Дэлхий дахины санаачлагын зорилтоос



Дата11.07.2016
өлшемі296.88 Kb.
#191455
ХҮҮХДИЙН БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛ

ХҮНИЙГ ЦОХИХ БУРУУ – ХҮҮХЭД Ч ГЭСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ”1



ДЭЛХИЙ ДАХИНЫ САНААЧЛАГЫН ЗОРИЛТООС

Хүүхэд ч гэсэн хүний эрх эдлэгч бөгөөд бие махбодийн шийтгэл бол тэдний хүний нэр төр, биеийн болон сэтгэл санааны халдашгүй байдлыг хүндэтгэх хүүхдийн эрхийн үндсэн зөрчил гэдгийг олон нийт сайтар мэддэг болжээ. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйлд эцэг эх болон бусдын халамжид байгаа хүүхдийг “биеийн болон сэтгэл санааны хүчирхийллийн бүх хэлбэрээс хамгаалахыг” конвенцийн Гишүүн Улсуудаас шаарддаг. Хувь хүмүүсийн хоорондын хүчирхийллийн бусад хэлбэртэй адилгүй, хүүхдийн бие махбодийн шийтгэлийг олон улс орнуудад хуулийн дагуу зөвшөөрсөн явдал нь хуулийн дагуу тэгш хамгаалагдах түгээмэл эрхтэй зөрчилддөг.



Хүүхдийг цохих нь бие махбодийн болон сэтгэл зүйд хор хөнөөлтэй, бүр амь насанд хүрэх аюултай үйлдэл. Судалгаагаар бие махбодийн шийтгэлийг хүүхэд насны болон хожмын амьдралын хүчирхийлсэн хандлага, үйлдлийг хөгжүүлдэг ноцтой хүчин зүйл хэмээн тодорхойлсон байна. Энэ нь хүүхдийн эерэг хөгжил, хүмүүжлийн эерэг хэлбэрийг боогдуулах, эсвэл саад болдог. Хүмүүжлийн эерэг, хүчирхийлсэн бус хэлбэрийг хөхиүлэн дэмжсэнээр эцэг эхэд боломж олгож, гэр бүлийн хэт их ачааллыг бууруулдаг. Гэсэн ч дэлхийн ихэнх улс орнуудад гэр бүлийн орчин дахь бие махбодийн шийтгэл хууль ёсны үзэгдэл мэт оршиж, олон сургууль, байгууллагуудад бие махбодийн шийтгэлийг хүмүүжлийн хүлээн зөвшөөрсөн хэлбэр, эрүүгийн институтуудын дунд зохих ял шийтгэл мэт тооцсоор байна.

Одоо дэлхий дахины бие махбодийн шийтгэлийг нийгмийн болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрсөн байдлыг арилгахад чиглэсэн шуурхай арга хэмжээ авах цаг болсон гэдэгт бид итгэж байна. Зарим улс орон хэдийнэ гэр бүлийн орчныг хамруулан, бие махбодийн хүчирхийллийн бүх хэлбэрийг хуулиар хоригложээ. Энэ салбар дахь эрх зүйн шинэчлэлийн гол зорилго нь эцэг эхийг шийтгэх явдлыг ихэсгэх бус, харин тэдгээрийн хандлагыг өөрчилж, гэр бүлийн эерэг харилцааг хөхиүлэн дэмжихэд чиглэнэ. Олон улс орнууд сургууль, бусад байгууллагуудаас бие махбодийн шийтгэлийг зайлуулснаар эерэг дүн гарчээ. Үндсэн хуулийн болон дээд шүүхүүд бие махбодийн шийтгэлийг буруушаасан шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн бид хүүхдийн бие махбодийн шийтгэлийг эсэргүүцсэн өөрийн байр суурийг зарлан тунхаглах, бие махбодийн шийтгэлийг арилгах хугацаа заахыг засгийн газруудад уриалж байна. Энэ нь эрх зүйн шинэчлэлийн хамт хүүхдийг оролцуулан, орон нутгийн бүх салбарыг оролцуулсан олон нийтийн боловсролыг нэг дор шаарддаг.

Дэлхий дахины санаачлага нь НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХЭДКГ, тус газрын дарга, Хүүхдийн эрхийн хорооны гишүүд, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенцийн бүлэг” ТББ-ын дэмжлэг авдаг.



Энэ гарын авлагын зорилго

Гарын авлага нь хүүхдийн бие махбодийн шийтгэлийн тодорхойлолт, хир нийтлэг байдаг, яагаад хүүхдийн хүний эрхийн үндсэн зөрчил болдог, хүүхдэд ямар мэдрэмж төрүүлдэг, үүнийг устгах ололт амжилтын талаар ерөнхий мэдлэг олгоно. Байгууллага, институт олон нийтийн боловсрол, эрх зүйн шинэчлэлээр дамжуулан, хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлтэй тэмцэх компанит ажлыг боловсронгуй болгоход тусална. Компанит ажил зохион байгуулахад хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд ихэвчлэн бие махбодийн шийтгэлийг хамгаалахад чиглэсэн баталгаануудад хариултыг өгөх болно.



Агуулга

  1. Тодорхойлолт

  2. Бие махбодийн шийтгэл – Хүүхдийн өдөр тутмын амьдралын хэсэг

  3. Бие махбодийн шийтгэл ба хүний эрх

  4. Бие махбодийн шийтгэлийг арилгахад чиглэсэн ололт амжилт

  5. Хүүхдийн бодол

  6. Бие махбодийн шийтгэл – Маш хувийн асуудал

  7. Бие махбодийн шийтгэлийн нийтлэг хамгаалалтад хариулах нь

  8. Дэлхий дахины санаачлагын нарийн зүйлс

  9. Хэрхэн идэвхтэй оролцох вэ

1. БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Бие махбодийн буюу биеийн шийтгэл бол хүүхдийг гараар цохих, эсвэл саваадах, ороолгох, өөр зүйлээр цохих, өшиглөх, сэгсрэх, шидэх, самардах, маажих, чимхэх, хазах, үсийг зулгаах, ая тухгүй байдалд байлгахаар хүчлэх, түгжих, хүлэх, түлэх, шалзлах, хүчээр залгиулах (жишээлбэл амыг савангаар угаах) зэрэг өвчин шаналал, биеийг тавгүйтүүлэх зорилгоор үйлдэгдэх биеийн хүчээр үзүүлж буй аливаа шийтгэлийг хэлнэ.

Биеийн хүчийг шууд ашигладаггүй хүүхдийн шийтгэлийн хор хохиролтой, гутаан доромжилсон бусад хэлбэрүүд бий. Бие махбодийн шийтгэл, хүүхдэд хандах хандлагыг өөрчилснөөр шийтгэлийн бусад хэлбэрийг хориглоно.

Хүүхдийг цохих, эсвэл гутаан доромжлох эрхтэй гэж бодсон насанд хүрэгчдийг өөрчлөх нь хүүхдийн үндсэн хүний эрхийг ойлгох чухал ач холбогдолтой. Хүүхэд насанд болон хожмын амьдралд үзүүлэх бие махбодийн шийтгэлийн биеийн, сэтгэл зүйн хор хөнөөлтэй нөлөө, хүчирхийллийн бусад хэлбэрийг хөгжүүлэх харилцан холбоог судалснаар тус туршлагыг буруушаах, устгах баталгааг нэмэгдүүлэх болно. Судлаачид “Энэ бол нийгэм дэх хүчирхийллийн бүх хэлбэрийг бууруулах гол стратеги₮ хэмээн тооцож байна.



2. БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛ – ХҮҮХДИЙН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ХЭСЭГ

Дэлхий дахины ихэнх улс орнуудад нярай ялгалгүй олон хүүхдүүд өөрийн гэртээ бие махбодийн шийтгэлд өртөх явдал үргэлжилсээр байх ба их хэмжээгээр ноцтой гэмтэх, эсвэл амь нас хохирсоор байна. Олон улс орнуудад багш нар сурагчдыг саваа, эсвэл тэлээгээр цохихыг зөвшөөрсөн ба орон сууц, ажлын байранд хүүхдэд бие махбодийн шийтгэлийг ашиглаж байна. 50 гаруй улс оронд хүүхэд, залуусыг шүүхээс ташуурдах, эсвэл ороолгох шийдвэр гарч, бие махбодийн шийтгэлийг эрүүгийн институтуудад ашиглаж байна. Бие махбодийн шийтгэлийг устгах гол стратеги бол хүүхэд, эцэг эх, багш, бусад хүмүүстэй ярилцлага хийх судалгааны аргаар бие махбодийн шийтгэлийг улам ил тод болгох ажээ. Дэлхий дахины санаачлага нь бие махбодийн шийтгэлийн тархалт, хууль ёсны байдлын дүр зургийг бий болгохыг зорьдог.



Дэлхийн эргэн тойронд хийсэн судалгаанаас иш татвал:

Барбадос Улс:

Судалгаанд оролцсон нийт эцэг эхийн 70% нь бие махбодийн шийтгэлийг “ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн”, тэдгээрийн 76% нь хүүхдээ бүс, тэлээгээр зодож байснаа хүлээн зөвшөөрчээ.



Египет Улс:

Маш олон хүүхэд хамарсан 1996 онд хийсэн судалгаагаар нийт хүүхдийн ¾ нь байнга бүс, тэлээгээр зодож хүмүүжигдсэн, ¼ нь гэмтэж бэртсэн байна.



Солонгос Улс:

1980-аад онд хийсэн Хүүхэд Хамгааллын Холбооны судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 97% нь бие махбодийн шийтгэл амсаж, тэдний олонхи нь удаа дараа бэртэж байжээ.



Кувейт Улс:

Эцэг эхийн хандлагын талаарх 1996 онд хийсэн судалгаагаар нийт оролцогч эцэг эхийн 54% нь хүүхэд хүмүүжил муутай байвал балмад зодохыг шууд хүлээн зөвшөөрсөн бол 9% нь бие махбодийн шийтгэлд түлэхийг хүлээн зөвшөөрчээ.



Пакистан Улс:

1998 онд баруун хойд хилийн мужийн 600 бага сургуулийн багш, эцэг эхийн дунд хийсэн судалгаагаар бие махбодийн шийтгэлээс шалтгаалан, ноцтой гэмтсэн 70 тохиолдол илэрсэн ба түгээмэл бие махбодийн шийтгэлд саваадах, чихнээс татах, нүүр алгадах, гутаан доромжилсон байрлалд хүүхдийг зогсоох зэрэг багтсан байна.



Румын Улс:

1992 онд хийсэн судалгаанд оролцсон эцэг эхийн 84% нь хүүхдийг хүмүүжүүлэхээр хонгон дээр алгадах бол “энгийн” арга, 96% нь гутаан доромжлоогүй гэж үзсэн байна.



Нэгдсэн Вант Улс:

Засгийн газраас үүрэг болгосны дагуу 1990-ээд онд хийсэн судалгаанд оролцогч ээжүүдийн 75% нь өөрийн хүүхдээ нэг нас хүрэхээс өмнө алгадсан байна. Нэг, дөрөв, долоо, арван нэгэн настай хүүхэдтэй гэр бүлийн хосуудаас ярилцлага авахад бүх хүүхдийн 1/3 –г долоо хоног бүр, эсвэл байнга эцэг эх нь хоёулаа, эсвэл ганцаараа цохьдог, бүх хүүхдийн 1/5 –г багаж хэрэгслээр цохиулсан байна.



Европ:

ЮНИСЕФ – ийн 2001 онд Европ, Төв Азийн 35 улс орнуудын хүүхэд, залуусын үзэл бодолд хийсэн судалгааны хүрээнд 9 – 17 насны 93 сая төлөөлөгчдийн дунд 15200 ярилцлага зохион байгуулж, 10 хүүхдийн 6 нь өөрийн гэр бүл дотор хүч хэрэглэсэн, эсвэл түрэмгий байдалд амьдардаг ажээ.



Бразил Улс:

Удаа дараагийн судалгаагаар гар, бүс, тэлээ, таяг, саваа, бусад багаж хэрэгсэл ашигласан бие махбодийн шийтгэлийн түвшин өндөр байгааг илрүүлсэн бөгөөд дүгнэлтэд “Цохих дон бол Бразилын соёлын үндэсний заншлын нэг юм” гэж дурдсан байна.

(Цохих дон: Бразил Улс дахь хүүхэд, залуучуудын гэр бүлийн бие махбодийн шийтгэл, 2001 он)

Гэр, сургууль, ажлын байран дахь хэрцгий шийтгэл бол Бангладеш Улс дахь хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын хэсэг ажээ. Сурлагын түвшинг улам ахиулах, хүлцэнгүй дуулгавартай байдлыг албадах зорилгоор эцэг эх, асран хамгаалагч, багш нар хүүхдэд байнга зовлон, шаналал учруулдаг. Энэ туршлага нь Бангладешын нийгэм дэх эцэг эх, асран хамгаалагч, багш, ахмад настнууд “буруу зүйл хийдэггүй” гэсэн уламжлалт үзлээр улам өргөжиж байна.

Илүү сайн өдрүүд, илүү сайхан амьдрал: Хүүхдийн эрхийн тухай конвенцийг Бангладеш Улсад хэрэгжүүлэх холын бодлогын зүг” Камал Сиддикүй 2001 он.

Өмнөд Африк Улсад 1993 он хүртэл жил бүр 30000 гаруй зөрчил гаргагч залуу этгээдийг ташуурдан шийтгэсэн ажээ. Харин шинэ Үндсэн хуулийн шүүх 1995 онд ташуурдах нь үндсэн хуулинд нийцэхгүй гэж мэдэгдсэнээс хойш эрүүгийн болон сургуулийн, хүүхэд хамгааллын тогтолцоонд бие махбодийн шийтгэлийг хориглож, хуулинд тодорхой заасан боловч үр нөлөөтэй хэрэгжихгүй байсаар байна. 2003 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэр бүл дэх бие махбодийн шийтгэлийг хориглох тухай саналыг хэлэлцсэн юм.

Ихэнх Кени хүүхдүүдийн хувьд хүчирхийлэл бол сургуулийн амьдралын хэвийн үзэгдэл. Багш нар ангид сахилга бат тогтоох зорилгоор саваадах, алгадах, ороолгох ба муу сурлагатай хүүхдийг шийтгэдэг... Хөхрөх, шалбарах энгийн үзэгдэл бөгөөд ноцтой бэртэл (яс хугарах, шүд цөм цохих, дотуур цус алдах) ховор бус тохиолддог. Заримдаа багш нарт байнга зодуулснаар хүүхдүүд эрэмдэг, хөгжлийн бэрхшээлтэй болох, эсвэл үхэхэд хүрдэг. Энэхүү хэвийн мэт болсон ноцтой бие махбодийн шийтгэл нь Кени Улсын хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн стандартыг зөрчиж байна...



Кени Улс – Хүүхдийг өршөөе: Кени Улсын сургуулиуд дахь бие махбодийн шийтгэл, Хүний эрхийн манаач, 1998 он; 2001 онд Кени Улсад сургуулийн бие махбодийн шийтгэлийг хориглосон.

3. БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛ БА ХҮНИЙ ЭРХ

Бие махбодийн шийтгэл хүний нэр төр, бие махбодийн халдашгүй байдлыг хүндлэх суурь эрхийг зөрчдөг. Эцэг эх, багш, халамжлагч нарын хүчирхийллийг өршөөсөн, тусгайлан хамгаалсан зүйл заалтыг хууль тогтоомжид тусгаж өгсөнөөр хуулийн өмнө эрх тэгш хамгаалагдах эрхийг зөрчиж байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйлд зааснаар Гишүүн Улс эцэг, эх, бусад этгээдийн халамжинд байх хугацаанд “бие махбодийн, эсвэл оюун санааны хүчирхийллийн бүх хэлбэрээс” хүүхдийг хамгаалахыг шаарддаг. 1989 – 1999 оны хооронд НҮБ–ын Гэрээний байгууллага болох Хүүхдийн эрхийн хорооны зүгээс бие махбодийн шийтгэл тус конвенцитой зөрчилдөж байгааг тогтмол мэдэгдэж байлаа. Хороо нь бүх тивийн 120 гаруй улсуудад гэр бүлийн хүрээг ч хамарсан бие махбодийн бүх шийтгэлийг устгах, гэр бүл, сургууль, бусад байгууллагуудад хүчирхийллийн бус, эерэг хүмүүжлийг хөхиүлэн дэмжихийг зөвлөсөн байна.

Хороо 2000, 2001 оны хүүхдийн хүчирхийллийн эсрэг өдрөөр хуралдсан хоёр Ерөнхий Зөвлөгөөнөөс баталсан зөвлөмж дэх асуудлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд гэр бүл, сургууль дахь хүчирхийллийн тухай зөвлөлдөж, хороо дараахь шийдвэрийг гаргажээ. Үүнд:

...шаардлагатай асуудалд, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зүйл заалтын дагуу Улс орнууд өөрийн хууль тогтоомжид гэр бүлийн, сургуулийн, сахилга батын хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглох зорилгоор хууль тогтоох, хүчингүй болгох ёстой...”
Боловсролын зорилгын тухай Хорооны ерөнхий тайлбар

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын (боловсролын зорилгын) тухай 2001 оны 2 дугаар сард баталсан анхны Ерөнхий тайлбартаа Хүүхдийн эрхийн хорооны зүгээс сургуулийн бие махбодийн шийтгэл нь конвенцитой зөрчилдөж буйг онцолж:


... Хүүхэд сургуулийн хаалгыг алхан орсны хариуд өөрийн хүний эрхийг алдаж болохгүй. Жишээлбэл, хүүхдийн төрөлхийн нэр төрийг хүндэтгэх замаар конвенцийн 12.1 дэх заалтын дагуу хүүхэд өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, сургуулийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ханган боловсролыг олгох ёстой. Конвенцийн 28.2 дахь заалтын дагуу сахилга батын талаар тодорхой хязгаарыг хүндлэх замаар боловсролыг олгох, сургуульд хүчирхийлэлгүй байдлыг хөхиүлэн дэмжих ёстой. Хорооны зүгээс хийсэн хяналт шалгалтын дүнд бие махбодийн шийтгэлийг хэрэглэх нь хүүхдийн төрөлхийн нэр төр, сургуулийн сахилга батыг хүндэтгэдэггүй болохыг дахин мэдэгджээ.”
Бусад хүний эрхийн гэрээн байгууллагууд төрөл бүрийн баримт бичигт хүүхдийн бие махбодийн шийтгэлийг буруушаасан аж. Тодруулбал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо 1999 онд “Сурч боловсрох эрх” – ийн тухай Ерөнхий тайлбартаа:
Хорооны үзэж байгаагаар бие махбодийн шийтгэл нь хүний нэр төр хэмээх Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хоёр Пактын оршил хэсэгт сахин хамгаалсан олон улсын хүний эрхийн эрх зүйн суурь чиглүүлэгч зарчимтай зөрчилдөж байна. Сургуулийн сахилга батын бусад зүйлд орох олон нийтийн өмнө гутаан доромжлох зэрэг үзэгдэл хүний нэр төртэй зөрчилдөж болзошгүй...”

Дэлхий дахины санаачлага эхэлсэн нь: Хатагтай Мери Робинсон болон НҮБ – ын Хүний эрхийн Дээд комиссар бие махбодийн шийтгэлийг буруушааж:

Насанд хүрсэн хүмүүс бие махбодийн шийтгэлийг хэрэглэх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцид зааснаар хүүхэд бол хүний эрхийн субьект мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйд хүргэж байна. Хэрвээ бид бүрэн төгс эрх эдлэгч болох хүүхэд, түүний нэр төрд тулгуурласан Конвенцийн мөн чанарт итгэлтэй хэвээр байхыг хүсвэл конвенцийн 19, 28.2 дахь заалтын дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа үйлдлийг хориглох ёстой...”

Хүүхдийн эрхийн тухай конвенци бие махбодийн шийтгэлийг хэрэглэхтэй тэмцэх чухал хэрэгслийг санал болгодог. Конвенци Гишүүн Улсуудыг хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглоход шаардлагатай хууль тогтоох эрх мэдлийн бүх арга хэмжээг авахыг шаарддаг. Мөн “хүүхдийн хүний нэр төртэй нийцсэн байдал” бүхий хүмүүжлийн удирдлагад хувь нэмэр оруулах орчныг бий болгож, хүний эрхийн боловсролоор дамжуулан урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулахад Улс орнуудыг дэмждэг.

Би хуулийн хориг, нийгмийн бүх оролцогчид, ялангуяа эцэг эх, багш нарын мэдрэмжтэй байдал нь бие махбодийн хүчирхийллийн сөрөг нөлөөний эсрэг хүчирхийлэлгүй нийгэмд зорих үйл явцын үндсэн чиглэл гэдэгт итгэж байна. Хүчирхийллийг хэзээ ч хууль ёсоор хүлээн зөвшөөрч болохгүй...”



Дэлхий дахины санаачлагыг эхлүүлэхэд Хүний эрхийн Дээд комиссарын хэлсэн үгээс, Женев хот, 2001 оны 4 дүгээр сар.

4. БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛИЙГ АРИЛГАХАД ЧИГЛЭСЭН ОЛОЛТ АМЖИЛТ

Бие махбодийн шийтгэлийг арилгах гэдэгт халдлагаас хуульд заасны дагуу хүүхдэд тэгш хамгаалалт олгохоор эцэг эх, багш, бусад этгээдийн зүгээс учруулсан хүчирхийллийг өршөөсөн аливаа хүчин төгөлдөр хуулийн хамгаалалтыг хүчингүй болгохыг хэлнэ.


2001 оны байдлаар Австри (1989), Хорват (1999), Кипр (1994), Дани (1997), Финланд (1983), Герман (2000), Израил (2000), Латви (1998), Норвег (1987), Швед (1979) гэсэн 10 улс хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлийг хориглосон, бусад улс бүрэн хориг тогтоохоор хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна.

Сургуулийн, эрүүгийн тогтолцоо дахь бие махбодийн шийтгэлийг дэлхийн улс орнуудын талаас илүү хувь хоригложээ. Эдгээр сургуулийн бие махбодийн шийтгэлийг хориглосон улсуудаас дурдвал Этиоп, Кени, Өмнөд Африк, Шри Ланка, Тайланд, Тринидад Тобаго, Зимбабве болно. Олон улс орнуудад улс төрийн хүчнүүдийн хэлэлцэх асуудал болсоор байна.

Хүүхдийн бие махбодийн шийтгэлийг буруушаасан, хүний эрхийг дээдэлсэн шийдвэрүүдийг үндэсний тогтолцоонд үндсэн хуулийн болон дээд шүүхээс (Израил, Итали, Намиби, Өмнөд Африк, Фижи, Зимбабве Улсад), олон улсын түвшинд Европын хүний эрхийн шүүхээс гаргажээ.

Европын нийгмийн эрхийн хорооноос хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлийг арилгахыг Европын зөвлөлийн 44 Гишүүн Улсуудаас шаардсан Европын Олон нийтийн Дүрмийг даган мөрдөж буйд хяналт тавьж байна. 2001 онд хийсэн хяналт шалгалтаар Хүүхдийн эрхийн хорооны дараалсан зөвлөмжүүд, Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрээс иш татаж, Дүрмийн 17 дугаар зүйл нь “сургууль, гэр, бусад газар, байгууллагууд дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн эсрэг хууль тогтоомжид хориг шаардаж буйг дүгнэсэн байна. Үүнээс гадна хүүхдийг доромжилсон шийтгэл, эсвэл харьцааны бусад хэлбэрийг хууль тогтоомжид хориглож, эрүүгийн, эсвэл иргэний хуулийн холбогдох санкцтай холбогдсон байх ёстой.”


...Хүмүүс насанд хүрээгүй этгээд илүү сэтгэл хөдлөмтгий, мэдрэмтгий шинжтэй тул түүнд хүнлэг бус харьцах, хатуурхах явдлаас хамгаалагдах ёстой гэж бодох тохиолдол бий. Гол үүрэг гүйцэтгэх тухайн Засгийн газар бидний дундах хамгийн сул, маш эмзэг этгээдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүний нэр төрийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр багасгах байдлаар хандаж, тэдгээрийн эрх зүйн ухамсар, бусдын эрхийг хүндэтгэхгүй байдал төлөвших аюулыг нэмэгдүүлдэг.”
Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх: шүүхээс насанд хүрээгүй этгээдийг ташуурдах нь үндсэн хуульд харшилсан гэж мэдэгдсэн шийдвэр
Энэ үзэгдэл нийгэмд зохицуулж чадахгүй байгаа зүйлийн нэг учир олон эцэг эхчүүд хүүхдэдээ боловсрол олгох, хүмүүжүүлэх зорилгоор хүүхдийн эсрэг (бөгсөн дээр алгадах, толгой руу цохих гэх мэт) хүч хэрэглэх нь тохиромжгүй. Эдгээр эцэг эх гэмт хэрэгтэн мөн үү?

Тохирох хариулт нь бидний амьдарч буй хууль ёсны, нийгмийн, боловсролын бодит байдалд орших бөгөөд бид “үндэслэлтэй” тодорхойлолтыг нээлттэй орхиж, хүүхдийн эрүүл мэнд, сайн сайханд аюул заналхийлсэн эрсдэлд буулт хийж болохгүй. Тахал мэт хүчирхийлэл газар авсан нийгэмд бид амьдарч буйг ямагт анхаарч, “хөнгөн” хүчирхийллийг анзаарахгүй орхисноор улам ноцтой хүчирхийлэл руу доройтон орох боломжтой. Бид хүүхдүүдийн бие махбодийн болон оюун санааны халдашгүй байдалд ямарваа нэгэн хэлбэрийн бие махбодийн шийтгэлээр заналхийлж болохгүй...“

Израил Улсын Дээд шүүхийн шийдвэр (2000 оны 1 дүгээр сар)

Хэргийг шийдэхээс өмнө бид хүүхдийн суурь эрхийг Засгийн газраас баталгаажуулаагүй бол ямар ч ач холбогдолгүй болохыг судлахыг хүсэж байна... Засгийн газар сургуулиас сурагчдад үзүүлэх бие махбодийн шийтгэлийг арилгасан эсэхийг баталгаажуулах ёстой. Засгийн газар, сургуулиуд боловсролтой холбоотой аливаа төрлийн хүчирхийлэл гаргахгүйгээр хүүхдийн эрхийг танин мэдэхэд чиглэнэ.”



Дели хотын Дээд шүүх (2000 оны 12 дугаар сарын 1)

Насанд хүрсэн хүмүүсийн хоорондын аливаа биеийн хүчирхийллийн хэлбэрийг хориглодог нийгэмд насанд хүрсэн хүнийг хүүхдэд биеийн хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Хороо үзсэн байна...



Түүнээс гадна цагдаа, хуулийн байгууллагын албан ёсны тоон мэдээллээс үзэхэд хүүхдийн бие махбодид халдсан гэмт хэргийн тоо тогтмол байдлаар өсөн нэмэгдэж байгаа нь яаралтай, зайлшгүй шийдэх асуудлын нэг болон хувирсныг гэрчилж байна. Хүүхдийн бие махбодийн шийтгэлийн аливаа хэлбэрийг хориглох нь нийгэмд юуг хүлээн зөвшөөрөх талаар тодорхой ойлголтыг төрүүлэх, хүн амын боловсролд зориулсан чухал арга хэмжээ билээ. Мөн хүлээн зөвшөөрөгдөх бие махбодийн шийтгэл болон хүлээн зөвшөөрөхгүй шийтгэлийн зааг хязгаарыг хэрхэн тогтоох талаарх маргаан, харилцан хамаарлаас зайлсхийх арга хэмжээ болно.

Европын нийгмийн эрхийн хороо, Дүгнэлт XV 2 – Бүлэг 1, 2001 он, Ерөнхий танилцуулга
5. ХҮҮХДҮҮДИЙН БОДОЛ

Бие махбодийн шийтгэлийн талаар хүүхдийн туршлага, бодлыг сонсож эхлэх нь хүүхдэд хамгийн ихээр хүчтэй нөлөөлдөг. Хүүхдүүд өвдөлтөөс гадна бие махбодийн шийтгэлийн доромжлолын тухай, “дотроос” өөрийг нь хэрхэн зовоодог тухай ярьдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 12 дугаар зүйлд өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн санаа бодлоор “хувь нэмрээ” оруулах хүүхдийн эрхийг Гишүүн Улс хүндэтгэхийг шаарддаг.



Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад, 5-7 настай хүүхдүүдтэй алгадах тухай ярилцсан байна. Тэд алгадахыг цохихтой адил гэж тодорхойлсон бөгөөд олонхи нь алгадахад маш их өвддөг гэжээ. Хүүхдүүд алгадуулахад их дургүй байсан ба алгадах “буруу” гэж ярьсан байна. “Намайг өвтгөж байгаа нь болохгүй зүйл шиг санагддаг. Маш хэцүү, эвгүй санагдаж, намайг буруутай гэж бодогдуулан, өвтгөдөг.” (7 настай охин). “Маш өвддөг, бас сайхан санагддаггүй, хүмүүс алгадуулсан үедээ муухай байдаг” (5 настай хүү). “Ууртай, гомдмоор санагддаг, бас дотроос уур хүрээд байдаг. Бас их өвддөг.” (5 настай охин)

Этиоп Улсад, судлаачид 13-14 настай охидуудаас бие махбодийн шийтгэлийн үр нөлөөний талаар асуужээ. Хүүхдүүдийн жагсаан хэлсэн зүйлс бол хувийн байдал, сэтгэл санааг үймүүлдэг; бие махбодид гэмтэл учирдаг; амь насаа алддаг; шийтгэлээс зугтаж гудамжинд гардаг; шийтгэлээс айсандаа амиа хорлодог гэсэн байна.

Бангладеш Улс дахь хүүхдүүдээс тэдний ажил хөдөлмөрийн нөхцлийн талаар асууж, ажил, гэр, сургууль дахь зодуурын талаар тайлбарыг сонссон байна: “Намайг захирал зодсон ч би аавдаа хэлээгүй. Намайг тоглосон гэдгийг мэдвэл манай аав манай захирлаас илүү уурлана. Хаа сайгүй бие махбодийн шийтгэл байна. Хэрвээ бид хичээлээ хийгээгүй бол багш нар зоддог. Саваа, эсвэл хулсаар бидний гарын алга, эсвэл ар талыг цохидог… Бас ширээн доогуур тонгойлгуулж, хонгон дээр цохидог. Бас чихээ бариад, явган сандал дээр гарч зогсдог. Багш биднийг самбарын алчуур, эсвэл бүдүүн модоор цохидог… Манай багш нанжин чавганы модны мөчрөөр (маш өргөстэй) цохидог. Би хичээлээ ойлгож чадахгүй үедээ багшийг зодох байх гэж маш их айдаг.
Пакистан Улс дахь “Хүүхдийн эрхийн эвсэл ТББ” нь Баруун хойд хилийн мужийн хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ: “Би саваагаар зодуулахыг үзэн яддаг, олон өдөр өвддөг… Миний үснээс ээжийг зулгаахад нүд хүртэл өвдөх шиг санагддаг. Би үзэн ядаж байна... Би гэртээ шийтгүүлсэн үедээ дотор муухайрч, бөөлждөг. Би олон хоног юм идэж чаддаггүй… Нэг удаа миний аав намайг бүх хүчээрээ алгадсан. Миний чихэн дотор их сонин чимээ сонсогдож байсан. Өрөөн дотор байсан бүх зүйл тойрч хөдлөөд байсан. Хамраас цус гарч, би шалан дээр унаад өгсөн. Эмээ над дээр ирсэн. Тэр орилж, аавыг хараагаад байсан…

Бразил Улс дахь 7-9 насны хүүхдүүдээс байнга өвдөлт, уйтгар төрүүлсэн хүмүүжүүлэхээр оноосон гэрийн бие махбодийн шийтгэлийн үеэр юу мэдэрдэгээ зургаар, эсвэл бичгээр илэрхийлэхийг хүсэхэд: “Хүүхдүүдийн хэлсэн өвдөлт байнга бие махбодийн байдаггүй.” Мөн “сэтгэлзүйн өвдөлт” буюу хүүхдүүдийн хэлснээр “зүрхэн дэх өвдөлт”, “дотроос байнга өвддөг”. Том хүүхдүүд уур хилэн агуулж, эгдүүцэх, эсэргүүцэх байр суурь илэрхийлж байжээ.

Өмнөд Африк Улсад 1992 онд хүүхдүүдийн бүлэг төлөөлөгч Кейп хотод зохион байгуулсан Хүүхдийн дээд хэмжээний уулзалтаар Эрхийн Дүрэм баталсан байна. Түүнд: “Бүх хүүхэд сургууль, цагдаа, шорон, гэр дэх бие махбодийн шийтгэлээс ангид байх эрхтэй” гэжээ.

6. БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛ – МАШ ХУВИЙН АСУУДАЛ

Хүүхдийн бие махбодийн шийтгэл бол маш хувийн асуудал ба ихэнх хүмүүс хүүхэд байхдаа цохиулж байсан, ихэнх эцэг эх хүүхдээ цохидог. Бид өөрсдийн эцэг эх болон өөрийн эцэг эх байх үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар муу зүйл бодохыг хүсдэггүй. Үүнээс шалтгаалан энэрэнгүй байх арга зам болон нотолгооны логик маргаан өрнөдөг.

Эцэг эх, бусад халамжлагч, багш нар хүүхдийг цохих явдалдтай тэмцэх явцад сэтгэлзүйн хариу үйлдлүүд илэрдэг. Энэ бол гайхаад байх зүйл биш. Бие махбодийн шийтгэл бол ихэнх улс орны зан заншилтай гүн гүнзгий холбогдсон, он удаан жил үеэс үед хүүхэд хүмүүжүүлэх арга, соёлын нэг хэсэг, заримдаа шашны итгэл бишрэлээр баталгаажсан зан үйл билээ.

Бие махбодийн шийтгэл, бусад хүмүүжлийн шинжтэй доромжилсон хэлбэрийг хэрэглэх явдлыг арилгах аян, хөтөлбөрийг боловсруулахын өмнө удаан хугацаанд хэрэглэж ирсэн туршлагыг насанд хүрсэн хүмүүс зөвтгөдөг хүүхдийн талаарх онцлон тэмдэглэхүйц итгэл бишрэл, хандлагыг ойлгох нь чухал. Ингэснээр эцэг эх, багш, бодлого тодорхойлогч, хууль тогтоогч нар ямар хандлагыг баримталвал илүү үр нөлөөтэйг тодорхойлоход туслах болно.

Бие махбодийн бүх шийтгэлийг арилгах явдал нь эрх зүйн шинэчлэл болон олон нийтийн боловсролын хослол буюу хамтын ажиллагааг шаарддаг. Эрх зүйн шинэчлэл бол дахиж хүүхдийг хэн ч цохих, доромжлох боломжгүй гэдэг ойлголтыг шууд илгээх үндэс юм. Гэхдээ эрх зүйн шинэчлэл хүүхэд, насан хүрэгчдэд сайтар сурталчилан таниулагдсан, эерэг, хүчирхийлэлгүй хүмүүжлийг олгох явдалтай холбогдсоноор үр нөлөө үзүүлнэ. Эцэг эх, багш, бусад этгээдэд хүмүүжлийн үр нөлөөтэй арга замын талаар эерэг зөвлөгөө өгөхөөр хөтөлбөр, баримт бичгийг боловсруулах шаардлагатай. Эдгээр баримт бичгийг тухайн соёл, зан заншилд тохируулан, тохиромжтой жишээ, санаагаар баяжуулан, сайтар бэлтгэх хэрэгтэй. Даян дэлхийн санаачлага нь хүмүүжлийн эерэг, хүчирхийлэлгүй хэлбэрийг хөхиүлэн дэмжих хөтөлбөр, баримт бичгийн жишээ загвар боловсруулах, зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхийг зорин ажилладаг.

Хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлийг арилгах явдлыг өргөжүүлэхэд гагцхүү хүүхэд хүмүүжүүлэхэд анхаарах бус, бүх насанд хүрэгчид – хүүхдүүдийн харилцаанд хүний суурь эрхийг дээдлэхийг хичээх болно.



7. “ХЭЗЭЭ Ч НАДАД ХОР БОЛЖ БАЙГААГҮЙ...” – БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛИЙН НИЙТЛЭГ ХАМГААЛАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Дэлхийн олон улс орнуудад хүүхдийн бие махбодийн шийтгэлийг арилгах үндэсний идэвхитэй аяныг өрнүүлж байна. Тухайн асуудал нь хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд аянд оролцогчид хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар байна.

Бие махбодийн шийтгэлтэй тэмцэх явцад эцэг эх, бусад халамжлагч, багш нараас тодорхой ”хамгаалалт” гарч ирсэн билээ. Энэхүү хэсэгт тухайн хамгаалалтын талаар ярилцах болно. Байгууллагууд өөрийн улсын соёл, зан заншилд тохируулан, тухайн хамгаалалтын эсрэг хариултыг олон нийтийн хэвлэлд тавьж болно.
Бие махбодийн шийтгэл бол бага насны хүмүүжил, боловсролын салшгүй нэг хэсэг. Хүүхдүүд алгадуулж, гөвшүүлснээр өөрийн эцэг эх, багш нарыг хүндэлж сурахаас гадна буруу зөвийг ялгаж, дүрэмд захирагдаж, хөдөлмөрлөж сурдаг. Бие махбодийн шийтгэлгүйгээр хүүхдүүд эрх дураараа, хүмүүжилгүй болно.
Хүүхдэд хүмүүжил, ялангуяа хувь хүний хүмүүжил авах шаардлагатай. Харин бие махбодийн шийтгэл бол хүмүүжлийн маш үр нөлөөгүй хэлбэр. Судалгаагаар хүүхдийг өдөөх, сурах эрмэлзлийг ховорхон төрүүлдэг ба юу хийх ёстой байсан, сайн зүйл хийсний төлөө хэрхэх талаар ямар ч ойлголт төрүүлдэггүй. Эцэг эх, багш, бусад этгээд байнга бие махбодийн шийтгэлийг сахилга бат муу хүүхдүүдэд давтан хэрэглэх боловч үр нөлөөгүй байна. Алгадах, зодох, цохих нь хүүхдийг эрхлүүлэхээс эрс өөр, тэднийг бусад хүмүүс, тэдний үйлдлийн үр дагаврын талаар бодож сурахыг баталгаажуулсан хүмүүжлийн эерэг хэлбэрийн муухан орлуулалт гэж болно. Эрх зүйн шинэчлэл болон зохих олон нийтийн боловсролоор дамжуулан, хүүхдийн бие махбодийн шийтгэлийг арилгасан улс орнуудад цадиггүй хүүхдийн тоо ихсэж, сургууль, гэр бүлд хагарал үүссэн нотлох баримт гараагүй бөгөөд хүүхдийг цохихгүй байснаар тэнгэр нураад ирэхгүй билээ.

Бие махбодийн шийтгэл нь хүүхдийг эцэг эх, багшаа хүндэтгэхээс илүү тэднээс айх айдсыг бий болгодог. Бид хүүхдээ хүч хэрэглэх замаар аливаа асуудал, зөрчлийг шийддэг хүнийг “хүндэлж” сургахыг хүсэж байна гэж үү?


Бие махбодийн шийтгэл буруу байж болно, гэхдээ олон улсад хүүхдийн эрх зөрчигдөж, зовж зүдэрч байгаатай харьцуулвал маш энгийн, өчүүхэн зүйл. Яагаад анхлан арилгах ёстой вэ?”

Олон сая хүүхэд хангалттай хоол хүнс, орон байр, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол зэргээр хангагдаж чадахгүй зовж, эдгээр байдал хүүхдийн эрхтэй шууд холбогддог тул жижиг асуудал болох бие махбодийн шийтгэлийг түр хойшлуулах ёстой гэдэг. Гэтэл хүний эрхийн асуудал нь дэс дараалсан байдлаар арга хэмжээ авахгүй байхыг Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасан. Бие махбодийн шийтгэлийг арилгахаар үзүүлж буй шахалт бол бүх хүүхдийн эрхийг өмгөөлөн хамгаалах салшгүй хэсэг билээ. Хүүхдийг өвтгөх, доромжлох явдлыг зогсоосноор баялгийг үрэн таран хийх, эсвэл гажуудуулах явдал гарахгүй. Хүүхдүүдээс асуухад бие махбодийн шийтгэлийг арилгах явдал бол тэдний хувьд маш чухал ач холбогдолтой байсан билээ. Эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдалтай тэмцэх нь тэгш эрхийг хангах гол хэсэг болох бөгөөд хүүхдэд ч нэгэн адил нөлөөтэй. Бие махбодийн шийтгэлтэй тэмцэх нь хүүхдийг хүн гэж үзэх, хүүхдийн оролцох, хамгаалуулах эрхийг сайжруулах үндсэн суурь болно. Хүүхдийг гэр болон бусад байгууллагад бүхий л түвшинд хүчирхийлэх явдлыг хуулиар болон нийгмийн хувьд хүлээн зөвшөөрснөөр хүүхдийг ноцтой зөрчлөөс хамгаалах, хүчирхийллийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд саад учруулж байна.

Манай орны олон эцэг эх хүүхдээ хүүхдээ аюултай байдлаар шийтгэж, багш, бусад ажилтнууд анги дүүргэлт их, нөөц бололцоо муутай байгаагаас бухимддаг. Бие махбодийн шийтгэлийг хориглох нь улам бухимдуулах учраас бусад нөхцөл байдал сайжрахыг хүлээсэн нь дээр байх.”
Энэ тайлбар бол илэрхий байдлыг шууд хүлээн зөвшөөрсөн явдал бөгөөд бие махбодийн шийтгэл нь хүүхдийг сургахаас илүүтэйгээр ямагт эцэг эхийн нуугдмал бухимдлыг гаргаж ирдэг. Олон гэр бүл болон байгууллагад туслалцаа, дэмжлэг, хөрөнгө нөөц хэрэгтэй байгаа боловч насанд хүрсэн хүмүүс өөрт тулгарсан бэрхшээлийг хүүхдэд гаргаж илэрхийлэхийг зөвтгөх үндэслэлгүй. Яагаад хүүхэд үндсэн хамгаалалтыг хүлээх ёстой вэ? Бүх хүн ажилтай болж, хүмүүсийн амьдрах нөхцөл сайжирсны дараа эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хэн ч ярьдаггүй биз дээ.

Ямар ч тохиолдолд хүүхдийг цохих нь сэтгэлийн дарамт тайлах үр нөлөөгүй зүйл. Уурандаа хүүхдээ цохисон насанд хүрсэн хүмүүс өөрийгөө буруутайг мэдэрч байдаг. Бие махбодийн шийтгэлээс ангид гэр бүл болон бусад газарт илүү үр нөлөөтэй хүмүүжил олгохоос гадна бүх хүнд сэтгэлийн дарамтгүй байна.


Би хүүхэд байхдаа цохиулж байсан ч надад муу юм болоогүй. Аав ээж, багш маань намайг шийтгэж байгаагүй бол би одоогийнх шигээ амьдарч чадахгүй байсан.”

Ихэвчлэн хүмүүс өөрөө цохиулж байсан учраас цохидог. Үүнээс хүүхдүүд суралцдаг гэж болно. Хүүхдээ зоддог байсан өнгөрсөн үеэ муулах утгагүй. Учир нь тэд хүүхэддээ хайртай байсан ч ахмад настны өмнө үг дуугүй захирагдах тухайн цаг үеийн нөлөөнд автсан байсан. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгдөхийн хамт хүүхдийн талаарх хандлага өөрчлөгдөж байна. Хүүхдээ цохихгүйгээр хүмүүжүүлэн, гайхалтай амжилтад хүргэсэн олон хүмүүсийн жишээг хэлж болохоос гадна багадаа цохиулж байснаас өөрийн бололцоог үгүй хийсэн хүмүүсийн жишээг хангалттай дурдаж болно.

Уур хилэн, гомдлоосоо болж эцэг эх, багш нар хүүхдийг цохидог нь үнэхээр ичмээр, гутамшигтай үйлдэл бөгөөд тохиромжтой өөр аргыг мэддэггүйтэй холбоотой. Харин тохиромжтой өөр аргыг эрэлхийлдэг хүн амжилтад хүрдэг.
Сурагч бүрийг идэвхтэй оролцуулах, муу зан үйлийг арилгах, хичээлд шамдуулахын тулд сургуульд бие махбодийн шийтгэл хэрэгтэй.”
Хэрэв бие махбодийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөх юм бол үүнийг заавал хэрэглэх бөгөөд одоо үр нөлөөгүй байсан ч гэсэн сурагчдын цөөнх хэсэг дээр давтан хэрэглэсээр байна. Цаашдаа сурагчид илүү үр нөлөөтэй хүмүүжлийн эерэг хэлбэрийг тохиромжгүй арга гэж ойлгох болно. Бие махбодийн шийтгэл нь насанд хүрсэн хүмүүс бидний хүсэж байгаа зүйлс, ер нь ямарваа нэгэн эерэг зүйлийг хэзээ ч хүүхдэд заадаггүй. Харин ч хүчээр түрэмгийлсэн муу зан үйлийг төлөвшүүлнэ.

Хүүхэд айдаст автсан үедээ хэзээ ч ямарваа нэгэн зүйлийг сайтар сурч чаддаггүй ба бие махбодийн шийтгэлийн нөлөөнөөс болж, хүүхдүүд сургуулиас завсардах явдал үлэмж хэмжээгээр ихэсдэг.


Хүүхдээ өсгөх эцэг эхийн эрхийг зөвхөн чухал тохиолдолд хүлээн зөвшөөрнө.“

Хүүхдийн эрхийн тухай конвенцид эцэг эхийн эрхийн тухай ойлголтыг “эцэг эхийн хариуцлага” гэсэн ойлголтод хүүхдийн эрхийг хамгаалах хариуцлагын хамт багтаажээ. Хүүхдийг эцэг эхийн өмчлөлийн зүйлс мэт хүмүүс хүлээн зөвшөөрснөөр хүүхдийн эрхийг баталгаажуулах нь баталгаагүй тулгасан хэрэг болно. Учир нь хүүхэд бол бусад хүмүүсийн нэгэн адил хүний эрхийн стандартын хамгаалалтад байх хувь этгээд хэмээн тогтоосон билээ. Хүний эрхийг ямарваа нэгэн айлын дотор эдлэхгүй гэж ойлгож болохгүй. Эхнэрээ зодох зэрэг хувь хүмүүсийн хоорондын гэр бүлийн хүчирхийллийн бусад хэлбэрүүдийг нийгэм хяналтад авахыг зорин, нийгэмд хууль бус үйлдэлд тооцдог. Харин хүүхэд – хамгийн жижиг, хамгийн эмзэг хүмүүсийг хамгаалалтад авахгүй орхих нь маш буруу. Цөөн тооны улс орон зөвхөн гэр бүлийн болон тодорхой газар дахь хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлийг хууль бус гэж зарласан. Орчин үед бие махбодийн шийтгэлийг илрүүлэх боломжтойгоос гадна хүүхдийн суурь эрхийн зөрчилд тооцож, сургууль, асрамж, халамжийн тогтолцоонд бие махбодийн шийтгэлийг хориглохыг хүлээлгүй эцэг эх хүүхдээ цохихоо болих хэрэгтэй. Хүүхдийн бие махбодийн шийтгэлтэй хаа байгаа газар, ямар ч этгээд байсан тэмцэх ёстой. Хүүхэдтэй харьцах уламжлалт хандлагыг өөрчлөхөд эцэг эхийн байр суурийг өөрчлөхтэй адил маш хэцүү байх нь мэдээж. Иймээс хуулин дахь холбогдох өөрчлөлтийг хүчирхийллийн бус, эерэг хүмүүжлийн аргыг хөхиүлэн дэмжих олон нийтийн болон эцэг эхийн боловсролтой хамтатган авч үзэх шаардлагатай билээ.




”Хэрцгийгээр зодох болон эцэг эх, эсвэл багшийн удирдлаган дор бие махбодийн шийтгэл онооход маш том ялгаа бий. Бие махбодийн шийтгэл бол аюулгүй, бага зэрэг өвтгөдөг учраас хэрцгий хүчирхийлэл гэж хэлж болохгүй. Үүнийг яагаад хууль бус гэж үзэх вэ?”
Хүн бүр, тэр дундаа хүүхэд хүртэл хүний нэр төр, бие махбодийн халдашгүй байдлыг хүндэтгэх эрхийг эдэлнэ.

Хүмүүс эмэгтэйчүүдийн эсрэг “хүчирхийллийг” буруушаах мөртлөө “”бага зэрэг алгадахыг” явдлыг өмгөөлөх шаардлагагүй. Хэдийд ч “бага зэргийн” бие махбодийн шийтгэлээс огт төсөөлөөгүй гэмтлийг авч болно.

Хүүхдийг цохих аюултайд тооцогддог нь хүүхдийн жижиг, эмзэг байдалтай холбоотой. (Гэр бүл дэх олонх бие махбодийн шийтгэлийг нялх, нас бага хүүхдэд оноодог.) Чихний хэнгэрэг цоорох, тархины гэмтэл, бэртэл, эсхүл өндрөөс унаж үхэх зэрэг явдлууд “гэм хоргүй алганы амт” үзүүлсэнээс үүдэлтэй.

Олон улсын судалгааны хүрээлэнгээс бие махбодийн шийтгэлийн үр дүн сөрөг дагавартай болохыг тогтоосон байна. Судалгааны дүнгээс дурдвал:



Улам хурцатгах: Балчир насан дахь хөнгөн шийтгэл нь үр дүнгүй бөгөөд хүүхдийг өсөх тусам асуудлыг улам хурцатгадаг. Хөнгөн алгадах, бөгсөн дээр алгадах, цаашид улам хүндэрч, цохих болдог. Хүүхэд рүүгээ дайрсан эцэг эхүүд хүүхдийн буруутай үйлдэлд “энгийн” бие махбодийн шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг.

Хүчирхийллийг өөгшүүлэх: Аливаа бие махбодийн шийтгэл нь зөрчил буюу таагүй байдлыг хүч хэрэглэж шийдэж болно гэсэн ойлголтыг төрүүлдэг. Түрэмгийлэл түрэмгийллийг бий болгоно. Бие махбодийн шийтгэл оноогдсон хүүхдүүдийг судлахад өөрийн хамаатан садны хүүхдэд түрэмгий, догшин хандах, сургууль дээрээ бусад хүүхдийг дээрэлхэх, өсвөр насандаа нийгмийн эсрэг түрэмгий үйлдэл хийх, өөрийн хань, төрсөн хүүхдээ хүчирхийлэх, ноцтой гэмт хэрэг үйлддэг болохыг тогтоожээ. АНУ, Австрали, ХБНГУ, Өмнөд Африк, Нэгдсэн вант улсын Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хорооноос “Хүүхдийн бие махбодийн аливаа шийтгэлийг арилгах нь нийгэмд гарч буй бүх хүчирхийллийг бууруулах үндсэн алхам болно” гэжээ.

Сэтгэл зүйн гэмтэл: Бие махбодийн шийтгэл сэтгэл хөөрлийн хувьд хүүхдэд хохирол учруулах боломжтой. Судалгаагаар ялангуяа хайрыг шаналал, уурыг хүлцэнгүй байдалтай андуурдаг болохыг тогтоосон байна. “Би чиний сайн сайхны төлөө чамайг шийтгэж байна”, “Би чамайг хайрладаг учраас өвтгөж байгаа юм”, “Чи хичнээн уурлаж, доромжлогдож байсан ч хүлцэнгүй байх ёстой.” “Би хүүхдээ түүнийг аюулгүй байлгахын тулд цохиж байна – Сайн сайхны төлөө тэд аюул гэж юу болохыг мэдэх ёстой.” Хэрэв хүүхэд халуун зуухны ам руу ойртох, эсхүл машин ихтэй зам рүү гүйх үед та түүнийг хамгаалахаар өргөх, тэврэх, татах, аюулын талаар хэлэх, харуулах зэрэг бие махбодийн үйлдэл хийх шаардлагатай. Харин цохих гэж гараа далайснаар үнэт цаг алдахаас гадна хамгийн чухал зүйл бол хүүхдээ өвтгөснөөр аюулын талаар хүүхдэд буруу ойлголт төрүүлж, таны сургамжлахыг хүссэн сургаалиас таны хүүхдийн анхаарлыг улам сарниулах болно. насанд хүрсэн хүмүүсийн хувьд өөрийн гэр болон сургууль дээр хүүхдэд аюул учруулж болох эд зүйлийг зайлуулах хариуцлагыг шууд хүлээнэ.
Бие махбодийн шийтгэл бол манай соёлын нэг хэсэг, хүүхэд өсгөх уламжлал. Үүнийг хуульд бус гэж үзэх нь алагчилсан үйлдэлд тооцогдоно.”
Соёл бүхэн өөрийн гэсэн “бие махбодийн шийтгэлтэй” гэж болохгүй. Бүх нийгэм бие махбодийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй ба уламжлалын нэг хэсэг болсон хүний эрхийн зөрчлийг хүлээн авахгүй байх бүрэн боломжтой. Хүүхдийн эрхийн тухай конвенцид төрөл, соёл, уламжлал, шашнаар ялгаварлалгүй бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн бүх хэлбэрээс БҮХ хүүхдийн хамгаалуулах эрхийг баталгаажуулсан. Хүүхдийн бие махбодийн шийтгэлтэй дэлхий дахинд олон улс орон тэмцэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт цөөнгүй улс орон сургууль, шүүхийн шатанд зодох явдлыг хууль бус гэж үзсэн байна.
Манай шашин хүүхдийн бие махбодийн шийтгэлийг шаарддаг.”
Хүн бүр шашны эрх чөлөөг эдлэх боловч шүтэж буй шашны туршлагаар хууль тогтоомж, хүний эрхийг зөрчиж болохгүй. Дэлхийн том шашнуудын ямар ч сургаальд хүүхдийг зодох тухай бичээгүй байдаг. Харин зарим ном сударт “Саваа модоо буулгаж, саваагүй хүүхдийг эрхлүүл” гэсэн бичвэр тохиолдох боловч ягшмал номлолд гардаггүй. Аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэх, хүүхдийг элэгсэг хэлбэрээр хүмүүжүүлэх сургаалийн хамт цээрлүүлэх тухай бичвэр тохиолдох боловч ард түмний удирдагч нар хүүхдийн эсрэг хүчирхийллийг ямагт буруушаасаар ирсэн билээ. Тодорхой шашны бүлгийн удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд бие махбодийн шийтгэлийг хадгалж үлдэх тухай онцгой маргааныг Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх, Европын Хүний эрхийн шүүх хүлээн аваагүй байна.

Манай улсад хүүхэд, насанд хүрсэн хүмүүст адилхан бие махбодийн шийтгэл оноодог.”

Насанд хүрсэн хүнд бие махбодийн шийтгэлийг оноохыг хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомжтой улс орнуудад хүүхдэд нэгэн адил шийтгэл оноох боломжтой гэж үздэг. Энэ бол буруу төсөөлөл юм. Бие махбодийн шийтгэл нь хүүхдийг хамруулан бүх хүний эрхэд харшилсан үйлдэл боловч соёлоор дамжуулан, хүлээн зөвшөөрсөн тул хүүхдийн биеэ хамгаалах чадваргүй байдал, өсөлт, хөгжлийн нөхцөл байдлаас шалтгаалан, байнга алагчилалд өртдөг.
Хэрэв хүүхдийн бие махбодийн шийтгэлийг хууль бус гэж үзэх, эсхүл гэмт үйлдэлд тооцвол шүүхийн буюу засан хүмүүжүүлэх үед хэрцгий байдлаар хөндлөнгөөс оролцох явдал гарна. Хүүхдүүд гэртээ цагдаа, тагнуул шиг хүч хэрэглэж тоглох болно.”
Бие махбодийн шийтгэлийг хууль бус гэж үзсэн улс орнуудын хувьд, хүүхэд цохихыг илүүд үздэг багш, хүүхэд асрагч нарт засан хүмүүжүүлэх арга хэмжээ авдаг. Гэр бүлийн орчны хувьд, эдгээр хууль тогтоомж нь хандлагыг өөрчлөх, стандарт тогтоох зорилготой болохоос эцэг эхийг мөрдөн мөшгих, гэр бүлийг хуваах зорилгогүй. “Үндэслэл бүхий шийтгэл”, “хууль ёсны засан хүмүүжүүлэх” зэрэг эргэлзээтэй хууль зүйн ойлголтууд үгүй болж, хүүхэд хамгаалал гэсэн ойлголт улам тодорхой болно. Судалгаанаас харахад, эцэг эхүүд өөрийн хүүхдийг цохих нь нийгмийн болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэдгийг мэдмэгц тусламж эрэлхийлдэг. Асрамжийн газрууд хүүхэд гэр бүлдээ өсөх шаардлагатай, эцэг эхэд сахилгын шийтгэл оноохоос илүүтэйгээр тэдэнд туслах арга хэмжээ авах хэрэгтэйг тодорхойлсон байна.

Бие махбодийн шийтгэлийг хориглосноор сэтгэл зүйгээр дарамтлах, доромжлох, түгжих зэрэг хүүхдэд улам жигшмээр шийтгэл оноох болно.”

Хүүхэд зөвхөн бие махбодийн шийтгэлээр зогсохгүй доромжилсон, хүнлэг бус шийтгэл оноох бүх хэлбэрээс хамгаалагдах ёстой бөгөөд эцэг эх, бусад асрагч, багш нар хүүхдэд шийтгэл оногдуулахаас өөр сонголтын талаар заавар өгөх хэрэгтэй. Нэн тэргүүнд, шийтгэлийн нэг хэлбэрийг нөгөө хэлбэрээс солих биш, харин насанд хүрсэн этгээд болон хүүхдийн хоорондын харилцааны нэг хэсэг болсон шийтгэлийн оронд эерэг хүмүүжлийг төлөвшүүлэх хэрэгтэй. “Сайн” хүмүүжил бол насанд хүрсэн хүний үлгэр жишээ, эерэг зан төлөвөөс үлгэр дуурайл авсан хувь хүний хүмүүжил бөгөөд хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэдгээрийн хөгжих чадварын бодит илрэл болохоос гадна магтаал, нөхөрсөг харьцаа, харилцан хүндлэлийг бий болгодог.

Сургууль нь сурагчидтай харилцах дотоод ажлын журам, сахилгын тогтолцоог боловсруулах ёстой. Хувь хүний хүмүүжилд насанд хүрсэн хүмүүс дур зоргоороо зохиосон дүрэм журам, албадсан заалт дэмжлэг үзүүлдэггүй.


Манай улс ардчилсан улс боловч бие махбодийн шийтгэлийг устгах явдлыг дэмжихгүй. Энэ асуудлаар санал хураавал хүн амын ихэнх хэсэг бие махбодийн шийтгэлийг үлдээх санал өгнө.”

Төлөөллийн ардчилал нь бүх нийтийн санал асуулгаар бус, сонгуулиар хэрэгждэг. Сонгогдсон улс төрчид шинэ хуулийн төслийг боловсруулах үедээ хүний эрхийн зарчим, үндэстэй нотолгоонд суурилсан, нийтийн таалалд тэр бүр нийцэхгүй олон тооны шийдвэрийг гаргах нь бий. Цаазаар авах ялыг устгахтай нэгэн адил хүүхдийн бие махбодийн шийтгэлийг устгах явдал нь биелэгдэхээс өмнө цөөн этгээдийн дэмжлэг авч байна. Харин шинэчлэлийг холбогдох нийтийн боловсрол, хандлага, туршлага илүү хурдан өөрчлөх боломжтой.

Би хүүхдээс өөрийг нь хэрхэн шийтгэх талаар асуувал хүүхэд бие махбодийн шийтгэлийг сонгоно гэдэгт итгэлтэй байна.”

Энэ тайлбарыг маш сайн аргад тооцож болохгүй. Зарим хүүхдүүд бие махбодийн шийтгэл “хурдан” байдаг учир шийтгүүлэхийг илүүд үздэг. Нэг талаас цохих, зодохыг маш хурдан мартах, эсхүл үе чацуутнаас хүндэтгэл хүлээх зорилгоор бие махбодийн шийтгэлийг хүүхэд сонгодог. Энэ нь ямар ч үр нөлөөгүй арга болох нь тодорхой. Нөгөө талаас бие махбодийн шийтгэл нь доромжлол, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, түрэмгийлэл, дээрэлхэх явдлыг өдөөх зэрэг далд үр нөлөөтэй тул “хурдан” биш, удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Хэрэв хүүхдийн гэр, сургууль дахь нөлөө бүхий насанд хүрсэн хүн бие махбодийн шийтгэлийг хэрэглэвэл зарим хүүхэд өөрийгөө хамгаалж чаддаггүй. Хүүхэд нь өөрийн хүүхэд насыг хамгаалах байгалиас заяасан чадвартай. Иймд хүүхэд өөрийн эцэг эхийн талаар муу зүйл бодохыг хэн ч хүсэхгүй байх хэрэгтэй. Зодох нь зүй ёсны үзэгдэл хэмээн ойлгож, өсөлтөд нөлөөлөх салшгүй зүйл гэж хүүхэд ойлгох болно. Харин хандлагаа өөрчилж, хүүхэд шийтгэлийн талаар эргэцүүлэх боломж олгож, хүндэтгэл, урамшуулал, нөхөрсөг харьцааг бий болгосон хүмүүжлийн эерэг хандлагагыг төлөвшүүлэх шаардлагатай. Залуучуудтай санал бодлоо хуваалцан, хүний эрхийн талаар мэдээлэл түгээж, хүүхэд өсгөх соёлын нэг хэсэг болсон бие махбодийн шийтгэл өөрчлөгдөх ёстойг ойлгуулна.

Бие махбодийн шийтгэлийг хориглохын тулд хууль тогтоомжийг өөрчилснөөр тухайн улсад бага зэргийн л өөрчлөлт гарч, хуулийг олноороо мөрдөхгүй.”

Бие махбодийн шийтгэлийг устгах нь үндсэндээ боловсролын үйл явц юм. Эрх зүйн шинэчлэл бол энэхүү үйл явцын салшгүй хэсэг. Харин хуулийг өөрчлөхдөө хүүхэд, насанд хүрсэн хүмүүст сайтар сурталчилсан, эцэг эх, асрагч, багш нарын хүмүүжлийн хүчирхийллийн бус, эерэг аргуудыг хөхиүлэн дэмжсэн тохиолдолд үр нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хандлагыг өөрчлөх, эерэг хүмүүжлийг дэмжих арга хэмжээ авсан ч хууль тогтоомжоор хүүхдээ зоддог эцэг эх, багшийг хамгаалсан эсхүл улс төрчид буюу бусад нөлөө бүхий удирдагчид тухайн туршлагыг өөрчлөхийг хүсэхгүй бол ямар ч үр дүнгүй болно. Сургууль, бусад байгууллагад байнгын шалгалт хийх, хараат бус зөвлөгөө өгөх, хүүхэд, эцэг эх, бусад этгээдэд сурталчигаа зохион байгуулах, гомдол гаргах журмыг танилцуулах зэргээр хууль тогтоомжийг үр нөлөөтэй мөрдүүлэх хэрэгтэй.



8. ХҮҮХДИЙН БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛИЙГ ХАЛАХ ДАЯН ДЭЛХИЙН САНААЧЛАГА

2001 оноос эхэлсэн Даян дэлхийн санаачлага нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн тэгш хүний эрхийг эдлүүлэн, цохиулах, доромжлуулах явдлаас хамгаалахыг зорьдог.



ДАЯН ДЭЛХИЙН САНААЧЛАГЫН ЗОРИЛГО НЬ:

• Хүүхдийг асран халамжлах хүчирхийллийн бус арга замыг хөхиүлэн дэмжихээр мэдээлэл, боловсролын аяныг өрнүүлэх;

• Бие махбодийн шийтгэлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн агентлаг, хувь хүмүүс, олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагын хүчтэй холбоог бий болгох;

• Эрх зүйн байдлыг тодорхойлсноор хүүхдийн бие махбодийн шийтгэлийг ил тод болгож, хүүхдийн дуу хоолойг сонсох боломжийг баталгаажуулах;

• Бие махбодийн шийтгэлийг хамруулсан хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглох, олон нийтийн боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэхээр дэс дараатайгаар засгийн газруудыг ухуулан ятгах;

• Шинэчлэл хийж буй тухайн улсад техник туслалцааг үзүүлэх.

.

9. ДАЯН ДЭЛХИЙН САНААЧЛАГАД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХОД ТА ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ:

Засгийн газар, олон улсын болон үндэсний агентлаг, ТББ, хүний эрхийн институт, хувь хүн Даян дэлхийн санаачлагын зорилгыг хөхиүлэн дэмжиж болно:

• Бие махбодийн шийтгэлийн эрх зүйн байдал, түүний өргөжүүлэх явдалд хувь нэмэр оруулах;

• Шинэчлэх зорилгоор парламентын гишүүдийг ухуулан ятгахад Даян дэлхийн санаачлагын давуу талыг тодорхойлох;

• Шинэ дэмжигчдийг элсүүлэх, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд тухайн асуудлаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдтэй харилцаа холбоо тогтоох;

• Хүчирхийллийн бус, эерэг хүүхдийн хүмүүжил, боловсрол олгох хөтөлбөр, туршлагын жишээг илгээх;

• Бие махбодийн шийтгэлийг халах явдлыг дэмжсэн чухал ач холбогдолтой хурал, арга хэмжээнд оролцох;

• Сургалт, семинар зэрэг олон улсын, бүс нутгийн, үндэсний арга хэмжээг дэмжих.

Даян дэлхийн санаачлагын вебсайтаас (www.endcorporalpunishment.org) та бие махбодийн шийтгэлийг устгах тухай орон нутгийн болон үндэсний хэмжээний аянг хөгжүүлэх талаар зөвлөгөөг авч болно.

Холбоо тогтоохыг хүсвэл: info@endcorporalpunishment.org



1 Энэхүү мэдээллийн эх сурвалжийг www.endcorporalpunishment.org сайтаас авсан болно.


Достарыңызбен бөлісу:




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет