“Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаарх стратегийн баримт бичгийг Засгийн газрын 2010 оны 63 дугаар тогтоолоор сайшаасан бөгөөд уг баримт бичгийг үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын зохицуулах зөвлөлийн 2009 оны 4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 123 дугаар тушаалыг гаргасан. Уг тушаалын дагуу эмгэг судлаач эмч, түүний туслах, эмгэг судлалын лаборант, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын цалинг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийн 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, тухайн байгууллагын батлагдсан төсөвт багтаан 2010 оны 7 дугаар сарын 1-нээс олгож эхлээд байна.
Мөн “Нэмэгдлийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй байх, зэргийн нэмэгдлийн доод хэмжээ үндсэн цалингийн 10, 15, 20 хувь байхаар тус тус тогтоолоо.
Нийгмийн эрүүл мэндийн талаар
Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Засгийн газрын 2010 оны 155 дугаар тогтоолоор 62 тамирчинд 336.8 сая төгрөгийн шагналыг Монголын тамирчдын баяраар олголоо.
“Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчинтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагнал олгох журам”–ыг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 130 дугаар тушаалаар баталсан.
“Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн журам”, “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх шинжээч ажиллуулах журам”, “Магадлан шинжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг”, “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур”-ыг боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар батлав.
Томуугийн цартахлын А хүрээний /H1N1/ вирусийн халдвартай тэмцэх бэлэн байдлын эрүүл мэндийн салбарын төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 141 дүгээр тушаалаар, Вируст гепатиттай тэмцэх үндэсний стратегийг мөн оны 119 тоот тушаалаар, Хүүхдийн дүлийрэлт, сонсгол бууралтын эрт оношлогоо, эмчилгээний удирдамжийг мөн оны 109 дүгээр тушаалаар, “Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г БСШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан мөн оны 286/216 дугаар тушаалаар тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг тэмдэглэх арга хэмжээг “Эмэгтэйчүүдийг тамхины зар сурталчилгаа, тамхидалтаас сэргийлье” уриан дор зохион байгуулж, Хэвлэлийн бага хурлыг удирдаж явуулав. Бага хуралд ДЭМБ, ЗГХА-ЭМГ, МСС-ийн Эрүүл мэндийн төсөл, СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцов.
“Зуд, гамшгийн үед үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж төсөл” боловсруулж ДЭМБ, НҮБ-ын ХАС-д явуулж хэрэгжилтийг зохицуулж ажиллан дараах арга хэмжээг авч хэрхэгжүүлэв. Үүнд: Гамшгийн үед хүн амд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламжийн талаар орон нутагт явуулах сургалтын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав.
“Зуд, гамшгийн үед хүн амд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн тусламж, дэмжлэг” гарын авлага боловсруулж “Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг”-ийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотрын эмч, орчны эрүүл мэндийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж сургалт явуулан 30 сургагч багш бэлтгэв.
Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг зудтай 12 аймагт ажиллан багийн бага эмч, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч, өрхийн эмч, Онцгой байдлын хэлтсийн ажилтан, нийгмийн халамжийн ажилтнуудад /нийт 424 хүнд/ зуд гамшгийн үед нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэх арга зүйн сургагч багш бэлтгэх 2 өдрийн сургалт явуулсан байна.
Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг 12 аймгийн 24 суманд ажиллаж, зудад өртсөн 193 малчин өрхөд газар дээр нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг 357 хүнд, бүлгийн ярилцлага, зөвлөгөөг 1180 хүнд өгчээ. Түүнчлэн эмчийн үзлэгт малчин өрхийн 1635 хүн хамрагдсан байна.
“Эрүүл хот” санаачилагыг бүх хот, суурин газарт дэлгэрүүлж, түүний үр шим, туршлага, ололт амжилтыг олон нийтэд хүргэх, олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эрүүл хот” үндэсний форумыг “Эрүүл хотыг хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Монголын хотуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
ДЭМБ, ММССангийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх сарын аян”-ы хүрээнд Осол гэмтлээс сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт явуулж 16 сэтгүүлч, ЗЦГ-ын ОНХХ-ийн 6 цагдааг хамруулж, Авторадио FM-96.3–аар жолооч нарт зориулсан зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх нэвтрүүлгийг 1 сарын турш явуулсан. ДЭМБ, ММССангийн дэмжлэгтэйгээр “Осол гэмтлээс сэргийлэх” талаарх мэдээллийн багц боловсруулан 1000 ширхэгийг хэвлүүлэн түгээв.
“Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх орчин бүрдүүлэх нь” сэдвээр МҮОНТ-ээр 40 минутын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Томуугийн цартахлын болон халдварт саагийн эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах арга хэмжээг “Томуугийн цартахлын А А/H1N1/ халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд эрсдэлт бүлгийн 700.0 мянга гаруй хүнийг дархлаажуулсан байна.
ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачидтай хамтран зоонозын халдварын байгалийн голомтыг илрүүлэх судалгааг хийж байна. Үүний үр дүнд энэ оны эхний 5 сарын байдлаар халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 850 гаруй тохиолдлоор буурсан байна.
Мянганы хөгжлийн зорилтод тусгасан “Баталгаат ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй хүн амын тоог 2015 он гэхэд 2 дахин бууруулна” гэсэн зорилтын хүрээнд ДЭМБ-тай хамтран “Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах төсөл”-ийг 8 аймгийн 40 суманд хэрэгжүүлж эхлээд байна.
“Үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх дэвшилтэт технологи” сэдэвт онол практикийн бага хурлыг БОАЖЯ, усны үндэсний хороотой хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэй зохион байгуулав.
“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг “1000 хот-1000 амьдрал-Хотжилт-Эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвийн дор Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Ховд, Мандалговь, Хөвсгөл зэрэг газруудад тэмдэглэн өнгөрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлав.
“Орчны эрүүл мэнд-Бид тантай хамт” сэдэвт хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулан зохион байгуулж, орчны эрүүл мэндийн сэдвээр шилдэг нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх уралдаан зарласан нь орчны эрүүл мэндийн талаар мэдлэг олгосон, идэвхийг өрнүүлсэн үйл ажиллагаа боллоо.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Хүний эрх- Залуучууд-Эрүүл мэндийн дэмжих төв” ТББ-аас 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийн эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, өөрийн зан үйлийг тодорхойлох ба эрсдэлт зан үйлийг өөрчлөх, бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлэх сургалтыг 4 дүүрэг, СХД-ийн хөтөлбөр хэрэгжиж буй цэнгээний газруудын эздийг оролцуулан зохион байгуулав.
БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний удирдамжийн сургалтыг нийт 21 аймаг, 9 дүүргийн БЗДХ, ХДХВ/ДОХ-ын диспансерийн эмч нарыг оролцуулан зохион байгууллаа.
Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нарын уулзалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж 21 аймгийн ЭМГ-ын дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч нарыг хамруулсан. Мөн сүрьеэгийн сорьц тээвэрлэх үйл ажиллагааны талаар аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн СТСА-ын хооронд гэрээ байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлэх НҮЭМийн 800.0 мянган ам. долларын төсөв бүхий ажлын төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайд, НҮБХАСийн суурин төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Амаржих газар, тасагт шаардлагатай 800.0 сая төгрөгийн өртөг бүхий 18 нэрийн багаж төхөөрөмжийн хуваарийг баталлаа.
Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолын дагуу Үндэсний спортын IV их наадмыг спортын 9 төрлөөр 3 үе шаттайгаар орон даяар зохион байгуулж явууллаа.
Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг АХБ-ны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэн бүрийг жилд 1 удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоонд хамруулах асуудлыг Хүний хөгжил сангаас иргэдэд 1.5 сая төгрөгийн хишиг хувь хүртээх чиглэлийн хүрээнд шийдвэрлэхээр төсөл боловсруулж байна.
“Онцгой тохиолдолд эх барихын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангах” сургалтыг үндэсний түвшинд зохион байгуулах сургалтыг бүх аймгийн эх барихын ерөнхий мэргэжилтэн, дүүргийн эмнэлгийн эмч нарыг хамруулан зохион байгуулав.
Аймаг, дүүргийн эмнэлгүүдийн эх, нярайн тусламжид нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж олон улсын байгууллагуудад хүсэлт тавин 449.0 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орон нутагт хуваарилав.
НҮБ-ын ХАС-аас эх, нярайн тусламжид зориулан 1.0 сая ам. долларын багаж, тоног төхөөрөмжийг олгов.
Засгийн газрын 2010 оны 25 дугаар тогтоолоор клиникийн 1 дүгээр амаржих газрын их засвар, шилжүүлэн байрлуулахад зориулан 2.4 тэрбум төгрөгийг зарцуулж засварыг дуусган үйл ажиллагааг нь эхлүүлэв. Шинээр барих амаржих газрын зураг төслийг эцэслэн, 2010 оны улсын төсөвт 19.0 тэрбум төгрөгийг тусган батлуулаад байна.
Мэдээллийн технологийг нэвтрүүлэх талаар
ЭМЯ-ны харъяа байгууллага, агентлаг, аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг зэрэг 60 байгууллагыг хамарсан салбарын цахим нэгдсэн сүлжээг байгуулав.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайн оношлогооны сүлжээ бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор харъяа байгууллага, аймгийн нэгдсэн эмнэлгийг хамарсан салбарын цахим сүлжээг байгуулаад байна. Одоогоор ЭМЯ-ны харъяа клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, агентлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд өөр хоорондоо өндөр нууцлал бүхий VPN сүлжээгээр 10-100Мbps, БОЭТ-үүд 2Мbps, аймгийн ЭМГ болон нэгдсэн эмнэлэг 1Mbps-ийн хурдтайгаар тус тус холбогдон ажиллаж байна.
ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийг компьютер, техник хэрэгсэл болон телемедициний тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 2010 оны улсын төсөвт 700.0 сая төгрөгийг тусгуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 205 дугаар тушаалаар 500 компьютер, дотоод сүлжээний тоног төхөөрөмжийг хуваарилан олголоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийн талаар
Онцгой албан татварын хуульд нэмэлт оруулах хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, эмнэлэг, эмийн үйлдвэрт хэрэглэж байгаа спиртийн татварыг бууруулах асуудлыг шийдвэрлэлээ.
Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор 141 байгууллагад 763 удаагийн эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз олгосноос 20 нэрийн мансуууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 2558 нэрийн эм, эмийн түүхий эд, 1980 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 1678 нэрийн оношлуур, урвалж, болон 41 нэрийн тусгай хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз тус тус олгосон байна.
Төв аймгийн 26 суманд НҮБ-ын ХАС-ын дэмжлэгээр Эмийн эргэлтийн сан байгуулахаар ажиллаж байна.
Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн чанарт тавих хяналтыг сайжруулах нь” сургалтыг 2009 оны 4 сард НҮБ-ын ХАС-тай хамран зохион байгуулллаа.
Хүний эмийн салбар зөвлөлийн хурлаас 174 эм, эмийн түүхий эдийг улсын бүртгэлд шинээр бүртгэлээ.
Эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр
2010 оны 1 дүгээр сард БНХАУ-аас H1N1 томуугийн эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулав. БНХАУ-аас нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдын баг ирсэн бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж, ХӨСҮТ-тэй хамтын ажиллагаа тогтоон 80.0 сая гаруй төгрөгийн томуугийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийг хандивлав.
ОУАЭА-аас Монгол Улсыг Хорт хавдартай тэмцэх бүсийн жишиг төвөөр шалгаруулсан нь тус улсад хорт хавдрын эсрэг тэмцэхэд олон улсын хандивлагчдын дэмжлэгийг авах, бусад орнуудаас туршлага судлах, олон улсын хурал, чуулганыг хүлээн авч зохион байгуулах зэрэг олон ач холбогдолтой үйл явдал боллоо.
ДЭМБ–ын 63 дугаар чуулганд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаар ахлуулсан төлөөлөгчид амжилттай оролцож, ДЭМБ–ын удирдах зөвлөлд Эрүүл мэндийн сайд С. Ламбаа сонгогдон ажиллаж байна.
ДЭМБ болон НҮБ-ын ХАСантай хамтран Мянганы хөгжлийн зорилтуудын 4-5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сэтгэцийн болон анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэх 1.2 сая ам. долларын төсөвтэй үйл ажиллагааг эхлүүлэв.
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТАЛААР
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын талаар
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн тэтгэмжийг хэрхэн олгох талаар загвар боловсруулаад байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох, нийгмийн хамгааллын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох, нийгмийн хамгааллын хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт оновчтой хүргэх арга зүй, зохион байгуулалтыг сайжруулах”-аар тусгагдсаны дагуу Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын төслийг боловсруулж, ҮСХ-ны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 58/36 дугаар хамтарсан тушаалаар баталлаа. Уг аргачлалын дагуу ядуу өрхийн мэдээллийн санг бүрдүүлж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “жилд 12500 өрхийн амьжиргааг дээшлүүлэх” зорилтын хүрээнд 2010 онд амьжиргааг дээшлүүлэх өрхийг аймаг, нийслэлийн өрхийн тооноос хамааруулан тогтоож, аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтсүүдэд мэдээлэл авах тайлангийн загварыг хамт хүргүүлж хэрэгжүүлснээр аймаг, нийслэлийн амьжиргааг дээшлүүлэх буюу ядуу өрхийн мэдээллийн сан бий боллоо.
Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Орон гэргүй, тэнэмэл иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлэх журам”-ыг боловсруулан Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хамтарсан тушаалаар баталсан.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн орон гэргүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх ажлыг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Амьдрах ухаан сургалт, үйлчилгээний тусгай төвтэй хамтран гүйцэтгэлээ. Одоогоор орон гэргүй, тэнэмэл 1036 иргэний мэдээллийн санг үүсгээд байна.
Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд бүртгэлтэй гудамж, орц, траншейгаар байнга тэнүүчлэн амьдардаг 50 хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, ирээдүйн амьдралд бэлтгэх, тэдэнд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн заслын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгон шалгаруулсан.
Мөн хөтөлбөрийн хүрээнд хүнсний талоныг 2009 оны 11 дүгээр сараас 21 аймаг, 9 дүүргийн иргэдэд олгох ажлыг үргэлжлүүлж нэг иргэнд сард 14000 төгрөгийн хүнсний дэмжлэг үзүүлж байна. Хүнсний талоныг хоёр сард нэг удаа олгохоор журамласны дагуу нийт 4 удаагийн олголтоор 2,756,572,000 төгрөгийн талон олгоод байна.
Хүний хөгжил сангийн тухай хууль, УИХ-ын 2010 оны 99, 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас иргэн бүрт эхний ээлжинд 70000 төгрөгийг аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтсүүдээр дамжуулан олгож эхэлсэн бөгөөд оны эхний 6 сарын байдлаар 2,534,353 иргэн буюу нийт иргэдийн 93.8 хувь нь хишиг хувиа хүртээд байна.
Засгийн газрын 2010 оны 84 дүгээр тогтоолоор 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны төлбөрийн эрх болон бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр олгохоор тогтоосны дагуу иргэд 1.0 сая төгрөгийн хишиг, хувийг ямар хэлбэрээр явахыг хүсч буйг тодруулах зорилго бүхий судалгааг аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтсүүдээр дамжуулан хийсэн. Монгол Улсын нийт хүн амын 87.3 хувь буюу давхардсан тоогоор 2,358,432 иргэн хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр хүртэх саналаа өгөөд байна. Үүнээс:
-
Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 22.1 % буюу 520665 иргэн:
-
Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 12,9% буюу 303445 иргэн
-
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 9,2% буюу 217220 иргэн
-
Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлөх 14,6% буюу 344768 иргэн
-
Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах 4,4% буюу 104845 иргэн
-
Нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн үзлэгт хамрагдах төлбөрт 5,4% буюу 127402 иргэн
-
Оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрт 4,8% буюу 112521 иргэн
-
Боловсролын үйлчилгээний төлбөрт 18,5% буюу 437992 иргэн:
-
Оюутны сургалтын төлбөрт 10,9% буюу 256892 иргэн
-
ЕБС-ийн сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны төлбөрт 5,8% буюу 137515 иргэн
-
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан мэргэжлийн сургалтын төлбөрт 1,8% буюу 43585 иргэн
-
Орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон зээлийн хүүг төлөхөд 18,1% буюу 427716 иргэн:
-
Малчны зээл болон бусад зээлийн төлбөрт 31,4% буюу 739812 иргэн
-
Малчны зээлийн төлбөрт 7,4% буюу 173698 иргэн
-
Бусад зээлийн төлбөрт 24,0% буюу 566114 иргэн байна.
Хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах асуудлаар
Женев хотноо болсон Хүүхдийн эрхийн хорооны 53 дугаар хуралдаанд оролцон “Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний гурав, дөрөвдүгээр тайлан болон “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчлахын эсрэг”, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг”, “Хүүхдийн эрхийн тухай нэмэлт протокол”-ын анхны тайлан илтгэлийг тус тус хэлэлцүүсэн.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн “Хүүхдийг хүчирхийлэл, дарамж, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд 2010-2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батлаад байна.
Төслийн хүрээнд 2010 оны эхний хагас жилд Хүүхэд хамгаалал, түүний дотор хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, дамжуулан худалдаалахтай тэмцэх асуудлаар нийгмийн ажилтныг чадавхижуулах сургалтыг 10 аймагт зохион байгуулж, аймаг, сум, дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнууд, халамжийн ажилтнууд, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд нийт 1368 хүнийг хамруулж, 45 сургагч багш бэлтгэв.
Хүүхдийн төлөө сангаас 2010-2011 онд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн шинжилгээний багийг томилон ажиллууллаа. Шинжилгээний баг Хүүхдийн төлөө санд ирсэн нийт 24 төсөлтэй нэг бүрчлэн танилцаж, хэрэгжих боломжтой, төслүүдийг шалгаруулан ХТС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 247.2 сая төгрөгний 12 төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Аймгийн засаг дарга нараас Монгол Улсын Шадар сайдтай 2010 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд ”Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал хариуцах хороо” байгуулах талаар санал тусгуулсан ба 2010 оны эхний хагас жилд шинээр 7 аймагт дээрхи хороо байгуулагдан одоогийн байдлаар 12 аймаг, 2 дүүрэгт амжилттай ажиллаж байна. Орон нутгийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн 5 аймаг өөрсдийн санхүүжилтээр хороо ажиллуулж эхлээд байна.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс жил бүр Сайд нарын уулзалтыг зохион байгуулж, улс орнуудад хөгжлийн зорилтдоо хүрэхээр гаргасан ахиц дэвшил, ололт амжилт, бэрхшээл, сургамж, туршлагаа хуваалцах боломжийг олгодог байна. 2010 оны 6 дугаар сард болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сайд нарын уулзалтад үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар сонгогдсон 15 улсын нэг нь Монгол Улс боллоо. Иймд Үндэсний сайн дурын илтгэл боловсруулах ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж илтгэлийн агуулгын хүрээнд а) эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл ба хөдөлмөр эрхлэлт; б) эмэгтэйчүүдийн улс төрийн эрх ба шийдвэр гаргах түвшний оролцоо; в) эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх ба эх нялхасын эрүүл мэнд гэсэн сэдэвчилсэн 3 удаагийн хэлэлцүүлэг, Үндэсний зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгууллаа. Үндэсний сайн дурын илтгэлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулан дэмжигдсэн болно.
“Хүүхэд хамгааллын асуудлаар ойлголт нэмэгдүүлж, чадавхийг бэхжүүлэх нь” төслийн эхний үйл ажиллагаа болох Шийдвэр гаргагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн холбогдолтой хууль, тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйн ойлголт, мэдлэг өгөх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болон нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, нийт 25 хүнийг хамрууллаа.
Нийгмийн бүлгүүдийн халамжийн үйлчилгээний талаар
“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай” Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон орон сууцны дэмжлэгт хамрагдах ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг гаргалаа.
Эдгээр ахмад дайчдын нэрсийг насны эрэмбээр дарааллуулан жагсааж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайдын 2010 оны 53/149 дүгээр хамтарсан тушаалаар батлан, НХХЯ-ны вэб сайтад тавьж, “Өдрийн сонин”-ы 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 105 дугаарт нийтлүүлсэн.
Ахмад дайчдад орон сууц нийлүүлэх 3 удаагийн тендерт шалгарсан 12 компанийн орон сууцыг 640 ахмад дайчинд олгох ажлыг зохион байгуулаад байна.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаар:
УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны 2010 оны 12 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Эрүүл мэндийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулан УИХ-ын холбогдох Байнгын хорооны гишүүдэд эхний байдлаар танилцуулж санал аваад байна.
УИХ-ын 2009 оны 85 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 125 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийн дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын байгуулагдсан Ажлын хэсэг Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах үндсэн чиглэл, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахаар ажиллаж байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах зардлын хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 143/87/48 дугаар хамтарсан тушаалыг гаргав. Уг тушаалаар дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зардлын нэг хүнд ногдох хэмжээг 22,000 /хорин хоёр мянга/ төгрөгөөр тогтоосон.
Хувийн хэвшлийн зарим эмнэлгийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хувьсах зардлын хэмжээгээр санхүүжүүлэх тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 160/95/57 дугаар хамтарсан тушаалыг гаргав. Даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээгээр олговол нэг талаас даатгуулагч нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж авсан зардлын зөрүүг өөрөө төлж санхүүгийн дарамтанд орох сөрөг нөлөө үүсэх, нөгөө талаас хувийн эмнэлэг төрийн өмчийн байгууллагын хүчин чадлаас давсан тусламж үйлчилгээ үзүүлсэн хэдий ч улсын эмнэлгээс бага зардал авахаар нөхцөл үүсээд байсан юм. Иймд дээрх тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Мон мэс, Сэргээн засах клиник эмнэлэг, Номун эмнэлгүүдээр үйлчлүүлэх даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг олгохдоо Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 407/265/159 дүгээр “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай” хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээгээр санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэв.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох талаар
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, эрдэмтэд, НХХЯ, МАОЭНХ, МҮЭХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан нийт гурван удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан 50 гаруй саналыг тусган дахин боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Достарыңызбен бөлісу: |