2011 оны 1 дүгээр сарын 05



Дата17.06.2016
өлшемі302.75 Kb.
#142942
                                                                         УБТЗ-ын даргын 2011 оны 1 дүгээр

сарын 05-ны өдрийн А-02 тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”

нийгэмлэгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн зорилго нь төмөр замчдын ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтныг сургах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эдгээрт хяналт тавих, үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн

                                           ерөнхий шаардлага


1.1. УБТЗ-ын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохион байгуулахдаа Монгол улсын хууль, Засгийн газар, Төмөр замын газар болон бусад эрх бүхий байгууллага, Замын даргын шийдвэр, эрх зүйн акт энэ дүрмийг удирдлага болгоно.

1.2. ”УБТЗ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” нь Замын дарга баталснаар хүчин төгөлдөр болно.

1.3. УБТЗ-ын /цаашид “Замын” гэх/ хэмжээнд алба, хэлтэс, төв, салбар нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохион байгуулахдаа энэхүү дүрмийг мөрдөнө.

1.4.Замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг Замын ерөнхий инженер шууд хариуцна.

1.5. Алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нар харъяа салбар нэгжийнхээ хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг шууд хариуцна.

1.6. Төмөр замд мөрдөгдөж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулахтай холбогдсон технологи, аюулгүй ажиллагааны болон бусад салбарын аюулгүй ажиллагааны дүрмүүдийг тусгайлан дагаж мөрдөнө.

1.7. Замын хэмжээнд болон салбар нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна.

1.8. Ажилдаа ирж, очих аюулгүйн замналыг ажилтан өөрөө хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан хянаж, тухайн салбар нэгжийн дарга баталгаажуулан ажилтны хувийн хэрэгт хийсэн байна.


Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт
2.1. Замын дарга, түүний орлогч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тавих хяналтыг Замын даргын болон улирлын үзлэгээр хийж, биелэлтийг үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.

2.2. Алба, хэлтэс, төвүүд нь харъяа салбар нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд улиралд 2-оос доошгүй удаа үзлэг, шалгалт хийж үр дүнг хэлэлцэн шийдвэрлэж байна.

2.3. Замын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс нь алба хэлтэс, салбар нэгжүүдэд жилд 2-оос доошгүй удаа объектын эрсдэлийн ангиллыг үндэслэн хяналт шалгалт хийнэ.

2.4. Алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, тайланг жил бүрийн 7 дугаар сарын 10, дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор ирүүлэхээс гадна улиралд нэг удаа зохион байгуулсан ажлын мэдээллийг Замын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст ирүүлнэ.

2.5. Алба, хэлтэс, төвүүд нь харъяа салбар нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тухайн байгууллагуудын дотоодын эрсдлийн хяналтын системийн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэж үнэлгээ өгч ажиллана.

2.6. Удирдах газар, алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд эрх бүхий байгууллагуудаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд явуулсан үзлэг, шалгалтын мөрөөр өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй.

2.7. Алба, хэлтэс, төв, салбар нэгжийн болон үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагуудын хамтарсан комисс нь харъяа тасаг цех, хэсэгт сард 1 удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрсдлийн байдалд үзлэг хийж “Гурван шатны хяналт”-ын 3 дугаар шатанд бичилт хийн, биелэлтийг тухай бүр авч хэлэлцэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллана.

2.8. Хэсгийн дарга, инженер, ахлах мастер, мастер харъяа ажлын байруудад 7 хоногт 1 удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрсдэлийн байдалд үзлэг хийж “Гурван шатны хяналт”-ын 2 дугаар шатанд бичилт хийн биелэлтийг хангуулна. Үзлэг хамтарсан байж болно.

2.9. Ажилтан ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаагаар ажлын байрандаа эрсдлийн хяналтын дагуу үзлэг хийж “Гурван шатны хяналт”-ын 1 дүгээр шатанд бичилт хийн илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авсны дараа ажил эхлэх буюу удирдах албан тушаалтанд мэдэгдэж, биелэлтэнд хяналт тавина.
Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл

ахуйн сургалт
3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь эрх зүйн, технологи аюулгүй ажиллагааны, урьдчилсан, давтан зааварчилгааны хэлбэрээр ажлын байрны анхан шатны, өдөр тутмын, ээлжит ба ээлжит бус байдлаар ажлын байр болон танхимд хийгдэж, аюулгүй ажиллагааны арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

3.2. Алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд нийт ажилтаны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг батлагдсан хөтөлбөртэйгээр жилд 30-аас доошгүй цаг 9 дүгээр сарын 1-нээс дараа оны 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд явуулж, 6 дугаар сарын 01-ний дотор мэдлэгийн шалгалт авч дүнг нэгтгэнэ.

3.3. Замын хэмжээнд удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийн шалгалтыг 2 жилд 1 удаа Замын комисс авч байна.

3.4. Нийт 50 хүртэл ажилтантай салбар нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын булантай, 50-аас дээш ажилтантай бол танхимтай байна.

3.5. Ажилтанд өдөр тутмын зааварчилгаа өдөр бүр, давтан зааварчилгаа нь ээлжит ба ээлжит бус хэлбэртэйгээр бүх салбар нэгжүүдэд өгөгдөнө. Зааварчилгаа нь огноо, өгсөн, авсан ажилтны гарын үсгээр баталгаажсан байна.

3.5.1 Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтны хийж гүйцэтгэх үйл ажиллагаанд тохирсон, осолгүй ажиллахад чиглэгдсэн, болзошгүй ослоос сэрэмжлүүлсэн, салбар нэгжийн даргын томилсон тухайн цех, хэсгийн дарга, мастер ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаанд өдөр бүр бичгээр, аргачилсан байдлаар өгнө. Түүний эзгүйд албан ёсоор томилогдсон албан тушаалтан өгнө.

3.5.2. Ээлжит давтан зааварчилгааг дараахь зарчмаар өгнө. Үүнд:

а. Замын дарга, түүний орлогч, албадын дарга нарт улиралд 1 удаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс, Тээврийн хяналтын албатай хамтарч ээлжит давтан зааварчилгаа өгч, бүртгэл хөтөлнө.

б. Алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нар нь давтан зааварчилгааг албаны ажилтнууд болон харъяа салбар нэгжийн дарга нарт улиралд 1 удаа өгч, бүртгэл хөтөлнө.

в. Салбар, нэгжийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нар нь бүх удирдах албан тушаалтнуудад ээлжит давтан зааварчилгааг улиралд 1 удаа өгч, бүртгэл хөтөлнө.

г. Цех, хэсгийн дарга, шаардлагатай тохиолдолд инженер, ахлах мастер ээлжит давтан зааварчилгааг улиралд 1 удаа бригадын дарга, ажилтанд өгч, бүртгэл хөтөлнө.

3.6. Ээлжит бус давтан зааварчилгааг байгалийн гамшиг, цаг агаарын тааламжгүй нөхцөлд, машин механизм тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах, осол гарсантай холбогдуулж, албан томилолтоор ажиллах болон үндсэн ажлаас өөр ажил үүрэг гүйцэтгэх, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй, ээлжийн амралт эдлээд ирсэн тохиолдлуудад өгч, бүртгэл хөтөлнө.

3.7. Шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан, дадлагын сурагч, оюутнуудад “Урьдчилсан зааварчилгааны хяналтын хуудас”-нд:

а. Хүний нөөцийн ажилтан нь “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, “Төмөр замын тээврийн тухай хууль”, тухайн салбар нэгжийн дотоод журам, “Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм”-ээр зааварчилга өгч, тэмдэглэл хөтөлнө.

б. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчилга өгч, тэмдэглэл хөтөлнө.

в. Цех тасгийн дарга, мастерууд ажлын байран дахь аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгааг 2 цагаас багагүй хугацаагаар өгч, тэмдэглэл хөтөлнө.

3.8. Замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг жилд 2 удаа зохион байгуулна.

3.9. Алба хэлтэс. төв, салбар нэгж нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд удирдах ажилтнуудыг жилд нэгээс доошгүй удаа сургалтанд хамруулж байна.

3.10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны мэдээллийн сургалтыг мэдлэг сорих тэмцээн, ослын сэрэмжлүүлэг, видео болон радио хурал, видео зайн сургалт, хэвлэл мэдээллээр сурталчилах зэргээр алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд зохион байгуулна.

3.11. Осол гаргасан алба, хэлтэс, төв, салбар, нэгж нь ослын нөхцөл байдлаар 60х40 см-ээс багагүй хэмжээтэй сэрэмжлүүлэх самбарыг осол гарсан цех, хэсэгт ил тод тавьж сэрэмжлүүлнэ.

3.12. Удирдах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг тусгайлсан сургалтын төвөөр явуулна.

3.13. Төмөр замын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөх ангийн оюутнуудад батлагдсан төлөвлөгөөний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулж, гэрчилгээ олгоно.



Дөрөв. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан

                    тогтоож, шийдвэрлүүлэх


4.1 Замын хэмжээнд гарсан ослыг судлан тогтоохдоо Засгийн газрын 2009 оны 14 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг үндэс болгоно.

4.2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссийг тухайн алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга томилох бөгөөд бүрэлдэхүүнд нь комиссийн даргаар тухайн салбар нэгжийн орлогч дарга /ерөнхий инженер/, нарийн бичгийн даргаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, гишүүдэд цех, тасгийн ажил удирдагч, хүний нөөцийн ажилтан, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарыг оролцуулсан 5-аас доошгүй хүний бүрэлдүүнтэй байна.

4.3. Алба, хэлтэс, төв, салбар нэгж нь ажлын байранд гарсан ослын талаар Замын ерөнхий инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст нэн даруй мэдэгдэнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь ажлын 3 өдөрт багтаан “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”, материалыг бүрдүүлж Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст өгнө.

4.4. Осол гарсан тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс нь “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг үндэслэн бүртгэж, осол гарсан шалтгаан нөхцөл байдлыг хэлэлцэн, ослыг дахин гаргуулахгүй байх, цаашид авах зохион байгуулалтын арга хэмжээг шийдвэрлүүлж, биелэлтэнд хяналт тавина. Үүнд:

а/ Ажилтан бэртэж, гэмтсэн осол гарсан тохиолдолд албаны дарга судлахад оролцон “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг үндэслэн хурлыг удирдан хийлгэж шалтгааныг хэлэлцэн цаашид авах зохион байгуулалтын арга хэмжээг шийдвэрлэнэ.

б/ Ажилтны амь нас эрсдсэн осол гарсан тохиолдолд чиглэл хариуцсан Замын даргын орлогч судлахад оролцон “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг үндэслэн хурлыг Замын ерөнхий инженер удирдан хийлгэж, ослын шалтгааныг хэлэлцэн цаашид авах зохион байгуулалтын арга хэмжээг шийдвэрлэнэ.

в/ Бүлэг болон 1-ээс дээш хүний амь нас эрсдсэн осол гарсан тохиолдолд Замын ерөнхий инженер судлахад оролцон “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг үндэслэн хурлыг Замын дарга удирдан хийлгэж, ослын шалтгааныг хэлэлцэн цаашид авах зохион байгуулалтын арга хэмжээг шийдвэрлэнэ.

4.7. Ослыг судлан тогтоохдоо хөдөлмөрийн хяналтын, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид мэдэгдэж, оролцуулна.

4.8.Гарсан осолд тогтоосон актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хянуулж шийдвэрлүүлнэ.

4.9. Осолдогчтой холбогдол бүхий хохирол, нөхөн төлбөр болон бусад нийгэм хангамжийн асуудлыг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын хуулиар зохицуулна.

4.10. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж эх хувийг хөдөлмөрийн гэрээтэй тухайн салбар нэгжид архивлан хадгалах бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлийн хүмүүст, бусад хувийг холбогдох байгууллагуудад өгнө.

4.11. Ослыг судлан осолдогчийн буруутай гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тогтоосон актын баруун доод буланд "осолдогчийн буруугаас болсон" гэсэн тэмдэглэгээ хийж, ажил олгогч гарын үсэг зурж, баталгаажуулна.

4.12. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс нь шаардлагатай ажлын байр, техник хэрэгсэл, унаагаар хангуулна.

4.13. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлаж бүртгэхтэй холбогдож гарсан зардлыг осол гаргасан салбар нэгж хариуцна.

4.14. Осол гарсан тохиолдолд осолдогч болон, хамт байсан ажилтнуудад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг заавал сорил тавьж тогтоолгоно.

Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн

                               удирдлага, зохион байгуулалт

5.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага нь Замын ерөнхий бүтцийн дагуу шатласан хэлбэртэй байна.

5.2. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг Замын дарга замын хэмжээнд, түүний орлогч нар хариуцсан салбартаа, алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нар тухайн салбар нэгжийн хэмжээнд шууд хариуцна.

5.3. Замын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, байнгын хяналт тавих, сургалт явуулах, ослоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэстэй байна. Хэлтэс нь Замын даргын баталсан дүрмийн дагуу ажиллана.

5.4. Орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженер, орон тооны бус хариуцагч нарыг батлагдсан жагсаалтын дагуу томилон ажиллуулна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтанг томилох, ажлаас өөрчлөх тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэстэй зөвшилцнө.

5.6. Нийт 200-аас дээш ажилтантай салбар нэгжид орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженер, 1000-аас дээш ажилтантай салбар нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах инженер, инженер байх ба бусад /200-аас доош ажилтантай/ салбар нэгжид орон тооны бус хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлыг даргын орлогч буюу ерөнхий инженерт, байхгүй тохиолдолд аль нэг удирдах ажилтанд хавсруулан томилж ажиллуулна.


Зургаа. Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага
6.1. Зам, алба, хэлтэс, төв, салбар нэгж нь бүх ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр ажлын байрны нөхцөл аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах арга хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлнэ.

6.2. Барилга байгууламжийн зураг төслийг зохиох, шинээр барих, өргөтгөх, өөрчлөн засварлах, ашиглалтанд өгөхдөө хөдөлмөрийн эрүүл ахуйн зохих мэргэжлийн ажилтнаар хянуулан баталгаажуулна.

6.3. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байрны орчны эрүүл ахуй нь /агаарын температур, чийгшил, агаарын хөдөлгөөний хурд/ MNS 4990:2000 стандартад заасан хэмжээнд байна.

6.4. Үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ба туслах байрны өрөө тасалгааны гэрэлтүүлэг MNS 4996:2000 стандартын шаардлагад нийцсэн байна. Гэрэлтүүлэг нь ажлын байрны талбарт жигд тархсан, гялбалт үүсгэхгүй байх шаардлагатай ба гэрэлтүүлэгчийн үүсвэрийг тогтмол хугацаанд цэвэрлэж байна.

6.5. Ажлын байрны дуу шуугианы хэмжээ нь MNS 5002:2000 стандартад заасан шаардлагыг хангасан байна. Дуу шуугиантай тоног төхөөрөмжийн зөөлөвч жийрэг, битүүмжлэлийг тогтмол шалгаж, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд гүйцэтгэж байна.

6.6. Ажлын байрны тоос, химийн бодисын тархалт, ууршилтын хэмжээ нь MNS 4990:2000 стандартад заасан хэмжээнд байна. Тоос, химийн бодис тархахаас сэргийлэн салхивчийн ерөнхий ба хэсгийн системийг ажиллуулах, агаарыг чийглэх, битүүмжлэх арга хэмжээ авна. Хортой бодисыг тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах үед аюулгүй байдлыг хангаж, ил задгай орхих, хаяггүй саванд хадгалахыг хориглоно.

6.7. Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүр бүхий ажлын байрны агаарт байж болох цацраг идэвхт бодисын хэмжээ, гадаргуугийн бохирдлын хэмжээ нь холбогдох стандартанд заасан хэмжээнд байна.

6.8. Үйлдвэрлэлийн техник, технологийн нөхцөл нь бичил цаг уурын зөвшөөрөгдөх хэмжээг хангах боломжгүй бол түр завсарлагааны үед амрах, дулаацах, хоргодох зориулалт бүхий байр байгуулж, тоноглож тохижуулсан байна.

6.9. Ажиллагсдын ахуйн байр нь /түр амрах, хувцас солих, бие засах, усанд орох г.м/ тусгайлан төхөөрөмжилсөн, ариун цэвэр, эрүүл ахуйн норм стандартыг хангасан байна.

6.10. Ажиллагсдыг илчлэг, витаминлаг, хоол хүнсээр хангах, хооллох газартай байх төдийгүй хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажиллагсдад мэргэжлийн төв байгууллагаас батлагдсан тушаал, журмын дагуу хор саармагжуулах бүтээгдэхүүн олгоно.

6.11. Ажилтныг ажилд шинээр авах, ажиллах явцад эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулсан байна.

6.12. Салбар нэгжид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сан, физик эмчилгээ, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах хэсгийг ажиллуулж, тоног төхөөрөмж, эмчилгээний материалаар хангасан байна.

6.13. Ажлын байранд хоёр ажилтны нэг нь ажил удирдагч байх буюу ажил удирдагчгүйгээр ажиллуулахыг хориглоно.

6.14. Ажлын байранд, зөвшөөрөгдсөнөөс бусад газарт хооллох буюу тамхи татахыг хориглоно. Тасралтгүй үйл ажиллагаатай ажлын байранд /хөдөлгөөн зохицуулагч, өртөөний жижүүр г.м/ хооллох зориулалтын ширээ сандлаар хангагдсан байна.

6.15. Ажлын байрны гэрэлтүүлэг, дуу шуугиан, агаарын чийглэг, дулаан зэргийг тусгай багажаар хэмжилт хийж, эрсдлийн хяналтын системийн картанд хөтлөлт хийсэн байна.

Долоо. Ажлын багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй

ажиллагааны шаардлага
7.1 Ажлын багаж, хэрэгсэл нь стандартын шаардлага хангасан /шамралтгүй, зориулалтын шаантагтай, бариул болон иш нь барихад тохиромжтой, цахилгааны хүчдлээс хамгаалагдсан г.м/ зориулалтын байна.

7.2. Ажлын багаж хэрэгслийн жагсаалтыг ажлын байранд ил тод хэлбэрээр байрлуулсан байна.

7.3. Ажлын багаж нь зориулалтын тавиур, өлгүүр, шүүгээ болон үүрч явах зориулалтын уут, савтай байна.

7.4. Хурц үзүүр, иртэй багаж нь тусгай зориулалтын хамгаалах хэрэгслээр хамгаалагдсан байвал зохино.

7.5. Тоног төхөөрөмж, машин механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх ба техникийн паспорттай, техникийн паспортанд засвар үйлчилгээ хийсэн байдал бичигдсэн, техникийн комиссийн акт хавсрагдсан байна.

7.6. Тоног төхөөрөмжийн аюултай, эргэлдэх хэсэг нь хаалт, хамгаалалтаар бүрэн тоноглогдсон байх ба засвар үйлчилгээний үед задлаж, салгасан бол заавал буцааж тавьсан байхаас гадна хориглох, анхааруулах өнгөөр ялгаж будсан, эргэлтийн чиглэлийг тэмдэглэсэн байна.

7.7.Тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангасан хамгаалалтын газардуулгатай байна. Газардуулгыг жилд 1-ээс доошгүй удаа туршиж актаар баталгаажуулсан байх ба шалнаас 15 см өндөрт, 3 см-ийн өргөн 3 мм зузаантай туузан төмрөөр хийгдэж, хар өнгөөр будаж, сул залгаасгүй хийсэн байна.

7.8. Суурь машин, тоног төхөөрөмж нь аюул, ослын үед цахилгаан тэжээлээс салгах, бариул болон товчлууртай байхаас гадна стандартын гал хамгаалагч, зориулалтын гэрэлтүүлэгтэй байна.

7.9. Суурь машин, тоног төхөөрөмж дээр 18 насанд хүрсэн, мэргэжлийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн үзлэгт орсон, аюулгүй ажиллагааны шалгалт өгч тэнцсэн ажилтан ажиллана.

7.10. Эргэлдэх суурь машин тоног төхөөрөмж дээр бээлийтэй ажиллахыг хориглоно. Зориулалтын ханцуйвч, нүдний шил, хошуувч хэрэглэнэ.

7.11. Суурь машин, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээг хийхдээ цэвэрлэгээний зориулалтын багс, дэгээг ашиглана. Үлээх буюу гараар цэвэрлэхийг хориглоно.

7.12.Тоног төхөөрөмж ажиллаж байх үед хөндлөнгийн этгээд ойртохоос сэрэмжлүүлсэн аюулгүйн хязгаар тогтоосон зурвас /хаалт, хамгаалалт/-тай байна.

7.13. Машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоосны дараа засвар үйлчилгээ, үзлэг шалгалт хийхийг зөвшөөрнө. Засвар үйлчилгээ хийж байх үед удирдлага болон цахилгаан тэжээлийг залгахыг хориглох пайз тэмдэг заавал хэрэглэнэ.

7.14. Суурь машинд /точилийн/ шинэ чулуу тавьсан тохиолдолд 3 минут ажиллуулж туршина. Туршилтын үед эмтэрч ан цав гарсан, янз бүрийн дуу чимээ үүссэн тохиолдолд ажлуулахыг хориглоно.

7.15. Чулуу /точилийн/ ба тохируулгат тавиурын хоорондох зай 3 мм-ээс ихгүй байна. Чулууны хажуу хэсгээр ашиглахыг хориглоно.

7.16. Точилийн суурь машин дээр ажиллахдаа нүдний шил, хошуувч, чихний бөглөө зэргийг хэрэглэнэ.

7.17. Точилийн чулууг хэмжээгээр нь ангилан босоо ба хэвтээ байрлалаар хадгалах ба лабораториар баталгаажуулсан байна.

7.18. Тоног төхөөрөмж суурь машины байрлах зай хананаас 1м, хоёр тоног төхөөрөмжийн хооронд 1,5 м-ээс багагүй зайтай байна.

7.19. Алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд нь Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуул”-ийн 9,10,11-р зүйлийг мөрдөж ажиллана.

7.20. Ажлын байранд болзошгүй эрсдлийн үед мэдээ дохио өгөх, тоног төхөөрөмжийг зогсоох автомат систем тавих зэрэг техник зохион байгуулалтын арга хэмжээ авсан байна.



Найм. Ажлын тусгай хувцас, хамгаалах

хэрэгслээр хангах

8.1. Замын захиргаа цаг агаарын тааламжгүй нөхцөл болон үйлдвэрлэлийн физик, химийн хортой хүчин зүйлээс ажилтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүйгээр хангах, угаах, ариутгах, цэвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ.

8.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь стандартын шаардлага хангасан ажилтны эрүүл мэндэд харшлах нөлөө үзүүлэхгүй, тухайн ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон бөгөөд гэрэл ойлгогчтой байна.

8.3. Замын захиргаа ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.

8.4. Стандартын шаардлага хангасан ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах асуудлыг Худалдан авалт, борлуулалтын алба, салбар нэгжүүд нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэстэй зөвшилцөж хэрэгжүүлнэ.

8.5. Ажилтнаас ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн захиалгыг тусгай хүснэгтээр тасаг, цех хэсгийн мастер авах ба салбар нэгжүүд нь захиалгыг Худалдан авалт, борлуулалтын албатай гэрээ байгуулж хэрэгжүүлнэ.

8.6. Ажлын өвлийн хувцасыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор, зуны ажлын хувцасыг 4 дүгээр сарын 01-ний дотор тус тус хангасан байхаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

8.7. Чанаргүй болон таарч тохироогүй ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан нь тогтоогдсон тохиолдолд Хангамжийн алба, салбар нэгж гомдлыг барагдуулна.

8.8. Ажлын хувцас,хамгаалах хэрэгслээр хангах ажлыг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй буруутай албан тушаалтанд харъяалах дээд байгууллага болон хяналтын байгууллагуудаас хариуцлага тооцож байна.

8.9. Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл эдэлгээний хугацаанд хүрээгүй элэгдсэн тохиолдолд захиргаа, Үйлдвэрчний эвлэл болон санхүүгийн төлөөлөлтэй комисс акт тогтоож нөхөн олгож болно.

8.10. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтан дур мэдэн зарж борлуулахыг хориглоно. Зарж борлуулсан тохиолдолд захиргааны шийдвэрээр үнийг 3 дахин нэмэгдүүлж төлүүлнэ.

8.11. Нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зөвхөн ажлын байранд үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлээс хамааралтайгаар ажилтан нэг бүрт олгоно.

8.12. Хамгаалах хэрэгсэл бүр батлагдсан норматив, техникийн бичиг баримт, ашиглах заавартай байх ба эдгээр нь монгол хэл дээр орчуулагдсан байна.

8.13. Баталгаажуулсан техникийн бичиг баримтгүй, ашиглалтын хугацаа дууссан, гэмтэлтэй, иж бүрдэлгүй зэрэг бусад зөрчилтэй хамгаалах хэрэгслийг ашиглахыг хатуу хориглоно.

8.14. Хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлагын биелэлтэнд ажил олгогч хяналт тавина.

8.15. Ажилтан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэж хэвшсэн байна. Үүнд ажил удирдагч хяналт тавих үүрэгтэй.

8.16. Хамгаалах хэрэгслийг ажлын байранд тусгай зориулалтын шүүгээ, өлгүүр, тавиурт хадгална.

8.17. Ажилтан бүр ажлын болон гадуур хувцасаа хадгалах шүүгээтэй байх, ажлын хувцастайгаа гудамж талбайд явах, гэр лүүгээ хувцасаа авч явахыг хориглоно.

8.18. Химийн хортой бодистой харьцаж ажилласны дараа ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг угааж цэвэрлэх, саармагжуулах, шаардлагатай бол устгал хийх зэрэг арга хэмжээг авсан байна.

8.19. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх талаар ажилтан нэг бүрт аргачилсан сургалтыг ажил удирдагч явуулна.

8.20. Төмөр замын бүсэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан нь дохионы хантааз заавал өмсөж ажиллана. Дохионы хантааз нь улаан шаргал өнгөтэй, гэрэл ойлгогчтой байна.
Ес. Барилга угсралт, засварын ажлын үеийн аюулгүй

ажиллагааны шаардлага
9.1 Барилга угсралт, засварын ажлын үед ажилтан барилгын газар шорооны,

талбайн, угсралт, засварын аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт, заавар,зааварчилгааг мөрдөж ажиллах үүргийг хүлээнэ.

9.2. Талбай зохион байгуулалтын зургийг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсан байна. Барилгын материал, хийцүүд, тоног төхөөрөмж, өргөх механизм, ажилтны аюулгүйн замнал, тусгайлсан гарц, гүүр зэргийг батлагдсан талбай зохион байгуулалтын зургийн дагуу байрлуулж, аюулгүй ажиллагааг хангана.

9.3. Барилгын талбайд барилгын ажлыг гүйцэтгэхдээ тусгай зориулалтын хашлага, бариултай стандартын шаардлага хангасан шат, тавцан хэрэглэнэ.

9.4. Шат, тавцангийн хөлний ивүүрийг зөвшөөрөлгүйгээр авахыг хориглоно.

9.5. Цаг агаарын тааламжгүй нөхцөлд ажиллахыг хориглоно.

9.6. Барилгын талбайд аюулгүй ажиллагааны шаардлага хангасан нийтийг хамгаалах хашаа, саравч, тор, хязгаарлах тууз, ослоос урьдчилан сэрэмжлүүлсэн заах, хориглох, анхааруулах, сануулах дохио тэмдгүүдийг үйл ажиллагаанд нь тохируулан байрлуулсан байна.

9.7. Цахилгааны утсыг газраас 2,5м-ээс дээш өндөрт зориулалтын баганаар дамжуулах бөгөөд төмөр шатнаас уяж бэхлэхийг хориглоно.

9.8. Шат, тавцан дээрх замыг байнга чөлөөтэй байлгахаас гадна унах нурахаас сэргийлэн хэрэглэгдэх материалыг зөв байрлуулсан байх ёстой.

9.9. Зөөврийн шат, тавцан нь стандартын шаардлага хангасан, гулгах аюулаас хамгаалагдсан резинэн зөөлөвчтэй байна.

9.10. Шат, тавцан дээр ажил үүрэг гүйцэтгэж байх үед тэдгээрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно.

9.11. 450-аас дээш налуу шатаар авирах буюу буух үед гартаа ямар нэгэн зүйлийг барихыг хориглоно.

9.12. Ухсан шуудуу болон нүхийг хамгаалалтгүйгээр үлдээхийг хориглоно. Ухсан шуудуу, нүхийг бат бөх зүйлээр тагласан, анхааруулах тэмдэг, хязгаарлах туузаар хамгаалсан байна.

9.13. Цахилгааны оруулалтын тоноглогдсон зөөврийн хайрцаг нь стандартын шаардлага хангасан гал хамгаалагчтай, зураг схемтэй, цоожтой, угсралт нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна.

9.14. Барилгын талбайд ажлын тусгай хувцасгүй, дуулга малгайгүй, хамгаалалтын бүсгүйгээр ажиллахыг хориглоно.

9.15. Барилгын ажлын явцад хамгаалалтгүй тавцан, шатны хонгил, шат, цөмөрч болзошгүй нүх зэргийг байлгахыг хориглоно.

9.16. Даацын ба хамар хананаас хучилтын хавтанг илүү гаргаж тавих, дээр нь даац хэтрүүлэн материал тавих, барилгын ханан дээгүүр явахыг хориглоно.
Арав. Засвар үйлчилгээний үеийн аюулгүй

ажиллагааны шаардлага
10.1. Засварчин, угсралтын ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд нь урьдаас төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй, явцуу ажлын байранд ажилладаг учраас мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны ерөнхий дүрэм зааврыг ягштал мөрдөж ажиллах онцгой үүрэг хариуцлагыг хүлээж ажиллана.

10.1.1. Засварын ажил эхлэхийн өмнө ажилтан ажлын багаж хэрэгслэл бүрэн гүйцэт байгаа эсэх, хамгаалах хэрэгсэл, бүс, зөөврийн гэрэлтүүлэг, хувцасны байдалд хяналт тавьж зөрчилтэй зүйлийг арилгаж хэрэглэнэ.

10.1.2. Ажлын байрны ажиллах нөхцөл, зам талбай, гэрэлтүүлэг, тавиур, шат, вандан, гүүр гарц, ажил үүрэг гүйцэтгэх газрын өндөр нам зэргийг урьдчилан шалгаж аюулгүй ажиллах нөхцөл байдлыг тогтоосны дараа ажил эхлэнэ.

10.1.3. Тавиур нь бусад техникийн эд зүйлээс ялгагдах өнгөтэй, зарим тохиолдолд ажлын шаардлагаас хамаарч анхааруулсан оврын тэмдэглэгээтэй байна.

10.1.4. Тавиур нь цахилгаанаар болон механик буюу гараар шилжүүлж хөдөлгөдөг нөхцөлтэй бол баригч /тормозтой/ буюу ивүүртэй байна.

10.1.5. Тавиурыг хөдөлгөөнгүй байхаар байрлуулна.

10.1.6. Засварын ажлын зориулалттай тавиур нь ажиллахад тохирсон өндөртэй, цэвэр үзэмжтэй, өнцөг ирмэг нь хурц биш дугуй хэлбэртэй байна.

10.1.7. Цахилгаан болон гар багаж хэрэгслээр ажиллахдаа түүний зориулалтын хаалт хамгаалалтыг авах, хамгаалалтгүй багаж хэрэгслээр ажиллах, өөр зүйлээр орлуулан хэрэглэхийг хориглоно.

10.1.8. 2,5м-ээс дээш өндөрт болон гүний худагт орж ажиллах үед хамгаалах бүс, олс, дуулга малгай, зөөврийн гэрэл зэргийг заавал хэрэглэх шаардлагатай.

10.1.9. Өндөрт ажиллах үед багаж хэрэгслийг унагахаас хамгаалсан уут сав, зориулалтын хэрэгслийг хэрэглэнэ.

10.1.10. Байнгын ажлын байранд ажлын багажны жагсаалт, аюулгүй ажиллагааны зааврыг ил тод тавьсан, аргачиласан зураг бүдүүвчийг байрлуулсан байна.

10.1.11. Хэт өндөр дуу шуугиантай ажлын байранд чихний бөглөө, дуу тусгаарлах чихэвчийг давхар ашиглана.

10.1.12. Зөөврийн шатыг хананд 75о-ийн налуутайгаар байрлуулж гулсах хөдөлгөөнд орохгүй байхаар бэхлэж, аюулгүй байдлыг хангах ажилтан заавал байна. Ийм шатаар авирах буюу буух үедээ гартаа ямар нэгэн зүйлийг барихыг хориглоно.
Арван нэг. Төмөр замын аюултай бүсэд

                                  ажиллах аюулгүй ажиллагаа

11.1 Төмөр замын аюултай бүсэд ажиллахдаа “Төмөр замын тээврийн тухай хууль”, “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Төмөр замын дохиоллын журам”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ыг мөрдлөг болгоно.

11.2. Өртөө, зөрлөгийн зам дээр ажил үүрэг гүйцэтгэхдээ тухайн өртөө, зөрлөгийн аюулгүй ажиллагааны замналтай танилцсаны дараа аюулгүй ажиллагааг хангаж ажиллах буюу явна.

11.3. Өртөө, зөрлөгийн зам дээр ажиллах, явах үеийн аюулгүй ажиллагааны

замналыг тухайн өртөө, зөрлөгийн жижүүрийн байранд зурж тавьсан байна.

11.4. Өртөө, зөрлөгийн замаар гарахдаа хоёр талын хөдөлгөөнийг сайтар анхаарч магадласны дараа 90о-аар эгц хөндлөн гарна.

11.5. Зам төмөр дээр гишгэх, суух, сумын шилжүүлгийн шилжих хэсэгт гишгэхийг хориглоно.

11.6. Явж байгаа галт тэрэг болон сэлгээний бүрэлдэхүүний өмнүүр урьтаж гарахыг хориглоно.

11.7. Цаг агаарын тааламжгүй нөхцөлд сонсох эрхтнийг халхлах, замын голоор болон овор хэмжээ баримтлахгүй явах, вагон доогуур шургаж гарахыг хориглоно.

11.8. Зам дээр тавигдсан салгаастай хөдлөх бүрэлдэхүүний хооронд 10 м-ээс багагүй зайтай байх үед болон вагоны тусгайлсан тавцангаар /тамбур/ гарахыг зөвшөөрнө.

11.9. Зэрэгцээ хөдөлгөөний үед хоёр замын хооронд аюулгүй байдлыг ханган зогсох буюу сууж өнгөрүүлнэ.

11.10. Өртөө, зөрлөгийн замаар хөндлөн гарах, ажиллах үедээ галт тэрэгний машинчаас өгч байгаа дуут дохио, өртөө зөрлөгийн жижүүрээс чанга яригчаар дамжуулж байгаа мэдээллийг хүлээн авч аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.

11.11. Өртөөний болон хоорондын зам дээр байхдаа гар утас ашиглахыг хориглоно.

11.12. Төмөр замыг гарам, нүхэн гарц, гүүрээр хөндлөн гарна.
Арван хоёр. Хяналт шалгалтын үеийн аюулгүй

ажиллагаа
12.1. Удирдах албан тушаалтан, хяналтын байцаагч, инженер техникийн ажилтнууд хяналт шалгалтын ажлын явцад болзошгүй ослоос сэрэмжлүүлэн өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй.

12.2. Машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд хяналтыг хийхдээ үйл ажиллагааг нь бүрэн зогсоосны дараа үзлэг, шалгалт хийнэ.

12.3. Машин механизмыг дур мэдэн гардан ажиллуулж шалгах, ажилтаны сонор сэрэмж, анхаарлыг алдагдуулахыг хориглоно.

12.4. Эргэлдэж байгаа болон огтлох, зорох зэрэг механик боловсруулалтын үйл ажиллагаа явагдаж байгаа хөдөлгөөний эсрэг, харалдаа зогсохыг хориглоно.

12.5. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийхдээ эргэх хэсгийн эргэлтийн чиглэлийн зэрэгцээ буюу хажуу талд нь хариуцагчийн хамт байрлаж шалгана.

12.6. Үзлэг шалгалтын явцад тухайн ажлын байранд унах, нурах, тэсрэх дэлбэрэх, түлэгдэх, цахилгаан гүйдэлд нэрвэгдэх, зориулалтын бус зүйлээр тагласан нүх зэрэг аюултай хүчин зүйл байгаа эсэхэд анхаарч, сонор сэрэмжтэй ажиллана.

12.7. Задгай зайн хураагуурын техникийн болон ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхийн өмнө 15 минутаас багагүй хугацаагаар агааржуулах системийг ажиллуулсаны дараа орохыг зөвшөөрөх ба гал гаргахыг хатуу хориглоно.

12.8. Амьсгал боогдуулж болзошгүй химийн хорт бодис, хорт хий мэдрэгдсэн сөрөг нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авсны дараа ажиллахыг зөвшөөрнө.

12.9. Цахилгааны ил задгай утсыг хамгаалах хэрэгсэлгүйгээр барихыг хориглоно.

12.10. Тоног төхөөрөмж, машини механизм ажиллуулж байгаа хүнтэй харьцахын тулд эхлээд биед зөөлөн хүрч мэдэгдэн үйл ажиллагааг нь зогсоосны дараа үзлэг, шалгалтыг хийнэ.

12.11. Цахилгаан тоног төхөөрөмжийн залгуурт анхааруулах, сануулах, хориглох пайз өлгөсөн байна. Дохио тэмдгийг зөрчиж, ажил удирдагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн салгах, залгахыг хориглоно.

12.12. Хорт хий тогтсон байж болзошгүй хонгил болон химийн бодис хадгалсан газарт ил гал гаргахыг хориглоно.

               УБТЗ-ын даргын 2011 оны 1 дүгээр

сарын 05-ны өдрийн А-02 тоот

тушаалын хоёрдугаар хавсралт.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан

ажилтан ажиллуулах алба, салбар нэгжүүдийн жагсаалт
Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан орон тооны инженер ажиллуулах алба:


  1. Баянтүмэн тасаг

  2. Тээвэр зохион байгуулалтын алба

  3. Зүтгүүрийн аж ахуйн алба

  4. Замын аж ахуйн алба

  5. Вагоны аж ахуйн алба

  6. Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний алба

  7. Зорчигч тээврийн алба

Хоёр. Орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ахлах инженер, инженер ажиллуулах салбар нэгж:




  1. Улаанбаатар татах хэсэг

  2. Улаанбаатар суудлын вагон депо

Гурав. Орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер

ажиллуулах салбар нэгж:


  1. Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжисан анги

  2. Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих анги

  3. Улаанбаатар өртөө

  4. Дархан татах хэсэг

  5. Сайншанд татах хэсэг

  6. Замын 1-р анги

  7. Замын 2-р анги

  8. Замын 3-р анги

  9. Замын 4-р анги

  10. Замын 6-р анги

  11. Зам засварын машинт станц

  12. Төв засварын газар

  13. Мод боловсруулах үйлдвэр

  14. Төмөр бетон дэрний үйлдвэр

  15. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо

  16. Вагон ашиглалтын депо

  17. Эрчим хүч, ус хангамжийн 1-р анги

  18. Эрчим хүч, ус хангамжийн 2-р анги

  19. Дохиолол, холбооны 1-р анги

  20. Дохиолол, холбооны 2-р анги

  21. Дохиолол, холбооны 3-р анги

  22. Барилга засвар, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн анги

  23. Зүүнхараа дахь Орон сууцны анги

  24. Сайншанд дахь Орон сууцны анги

Дөрөв. Дарга, орлогч дарга болон ерөнхий инженер нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах алба, хэлтэс, төв, салбар нэгж:




  1. УБТЗ-ын Удирдах газрын Хүний нөөцийн удирдлагын албаны орлогч дарга

  2. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны орлогч дарга

  3. Тээврийн хяналтын албаны орлогч дарга

  4. Техник бодлого, зураг төслийн төвийн дарга

  5. Хангамжийн албаны орлогч дарга

  6. Статистик бүртгэл, мэдээллийн төвийн ерөнхий инженер

  7. Тээвэр зуучийн төвийн орлогч захирал

  8. Аялал жуулчлалын товчооны дарга

  9. Чулуун заводын ерөнхий инженер

  10. Авто тээвэр үйлчилгээний төвийн ерөнхий инженер

  11. Нийгэм хангамжийн албаны орлогч дарга

  12. Эмнэлэг, ариун цэврийн албаны орлогч дарга

  13. Төмөр замын дээд сургуулийн орлогч захирал

  14. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал

  15. Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төвийн дарга

  16. Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын дарга

  17. Дуу бүжгийн чуулгын дарга

  18. Хэвлэх үйлдвэрийн дарга

  19. Баянбуурал амралтын дарга

  20. Булагтай сувиллын ерөнхий эмч

  21. Хүүхдийн байгууллагын хэлтсийн дарга

  22. Рейлком төвийн дарга

  23. Бүх тулгуур өртөөдийн орлогч дарга

  24. Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн дарга нар

  25. Нийтийн хоолны төвийн дарга

Гадна нүүр (А/6)

Эмбелем
Монгол-Оросын хувь нийлүүлсэн

“Улаанбаатар төмөр зам”

нийгэмлэг
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,

ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ

2011он.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Дотор нүүр: ( А/6) Эмбелем

Монгол-Оросын хувь нийлүүлсэн

“Улаанбаатар төмөр зам”

нийгэмлэг

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,

ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ
(Албан хэрэгцээнд)

Редактор:Замын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж

Хянасан: Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн

                                                                               дарга Д.Ариунбаатар

Эмхэтгэн боловсруулсан: Хөдөлмөрийн хяналтын

улсын байцаагч Г.Нямбаяр


2011он.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Дотор талд : (А/6) 1. Эмбелем

2.ТӨМӨР ЗАМЧДЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:



  1. Үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгцээг найдвартай хангасан,олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, улсын тэргүүлэх салбар байна

Төгсгөлд нь. (А/6)


                                          ГАРЧИГ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
УБТЗ-ын даргын 2011оны 1 дүгээр сарын 05-ны

өдрийн 05 тоот тушаалын нэгдүгээр хавсралт . . . . . . . . . . . . . .
Нэг. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага . . . . . . . . . . . . . . . . . .

Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хянат. . . . . . . . . . . . . . .

Гурав.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт . . . . . . . . . . . . . .

Дөрөв.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоож, шийдвэрлүүлэх. . . . . .

Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт . . . . .

Зургаа. Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага. . . . . . . . . . . . .

Долоо. Ажлын багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага. . . . . . .

Найм. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлээр хангах . . . . . . . . . . . . .

Ес.Барилга угсралт, засварын ажлын үеийн аюулгүй ажиллагааны шаардлага . . . . . .

Арав. Засвар үйлчилгээний үеийн аюулгүй ажиллагааны шаардлага . . . . . . . . . .

Арван нэг. Төмөр замын аюултай бүсэд ажиллах аюулгүй ажиллагаа . . . . . . . . .

Арван хоёр.Хяналт шалгалтын үеийн аюулгүй ажиллагаа . . . . . . . . . . . . .
УБТЗ-ын даргын 2011 оны 1 дүгээр сарын 05-ны

өдрийн 05 тоот тушаалын хоёрдугаар хавсралт . . . . . . . . . . . . . . .

                                                                                                  Тушаалын төсөл


Дүрэм батлах тухай
Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.1.6, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дүгээр зүйлийн “а”, 23 дугаар зүйлийн “ж” заалтыг удирдлага болгон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ:
       Нэг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийг нэгдүгээр хавсралтаар, орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах инженер, инженер ажиллуулах алба, салбар нэгжүүдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү дүрэмтэй уялдуулан Хөдөлмөр хамгааллын хэлтсийн нэрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс” болгон өөрчилсүгэй.
Гурав. Хоёрдугаар хавсралтаар батлагдсан орон тоонд цалингийн санг батлан, санхүүжилт олгохыг Төлөвлөгөө эдийн засгийн албаны дарга /М.Гантулга/, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга /Усольцева С.Я/ нарт үүрэг болгосугай.
Дөрөв. Дүрмийг “Ган зам” хэвлэх үйлдвэрээр хэвлүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэхийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба /Усольцева С.Я/-д зөвшөөрсүгэй.
Тав. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-297 дугаар тушаалыг энэ тушаал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Зургаа. Энэхүү тушаал, болон дүрмийг мөрдүүлж ажиллуулах, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Замын ерөнхий инженер /Г.Сэрээнэндорж/, Боловсон хүчний асуудал хариуцсан замын орлогч дарга /Ч.Мижиддорж/, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэс /Д.Ариунбаатар/ нарт үүрэг болгосугай.



ДАРГА Т.ОЧИРХҮҮ.

Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет