд байх юм. Шахчихмаар байх юм.
Д.Дэмбэрэл: - Энэ яг Үндсэн хуулийн үг явж байх шиг байх юм. Тамгын газар энэ дээр ямар санал байна. Яг Үндсэн хуулийн нэрээр тавьсан юм уу? Аль эсвэл. За Тамгын газрын дарга Ц.Шаравдорж.
Ц.Шаравдорж: - Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 5-д заасан томъёолол байгаа юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах гээд. Энэ дагуу томъёолсон томъёолол байгаа юм. Яах вэ Үндсэн хуулийнхаа заалтыг л барьж Тамгын газар томъёолсон.
Д.Дэмбэрэл: - Хуучин бол иймэрхүү байдлаар томъёолж байсан юм байгаа биз дээ бас.
Ц.Шаравдорж: - Хуучин 4 удаагийн УИХ-ын шийдвэр яг ийм томъёоллоор гарч байсан юм.
Д.Дэмбэрэл: - Баярлалаа. 4 удаа ингэж гарч байсан жишигтэй. Бас Үндсэн хуульд заасан нэр томъёог нь өгсөн юм байна. Өөр найруулгын саналтай хүн алга уу? Энэ хуулийн эцсийн найруулгыг сонслоо.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хоёр дахь шатны сонгууль бол УИХ дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч хууль гаргадаг ёстой. Энэхүү хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Цахиагийн Элбэгдорж сонгогдлоо. Цахиагийн Элбэгдоржид энэхүү хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаад нь УИХ-ын гишүүдийн өмнөөс болон УИХ баяр хүргэж байна.
Сая Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд орсон байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүд та бүхэнд тараасан байгаа. Одоо энэ тогтоолын төслийг ярилцъя. Би тогтоолын төслийг уншиж та бүхэнд танилцуулъя.
Монгол Улсын Их Хурлын тогтоол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дахь зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 06 минутад байхаар тогтоосугай. Гарын үсэг.
Тогтоолын төслөөс асуух юм байна уу? Товыг бол 18-ны өдөр гэдгийг урьдчилан ярилцсан. Цагийг бол бас боломжийн аятайхан цаг гэж. 12 цаг 06 минут гэдгээр тогтоож байна. Энэ бол бас урьдчилан ярилцсан зүйл.
Тэгвэл тогтоолыг баталъя гэсэн санал хураалтыг явуулъя.
64 гишүүн санал хураалтад оролцож, 61 гишүүн зөвшөөрч, 95.3 хувийн саналаар тогтоолын төслийг УИХ-ын гишүүд батлах санал өгч байна.
Энэ тогтоол гарсан өдрөөсөө эхлээд мөрдөгдөөд явах, бэлтгэл ажил хангах асуудлууд байгаа. Ийм учраас тогтоолын төсөл дээр эцсийн найруулгын саналтай гишүүн байна уу? Эцсийн найруулгын саналтай гишүүн алга байна. Эцсийн найруулгыг сонслоо.
Гишүүдэд баярлалаа. Нэн чухал асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Одоо УИХ-ын өнөөдрийн чуулганы дараагийн хэлэлцэх асуудалдаа оръё. Хуралдаанд урилгаар оролцсон хүмүүс та бүхэнд баярлалаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд бас баярлалаа. Сонгуулийг амжилттай явуулж дүнг нь хугацаанд нь оруулж ирсэн байна.
Гурав. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төсөл (хэлэлцэх эсэх)
Д.Дэмбэрэл: - Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцье. Хууль санаачлагчийн илтгэлийг сонсъё. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа илтгэл танилцуулна. С.Ламбаа сайдыг индэрт урьж байна. Энэтэй холбогдсон ажлын хэсгийн гишүүд байвал оруулъя.
С.Ламбаа: - УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
УИХ-аас 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3-т эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өрх, сум, сум дундын эмнэлэгт 2-оос доошгүй жил дадлагажигчаар ажиллаж мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд олгох, 17.4-т дадлагажигчаар ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тус тус заасан.
Энэ хуулийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2007 оны 143 тоот тушаалаар 2006-2007 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургууль төгссөн 549 их эмчийг төгсөгчдийн санал, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудын захиалгыг үндэслэн өрх, сум, тосгон, сум дундын эмнэлгүүдэд дадлагажигчаар хуваарилан ажиллуулсан байна.
2007 онд нийт дадлагажигч эмчийн 82.1 хувь нь хуваарилагдсан газартаа ажилласан хэдий ч дадлагажигч эмч нар болон өрх, сум, сум дундын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагаас дадлагажигч гэсэн нэрийг сольж туслах эмч болгон эмчлэх эрхийн лиценз олгох, уламжлалт анагаах ухаан, нүүр ам судлалын ангийн төгсөгчдийг төрөлжсөн мэргэжлээр нь хувийн хэвшлийн эмнэлэгт ажиллуулах, анхан шатнаас гадна хоёр дахь шатны тусламж үйлчилгээний эмнэлгүүдэд ажиллуулах саналыг тавьсан юм.
Эдгээр саналыг үндэслэн 2007 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээр хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмчид олгох, дадлагажигчаар ажиллах хугацаанд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй байхаар хуульчилсан юм.
Энэ хуулийг хэрэгжүүлснээс хойш анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийн 2 удаагийн төгсөлтийн 1100 гаруй их эмч дадлагажигчаар хуваарилагдан ажилласан бөгөөд энэ онд эхний дадлагажигчдын дадлагын хугацаа дуусаж байна.
2008 оноос дадлагажигч эмчид сар бүр 208.0 төгрөгийн цалин олгохоор тооцож улсын төсөвт тусгасан хэрэгжүүлж байна. Гэвч дадлагажигч эмчид эмчлэх эрх олгоогүйтэй холбоотойгоор нэг талаас төгсөгчдийн зүгээс 6 жил сурч мэдсэнээ ашиглан мэргэжлээрээ ажиллах эрхийг боогдууллаа гэсэн гомдол тасралтгүй гарч, нөгөө талаас эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, хүлээх хариуцлага нь тодорхой бус, дадлагажигч эмч нарын туршилт болгож байна гэсэн хандлага хүн амын дунд бий болж, эмч үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаанд сөрөг үр дагаврыг бий болгоод байна.
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 90 дүгээр тушаалаар батлагдсан дадлагажигч их эмчийн ажиллах журамд дадлагажуулагч дадлагажигчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн хэдий ч дадлагажигч их эмч мэргэжил, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд ямар ч хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Тийм учраас УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн дээрх дутагдалтай байдлыг засах үүднээс Эрүүл мэндийн тухай хуульд дараахь өөрчлөлтийг оруулж УИХ-д өргөн барьсан төслийг та бүхэнд танилцуулж байна.
Нэгдүгээрт, анагаах ухааны боловсрол олгох сургуулийг төгссөн их эмчийг хуульд заасан эрүүл мэндийн байгууллагад ажиллахад нь 2 жилийн хугацаатай эмчлэх эрхийн зөвшөөрлийг шууд олгох.
Хоёрдугаарт, анхан шатны болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээр хувийн хэвшлийн эмнэлэгт 2 жил ажиллаж шалгалт өгч тэнцсэн их эмчид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгох.
Гуравдугаарт, дээрх өөрчлөлттэй уялдуулан дадлагажигч гэсэн нэр томъёог хасах.
Дөрөвдүгээрт, эмчийн мэргэжил нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой учраас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмчлэх эрх олгох, эмчлэх эрхийг хасах шийдвэрийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж байхаар өөрчиллөө. Энэ нь хуулийн дагуу тангараг өргөж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтний хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд зарчмын ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталж өгөхийг та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: - С.Ламбаа сайдад баярлалаа. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулаад асуух асуулттай гишүүд А.Тлейхан гишүүнээр тасаллаа. Ц.Мөнх-Оргил гишүүн эхлээд асуултаа тавъя.
Ц.Мөнх-Оргил: - Баярлалаа. Засгийн газраас оруулж ирж байгаа энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Тодруулах нэг хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт, одоо дадлагажигч гэж байгаа 1200-н оюутан байгаа юм байна тийм үү, эмч. Цаана нь энэ хууль батлагдаад гараад ирэхээр одоо дадлагажигчаар ажиллаж байгаа энэ олон хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ? Хэдэн сарын хугацаатай, ямар нөхцөл болзлоор шийдэх юм бэ гэсэн нэг асуулт байгаа юм.
Тэгээд тодруулахад, хоёрт энэ хуулийн төслөөр эхний жилдээ заавал өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт ажиллах ёстой юм байна. Тийм үү? Хоёр дахь жилдээ хоёрдугаар шатны эмнэлэгтээ ажиллах ёстой юм байна. За баярлалаа.
Д.Дэмбэрэл: - Ажлын хэсгийг би танилцуулъя. Дараа нь С.Ламбаа сайд хариул. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэг дээр Ж.Цолмон Эрүүл мэндийн дэд сайд, Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Б.Баярт Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, С.Эрдэнтуяа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Ш.Мөнгөнцэцэг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн нар чуулганы хуралдаанд оролцож байна.
С.Ламбаа сайд хариулъя.
С.Ламбаа: - Ц.Мөнх-Оргил гишүүний асуултад хариулъя. Одоо энэ хууль гарсантай холбогдуулаад, одоо төгсөж байгаа хүмүүс шууд эмчлэх эрхээ авна. Тэрнээс гадна 2 жилийн хугацаа нь дуусаж байгаа, нэг хэсэг дадлагажигч эмч бий. Эхний нэг жил нь дуусаж байгаа дадлагажигч эмч бий. Ингээд 3 төрлийн эмч нар байгаа. Тэгэхээр аль алинд нь эмчлэх эрхийг нь өгнө. Аль алинд нь өгнө.
Тэгэхээр бид яах гэж байна вэ гэхээр сая Эрүүл мэндийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөн дээр ямар санал гарсан бэ гэхээр энэ 2 жилээ дуусгаад ирж байгаа дадлагажигч эмчийг Улаанбаатар хотод авчирч шалгалт авч лиценз олгож байгаагаас болоод улсууд алга болчихоод байна гэдэг асуудал тавьсан. Тийм учраас Эрүүл мэндийн яаман дээр бид асуудлыг яриад ер нь энэ жил дадлагажигчийн хугацаа дуусаж байгаа улсуудыг аймаг аймагт нь лиценз олгох шалгалтуудыг нь авч, тэнд гэрээ хийж үлдээх ийм ажлыг зохион байгуулж эхэлж байгаа. Тэгэхгүй бол ерөөсөө л дараагийн шатны лицензээ авсан хүн бүхэн дуртай газар руугаа явах гэсэн ийм хандлага бий болоод байгаа байхгүй юу. Улаанбаатарт бөөгнөрүүлэхээр. Тийм учраас энэ дээр өөрчлөлт хийнэ гэж ингэж бодож байгаа.
Хоёрдугаар асуудал бол таны тэр хэлж байгаа зөв л дөө. Ер нь энэ жил 2 жил нь дуусаж байгаа улсууд бол тэртээ тэргүй нөгөө резидентын шалгалтад ороод, резидентын сургалтад хамрагдах эрхүүд нь үүсээд яваад өгч байгаа юм. Тийм учраас тэр улсууд бол дараагийн шатныхаа сургалтад орох бүрэн эрх нь нээлттэй болно гэж ингэж үзэж байгаа. Энд ямар нэгэн зөрчил гарахгүй.
Тэр эхний жил суманд, дараагийн жил хоёр дахь шатлалд гэдэгтэй холбогдуулаад би бас тайлбар өгье гэж бодож байгаа юм. Манай эрхэм гишүүд ойлгож байгаа байх. Ер нь Монгол Улсад энэ эрүүл мэндийн салбарт эмч мэргэжилтнээр орон нутгийг хангах тухай асуудал байгаа юм. Одоо энэ дадлагажигч эмчээр ажиллаж байгаа нөхцөлдөө бол яг ийм хууль үйлчилж байсан. Эхлээд сум, сум дундын эмнэлэг, өрхийн эмнэлэг нэг жил, дараагийн хоёр дахь жилд нь хоёр дахь шатлалд ажиллаж дадлага хийдэг ийм тогтолцоотой байсан. Бид энийг яг зүгээр эмчлэх эрхийг нь олгоод хэвээр нь хадгалж байгаа нь нэгдүгээрт ерөөсөө эмч хүн гэдэг бол эхлээд анхан шатны эмнэлэгт заавал ажиллах ёстой.
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль гурван шатлалын эмнэлэгтэй байгаа шүү дээ. Анхан шатны эмнэлэг, хоёр дахь шатлалын эмнэлэг, гурав дахь шатлалын эмнэлэг. Нэгдүгээр шатлал нь бол анхан шатны тусламж үйлчилгээ. Энд ямар нэгэн мэс ажилбар хийдэггүй. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хуультай. Хууль нь ийм байхгүй юу. Тийм учраас их эмч болоод төгсөөд гарч байгаа хүн эхлээд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тэр анхан шатны эмнэлэг дээр ажиллах ёстой.
Манайхан, манай Их Хурлын гишүүдийн Байнгын хороон дээр хийсэн хэлэлцүүлгээс үзэхэд ерөөсөө энэ сум, орон нутагт одоо ингээд цөллөгт явуулж байгаа юм шиг сум, тосгон гэж хуваарилах нь ямар хэрэгтэй юм бэ гэж. Угаасаа хуулийнх нь заалт нь анхан шатны эмнэлэг гэж хуульчлаагүйтэй холбоотой болчихоод байгаа юм. Дандаа сум, өрх, сум дундын эмнэлэг, аймаг, дүүрэг, улсын гээд ингээд хуульчилсан учраас л бид сум гэж нэрлээд байгаа юм л даа. Тэрнээс энэ бол нэг их суманд яваад байгаа юм биш. Анхан шатны тусламж үйлчилгээн дээр ажиллана. Би ганцхан тоо хэлье. Өнөөдөр өрхийн эмнэлэг бол зөвхөн аймгийн төв, Улаанбаатарт байгаа 224. Сумын эмнэлэг 290 байгаа. Сум дундын эмнэлэг 35 суманд байгаа. Ерөөсөө л ийм. Энэ дээр хүсэлтээ гаргасан, тэнд захиалга байгаа тэр газруудад энэ улсууд явж ажиллана л гэсэн үг.
Зүгээр яах вэ Д.Дэмбэрэл дарга намайг өргөн барьж байхад ч асууж байсан. Тэр хүн чинь хоёр дахь жилдээ аймаг руу явахгүй ээ, би энэ сумандаа хоёр дахь жилээ дуусгая гэвэл яах юм бэ гэж. Тэр нь угаасаа тэр хүний өөрийнх нь эрх. Сум, дүүрэг, аймагт л хоёр жил ажилласан байхад энэ хүн дараагийн шатны 5 жилийн эрх авах, лицензийн эрх авах тэр нөхцөл рүүгээ явж байгаа юм гэж ингэж ойлгох ёстой.
Би энэ дээр зүгээр нэг мөсөн тайлбараа өгье. Энэ бол хамгийн ойлгомжтой асуудал нь, маргаан нь энэ шүү дээ. Тэгэхээр юу гэж байгаа юм бэ гэхээр хэрвээ, одоо ингэж байгаа шүү дээ, хэрвээ энэ асуудал ингэж л хуульчилж өгөхгүй бол энэ улсууд зүгээр сургууль төгсөөд хувийн эмнэлгүүдэд ажиллаад, хаа хамаагүй газар яваад өгч байгаа юм. Гэтэл нэг хэсэг хүн нь яг хуулийн дагуу сум, тосгонд ажиллаад яваад өгдөг. Бид ингэж үзэж байгаа шүү дээ. Яг энэ хоёр жилийнхээ ажлыг хийгээгүй байх юм бол та өнөөдөр ямар нэгэн байдлаар дараагийн шатны эрх авахыг нь хязгаарлана гэдэг нь бол бусдыг эрхийг нөгөөгөөр нь хязгаарлана гэсэн ойлголтоор л хийгээд байгаа шүү дээ.
Д.Дэмбэрэл: - Ц.Мөнх-Оргил тодруулъя.
Ц.Мөнх-Оргил: - С.Ламбаа сайдын сүүлийн тайлбар дээр нэг юм хэлэх гэсэн юм. Энэ бүр нарийн мэргэжлийн эмч нар байна шүү дээ С.Ламбаа сайд аа. Одоо жишээ нь шүдний эмч. 6 жил шүдний эмчээр бэлтгэгдчихээд тэр хүн өрхийн эмч, эсвэл сумын эмнэлэг дээр очоод өрхийн эмчийн ажлаа хийгээд, таны түрүүний хэлээд байгаа шиг нөгөө нарийн мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ нарийн мэргэжлийн, шүдний эмч нартаа энэ хуульд юу гаргаж өгч болдоггүй юм уу. Жишээ нь сая би хөдөө явж байхад Сүхбаатар аймагт тийм хоёр залуу тааралдаж байна. 6 жил сурсан. Шүдний эмчээр төгссөн. Тэгсэн мөртлөө өрхийн эмчийн ажлаа хийгээд явдаг. Энэ хуульд юуг нь гаргаж өгөөчээ. Тэр нарийн мэргэжлийн хүмүүст гарцыг нь, ялгааг нь гаргаж өгөөчээ.
С.Ламбаа: - Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, хуульд их нарийн заалттай шүү дээ. Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, хоёр дахь жилдээ аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухаан гээд заасан байгаа биз дээ. Нүүр ам судлал гэдэг нь таны хэлээд байгаа тэр шүд, нүд нь.
Тэгэхээр энэ нь суманд угаасаа байдаггүй юм. Тийм учраас энэ хүн бол тэр суманд очих тухай ойлголт байхгүй учраас нэрээрээ тусгайлан заагдаж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол дүүрэг.. Тэр нь биш ээ... Салгаад байна шүү дээ. Хоёр дахь жилдээ гэдэг нь. Нүүр ам судлалын эмч бол угаасаа суманд байхгүй учраас дүүрэг, аймагт шууд ажиллана шүү дээ. Угаасаа одоо тэгж байгаа. Дадлагажигч зөвхөн энд ажиллаж байгаа шүү дээ. Суманд очих тухай ойлголт байхгүй шүү дээ. Анхан шатны тусламж үйлчилгээ гэдэг утгаараа хэлээд байна шүү дээ би.
Одоо энэ анагаахын эмч болоод төгсөж байгаа улсууд тэр нүүр ам судлал, тэр уламжлалт анагаах ухаан энэ тэр нь тусгай бүр бие даасан мэргэжлүүд. Нөгөө их эмчийн мэргэжлээр төгсөж байгаа ерөнхий эмч болоод төгсөж байгаа. (10:15-11:15 Ц.Алтан-Од)
Ерөнхий эмч бол хоёр жил ажилласны дараа дахиад рецентурын сургалтанд явж байгаад нарийн мэргэжлээ эзэмшиж байгаа. Би бол түүнийг л хэлж байна. Шүдний эмч хүн бол угаасаа энэ анагаах ухаан чинь өөрөө дотроо 7-8 сургуультай. Шүд нь тусдаа, нийгмийн эрүүл мэнд нь тусдаа, программ, хөтөлбөрүүд нь Оюунхорол гишүүний хэлээд байгаагаар их өөр хөтөлбөрүүдээр төгсч байгаа юм.

Тийм учраас энд ялгаатай л хуульчлаад байгаа юм, заагийг нь гаргаад.



Су.Батболд: 2 асуулт байна. Бид нар 2-З жилийн өмнө ингэж дадлагажигч гэж мэргэжлээр нь дадлагажуулж байж эмчлэх эрх өгөхгүй бол болохгүй нь ээ, олон улсын жишиг ийм байдаг юмаа гэж байгаад энэ хуульд өөрчлөлт оруулаад, энэ хуулийг баталж байсан. Одоо буцаад хэдхэн жилийн дараа өө энэ болохгүй нь ээ, тэр хүмүүс ийм санал гомдол гаргаад байна гэсэн байдлаар хуулиа өөрчилж байна. Бид нар энэ төрийн бодлогын алсын хараа гэдэг юм байхгүй байна уу? дандаа иймэрхүү байдлаар ажиллах юм.

Миний сонссоноор бусад улс орнуудад бол эмчийг бэлтгэхдээ дунджаар 10 жил бэлдэж байж тэр хүн бол хүнийг эмчлэх эрхтэй болдог юм шиг байгаа юм. Манайх бол 6 жил болоод эрх өгчихөж байх шиг байгаа юм. Эмч нар чинь бид нарын өмнөөс сураад, бид нарын өмнөөс ажиллах гээд байгаа биш. Олон улсын жишгээр хүнийг эмчилнэ, би хуульч, эмч хоёрыг арай өөр мэргэжил гэж бодоод байгаа. Хуульч бол одоо гарч ирээд шууд хүний эрхийг хязгаарладаг ч юм уу, хүний амьдралтай холбоотой асуудлыг шийддэг хүн л дээ. Тэр утгаараа бид хуульчдыг сонгон шалгаруулах хууль гэж батлаад, жишээлбэл Их сургуулийн хуулийн анги төгслөө гээд тэр хүн хуульч болохгүй байгаа шүү дээ. Дараа нь тэр хүн хуульчийн сонгон шалгаруулалтанд орж байж, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгчээр ажиллах эрхтэй болж байгаа юм.

Гэтэл бид нар хүний амь нас хариуцсан хүнийг 6 жил болоод төгсөнгүүт нь одоо чи шууд хүний амь нас хариуцна гээд явуулчихаж байгаа юм. Уг нь бас хэдэн жилийн өмнө ингэж ярьж байгаа энэ улсуудыг дадлагажуулъя, болъё гэж байгаа юм. Тэгэхээр тэр төгссөн эмч нар нь бид нарын өмнөөс ажиллаж байгаа юм шиг, үгүй ээ би таван жил сурсан, жигтэйхэн мундаг болсон чамайг хагална, огтолно, эмчилнэ гэсэн байдлаар дайраад байхаар нь зөв юм уу, буруу юм уу? Үүнийгээ та нар бодлогын үүднээс юу гэж харж байгаа юм бэ? Бид нар жилдээ 300-400 эмч бэлтгээд байна. Одоо эмчээр хангагдсан нь хаана байна вэ? сумдууд чинь эмчгүй л байгаад байна шүү дээ. Түүний оронд бид нар энэ бодлогынхоо хүрээнд, тэр улсууд нь юу гэдэг юм бэ? тэр чадвараа эзэмшигч ёсоороо бид хуулийн хувьд төрийн хувьд хатуу шаардлагаа тавиад, харин тэр эмч хүмүүсийнхээ цалин, хангамж, нэгэнтээ сайн ажиллаж байгаа эмч нарынхаа тэр юм руу анхаарлаа хандуулаач ээ. Яамны бодлого нь ингэж явбал арай зүгээр юм уу гэж бодоод байгаа юм. Энэ дээр яам ямар бодлоготой байгаа юм бэ? би бол ингээд эргэж буцаад, нэг эмч тэндээс дуугахаар тэгье гээд, энэ чинь бид нарын бодлого биш шүү дээ гэж би бодож байна.

С.Ламбаа: Баярлалаа. Батболд гишүүний тавьж байгаа асуудал бол эмч мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чанарын асуудалтай шууд холбоотой. Ер нь бид нар 6 жил хувийнхаа төлбөрийг төлөөд, 6 жил мэргэжлийн сургалтанд хамрагдаад, тэгээд 2 дахь шатлалын диплом авч байгаа хүн шүү. Дипломын боловсрол биш. Бакалаврын боловсрол авчихаад, бүр 6 жил шүү. Тэгээд бакалаврын боловсролыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль өгчихөж байна. Бакалаврын зэрэглэл бол хоёрдугаар шатлалын зэрэглэл шүү дээ, боловсролын хуулиараа. Энэ зэрэглэлийг төгссөн хүн дадлага хийнэ гэдэг бол үнэн хэрэг дээрээ зарчмын хувьд тохирохгүй байгаа юм. Би Су.Батболд гишүүнтэй ер нь чанарын асуудал дээр нь одоо сумын эмнэлэгт очоод хагална барина гэж яриад байна л даа. Тийм эрх байхгүй ээ. Сумын эмнэлэгт хагалгаа хийлгэдэг жижиг ажилбарууд нь сум дундын эмнэлэг болгож байж хийдэг. Тэнд 4-5 эмч ажилладаг, сум дундын эмнэлэгт. Тэнд энэ анхны очиж байгаа хүн бол үнэхээр тэр хүмүүстэйгээ хамт хийнэ.

Ганц хоёрхон эмч ажиллаж байгаа эмнэлэг дээр мэс ажилбар байдаггүй, хуулиараа. Зөвхөн хуруун дээр гарсан юмыг боох л үүрэгтэй. Энэ нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ л үзүүлнэ. Тийм учраас би юу гэж байна вэ гэхээр энэ жил төгссөн эмч, сум дундын эмнэлэгт очлоо гэхэд шууд тэр эмч нартайгаа хамт мухар олгойны хагалгаанд орж болно шүү дээ. Ганцаараа орох тухай ойлголт байхгүй, аль ч эмнэлэг дээр. Яагаад вэ гэхээр статусыг нь тогтоогоод өгчихсөн байгаа шүү дээ. Ажилбар хийдэг эмнэлгийг сум дундын эмнэлэг, ажилбар хийдэггүйгий нь сумын эмнэлэг, анхан шатны эмнэлэг, 35 сум дундын эмнэлэг байна гэдэг нь 3-4 сумын дунд хагалгаа хийдэг газар гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ дээр ямар нэгэн зөрчил гарахгүй ээ. Ер нь сум, орон нутагт анхан шатны эмчээр ажиллуулах асуудал бол маш чухал байна. Батболд гишүүний хэлээд байгаатай хоёр жилийн өмнө бид нар энэ хуулийг хийхдээ туслах эмч гэж оруулж ирсэн. Туслах эмч бэлтгэдэг юм бол Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй туслах эмч бэлтгэдэг сургуулиа хаа гэж хүртэл би уурлаж байсан удаатай, тэр хуулийг орж ирэхэд. Тэгээд хуучин дадлагажигчаараа буцаж батлагдсан хууль шүү дээ энэ 2007 онд. Энэ бол манай хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бол маш их олон шаардлага надад тавьсан, нэгд.

Хоёрдугаарт, манай яаман дээр Нийгмийн бодлогын байнгын хороо очоод энэ асуудлуудтай танилцаад, ер нь дадлагажигч эмчийнхээ асуудлыг эрүүл мэндийн тухай хуулиа бүхэлд нь шинэчил гэсэн ийм үүрэг өгсөн. Цаг хугацааны хувьд сургууль төгсч байгаа учраас энэ салж орж ирж байгаа гэдгийг эрхэм гишүүд бас ойлгоорой. Түүнээс том хууль бүхэлдээ шинэчилсэн найруулгаар орж ирнэ. Засгийн газарт өргөн барих гэж байгаа. Тэнд цалин мөнгө, бүх асуудлууд нь тусгагдаж байгаа.



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет