“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний



бет4/10
Дата27.06.2016
өлшемі0.67 Mb.
#162071
1   2   3   4   5   6   7   8   9   10

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Энэхүү хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зөвхөн цагаар тооцох, ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбар болон салбар дундын хэлэлцээрээр улсын хэмжээнд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоох зохицуулалтыг тусгасан болно. Хууль 2011 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “ХЭДС-аас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулж, бизнес инкубаторын 12, бизнесийн хөгжлийг дэмжих 28, аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах 23 төвийг шалгаруулж, үйл ажиллагааны болон санхүүжилтийн гэрээний дагуу бизнес инкубацийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа “АЖЛЫН БАЙР-2010” сэдэвт Хөдөлмөрийн нэгдсэн үзэсгэлэн яармагийг “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав.

Үзэсгэлэн яармагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Бизнес инкубаторын төв, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг 30 гаруй байгуулага, ажлын байран дээрхи сургалтын хөтөлбөрүүд болон уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээ, зам, тээвэр, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарын гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай тэргүүлэх 70 аж ахуйн нэгж, байгууллага оролцон 100 гаруй байгууллагын 7774 нээлттэй ажлын байранд иргэдийг сонгон шалгаруулж авах ажиллагаа явагдаж, 1016 хүн ажил зуучлалд хамрагдаж, 6765 хүн бүртгэгдэж, давхардсан тоогоор 16461 хүнд мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Хүн амын бүлгүүдийн болон албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар:
Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх ҮЗХ-ны хуралдааныг 3 удаа зохион байгуулж, ОУХБ-ын АЙПЕК хөтөлбөрийн 2009 оны үйл ажиллагааны тайлан, хөтөлбөрийн хүрээнд бодлогын орчныг сайжруулах, салбар дундын зохицуулалтыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн 6, Улаанбаатар хотын хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд үзүүлж буй шууд туслалцааны 4 төслийн хэрэгжилтийн үр дүн, хөтөлбөрийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаарх мэдээллийг хэлэлцэж, шийдвэрлүүлсэн болно.

Хүүхдийн хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, энэ хүрээнд хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг хэрэглэх, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, “Хөдөө аж ахуй дахь хүүхдийн аюултай хөдөлмөрийг устгах нь” бодлого, үйл ажиллагааны гарын авлага”, хүүхдийн хөдөлмөртэй холбоотой хууль тогтоомжийн эмхтгэл зэргийг холбогдох байгууллагуудад түгээж байна. Эдгээр гарын авлага, стандартууд хэвлэгдэж гарснаар хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүд, хориглох аюултай ажлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй тэмцэх чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааны үр дүн, гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар дүгнэлт хийж, уг дүгнэлтийг үндэслэн Нидерланд улсын Гаага хотод хуралдсан Дэлхийн Бага хурал дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд үг хэлэв.
“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2009 оны хэрэгжилтийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хуралдааны шийдвэр болон 2009-2010 оны зудын нөхцөл байдлыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 55/А96 дугаар хамтарсан тушаалаар “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн батлав. Хөтөлбөрийг 2010 онд 15 аймгийн 45 суманд хэрэгжүүлж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 730.0 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн болно.
“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2009 оны хэрэгжилтийн дүнг НХХ-ийн Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хөтөлбөрийг 2010-2011 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 5 чиглэлээр 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба тэдгээрт ХЭДС-аас 225.0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.

Төлөвлөгөөний дагуу Оюутны хөдөлмөрийн бирж, МУИС, СЭЗДС, ХУИС, ХААИС, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд, МАОЭНХ-той бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, хэрэгжүүлж эхлээд байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд өөрчлөлт оруулах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал гарч, 2009 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2010 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, ХЭДС-аас энэ зориулалтаар зарцуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн болно.
ОУХБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг ур чадвар, бодлогын хэрэгжилтээр дэмжих нь” төслийн баримт бичгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, ОУХБ-ын Хятад, Монголын асуудал эрхэлсэн товчооны захирал А.Херберт нар баталгаажуулан гарын үсэг зурсан ба уг төслийг удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий төслийн Зохицуулах хороог байгуулав.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2010 онд санхүүжүүлэх бизнесийн төслүүдийн нөхцөл, шаардлагыг олон нийтэд хүргэж, сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулсан. Нийт ирүүлсэн 1092 төслөөс 355 төслийг шалгаруулан шаардагдах 741.5 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2 үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1724 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн өрхийн гишүүд аж ахуй, бизнес эрхлэх ур чадвартай болохын зэрэгцээ шинээр тогтвортой ажлын байртай болохоор тооцоод байна.
Мэргэжлийн сургалтын талаар
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд “Уул уурхай, зам, барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, НХХ-ийн, ЗТБХБ-ын, ЭБЭХ-ний сайдын 2010 оны 76/177/131 дүгээр хамтарсан тушаалаар баталсан.

Зам, барилга, уул уурхайн салбарын үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөрт 2010 онд хамрагдах тэдгээр салбарын 87 аж ахуйн нэгжид 3185 иргэнийг сургах, улмаар үйлдвэр дээр дадлагажуулан ажлын байраар хангах квотыг батлав. Үүний дагуу нийслэлд: барилга, замын салбарын 50 аж ахуйн нэгжид 1680 иргэнийг, орон нутагт: барилга, замын салбарын 22 аж ахуйн нэгжид 685 иргэнийг, уул уурхайн салбарын 15 аж ахуйн нэгжид 820 иргэнийг тус тус сургах эрх олгож гэрээ хийж эхлэв.

Мянганы сорилтын сангийн “Техник, мэргэжлийн боловсролын сургалтын төсөл”-д санал тавьснаар “Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд барилга, зам, уул уурхайн салбарын үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд үйлдвэр дээр сургалт зохион байгуулах загвар төвөөр 4 байгууллагыг сонгож сургалтын модуль боловсруулан, үйлдвэрлэл дээрх сургалтад оролцогчдод хүргүүлж байна. Мөн барилга, зам, уул уурхайн салбарын үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд “Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах нь” онол арга зүйн семинар, Кэмбриж Эдукэйшн ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулав.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны 52 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтыг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах тухай журам”-ын дагуу 2010 оны тендерийг зохион байгуулж, мэргэжил олгох, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын байгууллагуудыг шалгаруулав. Мэргэжил олгох, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын 148 байгууллагыг шалгаруулснаас, хөдөө орон нутгийн 75 байгууллага 4 хүртэл мэргэжил олгох, 2 хүртэл мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, нийслэлийн 73 байгууллага 2 хүртэл мэргэжил олгох, 2 хүртэл ур чадвар эзэмшүүлэхээр болж, гэрээ байгуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт авч эрхийн бичгийн болон түр сургалтыг зохион байгуулж байна.


Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар
“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон нийгмийн бодлогын Байнгын хорооны хурлаар хэлэлцээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтатган хэлэлцэхээр шийдвэрлээд байна.
“ОХУ-ын иргэд, Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, хэлэлцээр байгуулах талаар Оросын талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулав. Хэлэлцээрийг энэ онд багтаан хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам хооронд байгуулсан “БНАСАУ-аас Монгол Улсад ажиллах хүч авах асуудлаар Монгол Улсын НХХЯ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яамтай хамтран ажиллах тухай санамж бичиг”-т заасныг үндэслэн 2010 онд БНАСАУ-аас Монгол Улсад ажиллах хүчний 2271 хүнийг илгээхээр тохиролцов.


Засгийн газрын 2010 оны 78 дугаар тогтоолоор гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг байгууллага, аж ахуйн нэгжийн дүрмийн сан, хөрөнгө оруулалтын хэмжээ, нийт ажилчдын тооноос хамааруулан түүхий газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, уул уурхайн хайгуул, олборлолт бусад туслах үйл ажиллагаа, барилга угсралтын квотын хэмжээг 5 хувиар тус тус бууруулан тогтоосон. Энэ нь барилга, уул уурхайн салбарт үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх замаар гадаадаас авах ажилтны тоо хэмжээг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид монгол ажилчдыг түлхүү ажиллуулах бодлоготой уялдаж байгаа юм.

Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-д “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих” гэсэн заалт байсныг хасч, хуучин журмаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байсан аж ахуйн нэгж, компаниуд ажлын байрны төлбөрөө төлөөд гадаадын ажиллах хүчээ Засгийн газрын шийдвэрээр оруулж ирэх, төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулагдах юм. Харин Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар хоорондын гэрээнд тусгасан дээр дурьдсан заалтын дагуу зарим ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх юм.


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 63 дугаар тушаалаар Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “БНСУ-д ажиллах хүч илгээх тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилгоор Солонгос хэлний шалгалтанд орох хүсэлтэй Монгол Улсын иргэдийг бүртгэлийг 5 дугаар сард аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр явуулж, нийт 14637 иргэнийг бүртгэлээ. Шалгалтыг 6 дугаар сард Улаанбаатар хотын 18 газарт зохион байгуулсан болно.
Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар
Дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямралын улмаас сүүлийн 2 жилд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж чадаагүй бөгөөд энэ онд холбогдох тооцоо, судалгааг хийж, 2010 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн 30%-иар нэмэгдүүлэх хувилбарыг гаргаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хэлэлцээрт тусгалаа. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсны дараа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шийдвэрлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 3.1, 3.8 дахь заалтын дагуу зөвшилцсөн асуудлаа Улсын Их Хурал, Засгийн газарт санал болгон хүргүүлж шийдвэрлүүлэхээр тохиролцлоо.
Монголын уурхайчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдний тавьж буй шаардлага, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох асуудлаар харилцан ярилцлаа. Уулзалтын мөрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр”-ийн асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхээр боловсруулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Технологийн сургууль дээр явагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад оролцож, “ХАБЭА-н хууль эрх зүйн асуудал” сургалт зохион байгуулж аж ахуйн нэгжүүдийг хамруулав. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь нийт ажиллагсдын 60 гаруй хувийг сүүлийн 2 жилд багтаан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулсан байна.
Нийгмийн хамгааллын салбарын гадаад хамтын ажиллагааны талаар
“Монгол Улс, БНУУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг тохиролцох эхний хэлэлцээг 2010 оны 2 дугаар сард Унгарын Будапешт хотод, хоёр дахь хэлэлцээг 4 дүгээр сард Улаанбаатар хотод тус тус хийж эцэслэн тохиролцов.
“Монгол Улс, БНЧУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын АБГББХ-ны хурлаар хэлэлцүүлж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Дээрх хэлэлцээрүүд байгуулагдсанаар БНУУ болон БНЧУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тэтгэврийн даатгалын асуудал шийдвэрлэгдэх боломжтой болно.
НХХЯ, БНСУ-ын Эмч нарын нийгэмлэгийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, тус нийгэмлэгээс манай эмзэг бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй иж бүрэн эмнэлэгийн үзлэгт хамруулах сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулахаар тохиролцов.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчдийн ажлын айлчлалын үеэр хоёр яамны хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар тохиролцож, хөдөлмөрийн зах зээлийн менежмент, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, протез ортопедийн асуудлууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, нийгмийн даатгалын асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судлан үзэхээр тохиролцов.
ОУХБ-ын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай болон НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколд нэгдэн орох тухай хуулийг тус тус УИХ-аар хэлэлцүүлэн батлуулав.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Нидерландын Вант Улсын Нийгмийн хэрэг, хөдөлмөрийн яамны хамтран 5 дугаар сард Гаага хотноо зохион байгуулсан “Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх олон улсын бага хурал”-ын нэгдсэн хуралдаанд сайд Т.Ганди “Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийн хэрэгцээ” сэдэвт үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлэн оролцлоо. Мөн Олон улсын Хүүхдийн хөдөлмөрийг устгах АЙПЕК хөтөлбөрийн удирдлага, холбогдох бусад хүмүүстэй уулзалт хийж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулган болон Сайд нарын уулзалтад оролцож “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадваржуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулав. Монгол Улс энэхүү сайн дурын илтгэлийг танилцуулснаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах талаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа сургамж, тулгарч буй бэрхшээл, хүндрэл болон шийдвэрлэх арга замын талаарх саналаа танилцуулж, тус комиссын зүгээс дэмжлэг авах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох боломжтой болж байгаа юм.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг үндсэн зорилт болох сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих ахиц гарлаа.

Тухайлбал, цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, хандивлагчдын тусламжийг авах талаар анхаарч ажилласнаар НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 5 аймгийн 19 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт тус бүр нэг гэр, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлсний дээр Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын төслийн шугамаар 459.1 мянган ам. долларын өртөг бүхий 100 гэрийг холбогдох ширээ сандал, тоглоом, заах аргын материалын хамт төвөөс алслагдсан сумдад олголоо.



Зудад нэрвэгдсэн 19 суманд гэр, тавилга, тоглоом наадгай, тоног төхөөрөмж нийлүүлж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны үлгэрчилсэн цэсийг 1000 хувь хэвлүүлэн түгээж, туршилт хийж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах үүднээс “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор батлав. Хөтөлбөрийг 2010-2015, 2016-2021 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн стратегийн зорилт, дэд зорилтуудыг Боловсролын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх болно.
“Ерөнхий боловсролын сур­гуу­лийн сурагчийн сурлагын амжилтыг үнэлж дүгнэх үлгэр­чилсэн журам”-ын төслийг боловсруулж, цахим хуудсанд байршуулж, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв болон аймаг, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан ЕБС-ийн багш, сургалтын менежер, захирлын төлөөллөөр хэлэлцүүлж байна.
“Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг эцэслэн боловсруулж хэлэлцүүлэг зохион байгуулан, БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 286/216 дугаар хамтарсан тушаалаар батлав. Энэхүү стратегийн төлөвлөгөө батлагдсанаар Эрүүл мэндийн боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой болж салбар хоорондын уялдаа холбоог хангахад чухал ач холбогдолтой юм.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV, VIII-IX ангийн сургалтын төлөвлөгөө, III, VIII ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлав. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлнэ.

“Боловсролын салбарын 2009-2012 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн анхны лаборатори сургуулийн үйл ажиллагааг 9 дүгээр сараас эхлүүлэхтэй холбогдуулан эл сургуульд ажиллах 20 багш, удирдах ажилтны англи хэлний ярианы болон бичгийн түвшинг дээшлүүлэх эрчимжүүлсэн 100 цагийн сургалтыг Боловсролын их сургуультай хамтран зохион байгуулж, 4 багшийг БНЭУ-д англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтад, АНУ-ын Англи хэлний институтийн Монгол дахь салбараас зохион байгуулах “Excel” хөтөлбөрт 16 багшийг нэг сарын хугацаатай суралцуулахаар шийдвэрлээд байна.


Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 135 дугаар тушаалаар сурах бичгийн эх бэлтгэх, хэвлэн түгээх төлөвлөгөө, төсөв, нэрс батлагдсаны дагуу Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 8 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэх тендерийг зарлан, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шаардлага хангасан 10 компанитай гэрээ байгуулан хэвлүүлж эхлээд байна.
Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хэлний ялгаатай байдлыг арилгах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор “Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 66 дугаар тогтоолыг гаргав. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУ-ны сайдын 2007 оны 425 дугаар тушаалаар баталсан “Казах хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөр”-т өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г БСШУ-ы сайдын 2010 оны 106 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд теле болон онлайн сургалтыг зохион байгуулах ажлын менежментийн төслийг боловсруулж, “Теле болон онлайн, радио хичээл зохион байгуулах тухай” БСШУ-ны сайдын 2010 оны 200 дугаар тушаалаар 4-6 дугаар сарын турш 100 цагийн теле, 20 цагийн радио хичээлийг бэлтгэн улс орон даяар нэвтрүүллээ. Цаашид 9-12 дугаар сард үргэлжлэн зохион байгуулахаар ажлын төлөвлөлтийн төслийг боловсруулаад байна. Түүнчлэн бага, дунд, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 124 модулийн эхийг Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийн www.nfde.mn цахим хуудсанд байршуулаад байна. Энэ сайтад орох хэрэглэгч чөлөөтэй бүртгүүлэх эрхтэй. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийн 124 модулийг CD хэлбэрт оруулан 500 хувь хэвлэн орон нутагт хүргүүлээд байна. CD-ны онцлог нь компьютерийн анхан шатны мэдлэгтэй хүмүүс ашиглах бүрэн боломжтой юм.
“Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II”-ийг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн цогц программ, цахим мэдээллийн Unicode-д тулгуурласан монгол бичгийн компьютерт ашиглах иж бүрэн программ хангамж нэвтрүүлэх зорилготой ажлын хэсгийг ажиллуулж уг программыг боловсруулаад байна.
2009-2010 оны хичээлийн жилд улсын олимпиад зохион байгуулах нэгдсэн хуваарийг батлан, нийт 3 даваатайгаар улсын хэмжээнд зохион байгууллаа. Улсын олимпиадад амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн сурагчдыг их, дээд сургуулийн мэргэжлийн ангид элсэн суралцах эрхийн бичгээр шагнав.

Олон улсын математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүн, зардлыг БСШУ-ны сайдын 2010 оны 294 дүгээр тушаалаар батлан хэрэгжилтийг зохицуулж байна.


Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох ажлыг зохион байгууллаа. 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлж төгсгөх сурагчдын бүртгэлийг хийн, дүнг нэгтгэн Суурь боловсролын гэрчилгээ 56300 ширхэг, Бүрэн дунд боловсролын үнэмлэх 38200 ширхгийг тус тус захиалан хэвлүүлж орон нутагт хуваарилан хүргүүллээ.

2010 оны 6 дугаар сарын урьдчилсан байдлаар энэ хичээлийн жилд 9 дүгээр ангийг 54976 сурагч, 11 дүгээр ангийг 36357 сурагч төгсөж боловсролын баримт бичгээ хүлээн авлаа.


“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй” 10 х,х бүхий гарын авлагыг боловсруулан, АХБ-ны БХХ-ийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүргэлээ. Энэ арга хэмжээг тус төсвөөс 10.4 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.
2010 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж, “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны “Каталик” сангийн санхүүжилтээр 2010-2011 онд 12 жилийн сургалттай сургуулийн 1 дүгээр ангид хичээл заах бага ангийн 1778 багшийг хамруулсан 2 шаттай сургалтыг зохион байгуулав.

Үндэсний сургагч багш бэлтгэх эхний шатны сургалтыг 6 сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж, 108 сургагч бэлтгэсэн бөгөөд тэдний 60 хувийг аймаг, нийслэлийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн болон 2008-2009 оны хичээлийн жилд 6 настай хүүхдэд хичээл заасан шилдэг багш нар, сүүлийн 3 жид дараалан туршилтын 16 ангид хичээл заасан багш нараас бүрдүүлсэн болно.



Бага ангийн багш нарт зориулан 7 хэвлэлийн хуудас бүхий “Зургаан настай суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ” гарын авлагыг боловсруулан 2000 хувь хэвлэж, нэгдүгээр ангид хичээл заах багш нарт болон бага ангийн багш бэлтгэдэг бүх коллежийн номын санд хүргүүллээ.

Зургаан настай хүүхдийг сургууль, нийгмийн орчинд дасгаж, сурах арга барил эзэмшүүлэх, тэдний бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшлийн хөгжлийг багшлах үйлээр дэмжин тэтгэх арга зүйд бага ангийн бүх багшаа сургах зорилгоор харилцан уялдаатай модулиуд бүхий нэгдсэн агуулгатай цуврал сургалтыг 3 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5115 багш, дотуур байрны 501 багш, 624 нийгмийн ажилтан тус тус хамрагдаад байна.
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан 30 сургуулийн 558 багш, бага ангийн болон бусад мэргэжлийн багш нарын заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын технологийн шинэчлэлтэй холбогдуулан 120 цагийн теле болон радио хичээлийг үндэсний хэмжээнд зохион байгуулж, улс орон даяар нэвтрүүлэв.
Дорнод, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн 20 сумын АББ-ын “Гэгээрэл” төвийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалттай холбогдуулан сургалтын хөтөлбөр боловсруулах, орон нутагт сургалт зохион байгуулах удирдамж боловсруулах, заавар зөвлөлгөө өгөх, багш нарт өгөх сургалтын багц материал бэлтгэх ажлууд хийлээ.
Амьдрах ухааны теле болон радио хичээлийн зохиолыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсрол: БЗДХ/ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулав. Энэ сургалтаар 50 хүүхдийг үе тэнгийн, 16 багшийг сургагч багшаар тус тус бэлтгэв. Сургалтад хамрагдсан багш, суралцагч нар нь орон нутагтаа 14-20 насны сургуулийн гадна байгаа хүүхэд, залууст ХДХВ/ДОХ-ын талаар сургалт явуулах юм. Мөн Завхан аймагт АДРА ОУБ-аас сумдын АББ-ын Гэгээрлийн төвийн багш нарт зориулан нийт 12 цагийн хичээл заалаа.
Үндэсний цөөнхүүд төвлөрөн суурьшдаг Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгийн 20 сумын иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх, нийгмийн эмзэг бүлгийн бичиг үсэг бага мэдэгчдийн бичиг үсгийн боловсролын түвшинг тогтоох, анхан, дунд, гүнзгий шатны сургалтад хамруулах болон сургууль завсардсан, сургуулийн гаднах сургуулийн насны суралцагчдыг албан бус боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамруулах зорилготой түүвэр судалгаа явууллаа. Судалгааны материал нь боловсролын үйлчилгээний хүртээмж, хэрэгцээг тогтоох, албан бус боловсролын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн чухал мэдээллийн бааз болох юм.
АББ-ын багш, сум, орон нутгийн удирдлагааас боловсролын хэрэгцээг үнэлэх суурь судалгаанд 5 аймгийн 14 сумын 16-аас дээш насны 557 иргэн хамрагдсан бөгөөд орон нутгийн удирдлага, АББ-ын багш, 18-49 насны малчин-иргэд гэсэн үндсэн 3 зорилтот бүлгээс асуулга, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа авч асуулгыг SPSS программд нэгтгэж, тайланг гаргаж байна. Хэрэгцээний судалгааг үндэслэн тус бүр нь 15 минутын 8 радио хичээл, 20 минутын 6 теле хичээл, нийт 240 минутын хичээлийн бэлтгэлийг эхлээд байна.
Дээд болон мэргэжлийн боловсролын талаар
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг боловсруулан Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар батлав. Уг чиглэлд Их сургууль болон хотхоныг дараах байдлаар төлөвлөж хөгжүүлэхээр тусгасан болно. Үүнд:


  • Эхний ээлжинд ШУТИС-ийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулах.

  • Төрийн ба төрийн бус өмчийн бусад их, дээд сургууль, коллеж дангаараа эсхүл хамтарч их сургуулийн хотхоныг байгуулахдаа хөрөнгө оруулагчийн зүгээс сонголт хийх замаар Буянт-Ухаа, Яармагийн дэнж, Ургах наран хороолол, Монгол-Германы “Берлин” эко хотхон зэрэг газарт байршуулах.

  • Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах.

  • Ховд аймаг дахь Ховд их сургуулийг баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хөгжүүлэх.

  • Дорнод аймаг дахь Дорнод дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хөгжүүлэх.

  • Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургуулийг байгуулж хөгжүүлэх.

  • Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежиуд нэгдэж эсхүл хамтарч хотхоноор хөгжих санаачилгыг төрөөс дэмжиж хотхон байгуулах эдэлбэр газар олгох, дэд бүтцийг байгуулахад бодит дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Эхний ээлжинд ШУТИС-ийн хотхоныг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсний дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270.0 сая гаруй юанийг энэ чиглэлд зарцуулахаар төсөл боловсруулаад байна. Мөн Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг БСШУЯ-ны дэргэд байгуулан ажиллуулж байна.



Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   10




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет