11 дүгээр зүйл.Төрийн албан хаагч
11.1. Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.
11.2. Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.
11.З. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
11.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
11.5. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль1, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.
12 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
12.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1З дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг
13.1. Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
13.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
13.1.2. өргөсөн тангарагтаа үнэнч байх;
13.1.З.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;
13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;
13.1.6. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;
13.1.7. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;
13.1.8. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
13.1.9. албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;
13.1.10. төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх;
13.1.11. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
14 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх
14.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ:
14.1.1. төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;
14.1.2. үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;
14.1.3. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;
14.1.4. өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажил байдлын тодорхойлолт зэрэг материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;
14.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;
14.1.6. мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгууллагын удирдлагын зөвшөөрснөөр багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалынхаа ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуйгаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;
14.1.8. төрийн албанаас чөлөөлөгдөх;
14.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх.
15 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл
ажиллагаанд хориглох зүйл
15.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
15.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.2. ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
15.1.З. албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;
15.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;
15.1.5. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
15.1.6. албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;
15.1.7. албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
15.1.8. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.9. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлах;
15.1.10. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн болон хамтарсан аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.1.11. албан тушаал эрхэлдэг төрийн байгууллагад, эсхүл шууд удирдлага, хяналтад нь ажилладаг байгууллагад гурав дахь этгээдийн төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн этгээд байх;
15.1.12. төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх, хувийн ашиг сонирхлын үүднээс дотоодын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө үүрэг хүлээх, санхүүгийн болон бусад туслалцаа авах;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.1.13. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхийг зогсоосон өдрөөс хойш 2 жилийн дотор сүүлийн 5 жилийн хугацаанд эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа дагуу шууд холбоотой ажилладаг байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид албан тушаал эрхлэх;
15.1.14.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн жинхэнэ албан тушаал
эрхлэх болзол, журам
16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол
16.1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.
16.2. Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:
16.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд1 заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;
16.2.2. төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;
16.2.З. хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол;
16.2.4.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
Тайлбар: 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт хамаарахгүй.
/Энэ тайлбарыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.2.5. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.2.6. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.
/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.З. Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх,
төрийн жинхэнэ албан тушаалд авах
17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.
17.2. Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.3.Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.5. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.
17.6. Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.
17.7. Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.8. Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
17.9. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.10.Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.11.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.12.Төрийн байгууллага нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно.
/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон /
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.13.Иргэнийг төрийн жинхэнэ албанд түр томилоход энэ хуулийн 17.3-т заасан журам хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон /
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.14.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.15.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны туршилтын хугацаа
18.1.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно.
18.2. Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
19 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны
үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх
19.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.
19.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.
19.З. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно
20 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1. Төрийн жинхэнэ тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2. Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.
20.З. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.
20.4. Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
20.5. Төрийн албаны зарим онцлог салбарын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хуулиар тогтоож болно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан
үүргийг түр орлон гүйцэтгэх
21.1. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.
21.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.
22 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд
шилжүүлэх, сэлгэн ажиллуулах
22.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.
22.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
22.З. Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.
22.4.Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
2З дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны
санаачилгаар албан тушаалаас нь бууруулах,
төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх
23.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:
23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;
23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.
23.2. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон бол хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд холбогдох баримт бичгийг ирүүлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө:
23.3.1. хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;
23.3.2. гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.3.З. цэргийн жинхэнэ алба хаах болсон.
23.4. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.
23.5. Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагч төрийн
албанаас чөлөөлөгдөх
24.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:
24.1.1. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
24.1.2. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
24.1.З. өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.
24.4. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
24.5. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
25 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн
албанаас халах
25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:
25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;
/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
25.1.3. Монгол Улсын харьяатаас гарсан.
26 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын
шийтгэл ногдуулах
26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
26.1.1. сануулах;
26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;
26.1.З. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
26.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.
26.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
26.5. Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.
26.6. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
26.7. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
26.8. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.
26.9. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Достарыңызбен бөлісу: |