Хууль 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот



Дата29.06.2016
өлшемі55 Kb.
#165296
МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ



2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот




ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон архи, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг /цаашид "тэмдэг" гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


2 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн

тухай хууль тогтоомж
2.1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль тогтоомж нь Онцгой албан татварын хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийг

үйлдвэрлэх
3.1. Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.2. Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай2 хуулийн дагуу сонгон шалгаруулна.
3.3. Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан сери, дугаартай байна.
4 дүгээр зүйл. Онцгой албан татварын тэмдгийг

олгох, хэрэглэх
4.1. Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн архи, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын архи, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын архи, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн Үндэсний татварын алба олгоно.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


4.2. Тэмдэггүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


4.3. Тэмдгийн загвар, тэмдэг олгох журмыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5 дугаар зүйл. Архи, тамхины үйлдвэрлэл болон импортын

үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


5.1. Архи, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


5.1.1. өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах;
5.1.2. үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн архины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, холбогдох татварын болон мэргэжлийн хяналтын байгууллагад өгч байх.
5.1.3. импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, харьяалах татварын алба болон холбогдох гаалийн байгууллагад өгөх;

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/


5.1.4. импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/


5.2. Архи, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


6 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай

хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
6.1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гаалийн болон татварын улсын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


Энэ хуулийн 4.2; 5.1.1; 5.1.2; 5.1.3; 5.1.4; 5.2-т заасныг зөрчсөн иргэнд 30000-50000, албан тушаалтанд 40000-60000, аж ахуйн нэгжид 150000-250000 төгрөгийн торгууль ногдуулж, тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авч, улсын орлого болгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
7.1. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7.2. Импортолсон архи, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


1 Онцгой албан татварын хууль –"Тєрийн мэдээлэл" сэтгїїлийн 1993 оны 2 дугаар нийтлэгдсэн

2 Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр худалдан авах бараа, ажил, їйлчилгээний гїйцэтгэгч сонгох журмын тухай -"Тєрийн мэдээлэл" сэтгїїлийн 2000 оны 17 дугаарт нийтлэгдсэн.






Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет