Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв



бет7/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12

Р.Гончигдорж: Баярлалаа. Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийн тухай асуудлаар зүйлүүд нэмж байна. Энэ магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь төлбөртэй байх юм байна. Төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг Засгийн газрын гишүүн баталж гаргана гээд. Бид нар өнөөдөр ялангуяа нийтийн биеийн тамирын чиглэлд иргэдийн эрүүл амьдрах хэв заншлыг бүрдүүлэхэд чиглэсэн ийм байгууллагууд дээр өнөөдөр ингэж төлбөртэйгээр магадлан итгэмжилдэг ийм үйл ажиллагаа өнөөдөр цаг үеэ олсон зүйл бишээ гэж үзэж байгаа юм. Өнөөдөр харин тэд нарыг дэмжих хэрэгтэй байна. Ялангуяа битнесийн чиглэлийн тийм байгууллагууд дээр тодорхой хэмжээний орлогын татварын хөнгөлөлт, тэгээд дээрээс нь гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжүүдийн гаалийн болон бусад татваруудыг хөнгөлөх гэх мэтчилэн энэ санаачилгуудыг бид нар дэмжиж ажиллах.
Энэ магадлан итгэмжлэл гэдэг бол тэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх гэсэн тэр бодлогын чиглэлийн үргэлжлэл болохоос биш зөвшөөрлийн систем хэлбэртэйгээр мөнгөн хэмжээгээр үнэлэгддэг ийм юм бол өнөөдөр байж болохгүй гэсэн ийм бодолтой байгаа юм. Энэ дээр Эрүүл мэндийн яам, энэ магадлан итгэмжлэлийн асуудлыг цаг үеэ олсон гэж үзэж байна уу гэдгийг асуумаар байна. Оруулж ирж байгаа юм чинь цаг үеэ олсон гэж үзэж байгаа байх л даа. Би бол үүнийг цаг үеэ олоогүй зүйлээ. Харин мэргэжил арга зүйн болон бусад бүх талаар нь дэмжиж ажиллуулах хэрэгтэй.
Өнөөдөр элдэв янзын баар, цэнгээний газрууд олонхи болж байхад харин түүнтэй зэрэгцээд ийм чиглэлийн байгууллагууд их баймаар байна. Би их спорт, спортын чиглэл дээр нь асуудлыг яриагүй байна. Энэ дээр байр сууриа гаргаж хэлээч ээ. Ер нь магадлан итгэмжлэлийн тухай асуудал ярьж байвал магадлан итгэмжлэл авснаараа тэр байгууллагад ямар ашигтай байр бий болох юм бэ? тухайлбал магадлан итгэмжилсэн сургууль байх юм бол тэнд сургуульд элссэн хүүхдүүдийг төрийн сургалтын санд хамруулж болно гэх мэтчилэн давуу талуудыг түүгээрээ олж авдагтай адил, магадлан итгэмжлэгдсэн тэр байгууллага ямар илүү дэмжлэгийг төрөөс хүлээж авах тийм боломжтой болох юм бэ гэдэг харилцаа энэ дээрээ баланс болж орж ирэхгүй бол дахиад л захиргаадал, дахиад нэг хүнд суртал үзүүлдэг, дахиад төлбөр нэхдэг ийм л зүйлийг шинээр үүсэх ёстой зүйл дээрээ ачаалал болгож гарч ирж байна гэсэн ийм байр суурийг илэрхийлмээр байна.
Хоёрдугаарт нь, тивийн аваргыг хасч байгаатай холбогдсон асуудлыг бас бодлогыг нь хармаар байна. Их спорт чиглэлээ олимп руу чиглэсэн, олимпод амжилт гаргах, олимпод оролцогч байх хүрээгээ тэлэх гэдэг тэр бодлого руу чиглүүлсэн урамшууллын систем гэж үзэж байгаа юм уу? эсхүл өөр урамшууллын систем юм уу? тэгж үзэж байгаа бол тэр тивийн аварга бусад гэдэг асуудлаасаа илүүгээр олимпод эрх авч байгаа үнэлгээнийх нь хэмжээгээр шагналын систем бий болсон. Ийм систем байх юм бол их ойлгомжтой болно. Олимпийн нэг эрх авахад тэд, хоёр эрх авахад тэд, орж чадахгүй ч байсан. Ингээд энэ урамшуулал чинь өөрөө манай их спортыг юу руу нь тэмүүлүүлэх урамшуулал явж байгаа юм бэ гэдэг энэ чиглэлийг барих юм бол саяны яриад байгаа тэр жижиг асуудлууд ерөөсөө асуудал биш болж хувирна. Өөрөө үнэлгээний нэг утгатай системийн тогтолцоо бүрдүүлж өгөх юм бол тэнд бүх юм бол өөрөө ойлгомжтой болоод явна шүү дээ. Тийм учраас энэ бодлогоо тодорхойлж гаргаж ирснийхээ дараагаар энэ шагнал, урамшууллын мөнгөн хэмжээ бусад зүйлийг гаргамаар байна. Тэр нь эндээс ойлгогдохгүй байгаа юм. Би ийм байр суурьтай байна. Энэ дээр хариултуудыг авъя.
С.Ламбаа: Гончигдорж гишүүнд баярлалаа. Би бас энэ магадлан итгэмжлэх шалгуур үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж. Энэ үйлчилгээний төлбөрийн хэмжээ гэдэг нь магадлан итгэмжлэл хийж байгаа байгууллагатайгаа холбоотой төлбөрийн асуудал гэж ойлгохгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлснийхээ төлөө, манай Байгальмаа чи тайлбараа хийгээд өг дөө.
Байгальмаа: Магадлан итгэмжилж байгаа үйлчилгээний төлбөрийн хэмжээ гэдгийг бид нар ажлын хэсэг дээр ярьсан. Ерөөсөө тухайн байгууллагын гаргаж байгаа үйлчилгээнийх нь чанарыг сайжруулахын тулд тухайн байгууллага, стандарт шаардлагыг хангасан байна уу? үгүй юу гэдгийг магадалж итгэмжлэл өгөөд, түүнийхээ үйлчилгээний төлбөр болгож авъя гэсэн ойлголт гэж бодоод байгаа юм. Түүнээс биш мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг манай Биеийн тамир, спортын газар бол тогтмол явуулж байгаа. Бялдаржуулах, чийрэгжүүлэх төвүүдийг бүгдийг дуудаж авчраад мэргэжил, арга зүйн үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа. Одоо байж байгаа нийтийн биеийн тамирын чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд ерөөсөө ямар ч орчны нөхцөл шаардлага хангаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, явуулж байгаа үйл ажиллагаа нь өөрөө эрүүл мэндэд, бие бялдрын хөгжлийн шаардлагыг хангаагүй үйлчилгээг явуулсан байгууллагууд олон байгаа юм. Тэгэхээр тэр стандарт, удирдамжийг гаргаж өгөөд, үүнийг хангасан бол магадлан итгэмжлэлээ өгнө. Хангаагүй бол өгөхгүй гэсэн ийм л юмыг хөгжүүлье гэж бодож байгаа юм.
Д.Дэмбэрэл: Гончигдорж тодруулъя
Р.Гончигдорж: Ийм үйлчилгээ явуулж байгаа байгууллага үйл ажиллагаа явуулах эрх авах гэдэг ойлголт энэ магадлан итгэмжлэх хоёрыг хоёулангий нь адилхан утгаар нь ойлгоод байгаа юм уу? энэ хоёр бол хоёр өөр ойлголт уу? Би ойлгохдоо угаасаа энэ байгууллагууд тодорхой хэмжээнд хүнд үйлчилж байгаагийнхаа хувьд үйлчилгээ явуулах эрхийг авдаг гэж ойлгож байгаа. Эрх авагдсан байгууллагууд дотроос нэг хэсгийг нь магадлан итгэмжлэхийг нь, нэг хэсгийг нь бол магадлан итгэмжлэхгүй юм. Одоо ч гэсэн их, дээд сургуулиуд дээр магадлан итгэмжлэлтэй сургууль, магадлан итгэмжлэлгүй сургууль гээд. Гэхдээ сургалт явуулах эрхүүдээ аваад явж байгаа шүү дээ. дЭнэ харилцааных нь үүднээс асуудлыг ярьж байгаа юм. Тэгж итгэмжлэгдсэн байгууллага, итгэмжлэгдээгүй зүгээр эрх аваад үйлчилж байгаа байгууллага хоёрын хоорондын ялгаа нь юун дээр гарч ирэх юм бэ? итгэмжлүүлснээрээ би юунд ач холбогдолтой болж явах юм бэ? Марктенгийнхаа хувьд итгэмжилсэн гэдгээрээ өөр рүүгээ үйлчлүүлэгч татахдаа юм уу? эсхүл өөр агуулга юм уу? Би бол цаад байгууллагуудыг дэмжиж, цаад байгууллага, улам олон болж тэлээсэй, өргөжөөсэй гэж.
С.Ламбаа: Бодлогын хувьд бол яг Гончигдорж даргын хэлээд байгаа үнэн л дээ. Бид бол үүнийг дэмжих талаасаа хийх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийг бий болгосноороо одоо жишээ нь энэ спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудыг хөндлөнгийн ийм шинжилгээ, үнэлгээ хийгээд магадлан итгэмжлэлээр тэгээ сертификатыг нь олгоно гэдэг бол энэ хэн нэгэн этгээд түүнийг хаадаг барьдаг дарамтаасаа гарах юм, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, өнөөдөр тураана, тэгнэ, ингэнэ гэсэн бүх газар өнөөдөр зарим асуудлаар энэ бол хууль, хяналтын байгууллага, маш олон газруудад явж байгаа. Тийм учраас л бид үүнийг цэгцлэх гээд байгаа юм. Өнөөдөр янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг саун гээд янз бүрийн юмнууд байна шүү дээ. Энэ чинь ер нь цаанаа бол өөр өөр агуулгатай юмнууд болчихоод байна. Тийм учраас үүнийг нэгдүгээрт ил гаргах. Бүх энэ чийрэгжүүлэлт, тураана гэсэн энэ юмнуудыг ил гаргах, магадлан итгэмжлэлд оруулаад, үнэмлэх, сертификатыг нь өгөөд ажиллуулахгүй бол өнөөдөр бол зүгээр цагдаагийн байгууллагатай л үзэж байна. Чийрэгжүүлэлтийн энэ танхимд бол бүгд ийм байгаа, үйлчилгээ нь. Бүгд үүндээ хамаарч байгаа. Чийрэгжүүлэлт гэдэг бол ерөөсөө биеийн тамир, спортын чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд л явагдаад байгаа шүү дээ. Чийрэгжүүлнэ, саунд оруулна, массажилна, хачин л юм байгаа шүү дээ.
Фитнес клуб гээд долоон шидийн юмнууд монголоор дүүрэн энд тэндгүй байна. Ер нь үүнийг эмх замбаараатай болгохгүй бол болохгүй. Цагдаагийн байгууллага юу гэж байна вэ гэхээр манайх руу бичиг өгчихөж байгаа шүү дээ. Үүний учрыг нь олоо, энэ чийрэгжүүлэлтийн кабинет, битнес клубүүд чинь ямар утга учиртай юм бэ гээд л. Тийм учраас энэ бол Засгийн газрын тогтоолоор үүнийг хуульчлах ёстой гэсэн ийм чиглэл гарсан учраас энэ спортын хуульд оруулж байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад үг, нэр томъёоны хувьд авч үзэх юм байгаа байх.
Д.Дэмбэрэл: Тэр деталь юмнуудаа анхаараа, чийрэгжүүл гэдэг нь чухам аль талын юмыг хэлээд байна гэдгийг. Концепци нь зөв явбал энэ их зөв болно.
С.Ламбаа: Түүнийг хэлэлцүүлгийн явцад л яръя, цоо шинэ юм яригдаж байна шүү дээ. Олимпид эрх авсан тэр системээр явъя гэсэн санал гарч байна шүү дээ. Тив, дэлхий гэхгүйгээр, саяных бол өөр зарчмын юм гарч байна. Хэлэлцүүлгийн явцад яръя. Одоо бол болохгүй байна.
Н.Энхболд: Асуултууд давхцчихлаа. Гэхдээ Ламбаа сайд аа, надад ийм юм санагдаад байх юм. Ер нь түрүүчийн хуулин дээр ч гэсэн, одоо энэ хуулин дээр ч гэсэн төр өөр рүүгээ юмнуудыг бага багаар аваад байгаа харагдаад байх юм. Энэ чинь бид нар төрийн албаны шинэчлэлийг хийгээд, аль болохоор төрийн хийх зарим ажлуудыг хувийн салбарт нь, иргэний нийгэмд нь, төрийн бус байгууллагуудынх нь хүрээнд шилжүүлэх ийм юмнуудыг арван хэдэн жил хийгээд ирсэн, сүүлийн үед Засгийн газраас орж ирж байгаа, энэ Засгийн газрын үед ч биш, ерөөсөө түрүүчийн Их Хурлын сүүл, одоо энэ Их Хурлын эхэн үеийн олон хэлэлцэж байгаа асуудал дотор төрийн орхиод бараг хэвшиж байсан юмнуудыг эргээд буцааж авах гэж байгаа юм шиг ийм хандлагатай зүйлүүд гараад байна. Өнөөдрийн хоёр хуулин дотор надад лав тэгж бодогдоод байна. Жишээ нь, энэ эрүүлжүүлэх үйлчилгээ хийдэг юмнуудад магадлан итгэмжлэлээр яах юм бэ? тэр саун, массажтай ойрхон болоод цагдаатай холбогддог асуудал бол тэгвэл тэр танай асуудал биш шүү дээ. Цагдаа нь тэр явуулж байгаа байгууллагуудыг нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцэж байна уу? тэр нь хажуугаар нь анх зарласнаасаа өөрөөр ажиллагаа явуулж байна уу? үгүй юу гэдэгт нь цагдаа нь хяналт тавиад, болохгүй хууль бус юм явуулж байгаа бол түүнийг нь зогсоогоод л явдаг юм байгаа биз. Түүнээс биш, дасгал хийдэг заалтай жижигхэн үйлчилгээ явуулдаг газар заавал магадлан итгэмжлэл өгөх хэрэг байгаа юм уу? сүүлд нь тэнд асуудал гарвал яах юм бэ? төр хариуцах нь байна шүү дээ. Тэнд гир өргөж байгаад хөл дээрээ унагаад бэртчихвэл магадлан итгэмжлэл өгсөн төр энэ дээр бас хариуцах нь ээ дээ бас. Ийм юм руугаа эргээд орно шүү дээ. Энэ хандлагын талаар та ер нь юу гэж бодож байна вэ? Засгийн газарт ажиллаж байгаа хүний хувьд танайхаас оруулж ирж байгаа энэ хуулиудын хувьд, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, 16.3-т журам байна. Санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг заавал хоёр сайд нийлж батална гэсэн нэг юм орчихож. Энэ журам юунд хэрэгтэй юм бэ? Хорих юмнуудад нь хэрэгтэй юм уу? эсхүл спортын арга хэмжээг зохион байгуулахад ямар нэгэн тийм журамгүйгээр Засгийн газар зөвхөн өөрийнхөө ийм хэмжээнд юм гаргана гэдэг юмаа л тогтоочихвол үлдэнийг нь хаанаас ямар эх үүсвэрээр санхүүжүүлнэ, тэр ер нь энэ хуулиар зохицуулж байх хэрэг байна уу? /12.15-13.15 цагт Д.Цэндсүрэн/
Би жишээ нь тойрогтоо залуучуудын спортын арга хэмжээ зохион байгуулъя тиймээ. Тэгээд заавал хоёр сайдын баталсан тэр журмыг баримталж санхүүжүүлэх хэрэг гарах нь ээ дээ. Тэрэнд баригдаж, эсвэл би ерөөсөө учрыг нь олохгүй байна л даа. Ер нь юунд хэрэгтэй журам юм бэ? Ийм ийм юмнууд маань шал хэрэггүй юмнууд ингээд засаг эргээд ингээд өөрсөд дээрээ юм хураагаад байгаа юм шиг юм санагдаад байх юм. Тэгэхээр энэ магадлан итгэмжлэлгүй байхгүй бол яах гээд байгаа юм бэ? Та сая нэг юм хэллээ л дээ. Таны энэ чинь явсаар байгаад цагдаа руу оччихлоо шүү дээ. Энэ журмын хувьд юунд хэрэгтэй юм бэ? Тэр тусмаа хоёр сайд нийлээд баталж байх. Журамгүй болоод яваад байсан. Журамгүй бол юу нь болохгүй байгаа юм бэ? Энийг тайлбарлаач. Энэний гол нь цаана бид нар юм болгоныг өөр дээрээ авч байх хэрэг байна уу? Тэмцээн зохион байгуулах санхүүжилттэй холбоотой юмыг ч гэсэн засаг авч байдаг.
С.Ламбаа: -Баярлалаа. Энхболд гишүүний асуултад би товчхон хариулъя. Энэ 16.3 чинь үндэсний хэмжээний болон Монгол Улсад олон улсын хэмжээний тэмцээн уралдаан гээд байгаа юм. Олон улсын тэмцээн уралдааны наадмыг зохион байгуулах санхүүжилттэй холбогдсон журмыг санхүү, төсвийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. Угаасаа журамладаг юм байна лээ. Хуулиараа журмыг нь тэгнэ гээд заачихсан, санхүүжилтийнхээ хуулин дээр. Жишээлбэл олон улсын наадам Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа тэмцээнийг ямар мөнгийг яаж гаргах вэ? Юунд өгөх вэ? Одоо жишээлбэл ингэж байна шүү дээ. Мото спортын Азийн аварга Монголд болно гэж байгаа юм. Гэтэл улсын төсвөөс тийм мөнгө өгөөч гээд одоо өгчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг чинь тийм тэмцээнийг л одоо Монгол Улсын төсөв санхүүгээр зохицуулна гэдэг юмаа хийхгүй бол ерөөсөө Монголд болох гэж байгаа бүх тэмцээнийг улсын төсвөөс мөнгө шаардаж байгаа. Одоо над дээр жишээлэх юм бол жү-до-гийн дэлхийн цомын тэмцээн гэлүү 11 сард, одоо мотоспортынх 6 сарын 28-нд 3250 сая, ийм юмнуудыг нь угаасаа журамлах ёстой гэж үзээд байгаа юм. Сангийн сайд энэ асуудал хариуцсан сайд хоёр нь журамлачих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байгууллагууд одоо жишээлбэл клуб, энэ юмнууд өөрсдөө тэр тэмцээнийг олоод ирсэн бол өөрсдөө л хариуцах ёстой.
Тийм учраас энэ үндэсний хэмжээний болон олон улсын хэмжээний тэмцээн уралдаан наадмыг зохион байгуулах ийм журам гарга гэдэг утгаар энийг хийж байгаа. Би тэр чийрэгжилтийнх нь юмнуудыг зарчмын хувьд, ер нь ийм л юм бодоод байгаа юм. Одоо манайд жишээлбэл юунууд байхгүй шүү дээ, клубүүд. Спортын манай шигшээ багууд, спортын клубүүд энэ тэр чинь ямар нэгэн тийм магадлан итгэмжлэл гэсэн юм байхгүй шүү дээ. Гэтэл бол энийг чинь магадлан итгэмжлэхгүй бол итгэмжлэл олгосон, дээд сургууль магадлан итгэмжилсэн төрийн юм авна гэж байгаа шүү дээ. Одоо бол бүгдээрээ авна гэж дайрч байгаа шүү дээ. Бүгд зардал авна. Тэр чинь угаасаа л нэг клуб юм чинь болохгүй л байгаа байхгүй юу даа. Одоо манайд улсын шигшээ багууд чинь зөндөө олон болчихсон байна шүү дээ. Тийм учраас энийг магадлан итгэмжлэл авсан юманд нь юм өгнө, магадлан итгэмжлэлд нь өгөхгүй гэж боловсрол дээр барьж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол одоо энэ 100, 200 шахам клуб юмнуудад чинь бид мөнгө төгрөг төлж чадахгүй шүү дээ. Үнэхээр шаардлага хангасан тэр юмнууд нь ажиллах хэрэгтэй шүү дээ.
Д.Дэмбэрэл: -Энхболдод микрофон өгье.
Н.Энхболд: -Ийм юманд болохгүй шүү дээ, хэрэггүй шүү дээ. Тэр ухраад л байна даа явж ирсэн замаасаа.
Д.Дэмбэрэл: -Болсон уу. Д.Батбаяр асуултаа тавьчихъя. Гишүүд санал хураалт энэ 20-иос доошгүй гишүүн сууж байж санал хураана шүү. Тоолоод орхи. Гадаа гишүүд байна уу ор. Байгаа юм уу.
Д.Батбаяр: -Ер нь санал давхцаж байна. Тэгэхдээ би ганцхан товч юм асуух гэсэн юм. Засгийн газар жилд шагнал урамшуулалд зориулж хичнээн төсөв төсөвлөдөг юм бэ. Тэгээд би өөрөө бас тамирчин хүн байсны хувьд Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаад баяртай байна.
Өөрчлөх асуудал маш их байна. Олимпийн аваргагүй байсан, бид нар олимпийн аваргатай болж эхэллээ. Тэр тусмаа хөдөө сум, аймгуудаар хүүхэд болгоны мөрөөдөл болсон байна шүү дээ. Очоод уулзахад. Би яавал тэр аварга шиг тэгж болох вэ. Одооноос бэлтгэл хийх үү яах вэ гээд ердөөсөө тэгээд явж байдаг. Хамгийн гол нь багш дасгалжуулагчдад шагнал өгөхөөс гадна миний ганц санаа зовоод байгаа юм бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх дээр анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа ерөнхий боловсролын сургууль, гол нь бага насны, 6 настай хүүхэд дээр анхаарч өгмөөр байна. 6 настай хүүхэд гэдэг бол яг одоо өсч яваа нас. Толгойд нь юм хийхээс илүү биед нь биеийн тамирын хичээлийг хийлгэх, тэр тусаа Япон оронд 6 настай хүүхдэд бол тэр хичээл заах цагаас нь илүү цаг биеийн тамирын хичээл байдаг. Одоо Монголчууд ярьдаг шүү дээ нөгөө 60 чавганцын ажил ч билүү, 80 чавганцын ажил ч билүү? Тэр чинь яах ч аргагүй амьдралын хууль байдаг. Энийг нь зогсоомооргүй байна. Энэн дээр 6 настай дөнгөж орж байгаа хүүхдүүд дээр биеийн тамирын хичээл заах, энэн дээр ямар анхаарал, юу тавьж байнаа сайд аа? Би ийм хоёрхон юм асуух гэсэн юм.
С.Ламбаа: -Шагналын хэмжээний хувьд бол тодорхой хэмжээний мөнгө тусгачихдаг л даа 500-600 сая төгрөг. Тэр нь заримдаа ч хүрээд заримдаа хүрдэггүй юм байна. Одоо жишээлбэл 2005 онд 210 сая зарцуулсан. 2006 онд 281 саяыг зарцуулсан. 2007 онд 179.8 саяыг зарцуулсан, 2008 онд 880 саяыг зарцуулсан. Олимпийн аваргатай болсон жил ийм өндөр гарсан л даа. Тэгээд би түрүүн хэлсэн шүү дээ. 2006 оны 281.5 саяын 70 хувь нь тивийн аварга л байгаа. Бусад нь дэлхийн алт, мөнгө, хүрэл медаль авсан хүмүүсийн шагнал байх жишээтэй. Цаашдаа энэ шагналын хэмжээг яг тэд гэж багцаалах хэрэггүй л дээ. Багцаалах баримжаа төвөгтэй. Нийтийн биеийн тамирын тухай асуудал бол тусдаа асуудал. Энэ асуудлаар Засгийн газрын тогтоол гарчихсан байгаа учраас тэр тогтоолынхоо хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байгаа юм.
Д.Дэмбэрэл: -Баярлалаа. Гишүүд асуулт асууж хариулт авлаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоод санал хураачих уу.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Дашдорж танилцуулна. Дашдорж гишүүнийг индэрт урьж байна. Үүдээр байгаа гишүүд байвал оруулъя. Тамгын газрынхан ажиллая. Хэдийгээр үдийн цаг ч гэлээ гэсэн.
Ц.Дашдорж: УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
Засгийн газраас 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараахь санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Күкшюзан Батбаяр зөвхөн олимпийн төрлөөр хязгаарлахгүйгээр улсын аваргад шагнал урамшуулал олгох, УИХ-ын гишүүн Бямбацогт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлох, зардал, хөрөнгийг түлхүү хуваарилах, УИХ-ын гишүүн Дашдорж, Тлейхан нар тивийн аваргын шагналыг хасах нь буруу, УИХ-ын гишүүн Гүндалай нийтийн биеийн тамирын асуудлаар бодит тодорхой ажлуудлыг хийж хэрэгжүүлэх, спортын телевизийн суваг ажиллуулах, биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийг шинээр бий болгож байгаа нь буруу гэсэн саналуудыг тус тус гаргав.
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороонд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. УИХ-ын гишүүд биеийн тамир, спортын асуудлаар тооцоо судалгаа хийж төрөөс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг нэн яаралтай боловсруулах, гишүүдийг энэ чиглэлийн мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яаманд үүрэг болголоо.
УИХ-ын эрхэм гишүүд ээ.
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсч байна.
Д.Дэмбэрэл: -Дашдорж гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал дүгнэлтээс асуух асуулт Батболд гишүүнээр тасаллаа. Баярлалаа, асуулттай гишүүн алга байна. Үг хэлэх гишүүн алга байна уу. За алга байна. За гишүүд суучихъя.
За санал хураалт явуулъя. Санал хураах ирц байгаа биз. Тэгвэл санал хураалт явуулчихъя. Байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцье гэсэн санал оруулсан байна. Тийм учраас хэлэлцье гэсэн санал хураалт явуулчихъя. Наад дүн чинь яаж гарах вэ гэдэг сонин байна шүү нөхөөд.
64 гишүүн санал хураалтад оролцож 44 гишүүн зөвшөөрч 68.8 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлье.
Гишүүдэд их баярлалаа. 3 цагаас хуралдаан үргэлжилнэ. Өнөөдөр хэлэлцэх асуудал олон байгаа шүү. Цагтаа цуглая. Сайхан хооллоорой.
Завсарлага.
Д.Дэмбэрэл: -Илтгэгч нар жаахан хойшлуулаад өгөхгүй юу гэсэн саналтай байгаа юм байна. Тийм учраас дараагийн асуудлыг хэлэлцэнэ гэж бэлтгэл хангая.
Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг одоо хэлэлцэнэ шүү. Тийм учраас энэнтэй холбогдсон ажлын хэсгийнхэн, илтгэгч нарыг бас урих хэрэгтэй. 7 дахь асуудлыг хэлэлцэх гэж байна.
Хурлаа эхлүүлье. Ирц хангалттай болсон байна. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлье. Хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Дамба-Очир танилцуулна. Дамба-Очир гишүүнийг индэрт урьж байна.
Д.Дамба-Очир: -УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурал 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Уг хуулийн төслүүдийг тус байнгын хороо 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараахь санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг Даатгалын компани нь дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан зохицуулах хороо тогтооно гэж өөрчлөх гэсэн УИХ-ын гишүүн Зоригтын санал дэмжигдсэн болно.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах талаар Батсуурийн гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
УИХ-ын эрхэм гишүүдээ,
Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн төслүүдийг баталж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: -Дамба-Очир гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал дүгнэлтээс асуух асуух асуулттай гишүүн Жекей, Амаржаргал орлоо. Жекей гишүүн асуултаа тавья.
Х.Жекей: -Баярлалаа. Нэг ийм юм байна л даа. 2004 оны Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т яг одоо энэ шинээр өргөн барьчихаад байгаа хуулийн заалттай адилхан тийм зүйл байна л даа. 2 дугаар зүйл, өөрөөр хэлбэл одоо энэ өргөн барьсан байгаа. Тэрний 3.27-гийн 2 дугаар зүйлд өнгөрсөн хуульд бас байгаад тэгээд 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн 04 тоот дүгнэлт гарсан байх юм. Тэр цэцийн дүгнэлт гаргаж энийг хүчингүй болгож байсан тийм заалт буцаад тиймэрхүү агуулгатай ороод ирсэн юм байна. Тэгэхээр одоо Байнгын хороо энийг нэлээн нягталсан уу, үгүй юу. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хүчингүй болгож гарсан юм эргүүлээд ингээд дахиад ийм байдлаар ороод ирэхэд дахиад Цэц рүү ороод ингээд цаашаагаа хууль зөрчих асуудал гараад явчих юм биш үү. Энэн дээр ямар дүгнэлт хийсэн юм бэ Байнгын хорооны дүгнэлтээс асууж байна.
Д.Дэмбэрэл: -Баярцогт.
С.Баярцогт: -Жекей гишүүний хэлж байгаа үнэн л дээ. Өмнө нь 21 дүгээр зүйл 2 заалттай байсан. Эхнийхээ заалтаар даатгалын компаниудын дүрмийн санг тогтоогоод 2 дугаар заалтаар нь үйл ажиллагааных нь онцлогоос болж дүрмийн сангий нь өөр өөрөөр тогтоож болно гэдэг эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн байхгүй юу. Тэгэнгүүт өмнөх заалттайгаа буюу тухайн хуультайгаа зөрчилдөж байна гээд 2 дугаар заалтыг хүчингүй болгочихсон юм.
Одоо бол 2 дугаар заалт гэж оруулаагүй, нэгдүгээр заалтыг тэр чигээр нь суурь дүрмийн сан гэдэг ойлголт байхгүй болгоод үйл ажиллагааны төрөл, онцлогоос нь шалтгаалж даатгалын компанийн дүрмийн санг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэдгээр оруулсан байгаа юм. Тэгэхээр одоо бол ямар нэгэн хуулийн зөрчил бол байхгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй байгаа учраас энэн дээр бид нар нэлээн сайн ярилцаж ойлголцсон юм байгаа. Тэгж найруулсан. Одоо тэр 1 дүгээр заалтын 500 гэдэг байхгүй болсон байхгүй юу. Тэгэхээр хуулийн зөрчил ерөөсөө байхгүй болчихсон гэсэн үг.
Д.Дэмбэрэл: -Тамгын газрын энэ асуудлыг хариуцсан хуулийн зөвлөх хэн байгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн сая Баярцогт сайдын ярьж байгаа шиг энэ хуульд цэцийн урьд гарсан шийдвэртай зөрчилдөж байгаа юм байгаа юм уу. Харсан уу та нар, тэгээд хүчингүй болгосон заалтаа сэргээгээд дахиад оруулаад ирсэн байна шүү дээ гэж асуугаад байна. Баярцогт бол арай өөрөөр хариулж байна. Ийм хуулийн зөрчил байна уу, үгүй юу. Хэн энийг хариуцаж байгаа вэ. За Баярсайхан байнгын хорооны дарга.

Достарыңызбен бөлісу:
1   2   3   4   5   6   7   8   9   ...   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет