Авилгалын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц



бет1/4
Дата21.06.2016
өлшемі0.98 Mb.
#152735
  1   2   3   4
 АВИЛГАЛЫН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ

 

 


Удиртгал


 

 

Энэхүү конвенцид оролцогч улсууд,



 

Авилгалын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгаад сэтгэл зовниж,

 

Авилгал нь бусад гэмт хэрэг, тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой байдагт мөн сэтгэл зовниж,



 

Авилгалын хэрэг нь улсын нөөц баялгийн тодорхой хэсгийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгөтэй холбоотой байдаг бөгөөд энэ нь тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд заналхийлж байдагт цаашид сэтгэл зовниж,

 

Авилгал нь үндэсний хүрээнээс хальж бүх улс, эдийн засагт нөлөөлөхүйц үндэстэн дамнасан үзэгдэл болсноор түүнээс урьдчилан сэргийлж, хянахад олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй чухал болсонд итгэж,



 

Авилгалаас үр дүнтэй урьдчилан сэргийлж тэмцэхэд иж бүрэн, олон талт хандлага шаардлагатай гэдэгт мөн итгэж,

 

Авилгалаас үр дүнтэй урьдчилан сэргийлж тэмцэхийн тулд боловсон хүчнийг бэхжүүлэх, тогтолцоог бүрдүүлэх зэргээр улс орны чадавхийг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа авах боломж чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт цаашид итгэж,



 

Эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж,

 

Хууль бусаар олж авсан хөрөнгийг улс хооронд шилжүүлэх явдлаас илүү үр дүнтэй хэлбэрээр урьдчилан сэргийлж, илрүүлж, таслан зогсоох, түүнчлэн хөрөнгийг буцааж олгох чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шийдвэр төгс байж,



 

Эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний буюу захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудыг баримтлахыг хүлээн зөвшөөрч,

 

Авилгалаас урьдчилан сэргийлж, түүнийг устгах нь бүх улсын хариуцлага мөн бөгөөд хэрэв энэ чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгэм, төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллага зэрэг төрийн албанд үл хамаарах хувь хүн, байгууллага байдаг бол тэдний дэмжлэг оролцоотойгоор улс орнууд хамтран ажиллах ёстойг санан,



 

Төрийн хэрэг болон төрийн эд хөрөнгийг зохистойгоор удирдаж зохицуулах, хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчим байгааг, түүнчлэн үнэнч шударга байх явдлыг хангах, авилгалаас татгалзах соёлыг хөгжүүлэх шаардлага байгааг мөн санан,

 

Авилгалаас урьдчилан сэргийлж тэмцэх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн асуудал эрхэлсэн комисс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албанаас хийсэн ажлыг өндрөөр үнэлж,



 

Энэ чиглэлээр олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагаас хийсэн ажил, тухайлбал Африкийн холбоо, Европын зөвлөл, Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл (Дэлхийн гаалийн байгууллага хэмээн өөрөөр нэрлэдэг), Европын холбоо, Арабын улсуудын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Америкийн улсуудын байгууллагын үйл ажиллагааг эргэн санаж,

 

Авилгалаас урьдчилан сэргийлж тэмцэх талаархи олон талт баримт бичиг, тэдгээрийн дотроос Америкийн улсуудын байгууллагаас 1996 оны 3 дугаар сарын 29-ний өдөр баталсан Авилгалын эсрэг тэмцэх тухай Америкийн улс хоорондын конвенц, Европын холбооны зөвлөлөөс 1997 оны 5 дугаар сарын 26-ны өдөр баталсан Европын хамтын нийгэмлэгийн албан тушаалтан, эсхүл Европын холбооны гишүүн улсын албан тушаалтанд холбогдох авилгалтай тэмцэх тухай конвенц, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Олон улсын бизнесийн хэлцэлд гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахтай тэмцэх тухай конвенц, Европын зөвлөлийн Сайд нарын хорооноос 1999 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Авилгалын талаархи эрүүгийн эрх зүйн тухай Конвенц, Европын зөвлөлийн сайд нарын хорооноос 1999 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр баталсан Авилгалын талаархи иргэний эрх зүйн тухай конвенц, мөн Африкийн холбооны төр, засгийн тэргүүнүүдийн 2003 оны 7 дугаар сарын 12-ны өдөр баталсан Авилгалаас урьдчилан сэргийлж тэмцэх тухай Африкийн холбооны конвенцийг үнэлэн тэмдэглэж,



 

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр болсныг нааштай хүлээн авч,

 

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:



 

I бүлэг. Ерөнхий заалт


 

1 дүгээр зүйл. Зорилго

 

Энэхүү конвенцийн зорилго нь:



 

1.      авилгалаас илүү үр ашигтай бөгөөд үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг дэмжиж, бэхжүүлэх;

 

2.      авилгалаас урьдчилан сэргийлж, тэмцэх, тухайлбал хөрөнгө буцааж олгох талаар олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцааг хөгжүүлэх, хөнгөвчлөх, дэмжих;



 

3.      төрийн хэрэг, төрийн эд хөрөнгийн шударга, хариуцлагатай, зохистой удирдлагыг дэмжихэд оршино.

 

2 дугаар зүйл. Нэр томъёог хэрэглэх



 

Энэхүү конвенцийн зорилгоор:

 

1.      “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран; (ii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг; (iii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцийн II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно;



 

2.      “Гадаадын төрийн албан тушаалтан” гэж гадаад улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад томилогдсон буюу сонгогдон алба хашиж буй хүнийг; түүнчлэн гадаад улсын төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг хүнийг хэлнэ;

 

3.      “Олон улсын төрийн байгууллагын албан тушаалтан” гэж олон улсын байгууллагын ажилтан буюу тухайн байгууллагаас нэрийн нь өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон хүнийг хэлнэ;



 

4.      “Эд хөрөнгө” гэж материаллаг буюу материаллаг бус, хөдлөх буюу үл хөдлөх, биет буюу биет бус бүх төрлийн хөрөнгө болон ийм хөрөнгийг өмчлөх эрх болон түүн дэх эрх, ашиг сонирхлыг гэрчилсэн эрх зүйн баримт бичиг буюу актыг хэлнэ;

 

5.      “Гэмт хэргээс олсон орлого” гэж гэмт хэрэг үйлдэх замаар шууд буюу шууд бусаар олсон эсхүл авсан аливаа эд хөрөнгийг хэлнэ;



 

6.      “Битүүмжлэх” буюу “түр хураах” гэж шүүх буюу эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэх, солих, захиран зарцуулах, хөдөлгөхийг түр хугацаагаар хориглох буюу түр хугацаагаар эзэмшил буюу хяналтад авахыг хэлнэ;

 

7.      “Хураах” гэж хэрэглэх эрхийг оруулан, шүүх буюу эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эд хөрөнгийг бүрмөсөн авахыг хэлнэ;



 

8.      “Суурь гэмт хэрэг“ гэж энэхүү конвенцийн 23 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэргийн зүйл болж болох орлогыг бий болгосон гэмт хэргийг хэлнэ;

 

9.      “Хяналтан дор хүргүүлэх” гэж хууль бус буюу сэжигтэй барааг гэмт хэргийг мөрдөн байцаах болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийг таньж тогтоох зорилгоор нэг буюу хэд хэдэн улсын нутаг дэвсгэрээс, эсхүл түүгээр дамжуулан, эсхүл тэр нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг тэдгээр улсын эрх бүхий байгууллагын мэдэл, хяналтын доор зөвшөөрсөн аргачлалыг хэлнэ.



 

3 дугаар зүйл. Конвенцийн хамрах хүрээ

 

1. Энэхүү конвенцийн дагуу авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн байцаах, яллах, түүнчлэн энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон эд хөрөнгийг битүүмжлэх, албадан хураах, хураах болон буцаан өгөхөд энэхүү конвенцийг хэрэглэнэ.



 

2. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, түүнд дурдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ төрийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.

 

4 дүгээр зүйл. Бүрэн эрхт байдлыг хамгаалах



 

1. Оролцогч улсууд бүрэн эрхт тэгш байдал болон улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмын дагуу энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлнэ.

 

2.      Энэхүү конвенцийн аль ч заалт өөр улсын нутаг дэвсгэрт дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу гагцхүү тухайн улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хамаарах шүүхийн харьяаллыг хэрэгжүүлэх болон чиг үүргийг гүйцэтгэх эрхийг оролцогч аль ч улсад олгохгүй.



 

II бүлэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

 

5 дугаар зүйл. Авилгалаас урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа



 

1. Оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн нийгмийн оролцоог дэмжсэн, хууль дээдлэх ёс, төрийн үйл хэрэг болон төрийн эд хөрөнгийг зохистойгоор удирдах, шударга байх, ил тод байх, хариуцлага хүлээх зарчмыг илэрхийлсэн үр дүнтэй, уялдаа холбоо бүхий авилгалын эсрэг бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

2. Оролцогч улс бүр авилгалаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагааг явуулах буюу хөхиүлэн дэмжихийг чармайна.



 

3. Оролцогч улс бүр авилгалаас урьдчилан сэргийлж, тэмцэхэд нийцэхүйц байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох эрх зүйн баримт бичиг болон захиргааны арга хэмжээнд тогтмол дүгнэлт хийж байхыг чармайна.

 

4. Оролцогч улсууд зохих тохиолдолд эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн энэ зүйлд заасан арга хэмжээг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр өөр хоорондоо, түүнчлэн холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран ажиллана. Ийм хамтын ажиллагаанд авилгалаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөр, төсөл багтаж болно.



 

6 дугаар зүйл. Авилгалаас урьдчилан сэргийлэх байгууллага

 

1.      Оролцогч улс бүр зохих тохиолдолд эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авилгалаас дор дурдсан арга хэлбэрээр урьдчилан сэргийлэх байгууллага буюу байгууллагууд байлгах явдлыг хангана:



 

1.      энэхүү конвенцийн 5 дугаар зүйлд дурдсан бодлогыг хэрэгжүүлэх, зохих тохиолдолд уг бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, уялдуулан зохицуулах;

 

2.      авилгалаас урьдчилан сэргийлэх талаархи мэдлэгийг нэмэгдүүлж, түгээх;



 

2.      Оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага буюу байгууллагуудыг чиг үүргээ үр дүнтэйгээр, аливаа зүй бус нөлөөллөөс ангид биелүүлэхэд шаардлагатай хараат бус байдлаар хангана. Шаардлагатай материаллаг нөөц болон мэргэшсэн боловсон хүчин, түүнчлэн ийм боловсон хүчин чиг үүргээ биелүүлэхэд шаардагдаж болох сургалтаар хангах нь зүйтэй.

 

3.      Оролцогч улс бүр авилгалаас урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэхэд нь бусад оролцогч улсад туслах эрх бүхий байгууллага буюу байгууллагуудын нэр, хаягийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлнэ.



 

7 дугаар зүйл. Төрийн алба

 

1. Оролцогч улс бүр зохих тохиолдолд эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн албан хаагч, түүнчлэн зохих тохиолдолд сонгогддоггүй төрийн бусад албан тушаалтныг сонгон шалгаруулах, ажилд авах, ажиллуулах, албан тушаал дэвшүүлэх, чөлөөлөх талаар дор дурдсан тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг чармайна:



 

1.      үр ашигтай, ил тод байх зарчим болон мэдлэг чадвар, эрх тэгш байдал, авъяас зэрэг бодит шалгуурт үндэслэсэн;

 

2.      авилгалд ялангуяа өртөмтгий гэж тооцогдох төрийн албан тушаалд хувь хүнийг сонгон авах, сургах, мөн тэдгээр хувь хүнийг зохих тохиолдолд өөр албан тушаалд шилжүүлж байх талаар хангалттай журмыг багтаасан;



 

3.      оролцогч улсын эдийн засгийн хөгжлийн түвшинг харгалзан хангалттай урамшуулал, тэгш шударга цалингийн түвшинг дэмжсэн;

 

4.      тэднийг төрийн чиг үүргийг зөв, эрхэм бөгөөд зохистойгоор биелүүлэх шаардлагыг хангахуйц боловсролын болон сургалтын хөтөлбөрийг хөхиүлэн дэмжсэн, түүнчлэн чиг үүргээ биелүүлэхэд нь гарч болзошгүй авилгалын эрсдлийн талаархи мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн зохих тусгай сургалтаар хангасан. Ийм хөтөлбөр нь холбогдох салбарт мөрддөг ёс зүйн дүрэм, жишгээс иш татсан байж болно.



 

2. Төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор оролцогч улс бүр энэхүү конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээг авах асуудлыг мөн авч үзнэ.

 

3. Сонгогддог төрийн албан тушаалтны нэрийг дэвшүүлэх үйл ажиллагааны санхүүжилт болон холбогдох тохиолдолд улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор оролцогч улс бүр энэхүү конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээг авах асуудлыг мөн авч үзнэ.



 

4. Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн ил тод байдлыг дэмжих бөгөөд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг чармайна.

 

8 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны ёс зүйн дүрэм



 

1.      Авилгалтай тэмцэхийн тулд оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн төрийн албан тушаалтныхаа шударга, үнэнч, хариуцлагатай байх явдлыг inter alia дэмжинэ.

 

2.      Тухайлбал, оролцогч улс бүр төрийн чиг үүргийг зөв, эрхэм бөгөөд зохистойгоор биелүүлэх ёс зүйн дүрэм буюу жишгийг өөрийн байгууллагын болон эрх зүйн тогтолцооныхоо хүрээнд хэрэглэхийг чармайна.



 

3.      Энэ зүйлийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор оролцогч улс бүр Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51/59 дугаар тогтоолын хавсралтад орсон Төрийн албан тушаалтны ёс зүйн олон улсын дүрэм зэрэг бүс нутгийн, бүс нутаг хоорондын болон олон талт байгууллагын холбогдох санаачлагыг зохих тохиолдолд эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн анхааралдаа авна.

 

4.      Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан нь чиг үүргээ биелүүлэх явцад өөрт нь мэдэгдсэн авилгалын үйлдлийн талаар эрх бүхий зохих байгууллагад мэдээлэх явдлыг хөнгөвчлөн дэмжих арга хэмжээ, тогтолцоог тогтоох асуудлыг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ.



 

5.      Төрийн албан тушаалтан нь төрийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх чиг үүрэгтэй нь холбогдуулан сонирхлын зөрчил үүсгэж болох албан үүргээс гадуурх үйл ажиллагаа, ажил, хөрөнгө оруулалт, хөрөнгө, том хэмжээний бэлэг буюу ашиг орлогын талаар эрх бүхий холбогдох байгууллагад мэдүүлж байх арга хэмжээ, тогтолцоог зохих тохиолдолд дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн тогтоохыг оролцогч улс бүр чармайна.

 

6.      Оролцогч улс бүр энэ зүйлийн дагуу тогтоосон ёс зүйн дүрэм буюу жишгийг зөрчсөн төрийн албан тушаалтанд сахилгын буюу бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авах асуудлыг авч үзнэ.



 

9 дүгээр зүйл. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ

худалдан авах, төрийн санхүүг удирдах

 

1. Шийдвэр гаргахад ил тод байх, өрсөлдөөний зарчим, бодит шалгуурт үндэслэсэн бөгөөд авилгалаас inter alia урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй үйлчлэх төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зохих тогтолцоог тогтоох талаар шаардлагатай арга хэмжээг оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна. Ийм тогтолцоог хэрэглэхэд босго үнийг харгалзаж болох бөгөөд inter alia дараахь зүйлийг хамаарна:



 

1.      тендерт оролцох этгээдэд тендерээ бэлтгэж ирүүлэхэд хангалттай хугацаа олгох зорилгоор тендерийн урилга болон гэрээ байгуулах эрх олгох талаархи холбогдох буюу тохирох мэдээлэл зэрэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам болон гэрээнд хамаарах мэдээллийг олон нийтэд тараах;

 

2.      сонгон шалгаруулах болон эрх олгох шалгуур, тендер шалгаруулалтын дүрэм зэрэг шалгаруулалтын нөхцлийг урьдчилан тогтоох, тэдгээрийг нийтлэх;



 

3.      дүрэм буюу журмыг зөв хэрэглэсэн эсэхийг дараа нь нягтлан шалгахыг хөнгөвчлөх зорилгоор, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шийдвэрийг гаргахад бодит бөгөөд урьдчилан тогтоосон шалгуурыг хэрэглэх;

 

4.      энэ хэсэгт заасны дагуу тогтоосон дүрэм буюу журмыг мөрдөөгүй тохиолдолд хандах эрх зүйн боломж болон хамгаалалтыг хангах гомдол гаргах үр дүнтэй тогтолцоо зэрэг дотоодын хяналтын үр дүнтэй тогтолцоо;



 

5.      зохих тохиолдолд төрийн өмчийн хөрөнгөөр тодорхой бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, үнэлэх ажиллагаа, сургах шаардлагад сонирхол илэрхийлэх зэрэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах асуудлыг хариуцсан боловсон хүчинтэй холбогдох асуудлыг зохицуулах арга хэмжээ.

 

2. Оролцогч улс бүр төрийн санхүүгийн удирдлагад ил тод байх болон тайлагнах явдлыг хөхиүлэн дэмжих талаар зохих арга хэмжээг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна. Ийм арга хэмжээ нь дараахь асуудлыг inter alia хамрана:



 

1.      үндэсний төсвийг батлах ажиллагаа;

 

2.      орлого, зарлагын тухай тайланг цаг тухайд нь гаргах;



 

3.      нягтлан бодох бүртгэлийн болон хөндлөнгийн хяналтын жишиг, тэдгээртэй холбогдсон хяналтын тогтолцоо;

 

4.      эрсдлийн менежмент, дотоодын хяналтын үр дүнтэй бөгөөд үр ашигтай тогтолцоо;



 

5.      зохих тохиолдолд, энэ хэсэгт тогтоосон шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд засаж залруулах арга хэмжээ.

 

3. Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн улсын орлого, зарлагад хамаарах нягтлан бодох бүртгэл, тэмдэглэл, санхүүгийн мэдээлэл, бусад баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, тийм баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байж болох иргэний болон захиргааны арга хэмжээ авна.



 

10 дугаар зүйл. Олон нийтэд тайлагнах

 

Авилгалтай тэмцэх хэрэгцээг харгалзан үзэж зохих тохиолдолд оролцогч улс бүр төрийн захиргаандаа, үүнд зохион байгуулалт, чиг үүргээ хэрэгжүүлэх болон шийдвэр гаргах явцыг оролцуулан, ил тод байдлыг сайжруулахад шаардлагатай байж болох арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн, авна. Эдгээр арга хэмжээ нь дараахь зүйлийг inter alia багтаана:



 

1.      төрийн захиргааныхаа зохион байгуулалт, чиг үүргээ хэрэгжүүлэх болон шийдвэр гаргах явц, түүнчлэн хувийн амьдрал, хувийн мэдээ баримтыг хамгаалахыг зохих ёсоор харгалзахын сацуу олон нийтэд хамаарах шийдвэр болон эрх зүйн актын талаархи мэдээллийг зохих тохиолдолд олж авахыг олон нийтэд зөвшөөрсөн журам, дүрмийг батлах;

 

2.      шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад олон нийт нэвтрэх боломжийг хөнгөвчлөн дэмжихийн тулд захиргааны журмыг зохих тохиолдолд хялбарчлах;



 

3.      төрийн захиргаанд нь авилгал гарах эрсдлийн талаархи тогтмол илтгэлийг багтааж болох мэдээллийг хэвлэн нийтлэх.

 

11 дүгээр зүйл. Шүүх, прокурорын байгууллагад хамаарах арга хэмжээ



 

1. Шүүхийн хараат бус байдал, авилгалын эсрэг тэмцэл дэх түүний шийдвэрлэх үүргийг санан, оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн, шүүхийн хараат бус байдалд хохирол учруулахгүйгээр шүүхийн байгууллагад ажиллагсдын шударга байдлыг бэхжүүлэх, тэдгээрийн дунд авилгалд автагдах боломж бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Эдгээр арга хэмжээ нь шүүхийн байгууллагад ажиллагсдын үйл ажиллагааны дүрмийг багтааж болно.

 

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу авсантай адил үр нөлөөтэй арга хэмжээг шүүхийн тогтолцоонд хамрагддаггүй атлаа шүүхийн байгууллагатай адил хараат бус байдалтай прокурорын байгууллага бүхий оролцогч улсын прокурорын байгууллагад нэвтрүүлж, хэрэглэж болно.



 

12 дугаар зүйл. Хувийн хэвшил

 

1. Оролцогч улс бүр хувийн хэвшилд гарч болох авилгалаас урьдчилан сэргийлэх, хувийн хэвшлийн нягтлан бодох бүртгэлийн болон хөндлөнгийн хяналтын жишгийг сайжруулах арга хэмжээ, түүнчлэн зохих тохиолдолд ийм арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд үр дүнтэй, тухайн үйлдэлд тохирох, тухайн үйлдлийг хийхгүй байлгах иргэний, захиргааны болон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авна.



 

2. Эдгээр зорилгод хүрэх үүднээс inter alia дараахь арга хэмжээг авч болно:

 

1.      хууль сахиулах байгууллага болон холбогдох хувийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих;



 

2.      бизнесийн болон холбогдох бусад мэргэжлийн үйл ажиллагааг зөв, эрхэм, зохистойгоор явуулах ёс зүйн дүрэм, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг хувийн холбогдох байгууллагуудын зөв шударга байдлыг хамгаалах, түүнчлэн бизнес эрхлэгчдийн хооронд буюу бизнес эрхлэгчдийн гэрээний журмаар төртэй харилцах сайн харилцаанд бизнесийн найрсаг дадлыг хэвшүүлэн хэрэглэхийг дэмжихэд чиглэсэн жишиг, журмыг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих;

 

3.      зохих тохиолдолд, хамтарсан байгууллага байгуулах, удирдахад хамрагдах хувь хүн, хуулийн этгээдийн хэн болохыг мэдүүлэх талаархи арга хэмжээ зэрэг хувийн байгууллагуудын дунд ил тод байдлыг хөхиүлэн дэмжих;



 

4.      аж ахуйн үйл ажиллагаа явуулахад төрийн эрх бүхий байгууллагаас олгох татаас, тусгай зөвшөөрлийн талаархи журам зэрэг хувийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журмыг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх;

 

5.      төрийн албан тушаалтан байсан этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу төрийн албан тушаалтныг огцорсон буюу тэтгэвэрт гарсны дараа хувийн хэвшилд ажил эрхлэхэд нь, хэрэв ийм үйл ажиллагаа буюу ажил нь тэдний хийж байсан буюу удирдаж байсан чиг үүрэгтэй шууд хамааралтай байвал, зохих тохиолдолд боломжит хугацаагаар хязгаарлалт тавих замаар сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;



 

6.      бүтэц, хэмжээг нь харгалзан үзэж хувийн үйлдвэрүүдийг авилгалын үйлдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэхэд туслах хангалттай хөндлөнгийн дотоод хяналттай байхыг болон тэдгээр хувийн үйлдвэрийн данс болон шаардлагатай санхүүгийн мэдээллийг хөндлөнгийн хяналт, гэрчилгээжүүлэлтийн зохих ажиллагаанд хамруулах явдлыг хангах.

 

3. Авилгалаас урьдчилан сэргийлэх үүднээс оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн аль нэгийг үйлдэх зорилгоор явуулсан дараахь үйлдлийг хориглоход нягтлан бодох бүртгэл, тэмдэглэл хөтлөх, санхүүгийн мэдээлэл задруулах, нягтлан бодох бүртгэлийн болон хөндлөнгийн хяналтын жишгийн талаархи дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу шаардлагатай байж болох арга хэмжээг авна:



 

1.      бүртгэлээс гадуур данс нээх;

 

2.      бүртгэлээс гадуур буюу хангалтгүй мэдээлэл бүхий гүйлгээ хийх;



 

3.      гараагүй зардлыг бүртгэх;

 

4.      объектыг нь буруу тодорхойлсон өглөг үүсгэх;



 

5.      хуурамч баримт бичиг ашиглах;

 

6.      нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг хуульд заасан хугацаанаас өмнө санаатайгаар устгах.



 

4. Оролцогч улс бүр энэхүү конвенцийн 15, 16 дугаар зүйлээр тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох хахууль болсон зардал болон зохих тохиолдолд авилгалын үйлдлийг дэмжсэн бусад зардлыг татвар ногдох зардлаас хасч тооцохыг үл зөвшөөрнө.

 

13 дугаар зүйл. Нийгмийн оролцоо



 

1. Оролцогч улс бүр авилгалаас урьдчилан сэргийлж, тэмцэхэд хувь хүн болон иргэний нийгэм, төрийн бус байгууллага, бүлэгт түшиглэсэн байгууллага зэрэг төрийн албанаас гаднах бүлгийн идэвхитэй оролцоог хөхиүлэн дэмжих бөгөөд авилгал оршиж байгаа, түүний үүсэх шалтгаан, цар хүрээ, учруулж буй аюул заналын талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн өөрийн бололцооны хүрээнд авна. Энэхүү оролцоог дараахь арга хэмжээгээр бэхжүүлнэ:

 

1.      шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, түүн дэх олон нийтийн оролцоог дэмжих;



 

2.      олон нийт мэдээлэл авах боломжтой байх явдлыг хангах;

 

3.      авилгалыг үл тэвчих уур амьсгал бий болгоход хувь нэмэр оруулахад чиглэсэн олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагаа, дунд болон их, дээд сургуулийн хөтөлбөр зэрэг олон нийтийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх;



 

4.      авилгалтай холбоотой мэдээлэл эрэх, авах, хэвлэн нийтлэх, тараах эрх чөлөөг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих, хамгаалах. Тэрхүү эрх чөлөөнд тодорхой хязгаарлалт тавьж болох боловч хязгаарлалт нь зөвхөн хуульд заасан байх бөгөөд дараахь үндэслэлээр шаардлагатай байвал зохино:

 

        i.            бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх;

 

      ii.            үндэсний аюулгүй байдал, ordre public, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах.

 

2. Оролцогч улс бүр энэхүү конвенцид заасан авилгалын эсрэг тэмцэх холбогдох байгууллагын талаар олон нийт мэдэж байх явдлыг хангах талаар зохих арга хэмжээ авч, зохих тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг бүрдүүлж байна гэж үзэж болох аливаа тохиолдлын талаар мэдээлэхээр эдгээр байгууллагад хандах боломж (үүнд нэрээ мэдүүлэхгүйгээр хандах боломж багтана)-оор хангана.



 

14 дүгээр зүйл. Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ

 

1. Оролцогч улс бүр



 

1.      мөнгө угаах бүх хэлбэрийг таслан зогсоох болон илрүүлэхийн тулд мөнгө болон бусад үнэт зүйлийн шилжүүлгийн албан буюу албан бус үйлчилгээ үзүүлдэг хувь хүн буюу хуулийн этгээдийг оролцуулан банк болон банк бус санхүүгийн байгууллага болон зохих тохиолдолд мөнгө угаахад ялангуяа өртөмтгий бусад байгууллагад зохицуулалт, хяналтын дотоодын иж бүрэн дэглэмийг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоох бөгөөд ийм дэглэм нь харилцагч болон зохих тохиолдолд жинхэнэ өмчлөгчийн хэн болохыг тогтоох, тэмдэглэл хөтлөх, сэжигтэй гүйлгээг мэдээлэхэд тавих шаардлагыг онцлон тэмдэглэнэ;

 

2.      энэхүү конвенцийн 46 дугаар зүйлийг үл хөндөн, захиргаа, зохицуулалт, хууль сахиулах болон мөнгө угаахтай тэмцдэг эрх бүхий бусад байгууллага (дотоодын хуулийн дагуу зохих тохиолдолд шүүхийн эрх бүхий байгууллага) нь дотоодын хуулинд нь заасан нөхцлийн хүрээнд үндэсний болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломжтой байх явдлыг хангах бөгөөд үүний тулд мөнгө угааж байж болзошгүй гэсэн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, түгээх зорилго бүхий үндэсний төв болох санхүүгийн мэдээллийн нэгж байгуулах асуудлыг авч үзнэ.



 

2. Оролцогч улсууд хилийг нь дамжих бэлэн мөнгө болон эргэлтийн зохих баримт бичгийн хөдөлгөөнийг илрүүлж, хянах талаар хэрэгжих боломжтой арга хэмжээ авах асуудлыг авч үзэх бөгөөд чингэхдээ мэдээллийг зохистойгоор ашиглах явдлыг хангах баталгааг мөрдөж, хөрөнгийн хууль ёсны хөдөлгөөнд саад болохгүй. Эдгээр арга хэмжээнд хувь хүн болон аж ахуйн байгууллага их хэмжээний бэлэн мөнгө болон эргэлтийн зохих баримт бичгийг хил дамжуулан шилжүүлсэн талаар мэдээлж байх шаардлага багтаж болно.

 

3. Оролцогч улсууд санхүүгийн байгууллага, үүний дотор мөнгө гуйвуулдаг байгууллагад дараахь шаардлага тавих талаар хэрэгжих боломжтой бөгөөд зохих арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг авч үзнэ:



 

1.      мөнгөний цахим шилжүүлгийн маягт болон холбогдох мэдээнд шилжүүлэгчийн талаар үнэн зөв бөгөөд утга агуулгатай мэдээллийг тусгах;

 

2.      ийм мэдээллийг төлбөр хийх явцын бүх шатанд хадгалах;



 

3.      шилжүүлэгчийн талаар бүрэн мэдээлэл байхгүй мөнгөн шилжүүлгийн талаар нарийн шалгалт явуулах.

 

4. Энэ зүйлийн нөхцлийн дагуу зохицуулалт, хяналтын дотоодын дэглэм тогтоохдоо энэхүү конвенцийн аливаа бусад зүйлийг үл хөндөн бүс нутгийн, бүс нутаг хоорондын болон олон талт байгуулагаас мөнгө угаахын эсрэг холбогдох санаачлагыг удирдлага болгохыг оролцогч улсуудад уриалж байна.



 

5. Оролцогч улсууд мөнгө угаахтай тэмцэхийн тулд шүүх, хууль сахиулах болон санхүүгийн зохицуулалтын эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэлхийн, бүс нутгийн, дэд бүсийн болон хоёр талын хэмжээнд хөгжүүлж, дэмжихийг чармайна.

 

III бүлэг. Гэмт хэрэгт тооцох,



хууль сахиулах

 

15 дугаар зүйл. Үндэсний төрийн албан тушаалтныг хахуульдах



 

Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна:

 

1.      төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох;



 

2.      төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах.

 

16 дугаар зүйл. Гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах

 

1. Оролцогч улс бүр гадаадын төрийн албан тушаалтан эсхүл олон улсын байгууллагын албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь олон улсын үйл ажиллагаа явуулахад хамааруулан бизнесийн буюу зүй бус бусад давуу тал олж авах буюу тийм давуу талаа хадгалах зорилгоор ямарваа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох үйлдлийг санаатай үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.



 

2. Оролцогч улс бүр гадаадын төрийн албан тушаалтан эсхүл олон улсын байгууллагын албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад ямарваа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.

 



Достарыңызбен бөлісу:
  1   2   3   4




©dereksiz.org 2024
әкімшілігінің қараңыз

    Басты бет