НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаануудад Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахтай холбоотой асуудлуудыг нэгтгэн багцалж Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолоор шийдвэрлэлээ. Үүнд
Ливан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчнээс 250 хүнтэй бие даасан цэргийн багийг, Франц Улсын цэргийн хүчний бүрэлдэхүүнд 148 хүнтэй цэргийн багийг тус тус оролцуулах тухай шийдвэрлээд байна.
Мөн Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 60 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг оролцуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн.
2010 оны 4, 5 дугаар сард Афганистанд явагдаж буй олон улсын ажиллагаанд АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний 2 дугаар хамгаалалтын рот, 10 дугаар ээлжийн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг, ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх 2 дугаар ээлжийн хамгаалалтын салааны ажиллагааны өмнөх бэлтгэлийг тус тус хангуулж, тухайн ажиллагаа явагдаж буй бүс нутагт илгээгээд байна.
Одоо Чад Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох 2 дугаар ээлжийн цэргийн баг, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг ажиллагааны өмнөх бэлтгэлээ хийж байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Зэвсэгт хүчнийг тайван цагт улс орны бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулахад чиглэсэн томоохон зорилт, арга хэмжээнүүд тусгагдсан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээ авч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн м/н 114 дүгээр тогтоолоор улс орны бүтээн байгуулалтын ажил болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий барилга-инженерийн батальоныг Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт байгуулах асуудлыг шийдвэрлэлээ.
“Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 72 дугаар тогтоолоор 2010 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг 1064, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолгов.
Засгийн газрын 2010 оны н/75 дугаар тогтоолоор 2010 онд хугацаат цэргийн албанд татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацааг тогтоолгон, түүний дагуу 2010 оны ээлжит цэрэг татлагыг зохион байгууллаа.
2010 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангитай дайчилгаатай сургууль явуулах тухай асуудлыг Засгийн газрын 2010 оны мн/14 дүгээр тогтоолоор батлан, түүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.
“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ыг шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны хамтарсан 115/58/103 дугаар тушаалаар батлан ЗХЖШ, аймаг, нийслэлд хүргүүлж, 2010 оны эхний ээлжийн цэрэг татлагыг энэхүү журмын дагуу зохион байгуулж явууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 89 жилийн ойд зориулсан “Цэргийн удирдлагын онол, практикийн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Академийн сургалтад уламжлалт тактикийг ашиглах нь”, “Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтыг төгөлдөржүүлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурлууд, БХИС-ийн багш, оюутны шилдэг илтгэл шалгаруулах “Эрдмийн чуулган-2010” хурлыг тус тус зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаа.
Улсын дайчилгааны тогтолцоог бүрдүүлэх, яам, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг тодотгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг даалгаваржуулах, орон нутгийн хамгаалалтын үндсийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд
Шинээр зохион байгуулагдсан БОАЖЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ХААХҮЯ, ГХ-ийн яамдын дайчилгааны даалгаврын төслийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2010 оны н/16 дугаар тогтоолоор батлан холбогдох яамдад хүргүүлж, улмаар яамдын дайчилгааны төлөвлөгөө боловсруулах ажлыг бодлогын удирдамжаар ханган ажиллаж байна.
Орон нутгийн хамгаалалтыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах зорилгоор Монгол Улсын бүсүүд, тэдгээрийн төвүүдийн чадамжид стратегийн үнэлгээ хийх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд аймаг, нийслэлийн Цэргийн штабуудад удирдамж хүргүүлэн бүсүүдийн стратегийн үнэлгээнд шаардагдах дэлгэрэнгүй судалгаа, тооцоог гаргуулан авч байна.
Яамны албан хаагчид болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, яамд, аймаг, нийслэлийн дайчилгааны асуудал хариуцсан ажилтнуудтай явуулах мэргэжлийн сургалт-семинар, дайчилгааны бэлтгэл нөөцийн I зэргийн бэлтгэл үүрэгтэн офицер, цэрэг-түрүүч, II зэргийн бэлтгэл үүрэгтэнтэй явуулах сургалтын зардлын нэгдсэн тооцоог боловсруулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулж, аймаг, нийслэлд явагдаж буй дайчилгааны бэлтгэл нөөцийн I, II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Баянхонгор аймгийн сумдын Засаг дарга нар болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсийн дарга нарын “Цэргийн бэлтгэл”, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн хороодын Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл”, Ховд аймагт зохион байгуулагдсан дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтуудад тус газрын мэргэжилтнүүд оролцож, батлан хамгаалах бодлого, зорилт, улсын дайчилгааны төлөвлөлттэй холбоотой асуудлуудаар хичээл заалаа.
Дайчилгааны тухай хуулийн дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 1, Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй 5 дугаар сарын 14-16-нд Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулж явууллаа.
Зэвсэгт хүчний байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, Зэвсэгт хүчнийг үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ энхийг сахиулах, терроризмтэй тэмцэх болон олон улсын бусад ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, осол зэрэг аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд
“Газар хөдлөлтийн гамшгийн үед ЗХЖШ-аас хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудад газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх, түр орогнох байр сууцаар хангах, хооллоход шаардагдах байр сууц, халуун тогоо, хээрийн эмнэлгийн байр зэргийг Зэвсэгт хүчний анги, салбаруудаас гаргах боломжийг тодорхойлж, ОБЕГ-т хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.
“Гоц халдварт өвчний аюулын үед Зэвсэгт хүчнийг ашиглах төлөвлөгөө"-г боловсруулсны гадна "Зудын аюулын үед Зэвсэгт хүчнийг ашиглах төлөвлөгөө"-ний төслийг боловсрууллаа.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Цэргийн дайчилгааны нөөцийн үзлэг"-ийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайдын "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Цэргийн дайчилгааны нөөцөд үзлэг явуулах тухай" тушаалыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Цэргийн дайчилгааны үзлэгийг 2010 оны 5 дугаар сарын 24-нөөс эхлүүлэн Зэвсэгт хүчний 11 ангид зохион байгуулж явуулаад байна.
"Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулах тухай" ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу нийслэл, дүүрэг, аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хүргүүлж, 2010 эхний хагас жилд 5 аймгийн Цэргийн штабтай хамтран 5 мэргэжлээр 500 бэлтгэл үүрэгтнийг сургаж бэлтгэв.
"Артиллерийн тусгай хороог дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулж, тусгай чиглэлд байлдааны ажиллагаа явуулж байгаа мббр-дад дэмжлэг үзүүлэх" сэдвээр явуулсан дайчилгаатай хээрийн сургуульд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн дайчилгааны бэлтгэл нөөцөөс нийт 165 дайчилгааны бэлтгэл үүрэгтнийг татан авч жигдрэлтийн сургуульд хамруулсан нь үр дүнтэй боллоо. Дайчилгаатай КШХС-ийн бодлогын хүрээнд "Хориглох байлдаан явуулж байгаа мббр-ыг дэмжихээр томилогдсон артиллерийн батарейны ажиллагаа" сэдвээр батарейны байлдааны буудлагыг амжилттай гүйцэтгэлээ.
Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 310, 326 дугаар ангиудын хамтарсан КШС-ийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган "Стратегийн чиглэлд Зэвсэгт хүчний зарим анги, салбаруудаар цэргийн бүлэглэл байгуулан хориглолтод шилжих нь" сэдвээр удирдлага, зохион байгуулалтын өндөр хэмжээнд явууллаа.
АНУ-д буудлагын талбайн туршлага солилцох, зөвлөлдөх уулзалт, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын БНХАУ-д суугаа гадаадын батлан хамгаалахын атташе нартай хийсэн уулзалт, АНУ-ын Калифорни мужид тус улсын Тэнгисийн явган цэрэгтэй хамтран зохион байгуулах сургуулийн төлөвлөлтийн бага хурал, Тайланд Улсад зохион байгуулагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг сахиулах ажиллагааны шинжээч нарын бага хурал, Швейцарь Улсын Женев хотноо болсон улаан загалмайн хурал зэрэг томоохон арга хэмжээнүүдэд манай ажилтнууд оролцсон нь сургалтын менежментийг боловсронгуй болгоход ач холбогдолтой боллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчин-АНУ-ын аялан байлдах хүчний хамтарсан хээрийн сургуульд Зэвсэгт хүчний анги, байгууллагаас оролцох цэргийн албан хаагчдын бүрэлдэхүүн, холбогдох тооцоог боловсруулж, бэлтгэлийг ханган амжилттай зохион байгуулж явууллаа.
Чад Улсад үүрэг гүйцэтгэх хоёрдугаар ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан хийлээ.
Сьерра Леон дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Олон улсын тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэх IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 1 дүгээр сарын 16-наас 2 дугаар сарын 12-ны өдрүүдэд, Афганистанд явагдаж буй "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн хамгаалалтын рот, артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 3 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд, Афганистанд явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн цэргийн ажиллагаанд ХБНГУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн хамгаалалтын салааны ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний 2 дугаар ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 5 дүгээр сарын 21-нээс 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд, Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд тус тус зохион байгуулан явуулсан.
2010 онд Баруун Сахар, Конго, Судан Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын ЭСА-д оролцох 8 цэргийн ажиглагчийн ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулж, англи хэл, жолооны шалгалт авч, тусгай хөтөлбөрийн дагуу хичээл, сургалтад хамруулан ажиллагааны газар оронд илгээсэн.
Кампучи Улсад зохион байгуулагдах Зүүн өмнөд Азийн орнуудын энхийг
дэмжих ажиллагааны олон улсын салаадын хээрийн сургалт, дадлагад оролцох
цэргийн баг, сургагч багш нарын жигдрэлтийг хангах сургалтыг 2010 оны 6 дугаар
сарын 21-нээс 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд-2010" олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах төгсгөлийн шатны төлөвлөлтийн бага хурлыг 2010 оны 5 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд, "Аминд үл хүрэх зэвсэг-2010" олон улсын семинарыг зохион байгуулах төгсгөлийн шатны төлөвлөлтийн бага хурлыг 2010 оны 3 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд тус тус зохион байгуулж явуулсан болно.
2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын Судалгааны төвийн ажилтнуудын айлчлалыг зохион байгуулж, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцуулав.
2010 оны 3 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд АНУ-ын "Дэлхийн энхийг дэмжих санаачилга" сангийн төлөөлөгчид айлчлан, Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвд тавигдах Ази-Номхон далайн бүсийн энхийг дэмжих ажиллагааны төвүүдийн нэгдсэн мэдээллийн сүлжээний талаар танилцуулга хийж, энэхүү сүлжээг байгуулах талаар харилцан санал солилцов.
ЗХЖШ-ын Цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөө"-ний хүрээнд АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын С-2, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын хамтарсан уулзалт, семинарыг 2010 оны 4 дүгээр сарын 6-наас 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж, хоёр улсын цэргийн тагнуулын байгууллагын хооронд найрсаг, ажил хэрэгч харилцааны эхлэл суурийг тавьж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
Монгол Улсад Терроризмтой тэмцэх асуудлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тусгай томилгоот бүлгийн удирдах бүрэлдэхүүний цугларалтыг 2010 оны 5 дугаар сард ХХЕГ-ын 0151 дүгээр ангийн сургалтын баазыг түшиглэн хамтран зохион байгуулсан нь Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий томилгоот бүлгүүд харилцан мэдээлэл, туршлага солилцсон, сургалт, бэлтгэлийн нэгдсэн стандартай болох талаар тодорхой алхам хийсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Агаарын цэргийн хүчний төлөөлөгчдийг хүлээн авч, Зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар ангиудын үйл ажиллагаа, зэвсэглэл техниктэй танилцуулан АДХЦ-ийн зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах талаар санал солилцлоо.
Буцалтгүй тусламжийн техник, зэвсэг, техникийн сэлбэг хэрэгслийг хүлээн авах ажлын хүрээнд ОХУ-ын 45 битүү вагон зэвсэг, техникийн сэлбэг хэрэгсэл, БНХАУ-ын 21 тавцант вагоноор зам барилга, инженерийн техникийг осол, зөрчилгүй буулган холбогдох ангиудад хүлээлгэн өглөө.
Гадаад хамтын ажиллагаа, Зэвсэглэл техникийн шинэчлэлтийн чиглэлээр
“Цэрэг–техникийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ–ын Засгийн газар хоорондын 1993 оны хэлэлцээр, “Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээр”-ийн хүрээнд 2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр №335/2/3-1МПМТП тоот гэрээнд гарын үсэг зурсан. Нийт 57799436 ам. долларын үнэ бүхий 6 төрлийн зэвсэг, техникийг 2009 оноос эхлэн нийлүүлж эхэлсэн.
Энэ гэрээний хүрээнд “Ми-8Т” загварын цэргийн тээврийн нисдэг тэрэг, түүний сэлбэг хэрэгсэл, газрын тоног төхөөрөмж, артиллерийн согог тодорхойлох, аюулгүй болгох тоног төхөөрөмж, 9 контейнер танк, хуягт тээвэрлэгч, авто техникийн сэлбэг хэрэгслийг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүлээн аваад байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчинд шинээр байгуулж буй барилга-инженерийн ангиудад БНХАУ-аас 2010 онд буцалтгүй тусламжаар 2.0 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 11 нэр төрлийн барилга, инженерийн техник хэрэгслийг хүлээн авч, зохих газар нь хүлээлгэн өгсөн.
Монгол орны нийт нутгаар цас их орж, хүйтний эрч эрс чангарч, өвөлжилтийн байдал хүндэрсэн үед Батлан хамгаалахын сайд аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээ, өвөлжилт хүндэрсэн аймгуудын хүсэлтийг харгалзан цэргийн зориулалтын туулц өндөртэй 28 нэгж /Урал-375, Зил-131, Газ-66 маркийн/ автомашиныг 12 аймгийн Онцгой байдлын хэлтсийн мэдэлд балансаас балансад шилжүүлэх ажлыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн, Батлан хамгаалахын сайдын 2010 оны 10 дугаар тушаалаар баталгаажуулан хэрэгжилтийг нь зохион байгуулсан.
Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар
НАТО-тай албан ёсны харилцаа тогтоох чиглэлээр ажилласны дүнд Монгол Улс НАТО-гийн “цэрэг хандивлагч орон” статустай 45 дахь орон болсон.
Монгол Улсад цэрэг улс төрийн ач холбогдол бүхий улс орнуудтай цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор ОХУ-д цэргийн атташегийн туслах, ХБНГУ-д цэргийн атташе суулгах асуудлыг шийдвэрлүүлэн томилж, үүрэг ажилд оруулахаар бэлтгэж байна.
Монгол, Америкийн Батлан хамгаалахын шинэчлэлийн ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамд хоорондын дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамд хоорондын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтуудыг тус тус зохион байгуулсан.
Батлан хамгаалахын сайдыг ХБНГУ-д зохион байгуулах “Афганистаны аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын хүчний ажиллагаа”-ны Хойд бүс нутгийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалтад оролцуулах ажлыг зохион байгуулав. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Бельгийн Вант Улсад зохион байгуулсан “Афганистаны аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын хүчний ажиллагаа”-ны Хойд бүсийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Жанжин штабын дарга нарын уулзалтад оролцуулсан.
ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
Онцгой байдлын ерөнхий газар нь Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай, Улсын нөөцийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, үр өгөөжтэй, хурдан шуурхай хүргэх, үр нөлөө бүхий удирдлагын чадавхи бүрдсэн ажлын албыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
Монгол Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 22 аймгийн 437 сумын нутаг дэвсгэрт 1587 удаа аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, үүний улмаас 5459 хүн нэрвэгдсэнээс 146 хүн амь насаа алдаж, 58 хүн хүнд, хөнгөн бэртэж, 8822317 толгой мал хорогдож, урьдчилсан байдлаар 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тэдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, цэрэг, цагдаагийн алба хаагч, орон нутгийн иргэд нийт 9650 хүн, 2467 автомашин техник ажиллаж 27.1 тэрбум төгрөгийн шууд зардал гарчээ.
Дээрхи гамшиг ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 14.7 хувиар, нас барсан хүний тоо 43.2 хувиар, учирсан хохирол 20 хувиар, хохирлыг арилгахад гарсан зардал 53.1 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.
2010 оны эхний хагас жилд 13 аймгийн 36 суманд нийт 52 удаа ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 9 га ойн талбай, 850276,4 га бэлчээрийн талбай шатаж, нийт 850900,1 га талбай шатаж, түймрийг унтраахад 35.6 сая, экологийн хохирол 582.1 сая, эд материалын 292.4 сая, нийт 852.9 сая төгрөгийн хохирол учирсан.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 516 албан хаагч, орон нутгаас 1028, Зэвсэгт хүчин, Дотоодын болон Хилийн цэргээс 162 алба хаагч, нийт 165 автомашин техниктэйгээр, 1 хоногт 40 удаа, 2 хоногт 4 удаа, 3 хоногт 4 удаа тус тус ажиллаж унтраажээ.
Улсын нөөцийн төв, орон нутгийн салбаруудын агуулах, барилга байгууламжийн 2010 онд хийгдэх урсгал засварт 309.4 сая төгрөгийг батлуулан хяналт тавьж ажиллаж байна.
Нийт төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын бие бүрэлдэхүүний 79765 албан хаагчид 7489 цагийн хичээл сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулсан байна.
ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн хязгаарын Эрэн хайх, авран туслах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд “Нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт 21 хоногийн сургалтыг явуулж 15 офицер, аврагч Санкт-Петербург хотын Галын албаны Их сургуульд гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагчийн мэргэжил дээшлүүлэх “Гал унтраах автомат төхөөрөмж, галын дохиоллын системийн төлөвлөлт” сэдэвт 10 хоногийн сургалтад 10 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийг хамруулаад байна.
Япон Улсын Кобе хотноо Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн газраас зохион байгуулсан “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал”, Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвийн сургалт, Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулсан Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гамшгийн удирдлагын бүсийн зөвлөлдөх хорооны 8 дугаар хурал, Японы Улсын Сансарын орон зай судлалын агентлаг, Шри-Ланк Улсын Гамшгийн удирдлага, хүний эрхийн яамнаас зохион байгуулсан Азийн харуул системийн үйл ажиллагааны 5 дахь удаагийн сургалт, Австрали Улсын Канберра хотод зохион байгуулагдсан “Цацрагийн ослоос үүсэх онцгой байдалд шийдвэр гаргах менежментийг боловсронгуй болгох хээрийн дадлага” сэдэвт сургалт, Английн Лондон хотноо зохион байгуулагдсан Шувууны томуугийн талаарх олон улсын бага хурал, Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын IV бага хурлын бэлтгэл хуралдаан болон Азийн түншлэлийн анхдугаар уулзалт”, Сингапур хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийн сургалт, АНУ-ын Аляск мужийн Анкораж хотноо газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулагдсан дасгал сургууль, БНХАУ-ын Кунминг хотноо зохион байгуулагдсан Гангийн мониторинг, эрт зарлан мэдээллийн талаарх бүсийн зөвлөлдөх уулзалт, БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Гамшгийн аюулыг бууруулахад сансарын технологийг ашиглах нь сэдэвт семинар, Япон Улсын Кёото мужийн Шизүоко хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын сургалт семинар”, ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Хид дамнасан ойн түймэртэй тэмцэх асуудлаар олон улсын зөвлөлгөөн”, Тайландын Бангкок хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын IV бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдах Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах техникийн хуралдаан зэрэг цаг үеийн асуудлаар олон улсын түвшинд зохион байгуулагдсан хурал зөвлөгөөнд тухай бүр оролцож ирлээ.
Япон, Франц, БНТУ, Тайвань, БНХАУ, Австрали зэрэг гадаадын улс орнуудтай харилцан ажиллагаагаа өргөжүүлж ажиллахын зэрэгцээ АНУ, Англи, Авсрали, Тайланд, Сингапур, БНХАУ, ОХУ, Филипин зэрэг улс орнуудад 21 алба хаагчийг семинарт оролцуулж, 25 офицер, аврагч нарыг сургалтанд хамруулсан байна.
“Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр нийслэлийн дүүргийн хороодын Засаг дарга нарт зориулсан “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2 ээлжээр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн дүүргийн 132 хороодын Засаг дарга нар оролцлоо.
“Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 45 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрыг түшиглэн зохион байгуулсан.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын хүсэлтээр “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалтыг зохион байгуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Дүрвэгсдийн газар, Аюулгүй байдлын алба, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Хавитат төсөл, ЮНЕСКО-гийн нийт 160 ажилтан, албан хаагчийг хамруулсан.
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн чиг үүргийн 4 бүлгийн 100 гаруй офицер, ахлагч нарт “Гамшгийн удирдлага” сэдвээр 4 цагийн хичээл заасан.
“Газар хөдлөлтийн бэлэн байдал, эрсдлийг бууруулах” сэдвээр ерөнхий боловсролын багш нар, Мобиком компанийн, Гаалийн ерөнхий газрын албан хаагчдад, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажиллагсдад, Хүүхдийн төлөө үндэсний төвийн Орон нутгийн хүүхдийн асуудал хариуцсан ажиллагсдад нийт 488 хүнийг оролцууллаа
“Нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагаа”, “Уул уурхайн ослын үеийн аврах ажиллагаа”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт”, “Гамшгийн удирдлага”, “Газар хөдлөлтийн бэлэн байдал, эрсдэлийг бууруулах”, “Гамшгаас хамгаалах арга хэмжээ”, “Газар хөдлөлтийн үед эмнэлгийн бэлэн байдлыг хангах нь”, “Аялал жуулчлалын үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх нь” сэдэвт сургалтуудыг нийт 11 удаа зохион явуулж 923 хүнийг хамрууллаа.
Дархан-Уул аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Өвөрхангай аймагт гамшгаас хамгаалах команд-штабын сургуулийг, зохион байгуулж нийт 760 иргэд, албан хаагч хамрагдлаа.
Онцгой байдлын албаны “АВРАГЧ” биеийн тамир спорт хорооны барилга угсралтын ажил, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны гал унтраах ангийн галын депогийн барилга угсралтын ажил, Дорноговь аймгийн Замын-Үүдэд гал унтраах ангийн галын депогийн барилга угсралтын ажил, Дорноговь аймгийн Айраг суманд гал унтраах ангийн галын депогийн барилга угсралтын ажлын тендерийг зарлаж, барилга угсралтын ажил нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн гэрээг 3 аж ахуйн нэгжтэй хийж дээрхи аврах, гал унтраах ангиудын барилгын шав тавин барилга угсралтын ажлуудыг эхлүүлээд байна.
“Улсын нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын маш нууц 249 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын маш нууц 89 дугаар тогтоолоор өвс, тэжээлийн 9 цэг шинээр нэмж байгуулсан.
Манай улсад өвөлжилт нэн хүндэрч зудын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан гадаад орнууд, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж Засгийн газар, УОК-оос уриалга гаргасны дагуу гадаад орнууд, олон улсын байгууллагаас мөнгөн хэлбэрээр болон эд материалын нийт 4.7 тэрбум, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдээс 873.9 сая төгрөгийн мөнгөн болон бараа материалын хандив бүрдсэнийг бүртгэн хуваариллаа. Үүнд:
1. 2010 оны 2 дугаар сарын 1-нд Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилтийн байдал хүндэрч, гамшигийн хэмжээнд хүрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Завхан, Дундговь зэрэг гамшигт нэрвэгдсэн 12 аймгийн малчдын хэрэгцээ шаардлагыг судлан үзсэний үндсэн дээр хандивын мөнгөн хөрнгөөр хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дулаан гутал гэх мэт 255.0 сая төгрөгийн хандив тусламжийн барааг худалдан авч тээвэрлэн хүргэсэн.
2. ОХУ, БНХАУ, БНТУлсаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч, холбогдох гаалийн бүрдүүлэлтийг хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар дүгнэлт гаргуулан, нийт 2446.0 сая төгрөгийн 28 нэр төрлийн бараа материалыг Улаанбаатар хот болон 21 аймагт хуваарилж, 2010 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хандивлагч орнуудын төлөөлөгчийг байлцуулан 53 автомашин буюу 1063 тэвш ачааг 159.2 сая төгрөгийн зардлаар тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулсан.
3. Япон Улсын “Төслийн бус хуримтлалын сан”, “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд 1 тэрбум төгрөг буюу 700 мянган ам. доллараар хандивлагчаас батлан ирүүлсэн 600 тн гурил, 1740 тн малын тэжээлийг 573.6 сая төгрөгөөр худалдан авч, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 12 аймагт 4 дүгээр сарын 10-ний өдөр нэгдсэн цуваа гарган тус тус хүргүүлээд байна.
4. 6 дугаар сарын 25-ны байдлаар ОХУ-ын засгийн газраас үзүүлсэн буцалтгүй тусламжаар нийлүүлэх 499.4 сая рубль буюу 23.4 тэрбум төгрөгийн 56.8 мянган тонн тэжээлийн буудайнаас 40.9 мянган тонн улаанбуудайг хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 137 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрч гамшгийн хэмжээнд хүрсэн Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Төв, Завхан, Хөвсгөл, Дундговь зэрэг 11 аймаг, 65 суманд гадаад орнууд, олон улсын байгууллагаас, иргэд аж ахуйн нэгжүүдээс хандив тусламжаар ирүүлсэн барааг нэрвэгдсэн малчин иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурил, цай, шар будаа, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт 9 төрлийн 474.72 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2010 оны 06 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд 11 аймаг, 65 суманд ачуулах ажлыг зохион байгуулж, тээвэрлэн хүргэхэд хяналт тавин ажиллалаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Достарыңызбен бөлісу: |