ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР
Засгийн газрын 2010 оны 69 дүгээр тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Монгол Улсын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэл”-ийн төслийг шинэчлэн боловсруулж, эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Үндэсний 3 дахь илтгэл”-ийг боловсруулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Ядуурлыг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтуудын дэд хорооны хуралдаан болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж сайшаалган, хэвлүүлж төрийн болон төрийн бус байгуулагуудад тараах ажлыг зохион байгууллаа.
Орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшин, статистикийн тоо мэдээнд тулгуурлан оновчтой төлөвлөх зорилгоор “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг баталлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан ”Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг хөтөлбөр, төсөл болон төсвийн шинэчлэл, уул уурхайн хөгжил, хөрөнгийн зах зээл, улсын бүртгэлийн шинэчлэл, байгаль орчин ба ногоон эдийн засаг, өрсөлдөх чадвар гэсэн 6 салбар хуралдаантайгаар зохион байгуулав.
“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих стратеги”-ийн төслийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хувийн хэвшлийн өнөөгийн байдлын тухай цогц судалгааг хийж гүйцэтгэлээ.
“Хувийн хэвшлийг дэмжих, технологи, инновацийн бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүн болон 2010 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж ажиллалаа. Тус зөвлөл нь хувийн хэвшлийн санал санаачилгыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болж байна.
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг төрийн болон төрийн бус байгууллага, аймаг нийслэлээс хүлээн авч нэгтгэн боловсруулж байна.
“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулж, Үйлдвэржилтийн бодлогын зөвлөлийн хуралдаанаар 2009 оны тайлан, 2010 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулав. Энэхүү бодлогын хүрээнд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, түүний дотор Венч хөрөнгийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгагдсанаараа чухал ач холбогдолтой болсон.
“Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөтөлбөрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор дэмжүүлэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулаад байна.
“Хөгжлийн банк” байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөгжлийн банкийг Засгийн газрын тогтоолын дагуу байгуулж, үйл ажиллагаааг нь 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.
Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 16.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад даалгасан. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлага гарч байна. Гэтэл 2010-2012 онд төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10.0 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй байна.
“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ыг Засгийн газрын 2010 оны 123 дугаар тогтоолоор баталлаа. Журам батлагдсантай холбогдуулан Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг үнэлэх аргачлал, зааврын төслүүдийг Дэлхийн банкны “Төсвийн төлөвлөлтийг сайжруулах” төсөл, АХБ-ны Засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран ажиллаж байна.
"Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ын дагуу 2010-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг яам, агентлаг, холбогдох газар, орон нутгаас хүлээн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгой төслийг эхлүүлэх бэлтгэлийг хангах, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг барьж эхлэх, Нүүрснээс хий, шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлж эхлэх, Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг түшиглэсэн хар металлургийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг боловсруулах зэрэг зорилт арга хэмжээг тусгасан.
Мөн "Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Зэс хайлах үйлдвэр", "Хар металлургийн цогцолбор", "Кокс химийн үйлдвэр", "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төслийн талаар танилцуулга боловсруулав.
"Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын тухай төсөөлөл, Монгол улсад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болон дэд бүтцийг хөгжүүлэх төслийн ерөнхий зөвлөхийн ажилд санал ирүүлэх хүсэлт болон ажил үүргийн хуваарийн тухай төсөл, Монгол улсад аж үйлдвэр, түүнийг дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийн стратегийн зөвлөхийн ажилд санал ирүүлэх хүсэлт болон ажлын даалгаврын тухай төслийг боловсруулав.аж үйлдвэрийн цогцолбор төслийг боловсруулж байна.
Эрчим хүчний төслүүдийн хувьд ДЦС-5, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Могойн голын цахилгаан станц, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн ЦДАШ төслүүдийн талаар танилцуулга болон хэрэгжилтийн тайланг боловсруулаад байна.
Төрийн банкны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан дараахь ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
Сангийн яамны удирдлага Төрийн банкны захирал, Санхүү хариуцсан захирал нартай уулзаж, Төрийн банкны үйл ажиллагааны өнөөгийн байдлын тухай мэдээллийг сонслоо. Хянан шалгах зөвлөлийн хурлаас Банкны төлөөлөн удирдах зөвлөлд Гүйцэтгэх захиралтай ажиллах гэрээг тодотгон байгуулах, банкны 2009 оны жилийн үйл ажиллагааны ба санхүүгийн тайланд дүгнэлт гаргах, банкны 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүү, эдийн засгийн зорилтот түвшний үзүүлэлтийг хэлэлцэн зохих журмын дагүү батлах, Банкны гүйцэтгэх захиралд банкны 2010 оны ба дунд хугацааны бизнес төлөвлөгөө, удирдага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулан батлуулах, Төрийн банк байгуулахад “Зоос” банкны эд хөрөнгийг Монголбанкны эрх хүлээн авагч болон Төрийн банкинд шилжүүлсэн үйл ажиллагааны тухай хууль зүйн тайлбарыг холбогдох байгууллагаар гаргуулан авах ажлыг зохион байгуулах, Төрийн банкны эд хөрөнгө, зээлийн барьцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Төрийн банкны нэр дээр шилжүүлэх, Аудит хийлгэх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
Төлбөрийн чадваргүй болсон Зоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг олгох эрх ашгийн үүднээс Монголбанкнаас авсан зээлийн хөрөнгийг Засгийн газрын бондоор солих зорилгоор Сангийн яам, Монголбанкны хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголбанкнаас Зоос банкны чанаргүй зээлийг бүрэн барагдуулж Засгийн газрын бондыг буцаан төлөхдөө Зоос банкнаас улсын төсөвт төвлөрүүлсэн актив борлуулсны орлого болон чанаргүй зээлийн эргэн төлөлтийн орлоготой уялдуулах, Зоос банкинд орсон бүх орлогыг улсын төсөвт төвлөрүүлж байх боломж бүрдлээ. Үүнтэй уялдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах тухай Сангийн сайдын 2010 оны 58 дугаар тушаалын дагуу Засгийн газрын жилийн 0.1 хувийн буюу бараг хүүгүйтэй адил урт хугацаанд буцаан төлөх 33.0 тэрбум төгрөгийн бондыг арилжаалах замаар Зоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг олгох эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэх арга хэмжээ авлаа.
Засгийн газраас алт олборлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкинд олгох зээлийн гэрээг хадгаламж байршуулах гэрээнд хөрвүүлэх ажлыг бүрэн дуусгасан байна. Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан хүсэлтийг хянан үзэж, Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламж байршуулах гэрээний 10.0 сая ам.долларыг эргэн төлүүлж, төвлөрсөн эх үүсвэрийг Чингис хаан банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах арга хэмжээ авсан байна.
Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад байр-шуулсан хадгаламжийн гэрээний дагуу Капитрон банкнаас 4.3 сая ам.долларыг төлүүлж, улмаар Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Чингис хаан банкнаас 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлөгдөх хадгаламжийг нэхэмжилсэн албан захидал хүргүүлсэн байна.
Өнгөрсөн 2009 оны 6 дугаар сард Стандарт банктай хамтран гаргасан Засгийн газрын 75.0 сая ам. доллларын нэрлэсэн үнэ бүхий бондыг гаргаж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Чингис хаан банк, Зоос банкинд хадгаламжийн гэрээ байгуулах замаар байршуулж, улмаар алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Монголбанк, Сангийн яамны Төрийн сангийн газар хамтран тэдгээр банкуудаас төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлж, улмаар Засгийн газрын бондын эргэн төлөлтийг 2010 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар төвлөрүүлэх ажлыг үндсэнд нь дуусгасан байна.
Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авсан байна.
“Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар Засгийн газрын үнэт цаасны гэрээг байгуулж, энэхүү гэрээний дагуу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 6.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 7.8 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатай Монголбанкинд арилжсан байна. Түүнийг Дамжуулан зээлдүүлэх гэрээг “Орон сууцны санхүү-жилтийн корпораци” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулан төрийн албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгох зориулалтаар 6.0 тэрбум төгрөгийг жилийн 7.8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлдүүлэх боломжийг олголоо.
САНХҮҮ, ТӨСВИЙН ТАЛААР
Достарыңызбен бөлісу: |