Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдаан 10 цаг 15 минутад Төрийн ордны уих-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв



бет8/12
Дата29.06.2016
өлшемі0.67 Mb.
#165309
1   ...   4   5   6   7   8   9   10   11   12

Ц.Баярсайхан: -Хуучин 2004 онд батлагдсан хуулийн хувьд бол 22.1-ээрээ даатгалын компанийн дүрмийн санг 500 саяд хүргэх хэмжээтэй байна гэж заагаад 22.2-оороо энийг тодорхой даатгалын төрөл зүйлээр нь нэмэгдүүлж болох ийм заалт байсан нь цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн ийм үндэслэлээр хориглосон байгаа. Тийм учраас саяын Баярцогт сайдын тайлбарласнаар одоо 500 сая биш харин тодорхой даатгалын компанийн дүрмийн санд хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан ялгавартай тогтоохоор ингэж өөрчлөлт оруулж байгаа юм.
Өмнө нь бол компаниудын онцлогоос хамааруулж тогтоох гэсэн утга байсан учраас өөрчилж найруулаад оруулж байгаа юм. Тийм учраас энэн дээр цэцийн урьд гарсан дүгнэлт хамаарахгүй, энэ хуулиараа илүү тодорхой зохицогдоно гэж ингэж байнгын хороон дээр бас ярилцаж байж оруулсан.
Д.Дэмбэрэл: -Хуучин бол. За Жекей тодруулчихъя.
Х.Жекей: -Ийм байна л даа. 2004 онд батлагдсан Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т энэ заалт ерөнхийдөө байна л даа. Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цаг хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно гэдгийг цэц авч үзээд 2006 оны 10 дугаар сарын 4-нд хүчингүй болгосон байна л даа. Одоо энэ дээр орлуулж байгаа тэр заалт яг энэнээс нэг их өөрчлөгдөөгүй шахуу байгаа байхгүй юу. Жишээлбэл ийм байна. Даатгалын компанийн дүрмийн сан нь компанийн хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрэлдэх бөгөөд түүний доод хэмжээг тухайн даатгалын компанийн даатгалын үйл ажиллагааны шинж чанар, онцлогийг харгалзан зохицуулах хороо тогтооно гэж. Өөрөөр хэлбэл зохицуулах хороо тогтооно гэдэг эцсийн эцэст хүчингүй болох.
Ц.Баярсайхан: -Шийдвэр гаргаж байгаа зүйл олон байгаа шүү дээ. Тэрний нэг энэ байхгүй юу. Хоёрт тэр 500 сая гэдгийг чинь бид нар одоогийн энэ өөрчлөлтөөрөө хасчихаж байна шүү дээ. Тийм учраас даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзаад Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гээд орчихоор зэрэг энэн дээр асуудал үүсэхгүй гэж байгаа юм.
Д.Дэмбэрэл: -За Баярцогт.
С.Баярцогт: -Жекей гишүүний тэр хэлээд байгаа цэц дээр гарсан шийдвэр яасан бэ гэхээр 22.1-ээр хуулиар зааж өгсөн байна. Тэгээд 22.2-оор хуулиар зааснаас илүү эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн байна. Тийм учраас 22.2 дугаар заалтыг хүчингүй гэж гарсан байхгүй юу. Одоо 22.1 гэдэг заалт чинь бол тэр 500 гэсэн зүйл нь ерөөсөө байхгүй болоод Санхүүгийн зохицуулах хороо бүхэлдээ тогтоодог. Тийм учраас энэн дээр хуулийн зөрчил ерөөсөө байхгүй ээ. Энийг тал талдаа маш их ярьсан. Ийм л юм болж байгаа юм.
Д.Дэмбэрэл: -Тамгын газар энэ хууль хоорондын зөрчлийн асуудлыг хуулиар олгогдсон эрх үүрэг байгаа шүү дээ. Тамгын газар энийгээ хариулаад орхи. Гишүүд тайлбарыг сонсъё. Хуулийн хоорондын зөрчил байна уу? Үндсэн хуулийн цэцийн урьд гаргасан шийдвэрээ дахиад босгож сэргээж байна гээд. Сая бид нар энэ дээр бас нэг санаж байгаа биз дээ. Пивоны татвар ялгавартай тогтоосон явдал нь цэцийн шийдвэр байсаар байхад сэргээсэн асуудлаар цэц шийдвэрээ гаргасан байна шүү дээ. За хэн хариулах вэ? Цэрэндулам.
Г.Цэрэндулам: -Даатгалын тухай хуулийн 22.1 дүгээр заалт ийм заалт байгаа юм л даа. Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна. Дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлэхийг хориглоно гэсэн ийм заалт байгаа.
2 дахь заалт нь 22.2 нь Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно гэсэн ийм заалт байсан юм. Тэгээд энэ 1 дэх заалт дээр нь 500 сая төгрөг байна гээд УИХ-аас тогтоочихсон юмыг дараа нь Санхүүгийн зохицуулах хороо дахиад УИХ-аас тогтоосон хэмжээнээс дээгүүр дахиад тогтоох гэж байгаа нь хуулийн хоёр заалт хоорондоо зөрчилтэй байна гэж үзээд цэцийн шийдвэрээр 22.2-ийг хүчингүй болгосон байгаа. Тэгээд одоо орж байгаа өөрчлөлт нь болохоор зэрэг энэ дээр 500 сая төгрөг байна гэсэн 22.1 дэх заалтаа бүхэлд нь өөрчлөөд Улсын Их Хурал ямар нэгэн хэмжээ тогтоохгүйгээр дүрмийн сангийн хэмжээг тогтоох эрхийг бүхэлд нь Санхүүгийн зохицуулах хороонд өгч байгаа. Тийм учраас энэн дээр зөрчил үүсэхгүй гэсэн байдлаар Байнгын хороон дээр яригдсан.
Д.Дэмбэрэл: -Жекей гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга энэ хуулийн зөрчил байхгүй гэж бид ойлгохоор юм боллоо. За Амаржаргал гишүүн асуултаа тавья.
Р.Амаржаргал: -Би Эдийн засгийн байнгын хорооноос асууя даа. Энэ Санхүүгийн зохицуулах хорооны ер нь санхүүжилтийн асуудлыг ер нь ямархуу маягаар шийдэж явъя гэсэн бодлого барьж байгаа юм бэ. Энэ дээр ер нь иймэрхүү асуудлууд байнгын хороон дээр яригдсан уу үгүй юу гэдгийг би сонирхож байгаа юм. Яагаад вэ гэвэл Даатгалын хууль гээд ингээд батлаад өөрчлөлт оруулчихлаа дүрмийн сан нь янз янзаар тогтоох болж байна. Санхүүгийн зохицуулах хороо чинь нөгөө дандаа энд тэндээс үйлчилгээний хураамж маягийн юм авч амьдраад байгаа шүү дээ. Банк бус санхүүгийн байгууллагуудыг аваад үзэхээр бас нөгөө хураамжаа өөрчилж байна гэж байна. Нэг үе дүрмийн сангаас нь хувь тогтоож авдаг байсан бол одоо нийт активаас нь авна гээд. Тэгээд хэмжээгий нь нэмэгдүүлчихээд чухам яагаад нэмэгдүүлээд байгаа юм, ямар учир шалтгаантай юм бэ гэхээр бид нар байр байхгүй, байр барих гэж байгаа. Байр барихын тулд бид нарт мөнгө хэрэгтэй байгаа юм гэсэн тиймэрхүү тайлбар өгөөд суугаад байх жишээтэй. Банк бус санхүүгийн байгууллага гэдэг чинь янз бүрийн түвшинд тодорхой үүрэг гүйцэтгээд байгаа шүү дээ. Тухайлбал хүүхэд нь өвдчихлөө нэг эм авах гэсэн юм 10 мянган төгрөгийн зээл өгөөч гэх юм бол арилжааны банк бол тийм зээл өгөхгүй шүү дээ. Банк бус санхүүгийн байгууллага дээр очдог. Дандаа үндсэндээ микро кредит маягийн юмнууд явж байгаа. Тиймэрхүү үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудаас болохоор ингээд хэдэн арван сая хэдэн зуун саяар хураамж авдаг.
Цаашдаа ингэж санхүүжилтийн эх үүсвэрүүдийг нь өөрсдөө дураараа шийдээ гэсэн маягаар явуулаад байх юм уу үгүй юм уу. Ер нь ийм асуудал байнгын хороон дээр яригдсан уу, үгүй юу гэдгийг би сонирхож байна л даа.
Д.Дэмбэрэл: -Санхүүжилтийн асуудлын зарчим ямар байдлаар, хэн хариулах вэ? Баярсайхан дарга.
Ц.Баярсайхан: -Амаржаргал гишүүний асуултад хариулъя. Одоогийн хэлэлцэгдэж байгаа Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад бол Санхүүгийн зохицуулах хорооны одоогийн санхүүгийн механизмын талаар яриагүй. Зүгээр байнгын хороон дээр 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх явцад бас Төсвийн ерөнхийлөн захирагч нар дотор 4 эрх захирагч нар төсвөө хэтрүүлсний нэг нь Санхүүгийн зохицуулах хороо байгаа. Энэнтэй холбогдуулаад ер нь өөрөө өөрийгөө тодорхой хэсгийг нь үйлчилгээний орлогоор санхүүждэг байгууллагын хувьд асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэсэн ийм зүйл яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс нэг хэсэг санхүүжилтээ авдаг. Нөгөө талаасаа өөрийнхөө үйл ажиллагаанаас бас орлого олдог.
Мөн Эдийн засгийн байнгын хороонд хандаад банк бус санхүүгийн байгууллагуудаас бичиг ирсэн. Энүүгээр банк бус санхүүгийн байгууллагуудад Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож байгаа зарим хураамж, үйлчилгээний хөлс өндөр байгаа талаар шүүмжлэлтэй хандаж, энийг судалж үзэж шийдвэрлэх талаар санал болгосон. Тийм учраас энэн дээр Сангийн яам холбогдох Засгийн газрын байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй гэж бодож байна. Яагаад вэ гэхээр өөрийнхөө үйлчилгээний харьяа байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн гэдгээр төлбөр хураамж авдаг байгууллагууд тэр төлбөр хураамжийн хэмжээг тэр байгууллага нь өөрөө тогтоох нь зохимжгүй юм байна. Энэ хураамжийг хэрэв байх ёстой, санхүүгийн нэг эх үүсвэр нь байх ёстой гэж шийдэх юм бол Засгийн газрын хуралдаанаар юм уу оруулж тогтоохгүй бол одоо тэгээд төлбөр хураамжаа нэмэгдүүлж байгаа асуудал нь байшин барилга барихтай холбогдох юм бол энэ бол зарчмын хувьд их буруу зүйл байна гэж хэлэх байна.
Тийм учраас цаашдаа энэ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль, Нэгдсэн төсвийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах явцад үйл ажиллагаагаараа тодорхой хэмжээний үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлдэг, өөрийнхөө үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг санхүүжилт олдог байгууллагуудын хувьд бол бас нэг мөр цэгцлэх нь зүйтэй юм шиг ингэж ойлгогдсон. Тийм учраас Их Хурал бодлогын хувьд авч үзэх шаардлагатай юм.
Д.Дэмбэрэл: -Баярлалаа. Гишүүд байнгын хорооны санал дүгнэлтээс асуулт асууж хариултаа авлаа. Одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулъя. Гишүүд санал хураалтад бэлтгэе.
Байнгын хороо төслийн 2 дугаар зүйлд Даатгалын тухай хуулийн 22.1 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөх гэсэн санал оруулж ирсэн байна.
22.1.Даатгалын компанийн дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан зохицуулах хороо тогтооно гэсэн ийм саналыг УИХ-ын гишүүн Зоригт гаргасан байна. Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналаар энэ саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
49 гишүүн санал хураалтад оролцож 34 гишүүн зөвшөөрч, 69.4 хувийн саналаар энэ санал дэмжигдэж байна.
Зарчмын зөрөөтэй саналаар санал хурааж дууслаа. Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын санал гаргасан байна. Тийм учраас Байнгын хорооны саналаар горимын санал хураачихъя. Анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн санал хураалт явж байна.
49 гишүүн санал хураалтад оролцож, 36 гишүүн зөвшөөрч, 73.5 хувийн саналаар горимын саналыг дэмжлээ. Горимын санал дэмжигдсэн учраас Даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталъя гэсэн санал хураалт явуулъя. Даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталъя.
49 гишүүн санал хураалтад оролцож 33 гишүүн зөвшөөрч, 67.3 хувийн саналаар хууль батлагдаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах санал хураалт явуулъя.
50 гишүүн санал хураалтад оролцож, 35 гишүүн зөвшөөрч, 70.0 хувийн саналаар хууль батлагдаж байна.
Дараачийн асуудалдаа оръё.
Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулъя.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Алтангэрэл танилцуулна. Алтангэрэл гишүүнийг индэрт урьж байна.
П.Алтангэрэл: -УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
Нийлэг уутны хэрэгцээг хязгаарлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хийсэн билээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед дараахь саналууд гарсан болно. Үүнд:
Хуулийн төслийн нэрийг зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай гэж тодруулан найруулах. Уутанд хэрэглэгдэх нийлэг материалын зузааныг 0.5 мм-ээс бага зузаантай байхаар тусгагдсаныг Монгол Улсын стандартад нийцүүлэн 0.25 мм болон түүнээс бага зузаантай гэж өөрчлөх. Нийлэг хальсан уутыг импортлохыг хориглох, нийлэг хальсан уут, баглаа боодол гэсэн нэр томъёоны тодорхойлолтуудыг томъёолж төсөлд тусгах, мөн хуулийн биелэлтийн төрийн болон олон нийтийн зүгээс тавих хяналт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч үзэж тусгах зэрэг саналуудыг гаргасан бөгөөд, хуралдаанд оролцсон гишүүд эдгээр саналыг дэмжсэн болно.
Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг томъёолж та бүхэнд тараасан билээ.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар тус Байнгын хорооноос гаргаж буй санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл: -Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулаад асуух асуулттай гишүүн Мөнх-Оргил.
Энд ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Гансүх, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын дарга Банзрагч, тус газрын мэргэжилтэн Эрдэнэбаясгалан нар чуулганы хуралдаанд оролцож байна.
За Мөнх-Оргил гишүүн асуултаа тавья. Амаржаргал дараа нь асуучихъя.
Ц.Мөнх-Оргил: -Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ярьж байхад эдийн засгийн тооцоо судалгаа хийе, энэ хууль батлагдсанаар эдийн засгийн ер нь ямар үр дагавар гарах нь вэ, аж ахуйн нэгжүүдэд, үйлдвэрлэгчдэд, хэрэглэгчдэд судалгаа хийе гэж ярьж байсан. Энэ талаар байнгын хороон дээр ярьсан юм байна уу, анхны хэлэлцүүлгээр.
Хоёрдугаарт энэ хуулийг зөрчөөд 0.25 мм-ээс бага зузаантай бүх төрлийн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд гаргахгүй юм байна л даа. Ийм нийлэг уутыг худалдаа үйлчилгээнд гаргасан хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд ямар санкц шийтгэл ногдуулах асуудлыг анхны хэлэлцүүлгээр ярья гэж тохирсон санагдаад байх юм. Энэ хоёр асуултад хариулт өгөөч.
Д.Дэмбэрэл: -Байнгын хороо хариулах ёстой. Хэн хариулах вэ? Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга ажилтай яваа байх. Илтгэгч хариулна. За Алтангэрэл.
П.Алтангэрэл: -Нэгдүгээр асуулт нь эдийн засгийн тооцоо судалгаа гэсэн зүйл байсан тийм үү. Байнгын хороон дээр энэ яг эдийн засгийн тооцоо судалгаа хийгдсэн талаар тодорхой зүйл яригдаагүй юмаа. Тэгэхээр энэн дээр хууль санаачлагчдын хийсэн тооцоо судалгаа байгаа болов уу гэж бодож байна. Байнгын хороон дээр ийм тооцоо судалгааны асуудал.
Ер нь энэ нийлэг уутны хэрэглээг багасгах зорилгыг бид нар зөндөө яриад байгаа шүү дээ. Ерөөсөө байгаль орчны бохирдолтой холбоотой, дэлхий нийтээр үүнээс татгалзаж байна. Тэгэхээр энэ чиг хандлага руугаа явъя гэсэн гол үзэл санааны дор энэ хуулийн төсөл яригдаад байгаа шүү дээ. Одоо энийг дагуулаад цаасан уутны хэрэглээг нэмэгдүүлэх, цаасан уут үйлдвэрлэх ийм арга хэмжээнүүдийг авах асуудал байгаа шүү дээ.
Д.Дэмбэрэл: -Гансүх.
Л.Гансүх: -Байнгын хороон дээр хэлэлцэгдээд нэмж 4, 5 санал дээр санал хураасан байгаа. Тэр бодвол та нарт тараагдсан байгаа гэж ойлгож байна. Тэрэн дээр юу байгаа вэ гэхээр торгуулийн санкцуудыг тусгасан байгаа. Байгууллага, юу гээд хоёр тараагдсан л байгаа даа. Танд очоогүй юм болов уу. Тийм. Тэр тараагдсан юм байгаа. Байгууллага, иргэн гээд хоёр янзаар торгуулийн санкц нэмэгдсэн байгаа. Тэр тараагдсан байнгын хорооны материалыг Мөнх-Оргил гишүүнд өгмөөр байна. Тэрэн дээр чинь бүр санал хураагаад жишээлбэл зузааныг нь хүртэл багасгаад олон юмнууд нэмсэн байгаа. Тэрэн дээрх бүх тооцоонууд нь байгаа. Тэгээд зүгээр нэмээд хэлэхэд манай хараагүй, дүлий иргэдийн төрийн бус байгууллагынхан цаасан уут үйлдвэрлэж байгаа тухай саяхан бас телевизээр гараад байна лээ л дээ. Тэгээд хэрвээ бүтээгдэхүүний энэ үйлдвэрлэл албан ёсоор хэрэглэх энэ журам, хууль тогтоомж нь ороод ирэх юм бол тэрний хэрэгцээг бол хангах чиглэлээр бид нар ажиллахад бүрэн болно гээд 25 дугаар телевизээр байна уу даа, сая өнгөрсөн долоо хоногт гараад байна.
Зүгээр энийг санаачлаад явж байх хугацаанд хоёр ч цаасан уут үйлдвэрлэх газрынхан орж ирж, тэгээд гол нь нөгөө борлуулдаг дэлгүүрийн эзэд жаахан хойрго байдаг юм. Тэгэхээр тэд нарт торгуулийн санкц юм нь сайн байх юм бол энэ үйл ажиллагаа нэлээн идэвхтэй явна гэсэн ийм байр суурь илэрхийлэгдэж байсан учраас наадах чинь шинээр бүр санаачлагдаад орсон байгаа.
Д.Дэмбэрэл: -Батхүү.
Г.Батхүү: -Баярлалаа. Мөнх-Оргил гишүүний асуусан асуултад хариулъя. Тэр 6.1 дүгээр заалт дээр байгаа. Тэгээд эхний төслөөр байсан. Үнийн дүн нь бага байна гэж яригдсан. Тэгээд 1 сая хүртэл төгрөгөөр торгоё гэдэг тийм заалттайгаар хууль бол орж ирж байгаа шүү дээ. Саналыг тусгаад.
Д.Дэмбэрэл: -Амаржаргал гишүүн асуултаа тавья.
Р.Амаржаргал: -Би Лүндээжанцан даргаас нэг асуулт асуух гэсэн юм. Хэрвээ би андуураагүй бол энэ хуулийг хэлэлцэх үед бол олонхийн бүлэг завсарлага авсан байгаа. Чухам яагаад завсарлага авсан юм, тэгээд завсарлага авсных нь үр дүн юу байсан юм бэ гэдгийг нэгдүгээрт сонсмоор байна. Хоёрдугаарт нь Байнгын хорооноос асуух гэсэн юм. Энэ асуудлыг хэлэлцэж байх үед ер нь нийлэг уутанд ямар нэгэн буруу байна энэ тэр гэсэн тийм ойлголт энд тэнд яригдсан уу үгүй юу? Асуудал нь нийлэг уутандаа байна уу? Эсвэл өөр юманд байна уу? Энэ тухай ер нь яригдсан юм байгаа юу, үгүй юу гэдэг ийм хоёр асуултыг сонирхож байна.
Д.Дэмбэрэл: -За Лүндээжанцан. За энэ ч одоо наадах чинь ч.
Д.Лүндээжанцан: -Горимоороо бол зөвхөн байнгын хорооноос асуух ёстой юм. Тэгэхдээ энэ нийлэг уутны хэрэгцээг хязгаарлах тухай хуулийн төсөл ганцхан зүйлтэй орж ирсэн. Нээрээ дотор нь бол одоо гишүүд нэлээн бодож, судалж үзээд дутуугий нь гүйцээх нэлээн ажиллагаа байсан. Тэгээд тухайн үедээ бас хэд хэдэн хуулин дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан учраас ер нь адилхан судалж үзэх ёстой зүйлүүд дээр бас нэг цаг авч, хэдийгээр харахад жижигхэн асуудал боловч, жижигхэн юм шиг боловч цаанаа бас энийг чинь гүйцээж хууль л бол хууль байдаг. Тийм учраас хуулийг чанартай гаргах, УИХ-ынхаа нэр хүндийг бодох энэ бүх шаардлагын үүднээс завсарлага авсан юм.
Харин одоо орж ирж байгаа нь байнгын хороогоор нийтдээ 8 санал орж исрэн байна. Хүчин төгөлдөр болох хугацааны хувьд нэлээн ярилцъя гэж тохирсон. Би харин хүчин төгөлдөр болох хугацааны асуудлаар хэдийд тавих вэ гэдэг бол бас бэлтгэл хангахтай холбоотой асуудал учраас энд тодорхой хугацаа орох байх гэж бодож байна. Ийм учраас энийг манай гишүүдийн анхаарал бас энэ дээр тавих ёстой гэж бодож байна. Бэлтгэл хангах тодорхой хугацаа байхгүй бол болохгүй ээ гэдгийг энд хэлье.
Д.Дэмбэрэл: -Байнгын хороо хоёр дахь асуудлаар энэ нийлэг уут нийлүүлдэг, үйлдвэрлэдэг газруудын зүгээс реакци, ер нь олон нийтийн зүгээс энэ юм бий юу. Энэ нэлээд удлаа шүү дээ. За Алтангэрэл.
П.Алтангэрэл: -Ер нь хууль хэлэлцэж байх явцад, байнгын хороогоор хэлэлцэх үед ч гэсэн энэ чиглэлээр нийлэг уут нийлүүлдэг наймаачид гэдэг юм уу, энэ пүүс, компаний зүгээс ямар нэгэн гомдол санал эсэргүүцэл гарсан зүйл байхгүй. Энэ хуулийн гол үзэл санаа нь нийлэг уутандаа байна уу? Юунд байна гээд асууж байх шиг байна. Ер нь энэ хуулийг санаачлахад маш олон төрлийн судалгаа тооцоо юмнууд хийсэн юм байна лээ. Тэгээд энэ нийлэг уутын хэрэглээг хязгаарлах хуулийн төслийн танилцуулга дээр бол энэ тоо баримтууд, бүх юмнууд нэлээн тодорхой тусгагдсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ нийлэг уутыг хэрэглэхгүй байх ач холбогдол нь их өндөр байгаа учраас энэ хуулийн гол үзэл санаа нь ерөөсөө энийг л хязгаарлахад чиглэгдэж байгаа шүү дээ ер нь.
Д.Дэмбэрэл: -Гишүүд асуулт асууж хариулт авлаа. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулъя. Ганцхан заалт. Энэ бол одоо анхны хэлэлцүүлэг явж байна. Тэр бол хэлэлцэх эсэх дээр байдаг юм. Байнгын хороо нэлээн ажилласан шиг байна. Энэ хууль бол бас. Санал хураалтан дээр хэлж болно. Энэ одоо зарчмын зөрөөтэй санал дээр дээр ярьж болно. Нэг үгээр хэлбэл хуулийг хэлэлцэх асуудал нь өнгөрчихсөн, одоо анхны хэлэлцүүлгэнд. Одоо энэ санал хураалтын үед ярьж болно. Би одоо санал хураалгая. Одоо энэ саналуудыг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр үг хэлж болно.
Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулъя.
1.Байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг хураалгая. Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн нэрийг Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай гэж өөрчилье гэж байна. Санал хураалт явуулъя. Гишүүд ээ, миний хэлсэн саналыг та нар анхааралтай сонсов уу, үгүй юу. Хальсан уут гээд нэрлэчихье гээд би юм уншлаа шүү. Санал хураалт. Дэмжье, байнгын хороо дэмжсэн санал байна.
55 гишүүн санал хураалтад оролцож, 29 гишүүн зөвшөөрч, 52.7 хувийн саналаар саналыг дэмжиж байна.
Дараачийн санал хураалт.
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 0.5 мм-ээс бага зузаантай гэснийг 0.025 мм болон түүнээс бага зузаантай гэж өөрчлөх Батхүү гишүүний санал байна. Байнгын хороо дэмжсэн юм байна. Энэ саналаар санал хураалт явуулчихъя. Дэмжье гэсэн санал хураалт явж байна.
55 гишүүн санал хураалтад оролцож, 39 гишүүн зөвшөөрч, 70.9 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Гурав дахь саналыг хураалгая.
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн 4.1-д заасан зориулалтаар нийлэг хальсан уутыг импортлохыг хориглоно гэж 2 дахь заалт болгон нэмье гэж Батхүү гишүүн санал гаргасныг Байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналаар санал хураалт явж байна.
55 гишүүн санал хураалтад оролцож, 36 гишүүн зөвшөөрч, 65.5 хувийн саналаар санал дэмжигдлээ.

Дөрөв дэх санал .


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг үндэсний бүтээгдэхүүнд баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна гэсэн саналыг Батхүү гаргасан байна. Энэ хууль огт галбир хэлбэрээ олоогүй байсан энүүгээр олж байгаа юм. Дэмжье гэсэн санал хураалт явуулъя. Зүгээр л ганцхан заалт хийгээд ирсэн байхгүй юу. Батхүү дарга дутагдлаа зассан юм шиг байна.
56 гишүүн санал хураалтад оролцож, 39 гишүүн зөвшөөрч, 69.6 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Тавдугаар саналыг хураалгая.
Хуулийн төсөлд дараахь зүйлийг нэмье.
2 дугаар зүйл. Зарим нийтлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль тогтоомж
2.1. Зарим нийтлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн саналыг Батхүү гишүүн гаргасныг Байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулчихъя.
56 гишүүн санал хураалтад оролцож, 42 гишүүн зөвшөөрч, 75.0 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Зургаа дахь санал. Дараахь зүйлийг нэмэх.
З дугаар зүйлийн. Хуулийн нэр томъёо.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
3.1.1. Нийлэг хальсан уут гэж баглаа боодолд хэрэглэх зориулалтаар химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дахин боловсруулагддаггүй удаан задардаг нийлэг хальсан уутыг.
3.1.2. Баглаа боодол гэж түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг ороох, савлах зориулалттай нэг удаагийн хэрэглээний нийлэг хальсыг гэж нэмье гэж Гансүх гишүүн санал гаргасан байна. Байнгын хороо дэмжсэн байна. Дэмжье гэсэн санал хураалт явуулчихъя.
56 гишүүн санал хураалтад оролцож, 41 гишүүн зөвшөөрч, 73.2 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Долоо дахь санал. Хуулийн төсөлд дараахь зүйлийг нэмэх.
5 дугаар зүйл. Хуулийн биелэлтэд тавих хяналт
5.1. Хуулийн биелэлтэд тавих хяналт нь төрийн болон олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.
5.2. Энэ хуулийн биелэлтэд тавих төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга хууль тогтоомжоор эрх олгосон мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
5.3. Энэ хуулийн биелэлтэд тавих олон нийтийн хяналтыг энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэн хэрэгжүүлнэ гэсэн саналыг УИХ-ын гишүүн Балдан-Очир гаргасныг Байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналаар дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
56 гишүүн санал хураалтад оролцож, 41 гишүүн зөвшөөрч, 73.2 хувийн саналаар энэ санал дэмжигдэж байна.
Найм дахь санал. Хуулийн төсөлд дараахь зүйлийг нэмье.
6 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
6.1. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч дараахь захиргааны хариуцлага ногдуулна.
6.1.1. Энэ хуулийн 4.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг 1 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр тус тус торгох. Тоог гурван орноор нь бичихгүй бол.
6.1.2. Энэ хуулийн 4.2-т заасныг зөрчих. Уг хуулиар хориглогдсон нийлэг хальсан уутыг импортолсон, худалдсан бол уг зүйлийг хурааж, иргэнийг 1 сая, төгрөгөөр, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр тус тус торгох гэсэн санал гаргасан Балдан-Очир, Энхбаяр гишүүд. Энийг Байнгын хороо дэмжсэн байна. Дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
52 гишүүн санал хураалтад оролцож, 23 гишүүн зөвшөөрч, 42.2 хувийн саналаар хариуцлагын асуудал унасан байна даа. Энэ одоо зүгээр тэр 10 сая энэ тэрээ багасгах байсан юм биш биз дээ энэ хариуцлага байхгүй. За ингээд 55.8 хувийн саналаар энэ санал зөвшөөрөгдөхгүй байна.
Хууль гаргахдаа хариуцлагыг нь зааж өгөхгүй бол тэгээд биелэлт нь муу байдаг юм. Гишүүдээ хариуцлага нь дэндүү 10 сая энэ тэр гээд арай том тоо тавьж байгаад хариуцлаггүй болчихов уу, үгүй юу.
Санал хураалт зарчмын зөрүүтэй санал нэг бүр дээр явууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр өгье. Тэр хариуцлага юунаас болчихов гэдгээ дахиад нэг сайн хар. Хариуцлага байхгүй гэж зарлаад байдаг чинь зөв ч юм уу, буруу ч юм уу. Зүгээр тэр 10 сая энэ тэр нь мэдэхгүй юм.
Дараачийн асуудалдаа оръё.

Достарыңызбен бөлісу:
1   ...   4   5   6   7   8   9   10   11   12




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет