ЗОРИЛГООР ХӨТЛҮҮЛСЭН АМЬДРАЛ Хичээл 26 (XXVI долоо хоног)
Эсийн бүлэгт, Найдвар чуулган, 2014 он 03 сар
СОРИЛТООР ДАМЖИН ӨСӨХ НЬ
Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсадад амласан амийн титмийг хүлээн авна. Иакоб 1:12
Миний амссан сорилт миний теологийн боловсрол байсан юм. Мартин Лютер
Сорилт бүр сайныг үйлдэх боломж юм.
Сүнсээр төлөвших явцад, бид соригдохдоо бурууг үйлддэг шигээ зөвийг ч мөн үйлдэж болно гэдгийг ухаарах үед сорилт нь биднийг бүдрүүлэх чулуу биш харин цааш урагшлахад хэрэг болох гишгүүр чулуу болдог. Сорилт бол сонголт бүхий боломж юм. Сатан бидэнд хор хүргэхийн тулд сорилтыг ашигладаг бол, Бурхан үүнийг биднийг өсгөхийн тулд ашигладаг. Бид гэм хийхийн оронд сайныг үйлдэхийг сонгох бүртээ Христтэй адил болон өсөж байдаг. Үүнийг ойлгохын тулд Христийн зан чанаруудыг таньж мэдэх хэрэгтэй. Түүний зан чанарыг хамгийн тод харуулдаг тодорхойлолт нь Ариун Сүнсний үр жимс юм. “Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.”1 Эдгээр 9 зан чанар нь Есүс Христийн талаарх гайхамшигтай сайхан дүрслэл юм. Есүс бол төгс төгөлдөр хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр гэх мэтчилэн бусад бүх шинжүүдийг өөртөө агуулсан нэгэн юм. Ариун Сүнсний үр жимстэй байна гэдэг нь Христтэй адил байна гэсэн үг.
Тэгвэл эдгээр 9 зан чанаруудыг Ариун Сүнс бидний дотор хэрхэн бий болгодог вэ?
Эдгээр нь тэр даруй бий болдог уу? Мэдээж үгүй. Үр жимс бол аажмаар ургаж боловсордог зүйл юм. Одоо хэлэгдэх өгүүлбэрт бидний суралцах ёстой маш чухал үнэнийг багтаасан байна. Бурхан биднийг сорилтонд оруулж, яг эсрэг зан чанарыг илэрхийлмээр тийм нөхцөл байдлыг туулахыг зөвшөөрснөөрөө Ариун Сүнсний үр жимсийг ургуулдаг. Зан чанар төлөвшихөд бидний сонголт хамаатай бөгөөд сорилт бидэнд тэрхүү сонгох боломжийг олгодог. Жишээлбэл, Бурхан биднийг хайрламааргүй хүмүүсээр хүрээлүүлээд хайрлахыг бидэнд заадаг. Таныг хайрладаг, хайр татам хүмүүсийг хайрлахад ямар ч зан чанар шаардлагагүй. Бид гуниг зовлонгийн дундаас Бурханыг хайх үед Тэр бидэнд жинхэнэ баяр баясгаланг зааж өгдөг. Аз жаргал нь гадаад нөхцөл байдалтай холбоотой бол баяр баясгалан нь таны Бурхантай харилцах харилцаанд суурилдаг. Бидний төлөвлөсөн ажил бүтэхгүй байх болон эргэлзэж самгардсан хүнд хэцүү байдлыг туулуулснаар, Бурхан бидний дотор жинхэнэ амар тайвныг өгдөг. Айдас, санаа зовнилын сорилт дунд Бурханд итгэж найдахыг сонгох үедээ бид жинхэнэ амар амгаланг сурдаг. Дарамт шахалт, уур хилэн, сорилтонд байхдаа бид улам бүр тэвчээртэй болдог. Биднээр сонголт хийлгүүлэхийн тулд дээрх аль нэгэн үр жимсний эсрэг байх тийм нөхцөл байдлыг Бурхан ашигладаг. Хэрэв та ганц ч удаа соригдож байгаагүй бол сайн гэж хэлэхийн аргагүй. Үнэнч байж чадамгүй тийм нөхцөл байдалд орж байгаагүй хүн өөрийгөө үнэнч гэж хэлэх аргагүй. Бид худал хэлэх сорилтыг туулж байж үнэнч болж, бардам байхгүйг хичээх үедээ даруу болж, шантрах сорилтыг давж байж тэвчээртэй болдог. Сорилтыг ялах бүртээ бид Есүстэй улам адил болсоор байдаг.
СОРИЛТ ХЭРХЭН ИРДЭГ ВЭ?
Сатаны хийдэг зүйлийг таамаглах боломжтой гэдгийг мэдэх нь бидэнд тустай. Сатан бүр эхнээсээ л яг нэг хэвийн, хуучин башир, хуурах аргаа хэрэглэж ирсэн. Бүх сорилтын эхлэл ижил төстэй. Элч Паул “...Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.”2 Бид библиэс сорилт 4 үе шаттай байдгийг сурах боломжтой бөгөөд Адам, Ева болон Есүс ч гэсэн мөн тэр л байдлаар соригдсон.
Эхний үе шатанд, Сатан таны дотор буй хүсэл шаардлагыг анзаарч тодорхойлдог.
Энэ нь магадгүй өш хонзон санах, бусдыг хянах гэсэн гэмт хүсэл байхаас гадна, хайрлуулах, үнэлүүлэх эсвэл таашаал мэдрэх гэсэн энгийн хүсэл ч байж болно. Сатан бидэнд бузар муу хүсэл шаардлагыг бий болгох юм уу, биднийг зүй ёсны хүсэл шаардлагаа буруу аргаар, буруу үед хангахыг зөвлөснөөр сорилт эхэлдэг. Дөт, товч замаас үргэлж болгоомжил. Ихэнхдээ энэ нь урхи байдаг. Сатан бидний зүрхэнд “Чамд үүнийг авах эрх нь байгаа, чи хүртэх зохистой. Тэр их сонирхолтой, бас чамайг сэргээж тайтгаруулна. Чамд сайхан мэдрэмж, баяр баясгаланг өгнө” гэж шивнэдэг.
Сорилт бидний эргэн тойронд байгаа гэж бид боддог боловч энэ нь бидний дотроос эхэлдэг гэж Бурхан хэлдэг. Магадгүй бидний дотор ямар нэгэн хүсэл шаардлага байдаггүй байсан бол сорилтонд хэзээ ч орохгүй байх байсан бизээ. Сорилт ямар нэг нөхцөл байдлаас үүсдэггүй, харин үргэлж бидний оюун ухаанд эхэлдэг. Есүс ийнхүү хэлсэн байдаг. “Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад явдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. Энэ бүх хорон зүйлс дотроос гарч хүнийг бузарладаг.”3 Иаков номонд “Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү?”4 гэж хэлдэг.
Хоёр дахь үе шат бол эргэлзээ юм. Сатан биднийг гэмийн талаар Бурханы хэлсэн үгэнд эргэлзүүлэхийг чармайдаг. Ингэх нь үнэхээр буруу зүйл үү? Үнэхээр Бурхан үүнийг битгий үйлд гэж хэлсэн үү? Бурхан үүнийг өөр нэгэнд, эсвэл зөвхөн ямар нэг нөхцөлд л үүнийг битгий хий гэж хэлсэн юм биш үү? Бурхан чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэггүй гэж үү? Гэвч библи бидэнд ийнхүү сануулсан “Ах дүү нараа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжил.”5
Гурав дахь үе шат бол мэхлэл юм. Сатанд үнэнийг хэлэх чадвар байдаггүй бөгөөд түүнийг “худал хуурмагийн Эцэг” хэмээн нэрлэдэг.6 Сатан бидэнд ямар нэг зүйл хэлж байгаа бол бүгд худлаа, эсвэл хагас нь л үнэн байх боломжтой. Бурханы аль хэдийн хэлсэн үгийг Сатан өөрийн худал үгээр сольж орлуулдаг. Сатан “Та нар үхэхгүй, улам бүр Бурхантай адил мэргэн ухаантай болно. Хэнд ч мэдэгдэхгүйгээр үүнийг өнгөрөөчихөж болно шүү дээ. Энэ чинь зүгээр л нэг ялихгүй гэм. Бүгд л ингэдэг шүү дээ.” гэх мэтээр ярьдаг. Гэвч өчүүхэн гэм ч гэсэн жирэмсний эхний үе шаттай адил бөгөөд, сөрөг үр дагавар нь эцэстээ мэдэгдэх болно.
Дөрөв дэх үе шат бол дуулгаваргүй байдал. Эцэстээ бид өөрсдийн оюун бодолдоо байгаа санаагаа бодитоор үйлдэх болно. Зүгээр л нэг санаа бодол төдий байсан зүйл эцэстээ үйлдэл болно. Элч Иаков “Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь жирэмслээд нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелэлээ олохоороо үхлийг авчирдаг аж.”7
СОРИЛТЫГ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ
Сорилт хэрхэн ирдгийг мэдэх нь тустай ч, үүнээс гадна сорилтыг ялан дийлэх үе шатыг мэдэх нь мөн чухал билээ.
Зүрхээ бүү үхүүл.
Олон итгэгчид сорилтыг даван туулж чадахгүй гэсэн бодолд автан соригдох вий хэмээн айж амьдардаг. Тэд соригдож буй байдлаас болж ичгүүрийг мэдэрдэг. Энэ нь төлөвшилтийн талаарх буруу ойлголт юм. Сорилтгүйгээр бид хэзээ ч өсөхгүй. Нэг талаар бид сорилтыг сайшаалтай хүлээж авч болно. Сатан өөрийнх нь муу хүслийн дагуу амьдардаг хүмүүсийг сорих ямар ч шаардлага байхгүй. Учир нь тэд аль хэдийн түүнийх болсон аж. Сорилт нь бидний сул дорой юмуу эсвэл дэлхийлэг байдлын шинж бус, харин Сатан биднийг ямар их үзэн яддагийн илрэл. Мөн түүнчлэн бид бузар муухай болсон дэлхий ертөнцөд амьдарч байгаа учраас зайлшгүй соригддог. Тиймээс соригдохдоо гайхан цочирдож, цөхрөх хэрэггүй. Бид сорилтыг хэзээ ч тойрч өнгөрч чадахгүй. Бичээст “Та нар соригдохдоо” хэмээн хэлсэн болохоос “Хэрэв та нар соригдвол” гэж хэлээгүй. “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.” (1 Коринт 10:13). Соригдоно гэдэг нь гэм нүгэл биш. Эзэн Есүс ч гэсэн соригдож байсан. Харин Тэр хэзээ ч гэм нүгэл үйлдээгүй. “Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.” (Еврей 4:15). Сорилтод хүн өөрийгөө тавьж өгөхөд энэ нь гэм болдог.
Мартин Лютер “Та шувууг дээгүүрээ нисэхийг болиулж чадахгүй, гэхдээ шувуу толгой дээр чинь үүрээ засахыг бол болиулж чадна.” гэж хэлсэн байдаг.
Сатан бидний тархи толгойд олон зүйлийг бодогдуулахыг нь тэр бүр зогсоож чадахгүй байж болох ч, тэдгээр бодлуудад автаж, түүний дагуу үйлдэхгүй байх сонголтыг бид хийж чадна. Жишээлбэл, олон хүн сэтгэл татагдах, сэрэл хөдлөх хийгээд тачаадан хүсэхийн ялгааг мэддэггүй. Сэтгэл татагдах болон сэрлийн мэдрэмж нь Бурханаас хүнд өгөгдсөн төрөлхийн, сайн сайхан зүйл юм. Харин шуналт хүсэл, тачаал бол хүслийн санаатай үйлдэл байдаг. Хүсэл тачаал нь биеэрээ үйлдэхийг хүсэж буй зүйлээ оюун ухаандаа үйлдэх сонголт юм. Бид тачаадан гэм хийлгүйгээр хүйсийн хувьд хувь хүний сэтгэл татам байдалд нь татагдах боломжтой. Ихэнх хүмүүс, ялангуяа Христэд итгэгч эрэгтэйчүүд Бурханаас өгөгдсөн дааврынхаа ялгарлаас болж өөрсдийгөө яллаж, ичгэвэртэй мэдрэмжийг тээсээр явдаг. Сэтгэл татам сайхан эмэгтэйд хандаж буй өөрийн хандлагаа хүсэл тачаалаас үүдэлтэй гэм хэмээн бодож, өөрөө өөрийгөө буруушаадаг. Сэтгэл татагдах нь түүндээ бүрэн автахгүй л бол энэ нь хүсэл тачаал биш юм. Үнэндээ Бурхан уруу биднийг ойртох тусам Сатан биднийг улам ихээр сорьдог. Бид Сатаны дайсан болсон бөгөөд, тэр биднийг муу муухай болгох бүхий л башир аргуудыг сэдэж хэрэгжүүлдэг. Заримдаа биднийг залбирч байх үед Сатан биднийг зовлонд унагаж, ичгүүртэй байдалд оруулахын тулд элдэв сонин зүйл, бузар муухай зүйлийг санал болгодог. Ийм үед гайхаж, ичих хэрэггүй. Харин үргэлжлүүлэн залбираарай. Учир нь Сатан бидний залбирлаас айдаг бөгөөд үүнийг зогсоохын тулд юуг ч хийхээс буцдаггүй. “Би яаж ийм зүйлийг бодож чадаж байна аа?” гэж өөрийгөө буруутгахын оронд үүнийг Сатаны саад гэж бодоод, даруй бүх анхаарлаа Бурханд хандуулаарай.
Сорилтын хэв маягийг мэдээд, түүнд бэлтгэлтэй бай.
Бид заримдаа сорилтын өмнө сул дорой болж орхидог. Зарим нөхцөл байдал бидэнд ямар ч саад тотгор болдоггүй байхад, зарим нь сорилтонд унахад хүргэдэг. Тэдгээр нөхцөл байдлууд нь бидний сул талтай холбоотой байдаг бөгөөд Сатан үүнийг сайн мэддэг. Тэр бидний бүдэрч болох зүйл юу болохыг мэдэж аваад, биднийг тийм нөхцөл байдалд оруулахын тулд тасралтгүй хичээдэг. Элч Петр “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.”8 гэж сануулсан. Бид өөрөө өөрөөсөө шударгаар асууж болно. “Би хэзээ хамгийн ихээр соригддог вэ?”, “Долоо хоногийн аль өдөр?”, “Өдрийн аль цагт?”, “Хаана байхдаа хамгийн их соригддог вэ?”, “Гэртээ юү? Ажил дээр юү? Аль эсвэл хөршийндөө юү? Чийрэгжүүлэх төвд үү? Зочид буудалд уу?”, “Хэн надтай хамт байх үед би хамгийн ихээр соригддог вэ?” Найзууд уу?, Хамтран ажиллагсад уу?, Танихгүй хүмүүс үү? Эсвэл ганцаараа байхдаа юу?, Мөн ийнхүү асууж болно. “Соригдох үедээ би юуг ихэвчлэн их мэдэрдэг вэ?”, “Би ямар байдалд хамгийн их соригддог вэ?”, “Ядрах юм уу ганцаардах, эсвэл залхах гуниглах, сэтгэлийн дарамтанд орохдоо юу?”, Үгүй бол ууртай байхдаа, санаа зовохдоо ч юм уу, эсвэл томоохон амжилт гаргахдаа, эсвэл сүнслэг ялалтын дараа соригддог байж болох юм. Өөрийн соригддог хэв маягуудыг сайтар мэдэх аваас бүдрэх боломж бүхий нөхцлүүдээс та зайлсхийж чадна. Библи бидэнд таамаглахаа зогсоогоод, сорилттой тулгарах бэлтгэлээ бодитой хийх тухай сануулдаг (Матай 26:41, Эфэс 6:10-18, 1 Тес 5:6,8, 1 Петр 1:13, 4:7, 5:8). Элч Паул хэлэхдээ “Бугт байр бүү тавьж өг.”9
Мэргэн ухаалаг төлөвлөх нь сорилтыг багасгадаг. Бичээст “Хөлийнхөө доорх замыг хар.Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно. Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.” (Сур.үгс 4:26-27). “Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.”10
Бурханы тусламжийг хүс.
Тэнгэрийн улсад түргэн тусламжийн утас 24 цагаар ажилладаг. Бурхан биднийг сорилтоос гарахад тусламж үзүүлэхийн тулд хүлээж байдаг. “Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.
Би чамайг аврах бөгөөд чи Намайг хүндэтгэх болно” (Дуулал 50:15).
SOS! хэмээх дуудлагыг Бурхан андахгүй. Сорилттой нүүр тулсан хүнд Бурхантай удаан ярилцаад байх хугацаа байдаггүй. Та шууд л Түүн рүү хандан хашгир. Даниел, Давид, Петр, Паул бүгд л хэцүү байдалд ийнхүү залбирч байсан. Тусламж хүссэн бидний залбирал заавал хариутай байх болно гэдгийг библи хэлсэн. Учир нь Есүс биднийг зовоход хамт зовдог. Тэр бидэнтэй адилаар соригдож байсан.
“Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.” (Евр 4:15).
Бурхан биднийг Өөрөөс нь тусламж гуйхыг хэзээ ямагт хүлээдэг байтал бид яагаад Түүнээс тусламж гуйдаггүй вэ?
Шударгаар хэлэхэд, бид заримдаа тусламж гуйхыг хүсдэггүй. Буруу зүйл гэдгийг нь мэдсээр байж бид сорилтонд орчихдог. Тэр үедээ бид өөртөө юу сайн болохыг Бурханаас илүү мэддэг гэж боддог. Заримдаа бид үргэлжлүүлэн нэг л сорилтонд дахин дахин бүдэрдэгтээ ичин, Бурханаас тусламж хүсч чаддаггүй. Гэвч биднийг Түүн дээр ахин дахин ирэх үед Бурхан залхдаггүй, тэвчээр алдардаггүй, дургүйцдэггүй. Библид “Бид хэрэгтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.”11 гэжээ. Бурханы хайр болон тэвчээр нь үүрд мөнхийнх. Магадгүй бид хүнд хэцүү сорилтыг даван туулахын тулд Бурханаас өдөрт 200 удаа гуйсан ч, Бурхан тэр даруй хайр нигүүлслээ өгөх болно. Тиймээс зүрх зоригтой байгаарай. Зөвийг үйлдэх хүчийг Бурханаас гуйхад, Бурхан түүнийг танд өгнө гэсэн итгэлээр ирээрэй.
Сорилт нь биднийг Бурханд илүү түшин найддаг болгодог. Энэ нь салхи үлээх тусам модны үндэс улам бэхждэгтэй адил юм. Иймд бид сорилтонд орох бүртээ, давах бүртээ Есүстэй адилхан болж байдаг. Бид сорилтонд унасан ч тэр нь аминд халтай зүйл биш. Шантралгүйгээр Бурханд найдаарай. Түүний тусламжинд найдан, хожим ирэх шагнал таныг хүлээж байгааг санаарай. “Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсадад амласан амийн титмийг хүлээн авна.”12
Хичээл 26
ӨӨРИЙН АМЬДРАЛЫН ЗОРИЛГЫГ ЭРГЭЦҮҮЛЭХ
Гол санаа: Сорилт бүр сайныг үйлдэх боломж.
Цээжлэх ишлэл: “Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсадад амласан амийн титмийг хүлээн авна.” Иакоб 1:12
Ярилцах асуулт: Надад хамгийн их тулгардаг сорилтыг даван туулснаараа би Христтэй ямар зан чанараараа илүү адил болж өсөх вэ?
Нэмэлт асуулт: Хэзээ, ямар үед та хамгийн их соригддог вэ?
Таны бодлоор, дээр өгүүлсэн сорилтыг ялан дийлэх үе шатуудын аль нь танд хамгийн их өгөөжтэй санагдсан бэ?
Достарыңызбен бөлісу: |