Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцье.
Холбогдох улсуудыг урья. Ажлын хэсгийнхэнд баярлалаа. Дараачийн ажлын хэсгийг оруулъя. Долгор сайд хүрэлцэн ирсэн байна. Гишүүд чимээгүй.
Монгол Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг сонсъё.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Долгор илтгэл танилцуулна. Долгор сайдыг индэрт урьж байна. (13.15-16.10 Д.Энэбиш)
Б.Долгор: -УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ.
Монгол Улсын төрөөс цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхийн тулд цаашид цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг өсгөн, олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, стратегийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийн үндсийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж, Монгол Улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төслийг, уг бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийн хамт боловсрууллаа.
Монгол Улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төсөлд нийтлэг үндэслэл, бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим, цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, цөмийн энергийг энхийн журмаар ашиглах үйл ажиллагаа, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хүний нөөц, эрх зүйн орчин, салбарын удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг тусгалаа.
Монгол Улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөлд мөн тодорхой зорилтуудыг тусгалаа. Түүнчлэн хөтөлбөрийн төсөлд цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, баяжуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, үйлдвэр байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал агуулсан нүүрс, нүүрсний ус, фосфорит зэрэг ашигт малтмалаас уран ялган авах технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж байгуулах саналыг тусгасан.
Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр үе шат 2009-2012 онд, хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэх бүх талын нөхцөлийг хангах. Хоёрдугаар үе шат 2013-2021 онд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөлөө. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 4 их наяд 394 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж үзсэн.
Монгол Улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төсөлд олон улсын Атомын энергийн агентлагаас ирүүлсэн зөвлөмжийг тусгасан бөгөөд төслийг Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар мөн тус, тус хэлэлцсэн болно. Тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: -Б.Долгор сайдад баярлалаа. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуух асуулттай гишүүд:
Д.Ганхуяг: -Баярлалаа. Гурван асуулт асууя. Цацраг идэвхт бодисыг ашиглахтай холбоотой, бараг анхны эрх зүйн орчин болж байх шиг байна. Ашигт малтмалын тухай хуулинд нэг өгүүлбэр байдаг. Энэ маань хөтөлбөр маягаар л явж байна. Хууль тогтоомжийн хүрээнд хөтөлбөрийн үйлчлэл ямар төвшинд байх вэ? Хэрэгждэг, хэрэгждэггүй олон хөтөлбөр бий л дээ. Цаашид хууль нэмж гарах уу, Засгийн газрын холбогдох агентлагаас санаачлах уу?
Хоёрт, эдийн засгийн тооцоо, тухайлбал, шаардагдах санхүүгийн эх үүсвэр дээр 4 их наяд гээд тоо хэллээ. Энэ нь аль зэрэг үнэмшилтэй, магадлалтай тоо вэ? Өнөөдрийн төвшинд Монгол улсад геологийн хайгуул хийгдээд нөөц нь тогтоогдсон ордуудын тухайд ихэвчлэн улсын төсвийн хөрөнгөөр, өөрөөр хэлбэл, олон нийтийн баялгаар тогтоогдсон ийм ордууд байгаа байх. Тэгээд лицензийн луйвар шахуу аргачлал байдаг. Жишээлбэл, Бороо Гоулд ч гэдэг юмуу тийм хувилбараар бас л баахан хүмүүс хуваагаад авчихсан ийм юм байдаг юм шиг байна билээ. Тийм учраас өнөөдөр нөөц нь тогтоогдсон ийм ордууд дээр улсын төсвөөс хийсэн хайгуул өнөөгийн мөнгөөр тооцвол нийтдээ хэд орчим төгрөг ч юмуу, долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа вэ?
Гуравдугаар асуулт, Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай орон. Ураныг энх тайвны эрчим хүчний зориулалтаар ашиглахад шаардагдах олон улсын хэлэлцээр хийх ийм шаардлага байгаа юу?
Дөрөвт, өнөөдрийн байдлаар ураныг ашиглахад олон улсын ямар байгууллага, ямар, ямар улс оронтой гэрээ хэлэлцээр ямар төвшинд байна вэ гэсэн асуулт асууя.
Б.Долгор: -Бид хөтөлбөрөөс гадна төрөөс баримтлах бодлогын асуудлыг хамт оруулж ирж байгаа. Байнгын хороон дээр ярьж байх явцад зөвхөн бодлогыг УИХ-аас баталж өгье. Харин хөтөлбөрийн хувьд бусад асуудлуудыг Засгийн газар өөрсдөө батлах нь зүйтэй байх гэсэн санал гарч байсан. Бид бодлого болоод бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хамт өргөн барьж байгаа. Эдгээр нь бодлогын шинжтэй баримт бичгийг эрх зүйн статусын хувьд ийм хэлбэрээр хэрэгжих учиртай. Үүнийг дагалдуулаад бид хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газрын хуралдаанаар нэг удаа хэлэлцсэн. Ялангуяа Цөмийн энергийн тухай хуулийг боловсруулсан байгаа. Үүнийг өргөн барих болно. Цөмийн энергийн хуультай холбоотойгоор бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн хамт өргөн барина.
Өнөөдрийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас хэлэлцэхээр байгаа. Тийм учраас хууль, эрх зүйн орчин нь эдгээрийг боловсруулж, баталснаар бүрэн хэмжээгээр бий болно гэж үзэж байгаа.
Бусад асуудлын хувьд манай Цөмийн энергийн газрын хүмүүс хариулна. Хариултын өмнө нэг зүйлийг хэлэхэд Байнгын хороон дээр хэлэлцэх явцад ажиглагдаж байсан нэг зүйл бол төрийн нууцын хэмжээний асуудлууд яригдах, ялангуяа хариултууд дээр яригдах ийм нөхцөл бүрдэж байгаа. Тийм учраас ер нь Засгийн газрын зүгээс шаардлагатай тохиолдолд зарим нууцын зэрэглэлд хамаарах асуудлыг хариулах боломжгүй байгаа. Хэрвээ тэдгээрийг хариулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хаалттай горимоор хуралдааныг хийх шаардлага үүсэх үндэслэлтэй байгаа юм.
Д.Дэмбэрэл: -Ажлын хэсгийг танилцуулъя.
Б.Долгор –Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Д.Зоригт –Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Батбаатар –Ерөнхий сайдын зөвлөх
Д.Энхбат –Цөмийн энергийн газрын дарга
Б.Дамдинсүрэн –Цөмийн энергийн газрын орлогч дарга
Н.Манлайжав –Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын хэлтсийн дарга
Э.Гантулга –Цөмийн энергийн газрын мэргэжилтэн
Д.Мөнх-Эрдэнэ –Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн шинжээч
Н.Ганхуяг –Цөмийн технологийн газрын дарга нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна.
Зарим зүйл дээр хаалттай хуралдаан хийнэ гэдгийг юу гэж ойлгож байгаа юм. Одоо бидний ярьж байгаа зүйл нийтдээ тавиад мянган цаг дээр шууд сонгогчид үзэж байгаа. Хариулахад бэрхшээлтэй асуудлууд байгаа учраас хаалттай хийе гэж байгаа бол горимын санал гарч, тэр тусмаа УИХ-ын гишүүдээс гарах ёстой. Тэгээд хаалттай явагдана гэж шийднэ. Тийм биш тохиолдолд та бүхэн нууцтай холбоотой зүйлээ үлдээгээд яриад явж болно гэж үзвэл энэ горимоороо үргэлжилнэ. Одоо тийм санал хараахан гарч ирээгүй байна.
Асуултад хариулъя. Энэ нарийн мэргэжлийн ажил юм. Ганц Б.Долгор сайд хариулах юмуу, үгүй юу. Уг нь Засгийн газрын гишүүн хариулж байх ёстой юм. Аль болохоор нөхдүүдийн саналыг аваад Б.Долгор сайд хариулахыг хичээ. Бүр болохгүй зүйл байвал мэргэжлийн хүнээ нэр зааж, энэ хүн хариулна гэдгээ хэлээд хариулаад явъя.
Одоо хэн хариулах вэ?
Б.Долгор: -Цөмийн энергийн газрын дарга Д.Энхбат
Д.Дэмбэрэл: -Д.Энхбат дарга хариулах юм байна. Та нар бага хариулж, Б.Долгор сайд голлон хариулж байх үүрэг хуулиар байгаа шүү.
Д.Энхбат: -Эдийн засгийн тооцоо бол өнөөдрийн үнийн хэмжээний тооцоо хийгдсэн байгаа. Бид Их Хуралд өргөн барихын өмнө хөтөлбөрийн гаргах зардлыг дахин хянасан. Энэ дээр Төрийн өмчийн хороо, бусад холбогдох яамдууд ажилласан.
Цөмийн зэвсэггүй статустай манай улс Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн улс. Тэгэхээр уран олборлож боловсруулахдаа тодорхой хэмжээнд хүртэл боловсруулах, баяжуулахад ямар ч асуудал байхгүй. Тийм учраас энэ дээр хорио, тусгай хэлэлцээр хийх шаардлагагүй байгаа. Манай ураны болон цөмийн энергийн асуудлаар бид голчлон олон улсын Атомын энергийн агентлагтай хамтарч ажиллаж байгаа. Та бүхэн мэдэж байгаа сая 4 дүгээр сард ерөнхий захирал нь ирээд явсан. Энэ бол манай бодлогын, хуулийн асуудлуудыг олон улсын Атомын энергийн агентлагуудаар хянуулсан, саналыг нь авсан. Олон улсын Атомын энергийн агентлагаас дэмжигдсэн иймэрхүү байж байгаа.
Гадны орнуудтай өнөөдөр ажиллаж байгаа байдал өнөөдрийг хүртэл ганцхан ОХУ-тай гэрээ байгуулж ажиллаад байгаа /гэрээ байгуулж ажилласан улс/. Манай оронд ураны салбарт хэд хэдэн орон хайгуулын ажил хийж байгаа.
Д.Дэмбэрэл: -Х.Бадамсүрэн гишүүн асуултаа асууя.
Х.Бадамсүрэн: -Баярлалаа. Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн асуудал бол зөвхөн уул уурхайн салбар, эрчим хүчний салбарын хөгжил дэвшилтэй холбоотой төдийгүй улс орны хөгжил дэвшил, шинэ техник, технологийг урагшлуулах зарчмын ач холбогдолтой асуудал гэж ойлгож байна. Тэр утгаараа энэ талаар баримтлах төрийн бодлогыг бид хэлэлцэж батлах нь цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой асуудал гэж нэгдүгээрт үзэж байна.
Асууж, тодруулах хоёр, гурван зүйл байна. Энэ бодлогын бичиг баримт маань олон жил мөрдөгдөж ажиллах, үүнтэй холбогдолтой бүх үйл ажиллагаа, процессын хүрээнд хэрэгжих бодлогын асуудал. Тэр утгаар нь нэгдүгээрт, баяжуулах чиглэлийн хүрээний асуудлыг зарим зүйл, ангилалаар нь нэмж тодруулах шаардлагатай юм шиг ойлгогдож байна.
Дараа нь, бодлогын бичиг баримтын 2.1.4 дээр “энэ үйл ажиллагаанд олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх” гэсэн байна. Одоо манайд боловсруулагдсан үндэсний ямар стандарт байна вэ гэдэг талаар тодруулж өгнө үү.
Хоёрдугаар асуудал, 5.1 дээр “хяналт тавих үндэсний дэд бүтэц” гээд байна. Дэд бүтэц гэдэг дээр юуг ойлгож байна вэ?
Гуравдугаарт, энэ чухал асуудал. Үүнтэй уялдуулж технологийн үндэсний хүрээлэн байгуулж ажиллуулна гэсэн байна. Энийг хэзээнээс байгуулах бодолтой байна. Одоо ажиллаж байгаа энэ чиглэлийн байгууллагын бааз суурь дээр хийх гээд байна уу, цоо шинээр хийх гээд байна уу?
Сүүлийн асуулт, бид цацраг идэвхт ашигт малтмал, тэр тусмаа ураны асуудлаар бодлогын хувьд ч, эрх зүйн зохицуулалтын хувьд ч шинэ алхам хийх гэж байна. Энэ дээр Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан зарим асуудал, цөмийн энергийн тухай өргөн баригдах хуулиар зохицуулагдах болж байна. Энэ утгаараа шилжилтийн үе байна. Өнөөдөр ураны чиглэлээр хайгуул хийх, ашиглалт хийх, лицензтэй холбогдсон нэлээн яриа бий. Үүнийг яг энэ шилжилтийн үед хууль зөрчсөн ч юмуу, тийм яриатай асуудал гарчих вий. Тийм учраас яг энэ үед урьд нь Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх шаардлага, нөхцөл байдал байна гэж та бүхэн үзэж байна уу. Эсвэл энэ шилжилтийн үе нэг их яриа хөөрөөгүй явчих байх гэж та бүхэн үзэж байна уу? Энэ талаар хариулт өгнө үү.
Б.Долгор: -Ер нь Цацраг идэвхт ашигт малтмалын хуулиар ердийн ашигт малтмалтай хамт зохицуулж байсан нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Тэр ч үүднээс Ашигт малтмалын хуулиас тухайн асуудлыг жичид нь зохицуулах шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Энэ тохиолдолд гарцаагүй шилжилтийн шинжтэй ийм хуулийн зохицуулалтуудыг хийх шаардлага үүсэж байгаа.
Бид Цөмийн энергийн тухай хуулийн төсөлд энэ Ашигт малтмалын хуулийн өөрчлөлттэй холбогдуулсан шилжилтийн шинжтэй зохицуулалтуудыг хийж өгнө гэж үзэж, хийж байгаа. Ялангуяа энд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудал, мөн Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, олборлох, эрэл, хайгуул хийх энэ асуудал дээр зайлшгүй нэмэлт зохицуулалтууд хийгдэх шаардлагатай байгаа гэж үзэж байна. /Бусад асуудал дээр Д.Энхбат дарга хариулна/.
Д.Энхбат: -2.1.4 дээр “үндэсний стандарт” гэж байгаа. Бидэнд үндэсний хэдэн стандарт өнөөдрийн байдлаар байгаа. Цацрагийн аюулгүйн норм, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг бидний үндэсний стандарт нормууд байгаа. Яг ашигт малтмал дээр, уран дээр гэхээр манайд тийм юм байхгүй байгаа. Бид энэ хуулийнхаа араас зохицуулалтуудыг нэмж оруулах учиртай юм.
Үндэсний хяналтын тогтолцоог сайжруулна гэдэг нь дэд бүтэц бий болгоод, одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагийн хяналт манай агентлагийн мэдэлд шилжиж ирсэн. Манай агентлагт шилжиж ирээд Цөмийн болон цацрагийн хяналтын нэртэй болсон. Үйл ажиллагаа нь өргөжиж байгаа гэсэн үг. Цөмийн агентлаг бол нэгэнт манайх станц барьж, цөмийн төхөөрөмжтэй болох нь нэгдүгээрт, эрчим хүчний, тэр станцын хяналт, ураны уурхайн хяналтыг явуулах юм.
Үндэсний хүрээлэн гэдэг бол ер нь манай эрдэмтдийн дотор олон жил ярьсан яриа. Өнөөдрийн байдлаар цөмийн холбогдолтой судалгаа, шинжилгээ, лабораторийн ажлууд хэд хэдэн газар хуваагдсан байдалтай явагдаж байдаг. Түүний нэг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төв гэж байна, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд байгаа, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд ч байгаа. Тэгэхээр энэ хүрээлэн байгуулах гэдэг нь тархай бутархай байгаа хэсгийг нийлүүлж, хүчийг нь тарамдуулахгүйгээр нэгтгэж ажиллуулах ийм зорилготой юм.
Д.Дэмбэрэл: -Х.Бадамсүрэн тодруулъя.
Х.Бадамсүрэн: -Б.Долгор сайд хариулаа. Эрх зүйн шилжилтийн үеийн зохицуулалт хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ янз бүрийн хууль зөрчсөн зэрэг будлиантай асуудал гаргахгүйн тулд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа лицензүүдийг түдгэлзүүлэх шаардлага байна уу, үгүй юу. Тэрийг тодруулж өгөхгүй юу.
Б.Долгор: -Түрүүн бас хэлсэн. Лицензүүдийг түдгэлзүүлэх шаардлага байгаа. Ер нь Ашигт малтмалын хуулиар зохицуулагдаж байгаа асуудал маань нэгэнт ердийн шинжтэй асуудал биш гэдэг утгаараа тусгай хуулиар зохицуулагдах болох, тэр утгаараа ердийн ашигт малтмалын маягаар өгсөн тэр тусгай зөвшөөрлүүд маань зохихгүй, тохирохгүй болж эхэлж байгаа. Тийм учраас эдгээрийг түдгэлзүүлэх шаардлага байгаа. Тэрийг бид тодорхой хууль тогтоомжийн орчин бүрдүүлж байж өөрчлөлтүүд хийх шаардлага үүсээд байна.
Д.Дэмбэрэл: -Энхболд гишүүн асуултаа тавья.
З.Энхболд: -Нэгдүгээрт, Байнгын хорооноос бичиг явуулсан байгааг, бодлого хэлэлцэж байх үед Оростой хамтарсан компани байгуулах гээд яараад байх хэрэг байна уу? Түдгэлзүүлээч гэсэн талаар Б.Долгор сайд нэг хариулаадах.
Хоёрдугаарт, бид өөрийн баялгийг түүхийгээр нь их удаан зөөлөө. Одоо болтол манайхаас боловсорсон байдлаар гардаг юм байхгүй. Монгол улс өөрийнхөө түүхий эдийг цөмийн түлш хүртэл нь боловсруулаад экспортлох ийм боломж яваандаа гарах уу? /Бодлогын хувьд/. Дэлхийн цөмийн одоо бий болчихсон байгаа статус өөрчлөгдөх магадлал байгаа юу? Хэдхэн өндөр хөгжилтэй гүрэн боловсруулах болон ашиглах, хаягдлын нөөц дахин боловсруулах энэ ажлыг л хийгээд байна шүү дээ. Энэ дээр санал нийлэхгүй байгаа Иран, Пакистан, Энэтхэг мэтийн улсууд өөрийнхөө замаар яваад болоод л байна. Цаашид Монгол шиг оронд хориг нь алга болж, өөрөө эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, дэлхийн зах зээл дээр эрчим хүчний том гүрэн болох. Яагаад гэвэл манайд одоогийн илэрсэн байгаа нөөцөөр эхний аравт, дараа нь тавд, магадгүй эхний нэг, хоёр руу явах боломж байгаа юм билээ. Дэлхийн улс орон бүрт ийм боломж байхгүй. Бид үүнийгээ Монгол улсын өрсөлдөх чадвар болгож, эцсийн бүтээгдэхүүн хийх тал дээр боломж нь ямар байдаг юм бэ? Өнөөдөр бол болохгүй л дээ. Бидний елог хийхээс цаашаа хийхийг зөвшөөрөхгүй л байгаа. Тийм учраас энэ хоёр хөршийн аль нэг дээр очиж боловсруулахаас өөр аргагүй болчихоод байгаа шүү дээ.
Олон улсын хандлага, дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон цөмийн салбарт явагдаж байгаа дэлхийн бодлого өөрөө өөрчлөлт орох уу, үгүй юу? Орсон тохиолдолд Монголд боломж олдох нь уу, үгүй юу гэсэн ийм танин мэдэхүйн асуулт байна. Хоёр асуулт асуусан шүү.
Б.Долгор: -Таны явуулсан бичгийг авсан. Оростой хамтарсан компани байгуулах асуудлыг хойшлуулаад, түдгэлзүүлээд байгаа. Түүхийгээр экспортод гаргахтай холбогдсон асуудал дээр мэдээж, өөрчлөлт оруулъя гэдэг утгаар энэ бодлого хөтөлбөр, бүх зүйл маань боловсрогдож орж ирж байгаа. Хууль маань ч гэсэн тэр зүйлтэй нийцэж явж байгаа. Ямар ч гэсэн эхний ээлжинд шар нунтаг хэлбэрээр гаргахаас эхлээд, цаашлаад түлш хүртэл боловсруулж, экспортлох ийм зорилго, чиглэлтэйгээр манай хөтөлбөр боловсрогдож орж ирсэн. Үүнээс үүдээд ер нь энэ талаар явуулж байгаа дэлхийн бодлогууд өөрчлөгдөж байгааг бид мэдэж байгаа. Түүнд нийцүүлж, манай Монгол улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалаа ашиглах, боловсруулах энэ чиглэлийн бодлогууд маань хэрэгжиж явна гэж тооцож, асуудлуудыг боловсруулж оруулж ирсэн.
Д.Дэмбэрэл: -О.Чулуунбат гишүүн асуултаа тавья.
О.Чулуунбат: -Х.Бадамсүрэн гишүүний асуултад хариулахдаа лицензийг эргэж харж магадгүй гэсэн. Бид дахиад өөр дүрмээр тоглож болж байна уу? Энэ чинь хуучин манай баталчихсан хуулиар гадны бөгөөд дотоодын компаниуд лиценз аваад тодорхой хэмжээний мөнгө зарцуулаад явж байгаа шүү дээ. Эрэл хайгуул дээрээ зарцуулж байтал, одоо эргээд харж магадгүй гэсэн ийм асуулт гарч байна. Ингэх шаардлага байна уу?
Хоёр дахь асуудал бас үүнтэй холбоотой юм. Яагаад заавал ураны ордыг стратегийн орд, стратегийн түүхий эд гээд байгаа юм бэ? Бидний гаргах хэлбэр чинь “шар нунтаг” хэлбэрээр гаргана. Энэ чинь зүгээр л түүхий эд шүү дээ. Бид цөмийн зэвсэгт хэрэглэхээр шатанд боловсруулж чадахгүй, бид цөмийн энергид, станцад хэрэглэж чадах түлш хэлбэрээр нь гаргаж чадахгүй. Зөвхөн түүхий эд хэлбэрээр л гаргах гэж байгаа юм. Тэгэхээр үүнийг заавал тусгайлан ангилаад, дахиад тэнд бүр том төрийн зохицуулалт оруулаад, баахан хүнд суртлын шат дараалал руу оруулах хэрэг байна уу? Үүнээс л нөгөө авлига чинь үүсээд байгаа шүү дээ. Үүнээс л бөөн зөвшөөрөл, лиценз бий болдог.
Гуравдугаарт, зохицуулалт дээр “Стратегийн түншүүдэд өгнө” гэж байна. Энэ бизнест дэлхий дээр цөөхөн хэдэн орны том компаниуд л оролцдог юм билээ. Америк, Канад, Орос, Франц, Япон, Хятад гээд хэдхэн. Бүгд манай маш сайн хөршүүд. Заавал ингэж ялгаварлах хэрэг байна уу? Энэ хэд дотроо хэт ялгаварлалт хийгээд байх шиг байна. Энэ хэд маань бүгд манай стратегийн түншүүд гэж бид ойлгодог шүү дээ. Улс төр, эдийн засаг, бизнес, санхүүгийн манай сайн түншүүд. Энэ дотроо ялгаварлах хэрэг байна уу?
Б.Долгор: -Ашигт малтмалын хуулийн дагуу авсан лицензүүдийн хувьд яах вэ гэдэг асуудал дээр эргэлзээтэй байгаа. Шууд Ашигт малтмалын тухай хуулиар авсан тэр лицензийн дагуу ураны ашигт малтмалын олборлох асуудал нэлээн хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа. Үүнийг шууд түдгэлзүүлнэ гэсэн утгаар биш, хуулийн орчинг өөрчлөх явцдаа тухайн асуудал дээр тодорхой хэмжээний өөрчлөлт гаргах үндэслэл бий болж байгаа.
Лицензийг зөвхөн ашиглах, түүнийг хэрэглэх утгаар биш, харин цааш нь худалдах, түүнээс ашиг олох /ашиглахгүйгээр ашиг олох/ утгаар авсан лиценз дээр эргэж харж үзэхээс аргагүй байдал байгаа гэдгийг хэлж байгаа юм.
Стратегийн орд, түүхий эдийн хувьд бид үнэхээр цацраг идэвхт ашигт малтмал, энэ түүхий эдийг жичид нь авч үзэхээс арга байхгүй. Ялангуяа цөмийн зэвсгийн асуудал дээр гэж үзэхэд түүхий эдээр нь хяналт тавих ийм утга байгаа. Тийм учраас энэ асуудлыг ердийн ашигт малтмалтай адилтхан үзэх боломж нөхцөл байхгүй байгаа гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа байх.
Стратегийн түншүүдийн хувьд ерөнхийдөө манай улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, манай Монгол улсын хувьд эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол талаасаа, мөн олон улсын улс орнуудын эрх ашгийг тэнцүү авч үзэх энэ утгаар нь тухайн асуудалд хандаж, бодлого, хөтөлбөрт тусгаж оруулж ирсэн байгаа.
Д.Дэмбэрэл: -О.Чулуунбат тодруулъя.
О.Чулуунбат: -Би дахин тодруулъя. Манай гаргаж байгаа ураны хүдэр маань “шар нунтаг” гэдгээр зүгээр нэг түүхий эд байгаа. Бид яагаад ч цөмийн зэвсэгт ашиглахаар хэлбэрт хүргэж чадахгүй, эсвэл цөмийн энергид ашиглах хэлбэрээр, түлш хэлбэрээр бид гаргаж чадахгүй шүү дээ. Яваандаа ер нь Монголоос гарах төмрийг хүртэл танк хийдэг юм, зэвсэгт хэрэглэдэг учраас дахиад төр зохицуулна. Янз бүрийн манай металлын ордууд дээр бүгдийг зэвсэгт техникт хэрэглэж болохоор түүхий эд байгаа шүү дээ. Энэ бүгд дээр дахиад л төр засгийн оролцоо, төрийн зохицуулалт хийгдэх болох гээд байна. Би тэр утгаар нь, үүнийг зүгээр энгийн түүхий эд гэдэг утгаар зохицуулалт хийж болохгүй юу гэж асуугаад байгаа юм.
Б.Долгор: -Үүнийг энгийн түүхий эд гэж үзэх аргагүй. Ялангуяа шууд түүхий эд хэлбэрээр нь бид гаргахгүй гэж үзэж байгаа. Наад зах нь шар нунтаг болгож гаргана гэж үзэж байгаа. Үүнийг бид баяжуулах, цаашлаад түлш болгож гаргах хүртэл ийм хэмжээний томоохон бодлогуудыг явуулна гэж үзэж байгаа учраас бид ялангуяа төмөр ч гэдэг юмуу, ердийн түүхий эдтэй адилтган үзэх боломж байхгүй. Бусад улс орнуудын практик ч гэсэн ийм байгаа. Энэ асуудлыг ердийн ашигт малтмалаас өөрөөр авч үзэж байгаа юм.
Д.Дэмбэрэл: -Уг нь сонин зарчмын асуудал асуусан юм. Бусад газрууд дээр төмөр, цэргийн техник гээд байвал ингээд яриад байх уу гэсэн.
Су.Батболд асуултаа асууя.
Су.Батболд: -Баярлалаа. Ураны орд илрэлүүдийн лицензийн эзэмшлийн асуудлуудыг хэрхэн яаж шийдэж байгаа вэ гэж асуумаар байна. Одоо гэрээ байгуулаад ашиглаад эхэллээ. Хувийн эзэмшилд байгаа ордуудыг хэрхэн ашиглах, энэ дээр ямар бодлого барьж байгаа вэ гэдгийг асууя. Цаашдаа хайгуулын лиценз эзэмшээд ураны илрэцтэй газруудад компаниудад А лиценз олгохдоо ямар бодлого барих юм бэ?
Хоёрдугаарт, Оростой гэрээ, хэлэлцээр хийлээ гэж байна. Францын АREVA ч юмуу, Японы Марубени сонирхоод байгаа, ирж уулзаж байгаа гэсэн. Эдгээртэй ямар хэмжээнд яригдаж байгаа вэ? Японтой бид ураны салбарт хамтарч ажиллахын тулд заавал Оросоор дамжуулж хамтарч ажиллах ёстой юмуу? Эсвэл бие даасан байдлаар Японтой ч юмуу, Францтай шууд харьцаж болдоггүй юм болов уу.
Б.Долгор: -Ураны ашигт малтмалын лиценз эзэмшлийн хувьд нэгэнт Ашигт малтмалын хуулиар одоогийн нөхцөлд зохицуулагдаж байгаа учраас Ашигт малтмалын хуулиар л тэр хувь эзэмшлийн тухай асуудлыг ойлгож явж байгаа. Үүнийг харин өөр зохицуулалт хийх үүднээс Цөмийн энергийн тухай хуулийг шинээр боловсруулж оруулж ирж байгаа. Энэ дээр хувь эзэмшилтэй холбоотой, стратегийн орд газар, үүнтэй холбоотой асуудал маань шинэ зохицуулалтаар орж ирнэ гэж та бүхэн ойлгоорой. Цөмийн энергийн тухай хууль ороод ирэхээр энэ асуудал жич яригдаж, УИХ дээр ямар байдлаар шийдэгдэх юм, тэгээд шийдэгдэх байх гэж бодож байгаа.
Франц, Япон зэрэг улс оронтой хэлэлцээр хийхэд Оросоор дамжуулан хийнэ гэсэн ойлголт байхгүй. Францтай ч юмуу, Японтой ч юмуу хэлэлцээрүүд бас хийгдэж байгаа гэдгийг хэлмээр байна.
Д.Дэмбэрэл: -Э.Бат-Үүл гишүүн асуултаа тавья.
Э.Бат-Үүл: -Би Долгор сайдаас жаахан хачирхмаар асуудал асууя. Энэ асуудал дээр Хятадын талын байр суурь ямар байгаа вэ? Хятадын Засгийн газрын байр суур? Би яагаад ийм асуулт асуугаад байна вэ гэвэл сүүлийн үед Монголын төрийн бодлогод Хятадын ашиг сонирхлын лобби нэлээн хүчтэй тусгалаа олж байна уу гэж би хараад байна. Саяхан Оюу толгойн гэрээ, хэлэлцээр дээр УИХ дээр хэлэлцэгдэж байх явцад цаг хугацааны давхцал гарсан. Засгийн газар хоорондын хуралдаан дээр Хятадын тал Монголын талыг нэлээн дарамтлах, шаардах маягтай, Оюу толгой, Таван толгой дээр чинь бид орно гэсэн ийм тулгалт хийж, энэ тулгалтын дараахан Их Хурал дээр Оюу толгойн хэлэлцээр тасалдаж зогсох ийм байдалд орсон гэж би хувьдаа ойлгоод байна. Энэ асуудлаар Их Хурал дээр хамгийн идэвхтэй үгээ хэлж байгаа нь би юм.
Одоо Хятадууд үнэхээр эдийн засгийн хувьд хүчирхсэн, Хятадаас бусад их гүрнүүд зээл тусламж хүссэн, Хятадтай хамтын ажиллагаагаа улам сайжруулах гэж уралдаж өрсөлдсөн ийм байдалтай байгаа. Ийм байдлыг их гүрэн заавал ашигладаг. Өөрөөр хэлбэл, ийм үед тэр их гүрэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад бусад орон хориг саад хийж чаддаггүй. Яагаад гэвэл өөрсдөө гуйж байгаа учраас. Сүүлийн үед Хятадын Засгийн газар жаахан дээрэнгүй маягтай харьцаж байна уу гэж бодоод байна. Өөрийн давуу байдлаа ашиглаж Монголд дарамт үзүүлэх гэсэн ийм оролдлоготой, түүгээр барахгүй энэ оролдлого нь Монголын төрийн бодлогод тусгалаа олоод байна уу гэсэн ийм болгоомжлол надад төрөөд байна. Тэгээд би нэгдүгээрт асууж байгаа юм. Энэ дээр Хятадын байр суурь ямар байна вэ? Тэд юу гэж сонирхож байна вэ?
Би нэлээн түгшээд байгаа юм. Уг нь бид гадаад бодлогын үзэл баримтлал дээр олон тулгууртай, хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцана гээд заасан байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр харвал ер нь хөрөнгө оруулалт эдийн засгийн худалдаа талаас нь харвал, ялангуяа сүүлийн үед улс төрд нөлөөлж байгааг нь харвал Хятадууд хамаагүй давамгай байдалтай болчихсон юм болов уу гэж бодоод байгаа юм. Тэгээд би асуугаад байна.
Гуравдугаарт, ингэж асуугаад байгаа учир шалтгаан байна уу гэхээр хөтөлбөрийн хоёрдугаар хэсэг дээр цөмийн эрчим хүч ашиглах ийм чиглэл рүү явна гэж заагаад байгаа юм. Энэ дээр би маш их баярлаж байгаа юм. Яагаад маш их баярлаж байна вэ гэхээр хэрвээ цөмийн эрчим хүч ашиглах тийм хэмжээнд бид очих юм бол манай шинжлэх ухаан аварга хөтөлбөртэй болно. Монгол дэлхийн төвшний шинжлэх ухааны төвшинд очно гэсэн үг. Би Пакистаны цөмийн зэвсгийн эцэг болсон хааны ярилцлагыг үзэж байсан. Пакистан яагаад цөмийн зэвсэгтэй болсон бэ гэвэл нэг шалтгаанаа хэлж байгаа юм. “Бид дэлхийн төвшинд шинжлэх ухааныхаа төвшинг аваачих гэсэн юм. Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн цаана дэлхийн төвшний шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухааны төвшин тогтдог” гэсэн ийм сонирхол байсан гэдэг. Тэгэхээр би үүнийг хараад баярлаж байна. Нэн ялангуяа манай цөмийн физикчдийн олон жилийн мөрөөдөл дөө. Цөмийн физик гэж ярьснаас хойш л мөрөөдсөн юм энэ. /минут дуусав/
Достарыңызбен бөлісу: |