Энэхүү конвенцийн 23 дугаар зүйлийн заалтыг хөндөхгүйгээр оролцогч улс бүр аливаа этгээд энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт оролцоогүй боловч ийм гэмт хэргийг үйлдэгдсэний дараа тухайн эд хөрөнгө нь энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэргийн үр дүн гэдгийг мэдсээр байж түүнийг санаатайгаар нуун дарагдуулах буюу үргэлжлүүлэн эзэмшсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.
25 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагаанд саад учруулах
Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна:
1. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаанд худал мэдүүлэг өгөхийг ятгах, эсхүл мэдүүлэг өгөх буюу нотолгоо гаргахад хөндлөнгөөс оролцох зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх буюу айлган сүрдүүлэх, эсхүл зүй бус давуу талыг амлах, санал болгох эсхүл олгох;
2. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан шүүн таслах буюу хууль сахиулах албан тушаалтны албан үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцох зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх буюу айлган сүрдүүлэх. Энэ дэд хэсгийн аль ч заалт төрийн албан тушаалтны бусад ангиллыг хамгаалах тухай хууль тогтоомжтой байх оролцогч улсуудын эрхийг хөндөхгүй.
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хариуцлага
1. Оролцогч улс бүр эрх зүйн зарчимдаа нийцүүлэн энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт оролцсон хуулийн этгээдэд хариуцлага тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг авна.
2. Оролцогч улсын эрх зүйн зарчмуудаас хамааран хуулийн этгээдийн хариуцлага эрүүгийн, иргэний буюу захиргааны байж болно.
3. Ийм хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хувь хүний эрүүгийн хариуцлагыг хөндөхгүй.
4. Оролцогч улс бүр ялангуяа энэ зүйлийн дагуу хариуцлага хүлээх хуулийн этгээдэд үр дүнтэй, тухайн үйлдэлд тохирох, тухайн үйлдлийг хийхгүй байлгах эрүүгийн буюу эрүүгийн бус шийтгэл, түүний дотор мөнгөн торгуулийн шийтгэл ногдуулна.
27 дугаар зүйл. Оролцох ба завдах
1. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт хамтран оролцогч, туслагч буюу өдөөн хатгагч зэрэг аливаа хэлбэрээр оролцсоныг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авна.
2. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхийг завдсаныг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авч болно.
3. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэснийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авч болно.
28 дугаар зүйл. Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн
бүрэлдэхүүн хэсэг болох нь
Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно.
29 дүгээр зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр заана.
30 дугаар зүйл. Яллах, шүүхийн шийдвэр
гаргах, шийтгэл ногдуулах
1. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шийтгэл ногдуулна.
2. Оролцогч улс бүр өөрийн төрийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу шүүхийн харьяаллын давуу эрх болон энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг шаардлагатай бол үр ашигтайгаар мөрдөн байцаах, яллах, ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрх зүйн тогтолцоо болон үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.
3. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт аливаа этгээдийг яллахад хамаарах дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу олгосон үзэмжээрээ шийдвэрлэх хууль зүйн эрх мэдлийг тэдгээр гэмт хэргийн хувьд хууль сахиулах арга хэмжээний үр ашгийг аль болох дээшлүүлэхүйцээр бөгөөд ийм гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх хэрэгцээг зохих ёсоор харгалзан хэрэгжүүлэх явдлыг хангахыг чармайна.
4. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн тохиолдолд, оролцогч улс бүр шүүх хуралдаан буюу давж заалдахаас өмнө түр суллах тухай шийдвэртэй холбогдуулан нөхцөл тавихдаа дараагийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хариуцагчийг байлгах явдлыг хангах хэрэгцээ харгалзан үзсэн байх явдлыг хангахыг эрэлхийлэх талаар зохих арга хэмжээг өөрийн дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн, хариуцагчийн эрхийг зохих ёсоор харгалзан авна.
5. Оролцогч улс бүр гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас нь өмнө суллах буюу тэнсэн суллах боломжийг авч үзэхдээ тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан үзнэ.
6. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдаж буй төрийн албан тушаалтныг зохих эрх бүхий байгууллага нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчмыг хүндлэн үзэж зохих тохиолдолд албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх буюу өөр албан тушаалд томилж болох журмыг тогтоох асуудлыг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцсэн хэмжээнд авч үзнэ.
7. Гэмт хэргийн ноцтой байдлаас үзэхэд батлагдаж байгаа тохиолдолд оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт яллагдаж буй этгээдийг шүүхийн шийдвэр буюу зохих аливаа бусад хэрэгслээр дотоодын хуулиараа тогтоосон хугацаанд дараахь үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах журмыг тогтоох асуудлыг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцсэн хэмжээнд авч үзнэ:
1. төрийн алба хаших;
2. төрийн өмчит буюу төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид алба хаших.
8. Энэ зүйлийн 1 дэх хэсэг эрх бүхий байгууллага төрийн албан хаагчид сахилгын эрх мэдлээ хэрэгжүүлэхийг хөндөхгүй.
9. Энэхүү конвенцийн аль ч заалт энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн болон эрх зүйн холбогдох хамгаалалт буюу тухайн үйлдлийн хууль ёсны байдлыг тодорхойлдог эрх зүйн бусад зарчмын тодорхойлолтыг зөвхөн оролцогч улсын дотоодын хуулиар зохицуулах асуудал байх, түүнчлэн эдгээр гэмт хэргийг тэрхүү хуулийн дагуу яллаж, шийтгэх зарчмыг хөндөхгүй.
10. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт яллагдаж буй этгээдийг нийгэмд дахин нэгдэн орохыг дэмжихийг чармайна.
31 дүгээр зүйл. Битүүмжлэх, түр хураах, хураах
1. Оролцогч улс бүр дотоодын эрх зүйн тогтолцооныхоо хүрээнд аль болох өргөн хэмжээнд дараахь зүйлийг хураах боломжтой болоход шаардлагатай байж болох арга хэмжээг авна:
1. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгө;
2. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд ашигласан эсхүл ашиглах зорилготой эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгслийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгсэл.
2. Оролцогч улс бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан аливаа зүйлийг эцэст нь хураах зорилгоор таньж тогтоох, мөрдөх, битүүмжлэх буюу түр хураах боломжтой болоход шаардлагатай арга хэмжээг авна.
3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт дурдсан битүүмжилсэн, түр хураасан, хураасан эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас захиран зохицуулахад шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авна.
4. Гэмт хэргээс олсон ийм орлогыг бүхэлд нь буюу хэсэгчлэн өөр эд хөрөнгө болгон шилжүүлсэн буюу өөрчлөн хувиргасан бол энэ зүйлд дурдсан адил арга хэмжээг тийм эд хөрөнгөнд тийм орлогын оронд авна.
5. Гэмт хэргээс олсон ийм орлогыг хууль ёсны эх үүсвэрээс олж авсан эд хөрөнгөтэй хольсон бол уг орлогын ийнхүү холилдсон хэсгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхэд буюу түр хураахад хамаарах аливаа эрх мэдлийг үл хөндөн хурааж авна.
6. Гэмт хэргээс олсон ийм орлогын шилжүүлж буюу өөрчлөн хувиргаж бий болгосон эд хөрөнгө эсхүл гэмт хэргээс олсон орлогын холилдсон эд хөрөнгөнөөс олсон орлогын ашиг орлого буюу бусад ашиг хонжоод мөн энэ зүйлд заасан арга хэмжээг гэмт хэргээс олсон орлоготой адил хэлбэрээр болон адил хэмжээгээр авна.
7. Энэхүү конвенцийн энэ зүйл болон 55 дугаар зүйлийн зорилгоор оролцогч улс бүр банк, санхүү буюу худалдааны тэмдэглэлийг гаргаж өгөх буюу түр хураах шийдвэр гаргах эрхийг өөрийн шүүх буюу эрх бүхий бусад байгууллагад олгоно. Оролцогч улс нь банкны нууцлал гэсэн үндэслэлээр энэ хэсгийн заалтын дагуу үйлдэл хийхээс зайлсхийх ёсгүй.
8. Оролцогч улсууд хураах ёстой гэмт хэргээс олсон гэх орлого буюу бусад эд хөрөнгийн хууль ёсны гарал үүсэлтэй гэдгийг харуулахыг гэмт хэрэгтнээс шаардах боломжийг авч үзэж болох бөгөөд ийм шаардлага нь тухайн орны дотоодын хуулийн тулгуур зарчмууд болон шүүхийн ба бусад ажиллагааны мөн чанартай нийцсэн байна.
9. Энэ зүйлийн заалтыг bona fide гуравдагч талын эрхийг хөндөхөөрөөр тайлбарлаж болохгүй.
10. Энэ зүйлийн аль ч заалт энэ зүйлд дурдсан арга хэмжээг оролцогч улсын дотоодын хуулийн заалтын дагуу, түүнд нийцүүлэн тодорхойлж, хэрэгжүүлэх зарчимд сөргөөр нөлөөлөх ёсгүй.
32 дугаар зүйл. Гэрч, шинжээч, хохирогчийг хамгаалах
1. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн талаар мэдүүлэг өгч буй гэрч ба шинжээч, мөн зохих тохиолдолд тэдний хамаатан садан болон бусад ойрын хүнийг өс хонзон буюу айлган сүрдүүлгээс үр дүнтэйгээр хамгаалахаар заах талаар зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн, өөрийн боломжийн хэмжээнд авна.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арга хэмжээнд хариуцагчийн эрх, түүний дотор хэргээ зохих ёсоор шийдвэрлүүлэх эрхийг үл хөндөн дараахь арга хэмжээ inter alia багтаж болно:
1. шаардлага болон бололцооны хэрээр эдгээр этгээдийг шилжүүлэн суурьшуулж, зохих тохиолдолд эдгээр этгээдийн хэн болох ба байгаа газрын талаархи мэдээллийг задруулахгүй байх буюу задруулах талаар хязгаарлалт тогтоохыг зөвшөөрөх зэргээр эдгээр этгээдийг бие хамгаалалтанд авах журам тогтоох;
2. мэдүүлгийг видео буюу бусад тохиромжтой хэрэгсэл зэрэг холбоо харилцааны технологи ашиглах замаар өгөхийг зөвшөөрөх зэргээр гэрч ба шинжээчийн аюулгүй байдлыг хангах хэлбэрээр мэдүүлэг өгөхийг тэдэнд зөвшөөрөх нотолгооны дүрэм гаргах.
3. Оролцогч улсууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан этгээдийг шилжүүлэн суурьшуулах талаар бусад улстай гэрээ байгуулах буюу тохиролцоо хийх асуудлыг авч үзнэ.
4. Энэ зүйлийн заалтыг хохирогч гэрчээр оролцож байгаа тохиолдолд тэдэнд мөн хэрэглэнэ.
5. Хохирогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зохих үе шатанд гэмт хэрэгтний эсрэг үзэл бодол, сэтгэл зовоосон асуудлаа хариуцагчийн эрхийг үл хөндөх хэлбэрээр танилцуулж, хэлэлцүүлэх бололцоог оролцогч улс бүр өөрийн дотоодын хуулийн дагуу олгоно.
33 дугаар зүйл. Мэдээлэгч этгээдийг хамгаалах
Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн талаархи аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаархи зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ.
34 дүгээр зүйл. Авилгалын үйлдлийн үр дагавар
Оролцогч улс бүр авилгалын үр дагаврыг шийдвэрлэх арга хэмжээг гуравдагч талын сайн санааны үүднээс олж авсан эрхийг зохих ёсоор харгалзан дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна. Энэ утгаар оролцогч улсууд авилгалыг гэрээг цуцлах буюу хүчингүй болгох, концесс буюу бусад адилтгах баримт бичгээс татгалзах эсхүл эрх зүйн хамгаалалтын аливаа бусад арга хэмжээ авахад холбогдох хүчин зүйл гэж байцаан шийтгэх ажиллагаанд үзэж болно.
35 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх
Авилгалын улмаас хохирсон хуулийн этгээд буюу хувь хүн хохирлоо нөхөн төлүүлэхийн тулд уг хохирлыг хариуцах этгээдийн хэрэг үүсгэх эрхтэй байх явдлыг хангах үүднээс оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн шаардлагатай байж болох арга хэмжээ авна.
36 дугаар зүйл. Тусгай байгууллага
Оролцогч улс бүр зохих тохиолдолд эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авилгалтай тэмцэхэд хууль сахиулах замаар тусгай байгууллага буюу байгууллагууд эсхүл этгээдүүдийг байлгах явдлыг хангана. Эдгээр байгууллага буюу байгууллагууд эсхүл этгээдүүдийг чиг үүргээ үр дүнтэйгээр, аливаа зүй бус нөлөөллөөс ангид биелүүлэхэд шаардлагатай хараат бус байдлаар оролцогч улсын эрх зүйн тогтолцооны тулгуур зарчимд нийцүүлэн хангана. Эдгээр этгээд эсхүл эдгээр байгууллага буюу байгууллагуудын ажилтнуудыг үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай зохих сургалтад хамруулж, зохих эх үүсвэрээр хангана.
37 дугаар зүйл. Хууль сахиулах
байгууллагатай хамтран ажиллах
1. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд оролцож буй буюу оролцсон хүмүүсийг мөрдөн байцаах ба баримт нотолгоо цуглуулах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх болон гэмт хэрэгтнийг гэмт хэргээс олсон орлого олохоос нь таслан зогсоож, тийм орлогыг нөхөн төлөхөд хувь нэмэр болох бодит, тодорхой тусламжийг эрх бүхий байгууллагад үзүүлэхийг нь хөхиүлэн дэмжих талаар зохих арга хэмжээг авна.
2. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг мөрдөн байцаах буюу яллахад идэвхтэй хамтран ажиллаж буй яллагдагч этгээдийн ялыг хөнгөрүүлэх боломжийг зохих тохиолдолд олгох асуудлыг авч үзнэ.
3. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг мөрдөн байцаах буюу яллахад идэвхтэй хамтран ажиллаж буй этгээдэд яллахаас чөлөөлөгдөх дархан эрх олгох боломжийг зохих тохиолдолд олгох асуудлыг авч үзнэ.
4. Эдгээр этгээдийн хамгаалалтыг mutatis mutandis энэхүү конвенцийн 32 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
5. Нэг оролцогч улсад оршиж буй энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан этгээд нөгөө улсын эрх бүхий байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах боломжтой тохиолдолд нөгөө улсаас энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт дурдсан хөнгөлөлтийг олгох талаар холбогдох улсууд дотоодын хуулийнхаа дагуу хэлэлцээр байгуулах буюу тохиролцоо хийх асуудлыг авч үзнэ.
38 дугаар зүйл. Үндэсний эрх бүхий байгууллага
хоорондын хамтын ажиллагаа
Оролцогч улс бүр нэг талаас өөрийн улсын төрийн эрх бүхий байгууллага ба төрийн албан тушаалтан, нөгөө талаас өөрийн улсын эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг дотоодын хуулийнхаа дагуу хөхиүлэн дэмжихэд шаардлагатай байж болох арга хэмжээг авна. Ийм хамтын ажиллагаанд дараахь зүйл багтаж болно:
1. энэхүү конвенцийн 15, 21, 23 дугаар зүйлийн дагуу тогтооосон аливаа гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа нөхцөлд эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах эрх бүхий байгууллагад энэ талаар өөрийн санаачлагаар мэдээлэх; эсхүл
2. эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах эрх бүхий байгууллагад хүсэлтийнх нь дагуу шаардлагатай бүх мэдээллийг өгөх.
39 дүгээр зүйл. Үндэсний эрх бүхий байгууллага, хувийн хэвшил
хоорондын хамтын ажиллагаа
1. Оролцогч улс бүр үндэсний мөрдөн байцаах ба яллах эрх бүхий байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага, ялангуяа санхүүгийн байгууллага хоорондын энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргүүдтэй холбоотой асуудлаархи хамтын ажиллагааг дотоодын хуулийнхаа дагуу хөхиүлэн дэмжихэд шаардлагатай байж болох арга хэмжээг авна.
2. Оролцогч улс бүр өөрийн харьяат болон нутаг дэвсгэрт нь байнга оршин суугч бусад этгээдийн энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдсэн талаар үндэсний мөрдөн байцаах ба яллах эрх бүхий байгууллагад мэдээлж байхыг хөхиүлэн дэмжих асуудлыг авч үзнэ.
40 дүгээр зүйл. Банкны нууцлал
Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг дотооддоо эрүүгийн журмаар мөрдөн байцаах тохиолдолд дотоодын эрх зүйн тогтолцоонд нь банкны нууцлалын тухай хуулийг хэрэглэхтэй холбогдон гарч болох бэрхшээлийг даван туулахад холбогдох зохих механизм бэлэн байх явдлыг хангасан байна.
41 дүгээр зүйл. Гэмт хэрэгтний бүртгэл
Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгтэй холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ашиглах зорилгоор сэжигтэн этгээдийн өөр улсад өмнө нь яллагдаж байсан талаархи мэдээллийг өөрийн зохистой гэж үзсэн нөхцөл, зорилгоор харгалзан үзэхэд шаардлагатай байж болох хууль тогтоох буюу бусад арга хэмжээг авч болно.
42 дугаар зүйл. Шүүхийн харьяалал
1. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг дор дурдсан байдлаар үйлдсэн бол оролцогч улс бүр шүүхийн харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг авна:
1. тухайн оролцогч улсын нутаг дэвсгэрт үйлдсэн; эсхүл
2. гэмт хэргийг үйлдэх үед тухайн улсын далбаа бүхий хөлөг онгоцны тавцан дээр буюу тухайн улсын хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлөгт үйлдсэн.
2. Энэхүү конвенцийн 4 дүгээр зүйлийн дагуу, аливаа ийм гэмт хэргийг дор дурдсан байдлаар үйлдсэн бол оролцогч улс шүүхийн харьяаллаа мөн тогтоож болно:
1. тухайн улсын харьяатын эсрэг үйлдсэн;
2. тус улсын харьяат буюу тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг харьяалалгүй этгээд үйлдсэн;
3. тухайн гэмт хэрэг нь энэхүү конвенцийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b)(ii) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэргийн аль нэг нь бөгөөд түүнийг энэхүү конвенцийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а)(i) буюу (ii), эсхүл (b)(i) дэд хэсгийн дагуу тогтооосон гэмт хэргийг тус улсын нутаг дэвсгэр дотор үйлдэх үүднээс тус улсын нутаг дэвсгэрийн гадна үйлдсэн; эсхүл
4. тухайн улсын эсрэг үйлдсэн.
3. Энэхүү конвенцийн 44 дүгээр зүйлийн зорилгод, сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд тухайн улс өөрийн нь харьяат гэсэн ганц үндэслэлээр уг этгээдийг шилжүүлэн өгдөггүй тохиолдолд оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт шүүхийн харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг авна.
4. Сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд тухайн улс уг этгээдийг шилжүүлэн өгөхгүй байгаа тохиолдолд оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт шүүхийн харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг авна.
5. Хэрэв нэгэн адил үйлдлийн талаар аливаа өөр оролцогч улс мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явуулж буй тухай мэдээллийг энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн дагуу шүүхийн харьяаллаа хэрэгжүүлж байгаа оролцогч улс авсан эсхүл аливаа өөр байдлаар мэдсэн бол тэдгээр улсын эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаагаа зохицуулах үүднээс бие биетэйгээ зохих тохиолдолд зөвшилцөнө.
6. Энэхүү конвенц нь олон улсын нийтлэг эрх зүйн хэм хэмжээг үл хөндөн, аливаа оролцогч улсын дотоодын хуулийнхаа дагуу тогтоосон эрүүгийн хэргийн харьяаллыг хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй.
IV бүлэг. Олон улсын хамтын ажиллагаа
43 дугаар зүйл. Олон улсын хамтын ажиллагаа
1. Оролцогч улсууд эрүүгийн асуудлаар энэхүү конвенцийн 44-өөс 50 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллана. Зохих тохиолдолд, дотоодын эрх зүйн тогтолцоотой нь нийцсэн бол оролцогч улсууд авилгалтай холбогдсон мөрдөн байцаалт, иргэний ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие биедээ туслалцаа үзүүлэх асуудлыг авч үзнэ.
2. Тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж хоёр тал тогтоосон байх зарчмыг шаардаж буй тохиолдолд, хэрэв туслалцаа үзүүлэхийг хүссэн тухайн гэмт хэргийг бүрдүүлж буй үйлдэл нь аль аль оролцогч улсын хуулийн дагуу эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бол хүсэлт хүлээн авагч оролцогч улсын хуулиар уг гэмт хэргийг хүсэлт гаргагч оролцогч улсын хуульд заасан гэмт хэргийн адил ангилалд багтаадаг буюу адил нэр томъёогоор нэрлэдэг эсэхээс үл хамааран ийм зарчмыг хангаж байна гэж олон улсын хамтын ажиллагаанд үзнэ.
44 дүгээр зүйл. Шилжүүлэн өгөх
1. Шилжүүлэн өгөх этгээд нь хүсэлт хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрт байгаа нөхцөлд энэ зүйлийг энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн хувьд хэрэглэнэ, чингэхдээ шилжүүлэн өгөх хүсэлт тавих болсон гэмт хэрэгт хүсэлт гаргагч оролцогч улс ба хүсэлт хүлээн авагч оролцогч улсын аль алиных нь дотоодын хуулиар шийтгэхээр заасан байвал зохино.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үл харгалзан, дотоодын хууль тогтоомжоор нь тийнхүү зөвшөөрсөн аливаа оролцогч улс дотоодын хууль тогтоомжоор нь шийтгэхээр заагаагүй энэхүү конвенцоор хамарсан аливаа гэмт хэргийн хувьд аливаа этгээдийг шилжүүлэн өгч болно.
3. Хэрэв шилжүүлэн өгөх тухай хүсэлт нь хэд хэдэн тусдаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд тэдгээрийн наад зах нь нэг нь энэ зүйлийн дагуу шилжүүлэн өгөх хэрэг, бусад нь хорих хугацаанаасаа хамааран шилжүүлэн өгөх хэрэг биш хэдий ч энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт хамаарах бол хүсэлт хүлээн авагч оролцогч улс энэ зүйлийг мөн тэдгээр гэмт хэргийн хувьд хэрэглэж болно.
4. Энэ зүйлийг хэрэглэх гэмт хэрэг бүрийг оролцогч улсуудын хооронд байгуулсан гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээнд оруулсан гэж үзнэ. Эдгээр гэмт хэргийг оролцогч улсууд хоорондоо байгуулах гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай гэрээндээ шилжүүлэн өгөх гэмт хэрэгт тооцож оруулах үүрэг хүлээнэ. Дотоодын хуулиар нь тийнхүү зөвшөөрсөн оролцогч улс энэхүү конвенцийг гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх үндэс болгон ашиглаж байгаа тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэргийг улс төрийн гэмт хэрэг гэж үзэхгүй.
5. Хэрэв гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх нөхцөл тавьдаг оролцогч улс түүнтэй гэрээ байгуулаагүй нөгөө оролцогч улсаас гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хүсэлт хүлээн авбал энэ зүйлийн хэрэглэгдэх аливаа гэмт хэргийн хувьд энэхүү конвенцийг гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх эрх зүйн үндэслэл гэж үзэж болно.
6. Гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх нөхцөл тавьдаггүй оролцогч улс:
1. энэхүү конвенцийг гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх асуудлаар энэхүү конвенцид оролцогч бусад улстай хамтран ажиллах эрх зүйн үндэс болгон хэрэглэх эсэхээ энэхүү конвенцийн батламж жуух бичиг, түүнийг хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ;
2. хэрэв энэхүү конвенцийг гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх асуудлаар хамтран ажиллах эрх зүйн үндэс болгохгүй бол энэ зүйлийг хэрэгжүүлэхийн тулд энэхүү конвенцид оролцогч бусад улстай зохих тохиолдолд гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай гэрээг байгуулахыг эрмэлзэнэ.
7. Гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх нөхцөл тавьдаггүй оролцогч улсууд энэ зүйл хэрэглэгдэх гэмт хэргийг өөр хоорондоо шилжүүлэн өгөх гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрнө.
8. Шилжүүлэн өгөлтийг хүсэлт хүлээн авагч оролцогч улсын дотоодын хууль болон гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай холбогдох гэрээнд заасан нөхцлүүд, түүний дотор inter alia шилжүүлэн өгөлтөд хамгийн хөнгөн ял ногдуулах шаардлагын талаархи нөхцөл болон хүсэлт хүлээн авагч оролцогч улс шилжүүлэн өгөхөөс татгалзаж болох үндэслэлийн дагуу гүйцэтгэнэ.
9. Оролцогч улсууд дотоодын хуулиа мөрдөхийн сацуу энэ зүйл хэрэглэгдэх аливаа гэмт хэрэгтэй холбогдуулан шилжүүлэн өгөх ажиллагааг түргэтгэх болон түүнд хамаарах нотолгооны шаардлагыг хялбарчлахыг чармайна.
10. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс дотоодын хууль болон гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээнийхээ заалтыг мөрдөхийн сацуу шилжүүлэн өгөхийг нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа бөгөөд хойшлуулашгүй гэж үзсэн, мөн хүсэлт гаргагч оролцогч улсын хүсэлтээр нутаг дэвсгэрт нь байгаа шилжүүлэн өгөх хүсэлт тавигдсан этгээдийг хамгаалалтандаа авах буюу түүнийг гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх ажиллагааны явцад байлгах талаар зохих бусад арга хэмжээг авч болно.
11. Нутаг дэвсгэрт нь сэжигтэн этгээд олдсон оролцогч улс хэрэв тухайн этгээдийг энэ зүйл хэрэглэгдэх гэмт хэргийн хувьд өөрийн нь харьяат гэсэн ганц үндэслэлээр шилжүүлэн өгдөггүй бол шилжүүлэн өгөх хүсэлт тавьж буй оролцогч улсын хүсэлтээр шилжүүлэн өгөх хэргийг яллуулахаар өөрийн эрх бүхий байгууллагад үндэслэлгүйгээр саатуулалгүй шилжүүлэх үүрэг хүлээнэ. Эрх бүхий тэдгээр байгууллага нь тухайн оролцогч улсын дотоодын хуулийн дагуу аливаа бусад ноцтой гэмт хэргийн адил шийдвэр гаргаж, байцаан шийтгэх ажиллагаа явуулна. Холбогдох оролцогч улсууд тэрхүү яллах ажиллагааны үр ашигтай байдлыг хангах үүднээс бие биетэйгээ хамтран ажиллана, ялангуяа процессийн болон нотолгооны асуудлаар хамтран ажиллана.
12. Оролцогч улс өөрийн аль нэг харьяатыг шилжүүлэн өгөх буюу өөрөөр өгөхдөө зөвхөн тухайн этгээдийг шилжүүлэх буюу өгөхийг хүссэн шүүх ажиллагаа буюу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд ногдуулсан ялыг эдлүүлэхээр тухайн оролцогч улсад буцаан өгөх нөхцөлтэйгээр шилжүүлэн өгөхийг дотоодын хуулиар нь зөвшөөрсөн бөгөөд тухайн оролцогч улс ба уг этгээдийг шилжүүлэн өгөх хүсэлт тавьж буй оролцогч улс ийм журам болон зохистой гэж үзэж болох бусад нөхцлийг зөвшөөрсөн бол тийм нөхцлөөр шилжүүлэн өгөх буюу өгөх нь энэ зүйлийн 11 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлэхэд хангалттай байна.
13. Хэрэв хүсэлт хүлээн авагч оролцогч улс гэмт хэрэгтэнг ял эдлүүлэх зорилгоор шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээж авахаас эрэн сурвалжлагдаж байгаа этгээд өөрийн нь харьяат гэсэн шалтгаанаар татгалзвал тухайн оролцогч улс дотоодын хуулиар нь тийнхүү зөвшөөрсөн бол тийм хуулийн шаардлагад нийцүүлэн хүсэлт гаргагч оролцогч улсын зүгээс тусгайлан хандсаны дагуу хүсэлт гаргагч оролцогч улсын дотоодын хуулийн дагуу ногдуулсан ял буюу үлдсэн ялыг эдлүүлэх асуудлыг авч үзнэ.
14. Энэ зүйл хэрэглэгдэх аливаа гэмт хэрэгтэй холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явагдаж буй аливаа этгээдтэй байцаан шийтгэх ажиллагааны бүх шатанд шударгаар харьцах, түүний дотор тухайн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч улсын дотоод хуулиар олгосон бүхий л эрх, баталгааг эдлэх баталгаагаар хангана
15. Хэрэгтэн шилжүүлэн өгөх хүсэлтийг авсан оролцогч улс тэрхүү хүсэлтийг тухайн этгээдийг хүйс, арьс үндэс, шашин шүтлэг, иргэний харьяалал, яс үндэстний гарвал буюу улс төрийн итгэл үнэмшлийнх нь улмаас яллах буюу шийтгэх зорилгоор гаргасан эсхүл тухайн хүсэлтийг биелүүлбэл тухайн этгээдийн байдалд эдгээр шалтгааны аль нэгний улмаас хохирол учирна гэж үзэх баттай үндэслэл байгаа бол энэхүү конвенцийн аль ч заалтыг заавал шилжүүлэн өгөх үүрэг хүлээлгэж байгаагаар тайлбарлаж үл болно.
16. Оролцогч улсууд тухайн гэмт хэргийг санхүүгийн асуудалтай холбоотой гэж мөн үздэг гэсэн ганц үндэслэлээр шилжүүлэн өгөх хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж үл болно.
17. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс хэрэгтэнг шилжүүлэн өгөхөөс татгалзахаасаа өмнө хүсэлт гаргагч оролцогч улсад үзэл бодлоо илэрхийлэх, хүсэлтэд заасан асуудлаар мэдээлэл өгөх хангалттай боломж олгохын тулд түүнтэй зохих тохиолдолд зөвлөлдөнө.
18. Оролцогч улсууд шилжүүлэн өгөлтийг гүйцэтгэх буюу үр ашгийг нь дээшлүүлэх үүднээс хоёр болон олон талт хэлэлцээр, тохиролцоо байгуулахыг эрмэлзэнэ.
45 дугаар зүйл. Шийтгэгдсэн этгээдийг шилжүүлэх
Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих буюу эрх чөлөөгөө бусад хэлбэрээр хасуулах ял шийтгүүлсэн этгээдийг оролцогч улсууд ялыг нь нутаг дэвсгэртээ эдлүүлж дуусгахын тулд шилжүүлэх талаар хоёр болон олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах асуудлыг авч үзэж болно.
46 дугаар зүйл. Эрх зүйн харилцан туслалцаа
1. Оролцогч улсууд энэхүү конвенцоор хамарсан гэмт хэрэгт мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явуулахад эрх зүйн хамгийн өргөн хүрээний туслалцааг бие биедээ үзүүлнэ.
2. Хүсэлт гаргагч оролцогч улсад энэхүү конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу хуулийн этгээд хариуцлага хүлээж болох гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явуулахад хүсэлт хүлээн авагч оролцогч улсын холбогдох хууль, гэрээ, хэлэлцээр, тохиролцооны дагуу бололцоотой бүхий л хэмжээнд эрх зүйн туслалцааг харилцан үзүүлнэ.
3. Энэ зүйлийн дагуу харилцан үзүүлэх эрх зүйн туслалцааг дор дурдсан аль нэг зорилгоор хүсч болно:
1. тодорхой этгээдүүдээс нотолгоо, мэдэгдэл авах;
2. шүүхийн баримт бичиг гардуулах;
3. нэгжлэг хийх, эд хөрөнгө түр хураах, битүүмжлэх;
4. объект, газарт үзлэг хийх;
5. мэдээлэл, эд мөрийн баримт, шинжээчдийн үнэлэлт дүгнэлт гаргаж өгөх;
6. холбогдох баримт бичиг, тэмдэглэл, түүний дотор засгийн газар, банк, санхүү, байгуулллага, бизнесийн тэмдэглэлийн эх хувь буюу баталгаат хуулбар гаргаж өгөх;
7. нотолгооны зорилгоор гэмт хэргээс олсон орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгө, хэрэгсэл, бусад зүйлийг таньж тогтоох буюу мөрдөх;
8. холбогдох этгээдийг хүсэлт гаргагч оролцогч улсын байгууллагад сайн дураараа биечлэн очихыг дэмжих;
9. хүсэлт хүлээн авагч оролцогч улсын дотоодын хуульд үл харшлах аливаа бусад туслалцаа үзүүлэх;
10. энэхүү конвенцийн V бүлэгт заасны дагуу гэмт хэргээс олсон орлогыг таньж тогтоох, битүүмжлэх, мөрдөх;
11. энэхүү конвенцийн V бүлэгт заасны дагуу хөрөнгө буцаан олгох.
4. Байцаалт ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах буюу амжилттай явуулж дуусгахад тухайн эрх бүхий байгууллагад тус болно эсхүл нөгөө оролцогч улс энэхүү конвенцийн дагуу хүсэлт гаргахад хүргэнэ гэж үзвэл оролцогч улсын эрх бүхий байгууллагууд дотоодын хуулиа үл хөндөн, урьдчилсан хүсэлтгүйгээр нөгөө оролцогч улсын эрх бүхий байгууллагад эрүүгийн асуудалд холбогдолтой мэдээллийг дамжуулж болно.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн дагуу мэдээллийг дамжуулах нь мэдээлэл өгч буй эрх бүхий байгуулагын улсад явуулах байцаалт ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хөндөхгүй. Мэдээллийг хүлээн авагч эрх бүхий байгууллага уг мэдээллийн нууцыг түр хугацаанд ч гэсэн хадгалах нөгөө талын хүсэлтийг биелүүлж, түүнийг ашиглах талаар тавьсан хязгаарлалтыг мөрдөнө. Гэхдээ энэ нь мэдээллийг хүлээн авагч оролцогч улс байцаан шийтгэх ажиллагааны явцад шүүгдэгчийг гэм буруугүйг нотлох мэдээллийг задруулахад саад болохгүй. Ийм тохиолдолд мэдээлэл хүлээн авагч оролцогч улс мэдээллийг задруулахаас өмнө мэдээлэл дамжуулагч оролцогч улсад мэдэгдэж, хэрэв хүсэлт хүлээн авсан бол мэдээлэл дамжуулагч оролцогч улстай зөвлөлдөнө. Хэрэв онцгой тохиолдолд урьдчилан мэдэгдэх боломжгүй бол мэдээлэл хүлээн авагч оролцогч улс мэдээлэл дамжуулагч оролцогч улсад тийнхүү задруулсан талаар сааталгүйгээр мэдээлнэ.
6. Энэ зүйлийн заалт нь эрх зүйн харилцан туслалцааны асуудлыг бүхэлд нь буюу хэсэгчилэн зохицуулдаг эсхүл цаашид зохицуулах хоёр буюу олон талт аливаа бусад гэрээгээр хүлээх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй.
7. Тухайн оролцогч улсууд хоорондоо эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийн хувьд энэ зүйлийн 9-өөс 29 дэх хэсгийг хэрэглэнэ. Хэрэв эдгээр оролцогч улс хоорондоо эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний оронд энэ зүйлийн 9-өөс 29 дэх хэсгийг хэрэглэхээр тохиролцоогүй бол тухайн гэрээний холбогдох заалтыг хэрэглэнэ. Хамтын ажиллагаанд нь тус дөхөм болох бол энэ зүйлийн эдгээр заалтыг хэрэглэхийг оролцогч улсуудад тууштай санал болгож байна.
8. Оролцогч улсууд банкны нууцлал гэсэн үндэслэлээр энэ зүйлийн дагуу эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс зайлсхийж үл болно.
9. (а) Хоёр улс тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж хоёулаа тогтоосон байх зарчим үйлчлэхгүй тохиолдолд хүсэлт авагч оролцогч улс энэ зүйлийн дагуу туслалцаа үзүүлэх хүсэлтэд хариу өгөхдөө энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү конвенцийн зорилгыг харгалзан үзнэ.
(b) Оролцогч улсууд хоёр улс тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж хоёулаа тогтоосон байх зарчим байхгүй гэсэн үндэслэлээр энэ зүйлийн дагуу туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно. Гэвч хүсэлт хүлээн авагч оролцогч улс албадлагын арга хэмжээ агуулаагүй эрх зүйн туслалцааг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн үзүүлнэ. Туслалцаа үзүүлэх хүсэлт нь de minimis шинжтэй асуудалтай эсхүл энэхүү конвенцийн өөр заалтын дагуу хамтран ажиллаж буюу хүссэн туслалцааг үзүүлж болох асуудалтай холбоотой тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.
(c) Хоёр улс тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж хоёулаа тогтоосон байх зарчим байхгүй тохиолдолд оролцогч улс бүр энэ зүйлийн дагуу аль болох их хэмжээгээр эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжтой байхад шаардлагатай байж болох арга хэмжээ авах асуудлыг авч үзэж болно.
10. Оролцогч нэг улсын нутаг дэвсгэрт цагдан хоригдож буюу ял эдэлж байгаа этгээдийг энэхүү конвенцоор хамарсан гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаах, яллах буюу шүүх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэхэд хэн болохыг нь тогтоох, мэдүүлэг авах эсхүл өөрөөр туслах зорилгоор оролцогч нөгөө улсад байлгахыг хүссэн тохиолдолд дараахь нөхцлийг хангасан бол шилжүүлж болно:
1. тухайн хүн ухамсартайгаар зөвшөөрлөө чөлөөтэйгээр өгсөн;
2. хоёр оролцогч улсын эрх бүхий байгууллагууд зохистой гэж үзсэн тийм нөхцлүүдийн дагуу зөвшөөрсөн.
11. Энэ зүйлийн 10 дахь хэсгийн зорилгод:
1. тухайн этгээдийг шилжүүлсэн оролцогч улс өөрөөр хүсэлт гаргаагүй буюу эрх олгоогүй бол түүнийг шилжүүлэн авсан оролцогч улс тухайн этгээдийг хамгаалалтанд байлгах эрх, үүрэгтэй;
2. оролцогч хоёр улсын эрх бүхий байгууллагууд урьдаас буюу өөрөөр тохиролцсоны дагуу тухайн этгээдийг шилжүүлэн авсан оролцогч улс түүнийг шилжүүлсэн оролцогч улсын хамгаалалтанд буцаан өгөх үүргээ сааталгүйгээр хэрэгжүүлнэ;
3. тухайн этгээдийг шилжүүлэн авсан оролцогч улс түүнийг буцаах үүднээс шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлэхийг шилжүүлсэн оролцогч улсаас шаардаж болохгүй;
4. тухайн этгээдийн түүнийг шилжүүлэн авсан оролцогч улсад хамгаалалтанд байсан хугацааг түүнийг шилжүүлсэн оролцогч улсад эдлэж буй ялын хугацаанд орж тооцно.
12. Энэ зүйлийн 10, 11 дэх хэсгийн дагуу аливаа этгээдийг шилжүүлсэн оролцогч улс зөвшөөрөөгүй бол тухайн этгээдийг аль улсын харьяат гэдгээс үл хамааран, шилжүүлсэн оролцогч улсын нутаг дэвсгэрээс гарахаас өмнө хийсэн аливаа үйлдэл, эс үйлдэл, эсхүл ял шийтгүүлсэнтэй нь холбогдуулан яллах, цагдан хорих, шийтгэх буюу аливаа бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлах арга хэмжээг шилжүүлэн авсан оролцогч улсын нутаг дэвсгэрт авч болохгүй.
13. Оролцогч улс бүр харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах, гүйцэтгэх, эсхүл гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагуудад дамжуулах асуудлыг хариуцсан, тийм бүрэн эрхтэй төв байгууллагыг томилно. Хэрэв аливаа оролцогч улсад эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх өөр тогтолцоотой тусгай бүс буюу нутаг дэвсгэр байдаг бол тухайн улс нь тухайн бүс буюу нутаг дэвсгэрийн хувьд мөн адил чиг үүргийг гүйцэтгэх эрх бүхий төв байгууллагыг тусд нь томилж болно. Эрх бүхий эдгээр төв байгууллага нь туслалцаа үзүүлэх хүсэлтийг шуурхай бөгөөд зохистойгоор гүйцэтгэх буюу дамжуулах явдлыг хангана. Хэрэв эрх бүхий төв байгууллага хүсэлтийг гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад дамжуулж байгаа бол тэрхүү эрх бүхий байгууллага уг хүсэлтийг шуурхай бөгөөд зохистойгоор гүйцэтгэхийг хөхиүлэн дэмжинэ. Энэхүү конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахдаа оролцогч улс бүр энэхүү зорилгоор томилсон эрх бүхий төв байгууллагынхаа тухай мэдэгдэнэ. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт болон үүнтэй холбогдсон аливаа мэдээ, мэдээллийг оролцогч улсуудын томилсон эрх бүхий төв байгууллагуудад дамжуулж байна. Энэхүү шаардлага нь ийм хүсэлт, мэдээ, мэдээллийг дипломат шугамаар, түүнчлэн яаралтай нөхцөл байдалд оролцогч улсууд харилцан тохиролцсон нөхцөлд хэрэв боломжтой бол Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаар дамжуулан авч байхыг шаардах оролцогч улсын эрхийг хөндөхгүй.
14. Хүсэлтийг бичгээр эсхүл бичгийн хэлбэрт оруулах чадвартай аливаа хэрэгслээр хүсэлт хүлээн авагч оролцогч улсын хүлээн авахуйц хэлээр тухайн хүсэлтийн жинхэнэ шинж чанарыг тогтоох боломжийг тухайн оролцогч улсад олгох нөхцлийн дагуу гаргана. Энэхүү конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахдаа оролцогч улс бүр өөрийн хүлээн авахуйц хэл буюу хэлнүүдийн тухай мэдэгдэнэ. Яаралтай нөхцөл байдалд, оролцогч улсууд харилцан тохиролцсон нөхцөлд хүсэлтийг амаар гаргаж болох боловч бичгээр даруй нотлоно.
15. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
1. хүсэлт гаргаж байгаа эрх бүхий байгууллагын нэр;
2. хүсэлттэй холбоотой асуудал, мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагааны мөн чанар, түүнчлэн мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагын нэр, чиг үүрэг;
3. шүүхийн баримт бичгүүдийг гардуулах зорилготой хүсэлтээс бусад тохиолдолд холбогдох үйл баримтын товч танилцуулга;
4. хүссэн туслалцааны талаархи тодорхойлолт болон мөрдвөл зохино гэж хүсэлт гаргагч оролцогч улсын үзэж буй аливаа тодорхой ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл;
5. бололцоотой бол холбогдох аливаа этгээдийн овог нэр, байгаа газар болон иргэний харьяалал;
6. нотлох баримт, мэдээлэл буюу арга хэмжээг хүссэн зорилго.
16. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс нь тухайн хүсэлтийг гүйцэтгэхэд дотоодын хуулийнх нь дагуу шаардлагатай гэж үзэхээр байгаа эсхүл хүсэлтийг гүйцэтгэх ажиллагааг хөнгөвчилөхөөр байвал нэмэлт мэдээлэл хүсч болно.
17. Хүсэлтийг хүсэлт хүлээн авагч оролцогч улсын дотоодын хуулийн дагуу, түүнчлэн хүсэлт хүлээн авагч оролцогч улсын дотоодын хуульд харшлаагүй хэмжээнд бөгөөд боломжтой нөхцөлд тухайн хүсэлтэд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
18. Аливаа хувь хүн аль нэг оролцогч улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд гэрч эсхүл шинжээчийн хувьд оролцогч нөгөө улсын шүүхийн эрх бүхий байгууллагуудад байцаалгах ёстой боловч хүсэлт гаргагч оролцогч улсын нутаг дэвсгэрт биечлэн очих бололцоогүй эсхүл зохимжгүй байвал нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч улс нь нөгөө талын хүсэлтийн дагуу боломжтой нөхцөлд дотоодын хууль тогтоомжийнх нь тулгуур зарчимтай нийцэж байвал видео уулзалтын хэлбэрээр байцаалтыг явуулахыг зөвшөөрч болно. Оролцогч улсууд байцаалтыг хүсэлт гаргагч оролцогч улсын шүүхийн эрх бүхий байгууллага явуулж, хүсэлт хүлээн авагч оролцлогч улсын шүүхийн эрх бүхий байгууллагыг байлцуулах талаар тохиролцож болно.
19. Хүсэлт гаргагч оролцогч улс хүсэлт хүлээн авагч оролцогч улсын урьдчилсан зөвшөөрөлгүйгээр түүний өгсөн мэдээлэл эсхүл нотлох баримтыг хүсэлтэд зааснаас өөр мөрдөн байцаах, яллах буюу шүүх ажиллагааны зорилгоор дамжуулж буюу ашиглаж үл болно. Хүсэлт гаргагч оролцогч улс байцаан шийтгэх ажиллагааны явцад шүүгдэгчийг гэм буруугүйг нотлох мэдээлэл буюу нотлох баримт задруулахад энэ зүйлийн аль ч заалт саад болохгүй. Ийм тохиолдолд хүсэлт гаргагч оролцогч улс нь тийнхүү задруулахаас өмнө хүсэлт хүлээн авагч оролцогч улсад мэдэгдэж, хүсэлт тавьсан бол хүлээн авагч оролцогч улстай зөвлөлдөнө. Хэрэв онцгой тохиолдолд урьдчилан мэдэгдэх боломжгүй бол хүсэлт гаргагч оролцогч улс хүсэлт хүлээн авагч оролцогч улсад тийнхүү задруулсан талаар сааталгүйгээр мэдээлнэ.
20. Хүсэлт гаргагч оролцогч улс нь хүсэлтийг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнээс бусад тохиолдолд хүсэлт гаргаснаа болон хүсэлтийн агуулгыг нууцлахыг хүсэлт хүлээн авагч оролцогч улсаас шаардаж болно. Хэрэв хүсэлт хүлээн авагч оролцогч улс нууцлах шаардлагыг биелүүлж чадахгүй бол энэ тухайгаа хүсэлт гаргагч оролцогч улсад даруй мэдээлнэ.
21. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс дараахь тохиолдолд татгалзаж болно:
1. хүсэлтийг энэ зүйлийн заалтуудтай нийцүүлж гаргаагүй;
2. хүсэлт хүлээн авагч оролцогч улс хүсэлтийг гүйцэтгэснээр түүний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, ordre public, бусад чухал ашиг сонирхлыг хөндөх магадлалтай гэж үзэж байгаа;
3. хэрэв хүссэн арга хэмжээг авахыг хүсэлт хүлээн авагч оролцогч улсын дотоодын хуулиар аливаа адилтгах гэмт хэрэгтэй холбогдуулан түүний эрх бүхий байгууллагуудад хориглосон бөгөөд уг гэмт хэрэгт өөрийн шүүхийн харьяаллын дагуу мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явуулах;
4. хүсэлтийг биелүүлэх нь хүлээн авагч оролцогч улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхтэй холбогдсон эрх зүйн тогтолцоотой нь зөрчилдөх.
22. Оролцогч улсууд тухайн гэмт хэргийг санхүүгийн асуудалтай холбоотой гэж мөн үздэг гэсэн ганц үндэслэлээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтээс татгалзаж үл болно.
23. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс татгалзсан аливаа тохиолдолд шалтгаан, үндэслэлийг заана.
24. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг аль болох түргэн гүйцэтгэж, хүсэлт гаргагч оролцогч улсаас санал болгосон аливаа эцсийн хугацааг аль болох баримтлах бөгөөд чингэхдээ эцсийн хугацааг санал болгосон шалтгааныг тухайн хүсэлтдээ заасан байвал зохино. Хүсэлт гаргагч оролцогч улс нь хүсэлт хүлээн авагч оролцогч улсаас хүсэлтийг нь биелүүлэхээр авч буй арга хэмжээний явц, байдлын талаар мэдээлэл өгөхийг хүсч үндэслэл бүхий хүсэлт гаргаж болно. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс уг хүсэлтийг биелүүлэхийн тулд авч буй арга хэмжээний явц, байдлын талаар хүсэлт гаргагч оролцогч улсаас гаргасан үндэслэл бүхий хүсэлтэд хариу өгнө. Туслалцаа цаашид хэрэггүй болсон үед хүсэлт гаргагч оролцогч улс нь хүсэлт хүлээн авагч оролцогч улсад даруй мэдээлнэ.
25. Явагдаж буй мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр хүсэлт хүлээн авагч оролцогч улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийг хойшлуулж болно.
26. Энэ зүйлийн 21 дэх хэсгийн дагуу хүсэлтийг биелүүлэхээс татгалзах эсхүл энэ зүйлийн 25 дахь хэсгийн дагуу хүсэлтийг гүйцэтгэхийг хойшлуулахаасаа өмнө хүсэлт хүлээн авагч оролцогч улс нь туслалцааг түүний шаардлагатай гэж үзэж байгаа болзол, нөхцлөөр үзүүлж болох эсэх асуудлыг авч үзэхээр хүсэлт гаргагч оролцогч улстай зөвлөлдөнө. Хэрэв хүсэлт гаргагч оролцогч улс тэдгээр нөхцлөөр туслалцаа авахыг зөвшөөрвөл тухайн нөхцлийг дагаж мөрдөнө.
27. Энэ зүйлийн 12 дахь хэсгийг хэрэглэхийг үл хөндөн хүсэлт гаргагч оролцогч улсын нутаг дэвсгэрт явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхийг болон мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг хүсэлт гаргагч оролцогч улсын хүсэлтээр зөвшөөрсөн гэрч, шинжээч эсхүл өөр этгээдийг хүсэлт хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрээс гарахаас нь өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэл, эсхүл ял шийтгүүлсэнтэй нь холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт яллах, цагдан хорих, шийтгэх буюу бусад аливаа бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлах арга хэмжээг авч болохгүй. Гэрч, шинжээч эсхүл өөр этгээдийг хүсэлт гаргагч оролцогч улсын нутаг дэвсгэрт цаашид байх шаардлагагүй болсон тухай шүүхийн эрх бүхий байгууллагаас нь албан ёсоор мэдээлсэн өдрөөс хойш дараалсан арван таван өдрийн хугацаанд эсхүл оролцогч улсуудын тохиролцсон хугацаанд тухайн оролцогч улсын нутаг дэвсгэрээс гарах боломжтой байсан ч сайн дураараа үлдсэн эсхүл гарсныхаа дараа өөрийн хүслээр эргэж ирсэн тохиолдолд хувийн аюулгүй байдлын дээрхи баталгаа үйлчлэхгүй.
28. Холбогдох оролцогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол хүсэлт гүйцэтгэхтэй холбогдсон ердийн зардлыг хүсэлт хүлээн авагч оролцогч улс хариуцна. Хэрэв хүсэлтийг биелүүлэхэд ихээхэн эсхүл онцгой зардал шаардлагатай буюу шаардагдахаар байвал оролцогч улсууд хүсэлтийг гүйцэтгэх болзол, нөхцөл, түүнчлэн зардлыг хэрхэн хариуцахыг тодорхойлохоор зөвлөлдөнө.
29. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс нь:
1. дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу олон нийтэд гаргаж өгч болох өөрт нь байгаа засгийн газрын тэмдэглэл, баримт бичиг буюу мэдээллийн хуулбарыг хүсэлт гаргагч оролцогч улсад өгнө;
2. дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу олон нийтэд гаргаж өгч болохгүй өөрт нь байгаа засгийн газрын аливаа тэмдэглэл, баримт бичиг буюу мэдээллийн хуулбарыг бүрэн, хэсэгчлэн, эсхүл өөрийн зохистой гэж үзсэн нөхцлийн дагуу өөрийн үзэмжээр хүсэлт гаргагч оролцогч улсад өгч болно.
30. Оролцогч улсууд энэ зүйлийн зорилго, бодит хэрэгжилтийг хангах, заалтуудыг нь бэхжүүлэх хоёр буюу олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах боломжийг шаардлагатай бол авч үзнэ.
47 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шилжүүлэх
Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг яллах ажиллагааг бие биедээ шилжүүлэх нь ялангуяа хэдэн хэдэн харьяаллын асуудал үүссэн тохиолдолд яллах ажиллагааг нэгтгэх үүднээс хууль ёсыг зохистойгоор сахиулах ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн тохиолдолд оролцогч улсууд тийнхүү шилжүүлэх боломжийг авч үзнэ.
48 дугаар зүйл. Хууль сахиулах талаар хамтран ажиллах
1. Оролцогч улсууд өөр өөрийн дотоодын эрх зүй ба захиргааны тогтолцоондоо нийцүүлэн энэхүү конвенцоор хамарсан гэмт хэрэгтэй тэмцэхдээ хууль сахиулах арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс бие биетэйгээ нягт хамтран ажиллана. Тухайлбал, оролцогч улсууд дараахь чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авна:
(a) Энэхүү конвенцоор хамарсан гэмт хэрэгтэй холбогдсон бүх талын мэдээллийг найдвартай, хурдан солилцох явдлыг хөнгөвчлөхийн тулд эрх бүхий байгууллага, агентлаг, албадын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх болон шаардлагатай нөхцөлд харилцаа холбооны сувгийг бий болгох, түүний дотор хэрэв холбогдох оролцогч улсууд зохистой гэж үзсэн бол эрүүгийн бусад үйл ажиллагаатай холбоо тогтоох;
(b) Энэхүү конвенцоор хамарсан гэмт хэрэгтэй холбогдуулан дараахь асуудлаар мөрдөлт явуулахад бусад оролцогч улстай хамтран ажиллах:
i. тухайн гэмт хэрэгт холбогдсон хэмээн сэжиглэгдэж байгаа этгээдийн хэн болох, хаана байгаа, түүний үйл ажиллагаа эсхүл холбогдох бусад этгээдийн байгаа газар;
ii. гэмт хэргээс олсон орлого эсхүл тухайн гэмт хэргийг үйлдэх замаар олсон эд хөрөнгийн хөдөлгөөн;
iii. тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан эсхүл ашиглах зорилготой эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгслийн хөдөлгөөн;
(c) Шаардлагатай зүйл болон шаардлагатай хэмжээний бодисыг дүн шинжилгээний эсхүл мөрдөн байцаах зорилгоор зохих тохиолдолд өгөх;
(d) Энэхүү конвенцоор хамарсан гэмт хэргийг үйлдэхэд ашигладаг тодорхой арга, хэрэгслийн талаархи мэдээлэл, түүний дотор хуурамч биеийн байцаалт, дуурайлгасан, өөрчилсөн буюу хуурамч баримт бичиг, нуун дарагдуулах зорилготой бусад хэрэгсэл ашиглах талаархи мэдээллийг бусад оролцогч улстай зохих тохиолдолд солилцох;
(e) Өөрийн эрх бүхий байгууллага, агентлаг, албадын хоорондын уялдаа холбоог үр дүнтэй байлгах явдлыг хөнгөвчлөн дэмжих болон боловсон хүчин ба бусад мэргэжилтэн солилцох явдлыг дэмжих, түүний дотор холбогдох оролцогч улсуудын хооронд байгуулсан хоёр талт хэлэлцээр буюу тохиролцооны дагуу харилцааны ажилтан томилох;
(f) Энэхүү конвенцоор хамарсан гэмт хэргүүдийг эрт таньж тогтоох зорилгоор зохих мэдээлэл солилцож, захиргааны болон бусад арга хэмжээг уялдуулан зохицуулах.
2. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх үүднээс оролцогч улсууд хууль сахиулагч эрх бүхий байгууллагуудынхаа хооронд шууд хамтран ажиллах хоёр буюу олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах, түүнчлэн тийм хэлэлцээр буюу тохиролцоо байгаа бол нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг авч үзнэ. Холбогдох оролцогч улсуудын хооронд тийм хэлэлцээр буюу тохиролцоо байхгүй тохиолдолд оролцогч улсууд энэхүү конвенцоор хамарсан гэмт хэрэгтэй холбогдуулан энэхүү конвенцийг хууль сахиулах харилцан хамтын ажиллагааны үндэс хэмээн үзэж болно. Аливаа зохих тохиолдолд оролцогч улсууд хууль сахиулагч эрх бүхий байгууллагуудынхаа хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэлэлцээр буюу тохиролцоо, түүний дотор олон улсын буюу бүс нутгийн байгууллагуудыг бүрэн ашиглана.
3. Энэхүү конвенцоор хамарсан гэмт хэргийг орчин үеийн технологи ашиглаж үйлдсэн тохиолдолд оролцогч улсууд тэдгээр гэмт хэрэгтэй тэмцэх талаар өөрийн бололцооны хэрээр хамтран ажиллахыг чармайна.
49 дүгээр зүйл. Хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа
Нэг эсхүл хэдэн улсад мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явагдаж байгаа асуудлаар оролцогч улсуудын эрх бүхий холбогдох байгууллагууд хамтарсан мөрдөн байцаах байгууллага байгуулж болох хоёр болон олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах асуудлыг оролцогч улсууд авч үзнэ. Тийм хэлэлцээр буюу тохиролцоо байхгүй тохиолдолд хамтарсан мөрдөн байцаах ажиллагааг тухай бүр тохиролцож явуулж болно. Холбогдох оролцогч улсууд нутаг дэвсгэрт нь тийм мөрдөн байцаах ажиллагаа явагдах гэж буй оролцогч улсын бүрэн эрхт байдлыг бүрэн хүндэтгэнэ.
50 дугаар зүйл. Мөрдөн байцаах тусгай арга хэрэгсэл
1. Эрх бүхий байгууллагууд нь хяналтан дор хүргүүлэх ба ажиглан судлах болон нууц ажиллагааны цахилгаан болон бусад хэлбэр зэрэг мөрдөн байцаах бусад тусгай аргыг зохистой гэж үзсэн тохиолдолд нутаг дэвсгэртээ зохистойгоор ашиглахыг зөвшөөрөх, түүнчлэн түүнээс олж авсан нотлох баримтыг шүүхэд хүлээн зөвшөөрүүлэх талаар шаардлагатай байж болох арга хэмжээг оролцогч улс бүр бололцооныхоо хэрээр дотоодын эрх зүйн тогтолцооныхоо үндсэн зарчмаар зөвшөөрсөн хэмжээнд, дотоодын хууль тогтоомждоо заасан нөхцөлд нийцүүлэн авилгалтай үр дүнтэй тэмцэхийн тулд авна.
2. Энэхүү конвенцоор хамарсан гэмт хэргийг мөрдөн байцаах зорилгоор мөрдөн байцаах тэдгээр тусгай арга хэрэгслийг олон улсын түвшинд хамтран ажиллах утгаар хэрэглэх талаар хоёр буюу олон талт зохих хэлэлцээр буюу тохиролцоог шаардлагатай тохиолдолд оролцогч улсууд байгуулахыг хөхиүлэн дэмжинэ. Тийм хэлэлцээр буюу тохиролцоог улсуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг бүрэн биелүүлж байгуулах буюу хэрэгжүүлэх бөгөөд тэдгээр хэлэлцээр буюу тохиролцооны нөхцлийг чанд сахина.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хэлэлцээр буюу тохиролцоо байхгүй тохиолдолд мөрдөн байцаах тийм тусгай арга хэрэгслийг олон улсын түвшинд хэрэглэх тухай шийдвэрийг хэрэг тухай бүрт нь гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох оролцогч улсуудын харьяаллаа хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүгийн тохиролцоо буюу ойлголцлыг харгалзан үзэж болно.
4. Хяналтан дор хүргүүлэх аргыг олон улсын түвшинд хэрэглэх тухай шийдвэр нь бараа буюу хөрөнгийг замд нь саатуулж, хэвээр нь цааш явуулах эсхүл бүхлээр нь буюу хэсэгчлэн хураах буюу солих зэрэг аргыг холбогдох оролцогч улсуудын зөвшөөрснөөр багтааж болно.
V бүлэг. Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ
51 дүгээр зүйл. Ерөнхий зүйл
Энэ бүлгийн дагуу хөрөнгө буцааж олгох нь энэхүү конвенцийн тулгуур зарчим мөн бөгөөд энэ талаар оролцогч улсууд бие биетэйгээ хамгийн өргөн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ.
52 дугаар зүйл. Гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэхээс
урьдчилан сэргийлэх, шилжүүлгийг илрүүлэх
1. Энэхүү конвенцийн 14 дүгээр зүйлийг үл хөндөн оролцогч улс бүр харьяалалд нь багтах санхүүгийн байгууллагуудаас харилцагчийнхаа биеийн байцаалтыг нягталж байх, өндөр дүнтэй дансны гүйлгээний үр шим хүртэгч нь хэн болохыг тодорхойлох талаар боломжит арга хэмжээ авах, төрийн чухал чиг үүрэг гүйцэтгэж байгаа буюу байсан хувь хүн, тэдний гэр бүлийн гишүүд болон ойр холбоотой түншүүдийн нээх гэсэн буюу эзэмшиж буй данс, эсхүл нэрийн нь өмнөөс нээх гэсэн буюу эзэмшиж буй дансанд хатуу хяналт явуулахыг шаардахад шаардлагатай байж болох арга хэмжээг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авна. Ийм хатуу хяналт нь сэжигтэй гүйлгээг эрх бүхий байгууллагад мэдээлэх зорилгоор илрүүлэхэд үндэслэлтэйгээр зориулагдсан байх бөгөөд ийм шалгалтыг санхүүгийн байгууллагыг хууль ёсны харилцагчтайгаа бизнесийн үйл ажиллагаа явуулахыг саатуулсан буюу хориглох гэсэн утгаар тайлбарлаж болохгүй.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэхийг хөнгөвчлөхийн тулд оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн, мөнгө угаахтай тэмцдэг бүс нутгийн, бүс хоорондын болон олон талт байгууллагуудын санаачлагыг удирдлага болгон:
1. харьяалалд нь багтах санхүүгийн байгууллагаас дансанд нь хатуу хяналт явуулах ёстой хувь хүн, хуулийн этгээдийн төрөл, онцгой анхаарал хандуулах данс ба гүйлгээний төрөл, түүнчлэн тэдгээр данстай холбогдуулан данс нээх, эзэмших, бүртгэл хөтлөх талаархи зохих арга хэмжээний талаар сэрэмжлүүлэг заавар гаргаж;
2. харьяалалд нь багтах санхүүгийн байгууллагын таньж тогтоосон хувь хүн, хуулийн этгээдээс гадна эдгээр байгууллагаас хатуу хяналт явуулах ёстой тодорхой хувь хүн, хуулийн этгээдийн талаар санхүүгийн эдгээр байгууллагад оролцогч өөр улсын хүсэлтээр эсхүл өөрийн санаачлагаар зохих тохиолдолд мэдэгдэнэ.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн утгаар, энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүмүүст хамаарах данс, гүйлгээний зохистой бүртгэлийг санхүүгийн байгууллагууд нь зохих хугацаанд хөтлөж байх явдлыг хангах арга хэмжээг оролцогч улс бүр авч хэрэгжүүлэх бөгөөд энэ бүртгэлд наад зах нь харилцагчийн, мөн боломжтой бол дансны гүйлгээг хүлээн авагчийн хэн болох тухай мэдээллийг агуулбал зүйтэй.
4. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, шилжүүлгийг илрүүлэх зорилгоор оролцогч улс бүр бодитоор оршдоггүй болон зохицуулалт бүхий санхүүгийн бүлэгт харьяалагддаггүй банк байгуулахаас зохицуулагч ба хяналтын байгууллагуудынхаа тусламжтайгаар урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй бөгөөд зохистой арга хэмжээ авна. Түүнчлэн, оролцогч улсууд санхүүгийн байгууллагуудаасаа ийм байгууллагуудтай банкны корреспондент харилцаа тогтоох, тийм харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзах, түүнчлэн бодитоор оршдоггүй болон зохицуулалт бүхий санхүүгийн бүлэгт харьяалагддаггүй банк дансыг нь хэрэглэхийг зөвшөөрч буй гадаадын санхүүгийн байгууллагуудтай харилцаа тогтоохоос хамгаалахыг шаардах асуудлыг авч үзэж болно.
5. Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу төрийн зохих албан тушаалтнуудын санхүүгийн байдалтай холбогдсон мэдээллийг нээж байх үр дүнтэй тогтолцоо тогтоох асуудлыг авч үзэх бөгөөд үл биелүүлэх тохиолдолд ногдуулах зохих хариуцлагыг заана. Түүнчлэн энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг мөрдөн байцаах, шаардах, буцааж олгох шаардлагатай тохиолдолд дээрх мэдээллийг оролцогч бусад улсын эрх бүхий байгууллагуудтай хуваалцахыг зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авах асуудлыг оролцогч улс бүр мөн авч үзнэ.
6. Гадаад улсад санхүүгийн данс эзэмшдэг буюу гарын үсэг зурах эрхтэй буюу өөр эрх эдэлдэг төрийн зохих албан тушаалтнаас уг харилцаагаа эрх бүхий зохих байгууллагад мэдээлэх ба уг данстай холбоотой зохих бүртгэл хөтлөж байхыг шаардах талаар дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу шаардлагатай байж болох арга хэмжээг авах асуудлыг оролцогч улс тус бүр авч үзнэ. Үл биелүүлэх тохиолдолд ногдуулах зохих хариуцлагыг эдгээр арга хэмжээнд мөн заана.
53 дугаар зүйл. Эд хөрөнгийг шууд буцаан олгох арга хэмжээ
Оролцогч улс тус бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн:
1. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэх замаар олж авсан эд хөрөнгийг өмчлөх эрх буюу өмчлөлийг тогтоох зорилгоор өөрийн шүүхэд иргэний хэрэг үүсгэхийг оролцогч өөр улсад зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авч;
2. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн улмаас хохирсон оролцогч өөр улсад ийм гэмт хэргийг үйлдсэн этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх буюу арилгуулах шийдвэр гаргахыг өөрийн шүүхэд зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авч;
3. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэх замаар олж авсан эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох талаарх оролцогч өөр улсын шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг өөрийн шүүх буюу эрх бүхий байгууллагад эд хөрөнгийг хураан авах шийдвэр гаргах үед нь зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авна.
54 дүгээр зүйл. Эд хөрөнгийг хураах асуудлаар олон улсын хэмжээнд хамтран ажиллах замаар эд хөрөнгийг буцаан олгох механизм
1. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэх замаар олж авсан буюу тийм гэмт хэрэгтэй холбоотой эд хөрөнгийн хувьд оролцогч улс тус бүр энэхүү конвенцийн 55 дугаар зүйлийн дагуу эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн:
1. оролцогч өөр улсын шүүхээс эд хөрөнгийг хураах талаар гаргасан шийдвэрийг биелүүлэхийг өөрийн эрх бүхий байгууллагад зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авч;
2. мөнгө угаах гэмт хэрэг буюу харьяалалд нь багтах бусад гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэх замаар эсхүл дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу зөвшөөрөгдсөн бусад журмаар гадаадаас гаралтай эд хөрөнгийг хураан авах шийдвэр гаргахыг өөрийн эрх бүхий байгууллагад тэдгээр нь харьяалалтай бол зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авч;
3. гэмт хэрэгтэн нас барсан, оргон зайлсан буюу байхгүй байгаа шалтгаанаар яллаж болохгүй тохиолдолд болон бусад зохих тохиолдолд тухайн эд хөрөнгийг ял шийтгэлгүйгээр хураан авахыг зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.
2. Энэхүү конвенцийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гаргасан хүсэлтээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн:
1. хүсэлт гаргагч оролцогч улсын шүүх буюу эрх бүхий байгууллагаас гаргасан эд хөрөнгийг битүүмжлэх буюу түр хураах шийдвэрийн дагуу өөрийн эрх бүхий байгууллагад эд хөрөнгийг битүүмжлэх буюу түр хураахыг зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авах бөгөөд уг шийдвэрт ийм арга хэмжээ авах хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн эцэст нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн зорилгоор уг эд хөрөнгийн хувьд хураах шийдвэр гарна гэж хүсэлт хүлээн авагч оролцогч улс итгэх боломжит үндэслэлийг заана;
2. эд хөрөнгийг битүүмжлэх буюу түр хураах хүсэлтээр өөрийн эрх бүхий байгууллагад эд хөрөнгийг битүүмжлэх буюу түр хураахыг зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авах бөгөөд уг хүсэлтэд ийм арга хэмжээ авах хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн эцэст нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн зорилгоор уг эд хөрөнгийн хувьд хураах шийдвэр гарна гэж хүсэлт хүлээн авагч оролцогч улс итгэх боломжит үндэслэлийг заана;
3. эд хөрөнгийг хураах зорилгоор ийм эд хөрөнгийг олж авсантай холбогдуулан гадаадад битүүмжлэх буюу яллах зэрэг үндсэн дээр хадгалахыг өөрийн эрх бүхий байгууллагад зөвшөөрөх нэмэлт арга хэмжээ авах асуудлыг авч үзнэ.
55 дугаар зүйл. Эд хөрөнгийг хураах
зорилго бүхий олон улсын хамтын ажиллагаа
1. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн хувьд харьяалал бүхий оролцогч өөр улсаас нутаг дэвсгэрт нь байгаа энэхүү конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэргээс олсон орлого, эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгслийг хураах хүсэлтийг хүлээн авсан оролцогч улс дотоодын эрх зүйн тогтолцооныхоо хүрээнд аль болох өргөн хэмжээнд:
1. эд хөрөнгө хураах тухай шийдвэр гаргуулах зорилгоор уг хүсэлтийг өөрийн эрх бүхий байгууллагад өгөх бөгөөд хэрэв ийм шийдвэр гарсан бол түүнийг хэрэгжүүлнэ; эсхүл
2. хүсэлт гаргагч оролцогч улсын нутаг дэвсгэрт байгаа шүүхээс энэхүү конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн дагуу гаргасан эд хөрөнгө хураах тухай шийдвэрийг хүсэлтэд дурдсан хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс хүсэлт хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрт байгаа 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэргээс олсон орлого, эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгсэлтэй холбоотой хэмжээнд өөрийн эрх бүхий байгууллагад өгнө.
2. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн хувьд харьяалал бүхий өөр оролцогч улс хүсэлт гаргасны дараа хүсэлт хүлээн авагч оролцогч улс энэхүү конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэргээс олсон орлого, эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгслийг таньж тогтоох, мөрдөх, битүүмжлэх буюу түр хураах арга хэмжээг эдгээрийг эцэст нь хураах тухай шийдвэрийг хүсэлт гаргагч оролцогч улс эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүсэлтийн дагуу хүсэлт хүлээн авагч оролцогч улсаар гаргуулах зорилгоор авна.
3. Энэхүү конвенцийн 46 дугаар зүйлийн заалтыг mutatis mutandis энэ зүйлд хэрэглэнэ. 46 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт дурдсан мэдээллээс гадна энэ зүйлийн дагуу гаргасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
1. энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт хамаарах хүсэлтийн хувьд, хураагдах эд хөрөнгийн тодорхойлолт, түүний дотор байршлын тухай болон холбогдох тохиолдолд эд хөрөнгийн баримжаалсан үнэ өртөг ба хүсэлт хүлээн авагч оролцогч улсад дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу шийдвэр гаргуулахад хангалттай гэж хүсэлт гаргагч оролцогч улсын үндэслэсэн баримтын тухай мэдэгдэл аль болох багтсан байна;
2. энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт хамаарах хүсэлтийн хувьд, хүсэлтийн үндэслэл болсон бөгөөд хүсэлт гаргагч оролцогч улсаас гаргасан эд хөрөнгө хураах тухай шийдвэрийн хуулиар зөвшөөрөхүйц хуулбар, шийдвэрийг гүйцэтгэхийг хүсэлт болгосон хэмжээнд баримтын тухай мэдэгдэл ба мэдээлэл, хүсэлт гаргагч оролцогч улсаас bona fide гуравдагч талд хангалттай мэдэгдэл өгч, зохих ёсны явцыг хангах талаар авсан арга хэмжээг заасан мэдэгдэл, түүнчлэн хураах шийдвэр нь эцсийн болох тухай мэдэгдэл;
3. энэ зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах хүсэлтийн хувьд, хүсэлт гаргагч оролцогч улсын үндэслэсэн баримтын тухай мэдэгдэл, хүсэлт болгосон арга хэмжээний тодорхойлолт, түүнчлэн хүсэлтийн үндэслэл болсон шийдвэрийн хуулиар зөвшөөрөхүйц хуулбар хэрэв байгаа бол.
4. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шийдвэр буюу арга хэмжээг өөрийн хууль тогтоомж, хянан шийдвэрлэх ажиллагааны журам эсхүл хүсэлт гаргагч оролцогч улстай хамааруулан тухайн улсын заавал биелүүлэх хоёр буюу олон талт аливаа хэлэлцээр буюу тохиролцооны заалтад нийцүүлэн, тэдгээрийн дагуу гаргах буюу авна.
5. Оролцогч улс бүр энэ зүйлийг хэрэгжүүлэх өөрийн хууль тогтоомж, журам түүнд оруулсан цаашдын өөрчлөлтийн хуулбарыг, эсхүл тэдгээрийн талаархи танилцуулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
6. Хэрэв оролцогч улс энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт дурдсан арга хэмжээг холбогдох гэрээний үндсэн дээр авах нөхцөл тавихаар шийдвэрлэвэл тухайн оролцогч улс энэхүү конвенцийг гэрээний шаардлагатай бөгөөд хангалттай үндэс гэж үзнэ.
7. Хэрэв хүсэлт хүлээн авагч оролцогч улс хангалттай нотлох баримтыг цаг тухайд нь хүлээж аваагүй эсхүл эд хөрөнгийн үнэ өртөг нь de minimis бол энэ зүйлийн дагуу хамтарч ажиллахаас мөн татгалзаж болох буюу түр арга хэмжээг цуцалж болно.
8. Энэ зүйлийн дагуу авсан аливаа түр арга хэмжээг цуцлахаас өмнө хүсэлт хүлээн авагч оролцогч улс ийм арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатайг харуулсан шалтгааныг гаргаж өгөх боломжийг хүсэлт гаргагч оролцогч улсад боломжтой нөхцөлд олгож байна.
9. Энэ зүйлийн заалтыг bona fide гуравдагч талын эрхийг хөндөхөөрөөр тайлбарлаж болохгүй.
56 дугаар зүйл. Тусгай хамтын ажиллагаа
Дотоодын хууль тогтоомжоо үл хөндөн, оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогын талаарх мэдээллийг өөр оролцогч улсад задруулах нь мэдээллийг хүлээн авагч оролцогч улсад мөрдөн байцаах, яллах буюу шүүх ажиллагааг эхлүүлэх буюу явуулахад нь тус дөхөм болж болох буюу Конвенцийн энэ бүлгийн дагуу хүсэлт гаргахад нь хүргэж болно гэж үзэж байгаа тохиолдолд ийм мэдээллийг өөрийн мөрдөн байцаах, яллах буюу шүүх ажиллагааг үл хөндөн өөр оролцогч улсад түүнээс урьдчилж хүсэлт авалгүйгээр шилжүүлэн өгөхийг зөвшөөрөх арга хэмжээ авахыг чармайна.
57 дугаар зүйл. Хөрөнгө эргүүлэн өгөх ба захиран зарцуулах
1. Энэхүү конвенцийн 31 эсхүл 55 дугаар зүйлийн дагуу аль нэг оролцогч улсын хураасан эд хөрөнгийг тухайн оролцогч улс энэхүү конвенц болон дотоодын хууль тогтоомжийнхоо заалтын дагуу захиран зарцуулах бөгөөд үүнд өмнөх хууль ёсны өмчлөгчид энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу нь эргүүлэн өгөх явдал орно.
2. Оролцогч улс бүр хураагдсан эд хөрөнгийг энэхүү конвенцийн дагуу, bona fide гуравдагч талын эрхийг харгалзан эргүүлэн өгөх боломжийг өөрийн эрх бүхий байгууллагад өөр оролцогч улсын хүсэлтийн дагуу арга хэмжээ авах үед нь олгоход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна:
3. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс энэхүү конвенцийн 46, 55 дугаар зүйл болон энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцүүлэн:
1. энэхүү конвенцийн 17, 23 дугаар зүйлд дурдсаны дагуу төрийн хөрөнгийг завших буюу төрөөс завшсан хөрөнгийг угаах тохиолдолд, эд хөрөнгийг 55 дугаар зүйлийн дагуу болон хүсэлт гаргагч оролцогч улсын шүүхийн эцсийн шийдвэрийн үндсэн дээр хураасан бол хураасан эд хөрөнгийг хүсэлт гаргагч оролцогч улсад эргүүлэн өгөх бөгөөд чингэхдээ хүсэлт хүлээн авагч оролцогч улс уг шаардлагаас татгалзаж болно;
2. энэхүү конвенцоор хамарсан аливаа өөр гэмт хэргээс олсон орлогын хувьд, эд хөрөнгийг 55 дугаар зүйлийн дагуу болон хүсэлт гаргагч оролцогч улсын шүүхийн эцсийн шийдвэрийн үндсэн дээр хураасан бол хүсэлт гаргагч оролцогч улс хүсэлт хүлээн авагч оролцогч улсад ийнхүү хураагдсан эд хөрөнгийг урьд нь өмчилж байснаа үндэслэлтэйгээр тогтоосон эсхүл хүсэлт хүлээн авагч оролцогч улс хүсэлт гаргагч оролцогч улсад учирсан хохирлыг хураасан эд хөрөнгийг эргүүлэн өгөх үндэслэл гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хураасан эд хөрөнгийг хүсэлт гаргагч оролцогч улсад эргүүлэн өгөх бөгөөд чингэхдээ хүсэлт хүлээн авагч оролцогч улс уг шаардлагаас татгалзаж болно;
3. бусад бүх тохиолдолд, хураасан эд хөрөнгийг хүсэлт гаргагч оролцогч улсад эргүүлэн өгөх, уг эд хөрөнгийг өмнөх хууль ёсны эзэмшигчид эргүүлэн өгөх буюу гэмт хэргийн хохирогчид хохирлыг нөхөн төлөх асуудлыг эн тэргүүнд авч үзнэ.
4. Оролцогч улсууд өөрөөр шийдвэрлээгүй бол хүсэлт хүлээн авагч оролцогч улс хураасан эд хөрөнгийг энэ зүйлийн дагуу эргүүлэн өгөх буюу захиран зарцуулах зорилгоор мөрдөн байцаах, яллах буюу шүүх ажиллагаанд гарсан боломжит зардлыг зохих тохиолдолд хасч тооцож болно.
5. Оролцогч улсууд хураасан эд хөрөнгийг эцэслэн захиран зарцуулахдаа тухай бүр хэлэлцээр байгуулах буюу харилцан хүлээн авахуйц тохиролцоо хийх асуудлыг зохих тохиолдолд мөн тусгайлан авч үзэж болно.
58 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн нэгж
Оролцогч улсууд энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, тийнхүү шилжүүлэхтэй тэмцэх, түүнчлэн тэдгээр орлогыг буцааж олгох арга зам, хэрэгслийг дэмжих зорилгоор бие биетэйгээ хамтран ажиллах бөгөөд үүний тулд санхүүгийн сэжигтэй гүйлгээний талаархи мэдээллийг хүлээн авах, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагуудад тараах асуудал эрхэлсэн санхүүгийн мэдээллийн нэгж байгуулах асуудлыг авч үзнэ.
59 дүгээр зүйл. Хоёр ба олон талт хэлэлцээр ба тохиролцоо
Оролцогч улсууд Конвенцийн энэ бүлгийн дагуу хэрэгжүүлсэн олон улсын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэхээр хоёр буюу олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах асуудлыг авч үзнэ.
VI бүлэг. Техникийн туслалцаа ба мэдээлэл солилцоо
60 дугаар зүйл. Сургалт, техникийн туслалцаа
1. Оролцогч улс бүр авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудал эрхэлсэн боловсон хүчиндээ зориулан сургалтын тодорхой хөтөлбөрийг шаардлагатай хэмжээнд санаачилж, боловсруулж, сайжруулна. Сургалтын тэдгээр хөтөлбөр нь дараахь асуудлыг inter alia хөндөж болно:
1. авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, мөрдөн байцаах, шийтгэх болон хянах үр дүнтэй арга хэмжээ, түүний дотор нотлох баримт цуглуулах ба мөрдөн байцаах арга хэрэгслийг хэрэглэх;
2. авилгалын эсрэг стратегийн бодлого боловсруулах ба төлөвлөх чадавхийг бий болгох;
3. энэхүү конвенцийн шаардлагад нийцэх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт бэлтгэх асуудлаар эрх бүхий байгууллагуудад сургалт явуулах;
4. байгууллага, төрийн албаны удирдлага болон төрийн санхүүгийн удирдлага, түүний дотор төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа, түүнчлэн хувийн хэвшлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бэхжүүлэх;
5. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, тийнхүү шилжүүлэхтэй тэмцэх, түүнчлэн тэдгээр орлогыг буцааж олгох;
6. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэлтийг илрүүлэх, битүүмжлэх;
7. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогын хөдөлгөөн, тэдгээр орлогыг шилжүүлэх, нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргахад ашигладаг арга хэрэгслийг ажиглан судлах;
8. энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг эргүүлэн өгөх явдлыг хөнгөвчлөх эрх зүйн болон захиргааны зохистой бөгөөд үр ашигтай механизм ба арга хэрэгсэл;
9. шүүх эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж буй хохирогч ба гэрчийг хамгаалахад ашигладаг арга хэрэгсэл;
10. үндэсний ба олон улсын дүрэм журмын болон хэлний сургалт явуулах.
2. Шилжүүлэн өгөх ба эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр оролцогч улсуудын хоорондох олон улсын хамтын ажиллагааг хөнгөвчлөн дэмжихээр оролцогч улсууд авилгатай тэмцэх тус тусын төлөвлөгөө болон хөтөлбөртөө бие биедээ, ялангуяа хөгжиж буй орнуудын ашиг тусад, хүчин чадалдаа нийцүүлэн хамгийн өргөн хүрээний техникийн туслалцаа үзүүлэх, түүний дотор энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан чиглэлээр материаллаг дэмжлэг үзүүлэх ба сургалт явуулах, холбогдох туршлага, нарийн мэдлэгийн сургалт явуулах, туслалцаа үзүүлэх, эдгээр туршлага, мэдлэгээ харилцан солилцох асуудлыг авч үзнэ.
3. Оролцогч улсууд олон улсын болон бүс нутгийн байгууллага, түүнчлэн холбогдох хоёр талт болон олон талт хэлэлцээр буюу тохиролцооны хүрээнд хэрэгжилтийн болон сургалтын үйл ажиллагааг дээд хэмжээнд хүргэх хүчин чармайлтаа шаардлагатай хэмжээнд сайжруулна.
4. Оролцогч улсууд авилгатай тэмцэх стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг эрх бүхий байгууллага болон нийгмийн оролцоотойгоор боловсруулах үүднээс өөрийн орон дахь авилгалын төрөл, үүсэх шалтгаан, үр нөлөө болон өртгийг хамарсан үнэлгээ, судалгаа болон шинжилгээ хийхэд бие биедээ холбогдох хүсэлтийн дагуу туслалцаа үзүүлэх асуудлыг авч үзнэ.
5. Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлогыг буцааж олгох явдлыг хөнгөвчлөхийн тулд оролцогч улсууд энэ зорилгод хүрэхэд туслаж чадах шинжээчдийн нэрсийг бие биедээ өгөх талаар хамтран ажиллаж болно.
6. Оролцогч улсууд хамтын ажиллагаа, техникийн туслалцааг хөхиүлэн дэмжих болон харилцан санаа зовоосон асуудал, түүний дотор хөгжиж буй орнууд болон шилжилтийн эдийн засагтай орнуудын онцгой асуудал болон хэрэгцээний талаар хэлэлцүүлэг явуулахаар дэд бүсийн, бүс нутгийн болон олон улсын бага хурал, семинарыг ашиглах асуудлыг авч үзнэ.
7. Оролцогч улсууд хөгжиж буй орнууд болон шилжилтийн эдийн засагтай орнуудын энэхүү конвенцийг хэрэглэх хүчин чармайлтад нь техникийн туслалцааны хөтөлбөр ба төсөл хэрэгжүүлэх замаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс сайн дурын механизмыг бий болгох асуудлыг авч үзнэ.
8. Оролцогч улс бүр энэхүү конвенцийг хэрэгжүүлэх үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албаар дамжуулан хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх хөтөлбөр ба төслийг дэмжих зорилгоор уг албанд сайн дурын хандив оруулах асуудлыг авч үзнэ.
61 дүгээр зүйл. Авилгалын талаархи мэдээллийг
цуглуулах, солилцох, дүн шинжилгээ хийх
1. Оролцогч улс бүр өөрийн нутаг дэвсгэр дэх авилгалын хандлага, түүнчлэн авилгалын гэмт хэрэг үйлдэгдэж буй нөхцөл байдалд шинжээчидтэй зөвлөлдөн дүн шинжилгээ хийх асуудлыг авч үзнэ.
2. Оролцогч улсууд нэгдсэн тодорхойлолт, жишиг болон аргачлалыг боломжийн хэрээр боовсруулах үүднээс статистикийн тоо баримт, авилгалын талаархи дүн шинжилгээ, мэдээлэл, мөн авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх шилдэг туршлагын талаархи мэдээллийг боловсруулах болон бие биетэйгээ бөгөөд олон улсын ба бүс нутгийн байгууллагаар дамжуулан хуваалцах асуудлыг хэлэлцэнэ.
3. Оролцогч улс бүр авилгатай тэмцэх өөрийн бодлого болон бодит арга хэмжээг хянах, мөн тэдгээрийн үр дүн, үр ашгийг үнэлэх асуудлыг авч үзнэ.
62 дугаар зүйл. Бусад арга хэмжээ: эдийн засгийн хөгжил болон техникийн туслалцааны замаар Конвенцийг хэрэгжүүлэх
1. Оролцогч улсууд нийгэмд, ялангуяа тогтвортой хөгжилд үзүүлдэг авилгалын сөрөг нөлөөг харгалзан үзэж олон улсын хамтын ажиллагааны замаар энэхүү конвенцийн оновчтой хэрэгжилтэд түлхэц өгөх арга хэмжээг авна.
2. Оролцогч улсууд бие биетэйгээ, мөн олон улсын болон бүс нутгийн байгууллагатай зохицсоны үндсэн дээр дараахь чиглэлээр тодорхой хүчин чармайлтыг боломжийн хэмжээнд гаргана:
1. хөгжиж буй орнуудын авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх үүднээс тэдгээртэй хэрэгжүүлэх хамтын ажиллагааг янз бүрийн түвшинд хөгжүүлэх;
2. хөгжиж буй орнуудын авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтыг үр дүнтэйгээр дэмжих болон тэдэнд энэхүү конвенцийг амжилттай хэрэгжүүлэхэд нь туслахаар санхүүгийн ба материаллаг тусламжийг нэмэгдүүлэх;
3. хөгжиж буй орнууд болон шилжилтийн эдийн засагтай орнуудад энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгцээг хангахад нь техникийн туслалцаа үзүүлэх. Үүний тулд оролцогч улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын санхүүжилтийн механизмын уг зорилгыг биелүүлэхэд зориулсан дансанд сайн дурын үндсэн дээр хангалттай бөгөөд тогтмол хандив оруулж байхыг чармайна. Оролцогч улсууд энэхүү конвенцийн заалтын дагуу хураасан мөнгө эсхүл гэмт хэргээс олсон орлого буюу эд хөрөнгийн мөнгөн дүнтэй тохирох дүнгийн тодорхой хувийг тухайн дансанд оруулах асуудлыг дотоодын хууль тогтоомждоо болон энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн мөн онцгойлон авч үзэж болно;
4. оролцогч бусад улс болон санхүүгийн зохих байгууллагуудыг энэ зүйлийн дагуу тэдний хүчин чармайлттай нэгдэх, тухайлбал хөгжиж буй улс орнуудад энэхүү конвенцийн зорилтод хүрэхэд нь туслахын тулд тэдэнд сургалтын хөтөлбөр илүү хэрэгжүүлж, орчин үеийн тоног төхөөрөмж илүү олгох замаар нэгдэхийг урамшуулан дэмжиж, итгүүлэх.
3. Эдгээр арга хэмжээ нь гадаадын тусламжийн талаархи одоо үйлчилж буй үүрэг амлалт эсхүл хоёр талын болон бүс нутгийн буюу олон улсын хэмжээнд хийсэн санхүүгийн хамтын ажиллагааны бусад тохиролцоог аль болох хөндөхгүй.
4. Оролцогч улсууд энэхүү конвенцид заасан олон улсын хамтын ажиллагааны арга замыг үр дүнтэй байлгахад болон авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх ба хянахад шаардлагатай санхүүгийн тохиролцоог харгалзан үзэж материал-техникийн туслалцаа үзүүлэх талаар хоёр талт буюу олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулж болно.
VII бүлэг. Хэрэгжүүлэх механизм
63 дугаар зүйл. Конвенцид оролцогч улсуудын бага хурал
1. Конвенцид оролцогч улсуудын бага хурлыг энэхүү конвенцид тусгасан зорилтуудыг биелүүлэхэд чиглэгдсэн оролцогч улсуудын чадавхи, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, түүнчлэн Конвенцийн хэрэгжилтийг хөхиүлэн дэмжих болон хянан үзэж байх зорилгоор үүгээр байгуулсан болно.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Оролцогч улсуудын бага хурлыг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанаас хэтрүүлэхгүйгээр хуралдуулна. Түүнээс хойш Оролцогч улсуудын бага хурлын ээлжит чуулганыг Бага хурлаар баталсан дүрэм, журамд нийцүүлэн явуулж байна.
3. Оролцогч улсуудын бага хурал нь горим болон энэ зүйлд тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах дүрэм, түүний дотор ажиглагчдыг оруулах ба оролцуулах талаархи дүрэм, мөн тэдгээр үйл ажиллагааг явуулахад гарах зардлыг төлөх журмыг батална.
4. Оролцогч улсуудын бага хурал нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан зорилтод хүрэх зорилгоор дараахь үйл ажиллагаа, журам болон ажлын арга барилын талаар тохиролцоно:
1. оролцогч улсуудын энэхүү конвенцийн 60, 62 дугаар зүйл болон II-оос V бүлгийн дагуу явуулах үйл ажиллагааг хөнгөвчлөн дэмжих, түүний дотор сайн дурын хандив өгөх явдлыг урамшуулан дэмжих;
2. inter alia энэ зүйлд дурдсан холбогдох мэдээллийг хэвлэх замаар авилгалын хэлбэр, хандлага болон авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гэмт хэргээс олсон орлогыг эргүүлэн өгөх амжилттай туршлагын талаархи мэдээллийг оролцогч улсуудын хооронд солилцох явдлыг хөнгөвчлөн дэмжих;
3. олон улсын болон бүс нутгийн холбогдох байгууллага болон механизм, мөн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
4. ажлыг шаардлагагүйгээр давхардуулахаас зайлсхийхийн тулд авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын болон бүс нутгийн бусад механизмаас гаргасан холбогдох мэдээллийг зохистойгоор ашиглах;
5. энэхүү конвенцийг оролцогч улсууд хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтмол хянан үзэх;
6. энэхүү конвенц болон түүний хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөмж гаргах;
7. энэхүү конвенцийн хэрэгжилттэй холбоотой оролцогч улсуудын техникийн туслалцааны шаардлагыг харгалзаж, энэ талаар шаардлагатай гэж үзсэн аливаа арга хэмжээг зөвлөмж болгох.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн зорилгоор, Оролцогч улсуудын бага хурал оролцогч улсуудын зүгээс энэхүү конвенцийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, мөн ийм арга хэмжээ авахад тэдгээрт тулгарсан бэрхшээлийн талаархи шаардлагатай мэдээллийг оролцогч улсуудаас ирүүлсэн мэдээлэл болон Оролцогч улсуудын бага хурлаас тогтоож болох хянан үзэх нэмэлт механизмаар дамжуулан олж авна.
6. Оролцогч улс бүр Оролцогч улсуудын бага хурлаас шаардсаны дагуу энэхүү конвенцийг хэрэгжүүлэх талаархи өөрийн хөтөлбөр, төлөвлөгөө, туршлага, мөн хууль тогтоох болон захиргааны арга хэмжээний талаархи мэдээллийг Оролцогч улсуудын бага хуралд ирүүлж байна. Оролцогч улсуудын бага хурал мэдээллийг хүлээн авах болон мэдээллийн дагуу арга хэмжээ авах хамгийн үр дүнтэй арга замыг судалж үзэх бөгөөд уг мэдээлэлд оролцогч улсууд болон эрх бүхий олон улсын байгууллагуудаас авсан мэдээлэл багтана. Оролцогч улсуудын бага хурлаас гаргах журмын дагуу зохих ёсоор итгэмжлэгдсэн холбогдох төрийн бус байгууллагаас авсан мэдээллийг мөн авч үзэж болно.
7. Оролцогч улсуудын бага хурал энэ зүйлийн 4, 6 дахь хэсгийн дагуу Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах аливаа зохистой механизм буюу байгууллагыг шаардлагатай гэж үзвэл байгуулна.
64 дүгээр зүйл. Нарийн бичгийн дарга нарын газар
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Оролцогч улсуудын бага хуралд нарийн бичгийн дарга нарын газрын шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ.
2. Нарийн бичгийн дарга нарын газар нь:
1. Оролцогч улсуудын бага хуралд энэхүү конвенцийн 63 дугаар зүйлд тусгасан үйл ажиллагааг явуулахад нь туслалцаа үзүүлж, Оролцогч улсуудын бага хурлын чуулганд тохиролцоо байгуулах, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх;
2. энэхүү конвенцийн 63 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасанчлан Оролцогч улсуудын бага хуралд мэдээлэл өгөхөд нь оролцогч улсуудад хүсэлтийн нь дагуу туслалцаа үзүүлэх;
3. олон улсын болон бүс нутгийн холбогдох байгууллагын нарийн бичгийн дарга нарын газартай шаардлагатай харилцаатай байх явдлыг хангах.
Достарыңызбен бөлісу: |