Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /40.0 сая юанийн буцалтгүй тусламж/-т гарын үсэг зурав.
Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ажлын хүрээнд 4 дүгээр сард хоёр талын хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулав.
Монгол Улс, Канад Улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны департаментийн төлөөлөгчид манай улсад ажиллав. Хэлэлцээр байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулж, анхны уулзалтыг зохион байгуулав.
ЕХ-той байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулав. Ажлын хэсгийн хуралдааныг 3 удаа зохион байгуулж, хэлэлцээнд Монголын талын баримтлах байр суурийг тодорхойлов.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 5 дугаар сард ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Коммерцбанк”-тай хамтран уулзалт хийж, хоёр талын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулав.
Монгол Улс, Испанийн Вант Улсын хооронд байгуулах “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийн төслийн асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжүүлэв.
Нидерландын Вант улсын ГХЯ-ны харъяа Хөгжиж буй орнуудын Европын Холбооны зах зээлд гаргаж буй импортыг дэмжих төвийн холбогдох ажилтнууд 4 дүгээр сард манай улсад ажиллав. Тус байгууллага манай улсын аялал, жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх төслүүд хэрэгжүүлэх, улмаар Европын Холбооны зах зээлд нэвтрэхэд эхний ээлжинд туслалцаа үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллагатай шууд холбоо тогтоон ажиллаж байна.
“Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”–ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БНХАУ-д суугаа Францын Элчин сайдын яам, ЮБИФРАНЦ, Хятад дахь худалдаа аж үйлдвэрийн танхим болон ГХОГ-тай хамтран францын ажил хэрэгч хүмүүст зориулан Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх бага хурлыг 3 дугаар сарын 15-ний өдөр Бээжин хотноо зохион байгууллаа. Мөн Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд холбогдох яам, тамгийн газар, хилийн чандад буй манай зарим ДТГ-тай хамтарсан уулзалт- зөвлөлгөөнийг зохион байгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Шинжлэх ухааны академи /ШУА/, Нийслэлийн засаг дарга, МУИС-ийн ОУХДС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Олон талт худалдааны хамтын ажиллагаа
ОХУ-ын ДХБ-д нэгдэж орох асуудлаарх ажлын хэсгийн албан бус уулзалтад, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээний баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт тус тус оролцох чиглэл, импортын тамхинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой мэдээлэл зэрэг шаардлагатай мэдээлэл, чиглэлүүдийг Женев дэх БТГ-т өгөв. Манай улсын ДХБ-д нэгдэж орсон туршлагын тухай мэдээлэл бэлтгэж, CAREC–ийн гишүүн орнуудад хүргүүлэв.
ГХЯ, ЮНИДО-той хамтран “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлого” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 2 удаа зохион байгуулав.
НҮБ-ын ЭСКАП-тай хамтран “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн Байнгын хорооны 36 дугаар хуралдааныг болон “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээ хийх нь”, “Нотолгоонд суурилсан гадаад худалдааны бодлого боловсруулах нь” сэдэвт семинарыг 6 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудын өрсөлдөх чадвар ба хөрөнгө оруулалт” хөтөлбөрийн дээд хэмжээний уулзалтад ГХЯ-ны ТНБД тэргүүтэй төлөөлөгчид Парис хотноо оролцов.
“ЭКСПО-2010 Шанхай” дэлхийн үзэсгэлэнгийн асуудлаарх ажлын хэсгийг хуралдааныг тогтмол зохион байгуулж, Монголын павильоны зураг төслийг батлуулах, гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах зэргээр үзэсгэлэнд оролцох асуудлыг бүхэлд нь зохион байгуулав.
БНСУ-д зохиогдох “ЭКСПО-2012 ЁСҮ” Олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох тухай нот бичгийг солонгосын талд хүргүүлэв.
Бүс нутгийн хамтын ажиллагаа
Истамбулд болсон АХАИБЗ-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа сэдэвт сайд нарын уулзалтад мөн оролцлоо.
Ташкент хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов.
Япон Улсын Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, энэ үеэр Монгол Улс тус олон талт чуулга уулзалтын 34 дэх гишүүн орон болов.
НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох болон энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Вена дахь НҮБ-ын салбар төвд айлчлав. Айлчлалын үеэр Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулснаа ОУАЭА-ын удирдлага албан ёсоор мэдэгдэв.
Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, 2015 он гэхэд 850 хүний бүрэлдэхүүнтэй 3 батальон байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог өргөжүүлэх асуудалд анхаарч, НҮБ-тай яриа хэлцээг тогтмол хийж ирэв.
Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ (ЦТБХГ)-г хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой бүс нутгийн семинар, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хууль батлагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Цөмийн энерги ХХI зуунд: Аюулаас авралд судлаагчдын үзэл бодол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Цөмийн зэвсэггүй статусын тухай Монгол Улсын хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлагийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 3 дугаар сард, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2001 онд баталсан Терроризмтэй тэмцэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 1373 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх дэд бүсийн семинарыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.
Байгалийн гамшигтай тэмцэх, өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагатай идэвхтэй хамтран ажилласны дүнд НҮБ болон олон улсын бусад байгууллага, гадаад орны хандивлагчдаас энэ оны 5 дугаар сарын байдлаар 9.0 сая гаруй ам. долларын тусламж дайчлаад байна.
Түүнчлэн зудад өртсөн 800 орчим мянган хүнд гамшгийн үеийн яаралтай болоод нөхөн сэргээх анхан шатны тусламж, байгалийн гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-аас уриалга гаргаж, түүнийг НҮБ-ын Женев дэх салбар төв болон Улаанбаатарт нэгэн зэрэг албан ёсоор зарлах ажлыг Монгол Улсын Шадар сайдын түвшинд зохион байгуулав.
Өвөлжилтийн хүндрэл, зудын гамшгийг даван туулахад зориулж хоёр талын шугамаар тусламж үзүүлэв. Тухайлбал, ОХУ-аас 13.0 сая рублийн /Кемеров мужаас 500.0 мянган рубль/ болон БНХАУ-аас 10.0 сая юанийн буцалтгүй тусламж бүхий өвс тэжээл, эм, хувцас, хүнсний зүйл, Японы Засгийн газар “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 200.0 мянган ам. доллар, төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангаас 500.0 мянган ам. доллар, БНСУ-ын Засгийн газраас 100.0 мянган ам. долларын тусламж, ЕХ, Турк, Люксембург, Швейцар, Герман, Чех зэрэг орноос хоёр талын шугамаар нийтдээ 3.609.140 ам. долларын хандив, тусламж, Филиппиний Засгийн газар 20.0 мянган ам. долларын тусламж, Австралийн Засгийн газар 1.0 сая австрали долларын тусламж тус тус үзүүлсэн байна.
Гаити-д болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст 20 мянган ам.долларын яаралтай тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрл.ж, НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв санд 10.0 мянган ам. долларын хандив өргөв.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комисс / АНДЭЗНК /-ын 66 дугаар чуулганд АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Дашпүрэв тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Чуулганаас баталсан Азид тээврийг хөгжүүлэх Бангкокийн тунхаглал, Ази, Номхон Далайн бүс нутагт Бээжингийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүс нутагт хэрэгжүүлэх, Ази, Номхон далайд дэд бүтцийг хөгжүүлэхийн төлөө Төр, хувийн хэвшлийн тухай, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн Ази, Номхон Далайн Сургалтын төв (APCICT)-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг асуудлаарх тогтоолд манай улс хамтран зохиогчоор оролцлоо. Эдгээр тогтоолд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг тусгасан заалтуудыг тусгуулсан нь үр дүнтэй болов.
Хилийн боомтын асуудлаар
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24 цагийн байнгын ажиллагаатай, олон улсын жишигт нийцсэн боомт болгон барьж байгуулах, Гашуунсухайт, Ханги боомтын хатуу хучилттай авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан барих асуудлыг шийдвэрлэв. Хятадын тал олон улсын чанартай, байнгын ажиллагаатай болгохыг зөвшөөрсөн болно.
Монгол Улсын боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган боомтуудын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлыг хувийн хэвшлийн байгууллагаар концессын гэрээгээр гүйцэтгүүлэх, зарим боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох, зарим боомтыг хуваарийн бус үеэр ажиллуулах, байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан боомтуудад ажиллах хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Консул, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр
Монгол, Японы хооронд иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх яриа хэлэлцээ явуулсны дүнд Японы иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах болов.
АНУ-ын Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын ЗЗТБ Гонгконг хотод тус тус Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах тухай асуудлыг Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хурлын байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэлээ.
БНХАУ-ын ШУӨЗО-ны Өрөмч хотод Төлөөлөгчийн газар нээн ажиллуулах саналыг төлөөний ноотоор хятадын талд тавиад хариу хүлээж байна.
Монгол, Казахстаны консулын зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан хоёрдмол харьяалал үүсгээд байгаа казах иргэдийн харьяаллын асуудлыг нягтлан шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Перу Улстай “Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих тухай” хэлэлцээрийг үзэглэв. Мөн Кипр, Польш, Латвитай энэ төрлийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
Тайлангийн хугацаанд Монгол Улсаас Словак, Кипр, Турк зэрэг улсад суух, Литва Улсаас Монгол Улсад Улсад суух өргөмжит консулыг тус тус томилох асуудлыг шийдвэрлэв.
6 дугаар сарын байдлаар 3 Өргөмжит консулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 15 Өргөмжит консулын томилолтын хугацааг сунгав. Манай талаас томилох шийдвэр гараад экзекватур хүлээж байгаа 6, урьдчилсан зөвшөөрөл хүлээж байгаа 4 нэр дэвшигч байна.
Өнөөдөр гадаадын 43 оронд 66 монголын өргөмжит консул, манай оронд гадаадын 22 өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн www.consuls.net цахим сүлжээний мэдээллийг шинэчилж, тогтмол баяжуулан ажиллаж байна.
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ
Эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах үйлчилгээг нийт хүн амд үзүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан ажлыг 2010 оны эхний хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгээд байна.
Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх талаар
Хөрөнгөөр баталгаажуулсан үнэт цаасны тухай, Концессын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулгa/ хуулийг УИХ-аар батлуулсан. Цагдаагийн байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын заавал даатгалын тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай /Архидан согтуурахтай тэмцэх тухай/ хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай зэрэг 13 хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан, тусгай төлөвлөгөөний дагуу боловсруулж байна.
Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох талаар
Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлэх, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Иргэн, эдийн засгийн холбогдолтой 40 хуулийн тайланг хянаж, хүлээн авсан.
Мөн 2009 онд хянаж хүлээн авсан өмч, оюуны өмч, хуулийн этгээд, аж ахуйн үйл ажиллагаа, банк санхүүтэй холбоотой 34 хуулийн тайланг холбогдох яам, байгууллагад хүргүүлж саналыг нь авсан бөгөөд эдгээр тайланд үндэслэн нийт 101 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын гишүүдийн саналыг авахаар хүргүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд МҮХАҮТ, МАОЭЗНХ, ГТХАН, ХЗДХЯ-ны ажлын хэсгийн хамтарсан хурлыг зохион байгуулж, 2010 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний тухай Засгийн газрын 2010 оны 68 дугаар тогтоол гаргасан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Эрх зүйн туслалцааны төвүүдийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр дэлгэрэнгүй судалгаа хийлгэж, энэхүү судалгаанд суурилж эрх зүйн туслалцааны үндэсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулсны зэрэгцээ хуулийн байгууллага, тус төвийн орон нутаг дахь өмгөөлөгч, ажилтнууд, төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улсад төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгох арга зам сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хүрээнд Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах 10 хоногийн аян зохион байгуулав.
Орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах арга хэмжээ авах, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар
2009 оны 1 дүгээр улиралд аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга нарт сургалт-семинар зохион байгуулж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг цэгцлэх, Захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргааны актыг боловсруулах, батлах үед гарч болох зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн оролцоо, түүний эрх зүйн байдал, Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбогдох маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь, Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал зэрэг онол практикийн хичээл заав.
Сумдын удирдлагаас хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, мэдээллийг тогтмол хүргэх, Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдээс нотариатын үйлдэл тус бүрийг хийхэд анхаарах шаардлагатай онол, практикийн асуудлаар Сумын Засаг даргын Тамгын газрын дарга-нотариатчийн үүрэг гүйцэтгэгч, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн сумын салбар хорооны нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан бүсийн сургалтыг ХБНГУ-ын Конрад-Аденаурын сан, НҮБ-ын Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төсөлтэй хамтран зохион байгуулав. Сургалтад нийтдээ 395 албан хаагч хамрагдсан байна.
Иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагаа сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Азийн сангийн санхүүжилтээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй ажилтан, иргэдийн төлөөлөл оролцсон болно.
Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төслийг Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргууллаа.
Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх чиглэлээр
Хууль тогтоомжийн үндэсний санд шинээр хууль 57 /бие даасан хууль 6/, Улсын Их Хурлын тогтоол 26, Ерөнхийлөгчийн зарлиг 23, Засгийн газрын тогтоол 143, Ерөнхий сайдын захирамж 6, УДШ-ийн тогтоол 6, ҮХЦ-ийн шийдвэр 3, нийт 264 эрх зүйн акт бүртгэгдсэн байна.
Эрх зүйн актад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хяналтын хувь болон эх сурвалжуудад тусгалаа. Үүнд: хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 55, Засгийн газрын тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 30, нийт 85 хяналтын хувь болон /давхардсан тоогоор/ 255 эх сурвалжид хөдөлгөөнийг тусгасан байна.
Хэрэглэгчдийг хууль тогтоомжийн найдвартай мэдээллээр хангахын тулд Эрх зүйн мэдээллийн цахим сангийн мэдээлэлд оруулсан Засгийн газрын 1992-2003 оны тогтоолын бүрдлийг шалгах ажлыг хийж гүйцэтгэв. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 1994-2003 оны тогтоолуудыг бүрэн оруулсан, нэмэлт, өөрчлөлт орсон эсэхийг хууль тогтоомжийн нийт 2586 хяналтын хувьтай нэг бүрчлэн тулгалт хийн, тэдгээрээс 491 актыг оруулах буюу ажиллагаа хийгдэхээр жагсаалт гаргасан.
Мөн Эрх зүйн мэдээллийн цахим санд байгаа хуулиудаас 387 хууль, Улсын Их Хурлын 1992-2007 оны 1499 тогтоолын хяналтын хувийг цахим хувилбартай тулгаж, нэмэлт, өөрчлөлт, хөдөлгөөнийг шинэчлэн оруулж, тус санд байгаа 1992-2009 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн жагсаалттай тулгаж дутууг нөхөж оруулсан.
Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээний цахим санг бүрдүүлэх зорилгоор Эрх зүйн мэдээллийн цахим санд Төрийн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаарт гарсан 59 олон улсын гэрээ, конвенцийг оруулсан байна.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын тухай Засгийн газрын тогтоолын талаарх сургалт, семинарыг яам, агентлагийн хуулийн зөвлөх, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарт зохион байгуулав.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдааныг 1 дүгээр сарын 26-ны өдөр хийж, 2009 оны тайлан, 2010 онд зохиох ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүн, Шинэ төрлийн зарим гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шийдвэрлэлт судалгааны тайланг танилцуулав.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, улсын хэмжээнд баримтлах нэгдсэн бодлого, чиглэл тодорхойлох ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн өнөөгийн байдлын талаар холбогдох мэдээлэл авч, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис, тэдгээрийн түүхий эдийн чиглэлээр хяналт тавьж, мэдээлэл солилцон хамтран ажиллах журмын төслүүдийг боловсруулав.
Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох судалгааны ажлын тайлангийн хурлыг зохион байгуулж, ажлын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Хуралд Хүүхдийн төлөө газар, ЭМЯ, ЦЕГ, НЦГ болон архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов.
Азийн сан олон улсын байгууллагын санхүүжилтээр Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-тай хамтран Хүн худалдаалах гэмт хэрэг сэдэвт сургалтыг Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн хорооны ИНХ-ын дарга, Засаг дарга, нийслэлийн 6 дүүргийн салбар зөвлөлийн гишүүд болон Замын-Үүдийн цагдаа, гааль, гадаадын иргэн, харъяат, хилийн шалганы албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан байна.
АНУ-ын Төрийн Департамент, Америкийн Өмгөөлөгчдийн Холбооны санхүүжилтээр Хүний эрх хөгжил төв ТББ-аас зохион байгуулж байгаа Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч/гэрч хамгаалах стратегийн өмгөөлөл төслийг хэрэгжүүлэх сургалтыг хилийн боомт бүхий Дорнод, Ховд, Өмнөговь аймгуудын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, хуульчдыг оролцуулан зохион байгуулав.
Архины хор нөлөөг нийтэд ойлгуулах, өсвөр залуу үеийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, зарим судалгааны ажил хийх чиглэлээр Архидалт мансуурлын эсрэг ассоциаци ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, төсөл хэрэгжих үйл ажиллагаанд Зохицуулах зөвлөлөөс хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, энэ ажилд холбогдох байгууллагуудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-тай хамтран “Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналт” сэдэвт хурлыг зохион байгуулж холбогдох асуудлаар мэдээлэл хийв.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Хууль зүйн мэдээ сонинд тусгай булан нээж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар болон Зохицуулах зөвлөлийн танилцуулга, түүхэн уламжлал, хурал, семинар, сургалтын талаарх мэдээллүүдийг тогтмол нийтлүүлж байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй санамж бичиг байгуулав.
Архидалт мансуурлын эсрэг ассоциаци ТББ-тай хамтран Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн холбогдох заалтуудыг хамтран хэрэгжүүлэх, энэ чиглэлээр төслийн байгууллагатай ажиллах, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, сургалтад шаардлагатай гарын авлага материал бэлтгэн хэвлүүлэх талаар дараахь ажлуудыг хийж байна. Үүнд:
-
Архины асуудалтай хүмүүст үзүүлэх тусламж үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр архины асуудалтай 76 хүнд зөвлөгөө өгч тэдгээрээс 25 хүнийг эдгэрэлийн хөтөлбөрт хамруулсан байна. Цагдаагийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн 524 хүнд согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар мэдлэг олгож, зөвлөгөө өгсөн;
-
ШШГЕГын харъяа байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг архины асуудалтай хүмүүст анхан шатны зөвлөгөө өгөх зөвлөгч бэлтгэх сургалтанд хамруулав. Сургалтаар 25 хүн бэлтгэгдэж хорих ангиудад сургалт явуулсан;
-
Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаархи хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээрх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахад нийт 142 хүүхэд хамрагдсан байна. Мөн архидалтын хор хөнөөлийг таниулах иргэний боловсрол олгох сургалтанд 130 хүнийг хамруулсан байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон тодорхой заалтуудыг иргэдэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, тэднийг өмч хөрөнгөө хамгаалдаг болоход малчдын үүргийг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллав.
2010 оны эхний хагас жилд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх улс, аймаг, сумын санд нийт 7,830,000 төгрөг төвлөрүүлсэн байна. Ийнхүү төвлөрүүлсэн нийт хөрөнгийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа, бусад шаардлагатай ажиллагаанд зарцуулсан дүн мэдээтэй байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санг идэвхжүүлэх, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хэнтий аймгийн салбар зөвлөл хамтран Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хамтын харилцааг өргөжүүлэх сэдвээр зүүн бүсийн аймгуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Цагдаагийн газар, хэлтсийн дарга, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үүрэг бүхий цагдаагийн болон ГХУСАЗСЗ-ийн ажилтан, малчдын төлөөлөл нийт 270 хүн оролцлоо.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авто радио FM 96.3-аар Авто АХА, Жолоочийн микрофон, Радио тест, Авто зах, Их хотын хөтөч, Дагаад дуулаарай, Жип лото, Зочны цаг, Радио тест зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн жолооч зорчигчдын сонорт тогтмол хүргэж, ЗОГС телестуди замын хөдөлгөөний дүрмийн теле сургалт явуулах зорилгоор 10 гаруй сэрэмжлүүлэг, Тангараг өргөсөн ээжийн охин, Түмний төлөөх амьдрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг харуулсан “Харуусал” зэрэг 20-40 минутын 3 баримтат кино, телевизийн 12 реклам, шторкуудыг хийж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж олон нийтэд хүргэж байна.
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлж, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх үйл явцыг эрчимжүүлэн, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх” жил болгон ажиллалаа.
БХЯ-наас 2010 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, батлан хамгаалахын эрх зүйн зохицуулалтын тухай болон бусад хууль, тогтоомжуудыг салбарын хэмжээнд сахин мөрдүүлж, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чиглэгдэж, дараах үр дүнд хүрлээ. Үүнд:
УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичигт тодотгол хийхээр тусгагдсаны дагуу уг баримт бичгийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-ын 2010 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндсэн асуудлуудыг аюулгүй байдлын шинэ орчинд нийцүүлэн шинээр тодорхойлж байгаа төрийн бодлогын энэхүү баримт бичиг батлагдсаны дараа түүний үзэл санаад нийцүүлэн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Дайны байдлын тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг батлан хамгаалахын гол гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 2010 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын санаачлан боловсруулсан Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей нарын санаачлан боловсруулсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир нарын санаачлан боловсруулсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2010 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж эхлээд байна.
Достарыңызбен бөлісу: |