Д.Дэмбэрэл:-Баярлалаа. Их Хурлын гишүүд хэлэлцэх эсэх талаар үг хэллээ. Цөмөөрөө дэмжиж байх шиг байна. Эрдслийг асуусан болохоос биш энийг болохгүй гэдэг талаас яриагүй байхаа. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулъя.
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо хэлэлцье гэж санал оруулсан.
/Микрофонгүй ярив/
Анхны хэлэлцүүлгийн үед наадахыгаа оруулж ирээд саналаа хураалгаад, хойшлуулахыг нь хойшлуулаад, батлахыг нь батлаад өгье. Одоо бол Байнгын хорооны саналаар Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцье гээд санал хураалтаа явуулчихъя. Анхны хэлэлцүүлгийн үед ялгаж, салгаж саналын томъёолол орж ирэх ёстой. Тэрнийгээ оруулаад ирье.
Санал хураалтанд 58 гишүүн оролцож, 48 гишүүн зөвшөөрч, 82.8 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Анхны хэлэлцүүлгийн явцад ялгаж, салгах, эрсдэлтэй холбоотой зарим асуудлаа оруулах мэтийн гишүүдийн асуугаад, яриад санал хэлээд байгаа зүйлүүдээ анхаараад ингээд ороод ирье.
Эдийн засгийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэг хийхээр шилжүүлж байна. Шаардлагатай гэж үзвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээрээ ярьж болно. Шаардлагатай юмуу, үгүй юмуу гэдгээ явцын дунд шийднэ бизээ.
Баярлалаа, ажлын хэсгийнхэнд.
Дараачийн асуудалд оръё.
Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөлийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар анхны хэлэлцүүлгийг явуулъя.
Уг төслийн талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Чулуунбат танилцуулна. Чулуунбат гишүүнийг индэрт урьж байна. Чулуунбат гишүүн яасан бэ?
За Байнгын хорооны санал дүгнэлтийг Энхболд гишүүн уншъя. Энхболд гишүүнийг индэрт урьж байна.
Н.Энхболд:-Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.
Засгийн газраас Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараахь санал, дүгнэлтийг гарган Та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүд намуудын сонгуулийн болон хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон Эх орны хишиг, эрдэнийн хувийг 2010 оноос олгох асуудал тусгагдсан эсэх, Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит бус чуулганаар баталсан Хямралыг гэтлэн давах төлөвлөгөөнд туссан асуудлуудыг тусгасан эсэх зэрэг асуудлуудаар асуулт асууж, хариулт авч байлаа.
Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Засгийн газраас Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Дэмбэрэл:-Энхболд гишүүнд баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холболгдуулаад асуух асуулттай гишүүн Даваасүрэн, Бат-Үүл орлоо. Бат-Үүл гишүүний кнопийг та нар сайн шалгаад орхиоч.
Ц.Даваасүрэн:-Зөвхөн 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл бус мөн 11, 12 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байгаа учраас Байнгын хороон дээр бид нар нэг асуудлыг нэлээн дэлгэрэнгүй ярьсан. Улс төрийн амлалт болж байгаа, нийгэмд нэлээн үүсгээд байгаа 1.5-ын асуудлыг тусгах асуудал ямар шатандаа явна вэ? адаглаад төсөөлж болохгүй юу гэдэг асуултыг би тавих гээд байна л даа. 1.5 саяыг олгох талаараа 11, 12 оны төсөөлөлдөө тусгаад тоо тавьчих юм бол нэг талаараа бас нийгэм ямар ч гэсэн өгөх хариуцлага бий болж байгаа юм байна гэж ойлгоно. Тавиад харъя. Хэр хэмжээний эх үүсвэр шаардагдах вэ, төсөв ямар байдалд орох вэ гэдгийг хараад явах нэг талаасаа ач холбогдолтой.
Нөгөө талаасаа бас хариуцлага үүснэ л дээ, тоо тавиад явчих юм бол. Тэгэхээр Сангийн сайдаас 11, 12 оны төсөлөлдөө төсөөлчихөж болохгүй юу? 1.5 саяыгаа өгье гэдэг л асуулт тавих гээд байна.
Д.Дэмбэрэл:-Байнгын хорооны илтгэлээс асууж байгаа. Эхлээд БАйнгын хороо хариулна. Төсвийн төсөөлөлд 11-12 оны түвшингийн асуудал ядахдаа 1.5-даа орохгүй юмуу гэсэн асуудал. Сангийн сайд түрүүнд хариулаад байсан. Байнгын хороо энийг юу гэж үзсэн бэ? за Хүрэлбаатар дарга
Ч.Хүрэлбаатар:-Уг нь энэ төсвийн хүрээний мэдэгдэл бол 3 жилээр манай улсын эдийн засгийн гол үндсэн үзүүлэлтүүд нэн ялангуяа төсөвтэй холбоотой гол үзүүлэлтүүдийг тусгаж, үүнийг нь УИХ хуульчилж өгдөг. Үүн дээр 10, 11, 12 оны тоонууд байгаа юм. Ингээд улс төрийн намуудын амлалттай холбоотой үзүүлэлтүүдийг энэ 3 онд нь хамааруулж, тооцоогий нь хийж явах нь зүйтэй гэсэн ийм саналыг Байнгын хороон дээр санал хураалт явуулж дэмжсэн байгаа. Ингээд хэлэлцүүлгийн явцад үүнийг тусгана гэж бодож байгаа.
Д.Дэмбэрэл:-Ажлын хэсэгт Баярцогт Сангийн сайд, Хашчулуун-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Батхүрэл-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны газрын орлогч дарга, Ганбат-Сангийн яамны орлогын хэлтсийн дарга, Батгэрэл-Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Энэбиш-Сангийн яамны санхүү, эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, Болдбаатар-Хөгжил, шинэтгэлийн ямар юм гэнэ вэ, зарим албан тушаал гаргагдахгүй байна, зарим нь УИХ-ын чуулганы ажиллагаанд оролцож байна.
Бат-Үүл гишүүн асуултаа тавья.
Э.Бат-Үүл:-Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл хоёрыг Төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль, нэгдсэн төсвийн тухайхууль өөрчлөгдөнө гэж бодолгүйгээр хийгдсэн байгаа, тийм ээ. Одооны нэгдсэн төсвийн хууль, Төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль хэрэгжинэ гэдгээр хийсэн байгаа. Би нэг юм асуух гэсэн юм. Яг үнэндээ Их Хурлын гишүүд ээ, нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг бид нар суугаад хараад үзэх юм бол гайхаш тасармаар хууль байгаа шүү дээ. Ерөөсөө бүр авцалдах юм гэж байхгүй. Нэг ухагдахууныг бүр өөр өөрөөр тодорхойлоод хаячихсан. Би Хүрэлбаатар гишүүнээс асуух гээд байна. Жишээ нь, нэгдсэн төсвийн хуулин дээр улсын нэгдсэн төсөв гэдэг бол улсын төсөв, орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв, Нийгмийн даатгалын төсөв гээд заачихсан байдаг. Улсын нэгдсэн төсвийн хууль дээр.
Төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль дээр улсын нэгдсэн төсөв гэдэг бол улсын төсөв, орон нутгийн төсөв гээд заачихсан байгаа юм. Нөгөө нийгмийн даатгалын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв бол нэгдсэн төсөвт орохгүйгээр заачихсан байгаа юм. Жишээ нь, би асуух гээд байна. Нэгдсэн төсвийн төсөөлөл, мэдэгдэл хоёр алиныг нь барьж гарч ирсэн бэ? алиныг нь. Энэ хоёр тодорхойлолтын алиныг нь барьж хийсэн юм бэ? Жишээ нь, орон нутгийн төсөв гэдгийг нэгдсэн төсөв дээр иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, Засаг дарга бүрдүүлж зарцуулдаг төсвийг орон нутгийн төсөв гэсэн байгаа юм. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулин дээр орон нутгийн төсөв, улсын төсвийн дэмжлэг орон нутгийн төсөв гэнэ. Тэгвэл орон нутгийн төсөв бол улсын төсвийн дэмжлэгийг орон нутаг мэднэ гэсэн үг болчихож байгаа байхгүй юу. Энэ хоёр тодорхойлолтын алинаар нь орон нутгийн төсвийн хуваарилалтанд төсвийн хүрээний мэдэгдэл хийгдсэн байгаа вэ? Өөрөөр хэлбэл энэ хоорондоо авцалдаагүй заалтын алинаар нь явсан бэ гэж би асуугаад байна.
Д.Дэмбэрэл:-Хүрэлбаатар дарга хариулъя
Ч.Хүрэлбаатар:-Бат-Үүл гишүүний хэлж байгаа асуулттай, дотор байгаа санааг ойлгож байгаа. Ер нь нэгдсэн төсөв, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль гэсэн энэ хоёр хуулийг нэгтгэж нэг хууль болгох тухай асуудал Сангийн яаман дээр нэлээд олон жил яригдаж байгаа. Баярцогт сайдын Төсвийн байнгын хорооны хурал дээр өгсөн тайлбараас үзэхэд энэ хоёр хуулийг нэгтгэх чиглэл рүү нь ажил хийгдэж байгаа юм байна гэж үзэж байгаа. Ингээд энэ хоёр хуулийг нэгтгэж чадах юм бол нэгтгэх нь цаашдаа энэ олон хуулиудын дунд байгаа хоорондоо уялдаагүй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Улсын нэгдсэн төсөвт Монгол Улсыг хөгжүүлэх сан болон нийгмийн даатгалын хоёрыг салгахдаа холбогдох хуулиудад өөрчлөлтийг нь оруулсан байгаа. Нэгдсэн дотор оруулсан. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулинд яаж өөрчлөлт оруулсныг би сайн санахгүй байна. Гэхдээ хуулиндаа нийцэж байгаа болов уу гэж бодож байгаа. Нэгдсэн төсөв болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хоёулангий нь барьж энийг хийсэн байгаа гэдгийг хэлмээр байна. Яг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулин дотор холбогдох өөрчлөлтийг тухайн үед нь оруулж байсан санагдах юм. Гэхдээ би магадлаад танд эргэж хариулт өгьещ.
Д.Дэмбэрэл:-Бат-Үүл гишүүн тодруулчихъя.
Э.Бат-Үүл:-Би яагаад ингэж асуугаад байгаа юм гэхээр зориуд тамлах гэж байгаа юм бишээ. УИХ-ын гишүүд ээ, анхааралтай хараад үзэх юм бол аль хуулиар нь бид нар төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллөө авч явах нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Нэгдсэн төсвийн хууль дээр нэг зүйл тодорхой заасан байгаа юм. Яг үнэндээ төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль гэдэг чинь нарийн дээрээ үзэхээр Улсын төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль юм байна лээ шүү дээ. Яг нарийндаа бол.
Энэ Төсвийн нэгдсэн хууль дээр чинь энэ төсвүүдийн хоорондох шилжүүлэг, дэмжлэг, бүх юмыг нь харилцан уялдаатай зохицуулахаар хийчихсэн байхгүй юу. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулин дээр байдаггүй юм. Аль нь дэмжлэг, аль нь шилжүүлэг юм, аль нь юу юм гэдэг нь ерөөсөө тодорхойгүй байдаг байхгүй юу. Ингээд энэ Сангийн яам бол Их Хурлынгишүүд ээ, орон нутгаар тоглож байгаа, Их Хурлаар тоглож байгаа шүү Сангийн яам.
Д.Дэмбэрэл:-Хүрэлбаатар дарга хариулъя.
Ч.Хүрэлбаатар:-Би юун дээр нь тодруулга хийх билээ дээ, энэ хоёрын хуулийг нэгтгэж нэг болгож гаргах ажил бол Сангийн яаман дээр хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор холбогдох хуулийн өөрчлөлтүүд нь орж ирэхээр Бат-Үүл гишүүний хэлж байгаа зөрчилтэй, ойлгомжгүй байгаа зүйлүүд нэг талдаа бүрмөсөн шийдэгдэх байхаа гэж бодож байгаа. Тийм зүйл байгаа.
Д.Дэмбэрэл:-Байнгын хорооны санал дүгнэлтээс асуултаа асууж, хариулт авлаа. Одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулъя. Гишүүд санал хураалтанд бэлтгэе.
Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналууд байна. 2009 оны явцад төсвийн орлогын байдлаас харгалзаад, тухайн бүрт нь тодотгол хийж /захиргаа, хөрөнгө оруулалтын зардлуудыг зохицуулж байх/ за энийг сайн найруулаарай. Төсвийн байнгын хороо дэмжсэн, УИХ-ын гишүүн Чулуунбатын санал байна. Байнгын хорооны саналаар дэмжье гээд санал хураалт явуулъя.
Санал хураалтад 57 гишүүн оролцож, 39 гишүүн зөвшөөрч, 68.4 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Хоёрдахь санал. Нийслэл хотын дэд бүтцийг шинэчлэх гэж төслийн 3-р бүлэгт шинээр заалтыг нэмье гэсэн санал гарсан байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаярын санал. Төсвийн байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналаар дэмжье гээд санал хураалт явж байна.
Санал хураалтанд 55 гишүүн оролцож, 39 гишүүн зөвшөөрч, 70.9 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Гуравдахь санал. Төсвийн зарцуулалттай холбогдуулан хариуцлагын тогтолцоог шинэчлэх, Ц.Батбаяр гишүүний саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн санал хураалт явж байна.
Санал хураалтанд 54 гишүүн оролцож, 41 гишүүн зөвшөөрч, 75.9 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Дөрөвдэх санал. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан улс төрийн намуудын амлалтуудыг 2010-2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмж тусгах гэсэн саналыг Даваасүрэн гишүүн гаргасан байна. Төсвийн байнгын хороо дэмжиж энэ саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Санал хураалтанд 54 гишүүн оролцож, 36 гишүүн зөвшөөрч, 66.7 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Д.Ганхуяг:-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч гэсэн ийм санал орсон юм. Газруудыг гэдгийн хойно дуудлага худалдаагаар гэсний өмнө зөвхөн гэдэг үг байсан юм. Хоёр зориулалттай, нэг нь төслөөр өгч байгаа гээд төсвөөр дэд бүтцийг нь бий болгочихоор зүгээр авчихаад байх юм, тийм учраас дэд бүтцээ … зөвхөн гэсэн үг байгаа. Угаасаа тэгж хураагдсан юм.
Д.Дэмбэрэл:-Тлейхан гишүүн
А.Тлейхан:-Их Хурлын гишүүн юм асууя гээд байхад нь заавал гацааж байх ямар шаардлага байгаа юм бэ? 4-р санал дээр та эргээд хар л даа, 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл гэсэн байна шүү дээ. Ийм юм гэж байхгүй шүү дээ. Эсвэл 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, эсвэл 11-12 оны төсвийн төсөөлөл гэж байгаа шүү дээ. Аль нь юм бэ? энэ. 2012 гэдэг илүү тоо биш үү?
Д.Дэмбэрэл:-Тэр найруулгын алдаа байх шиг байна. 10 оных нь хүрээний мэдэгдэл гэсэн юм байж байгаа шүү дээ. Даваасүрэн гишүүн. За тэр найруулгын засвар хийе. Энийг эцсийн хэлэлцүүлэгт орж ирэхэд Тлейхан гишүүний асуугаад байгаа зүйлийг тодруулж оруулж ирье.
Тавдахь санал хураалт. Нийслэлд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн дэд бүтэц бүхий газруудыг зөвхөн дуудлага худалдаагаар худалдаж, орлогоор нь дэд бүтцийн хөгжлийн сан байгуулж, шинээр дэд бүтцийг бий болгоход зориулах гэж төслийн 3-р бүлэгт шинээр заалт нэмэх, УИХ-ын гишүүн Ганхуяг, Зоригт нарын гаргасан саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулъя.
Санал хураалтанд 56 гишүүн оролцож, 35 гишүүн зөвшөөрч, 62.5 хувийн саналаар санал дэмжигдэж байна.
Төсвийн байнгын хороо дэмжээгүй санал байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бизнес инкубатор байгуулж ажиллах гэсэн төслийн 3.6 дахь заалтыг тодорхой тоон хэлбэрт оруулъя гэсэн саналыг Ц.Батбаяр гишүүн гаргасан байна. Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Ийм учраас дэмжих боломжгүй гэсэн санал хураалт явж байна.
Санал хураалтанд 56 гишүүн оролцож, 38 гишүүн зөвшөөрч, 67.9 хувийн саналаар саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.
Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлье.
Дараачийн асуудалд оръё.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцье.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Баярцогт танилцуулна. Баярцогт сайдыг индэрт урьж байна.
С.Баярцогт:-УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32-р зүйл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай УИХ-ын 2004 оны 2-р тогтоолд зааснаар эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах цаг хугацаанд төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах цаг хугацаатай уялдахгүй байгаагаас Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ нь жил жилийн төслийн төслийг боловсруулах, бэлтгэх үйл ажиллагаанаас цаг хугацааны хувьд ойртох, ихэнх төсөл хөтөлбөр арга хэмжээнд төсөвт өртөггүй гарч, энэ нь Үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг тайлагнах үед тавьсан зорилт, үзүүлэлтүүд нь биелэгдэхгүй байх, тавигдаж буй зорилтууд нь хэт тунхагласан буюу тодорхой бус тойм шинжтэй болох, улсын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлтэй уялдахгүй байх зэрэг сөрөг үр дагаварууд бий болгож байна.
Үүнээс үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт боловсруулж батлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Улсын төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт УИХ-ын хаврын чуулганаар батлуулж, түүнд үндэслэн төсвийн төслийг боловсруулдаг байх тогтолцоонд шилжиж, төсвийн бодлого хэрэгжүүлэх механизмд чиглүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт боловсруулж батлуулдаг болгоод Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Д.Дэмбэрэл:-Баярцогт сайдад баярлалаа. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулаад асуух асуулттай гишүүн Чулуунбат гишүүнээр тасаллаа, Энхбат гишүүн орлоо.
Батсуурь гишүүн асуултаа асууя.
Ж.Батсуурь:-2010 оны төсвийн төслийг хэлэлцэхэд энэ өөрчлөлтөөр хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй нь ойлгомжтой болсон энэ цаг үед заавал ийм яаруу энэ өөрчлөлтийг хийх шаардлага байна уу, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийг нэгтгэж нэг мөр хуулийн шинэчилсэн найруулга хийе гэж байгаа энэ цаг үед ийм түр зуурын шинж чанартай жижиг өөрчлөлт хийх шаардлага байгаа юмуу?
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн эрх захирагч нар, өөрөөр хэлбэл яамдууд, орон нутагт байгаа сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дотуур байр гээд энэ объектуудаа орон нутгийнхаа төсөвт бүрмөсөн шилжүүлж болохгүй юмуу? энэ хуулийнхаа өөрчлөлтөөр нэг мөсөн нэгдсэн төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр. Тэгэхгүй бол одоо аймгууд, аймгийн дарга нар, аймаг, орон нутаг, төсвийн эрх захирагч гээд хоёр шатны сумын, аймгийн, Тамгын газрын төвсийг барьж суучихаад тэгээд ихэнх аймгууд улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Бид энэ төвлөрүүлж байгаа орлогоо төвлөрүүлэхгүй гэсэн ийм яриа хөөрөөтэй. Гэтэл сургууль, эмнэлэг, цэцэрлэгийнхээ төсвийг үндсэндээ орон нутагт төвлөрч байгаа орлого нь дааж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас ийм өөрчлөлт хийж болохгүй юу гэсэн 3 үндсэн асуулт байна.
Д.Дэмбэрэл:-Баярцогт сайд хариулъя.
С.Баярцогт:-Батсуурь гишүүний энэ асуултууд Байнгын хорооны хурал дээр хэлэлцэх эсэхийг шийдэхэд бас тавигдаж байсан асуудлууд. Энэ бол бас аймгийг олон жил удирдаж ажилласан туршлагатай хүний хувьд бас энэ хуулийн зовлон жаргалыг мэдэж байгаа. Бидний хувьд ч гэсэн ер нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийг шинэчлэх үндсэн шаардлага нь яг амьдрал дээр орон нутгийн төсвийн эрх мэдлийг боогдуулсантай шууд холбоотой гэдэгтэй санал нэг байгаа. Тэр утгаараа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн тухай хуулийг нэгтгээд нэг хууль болгож намрын чуулганаар өргөн барих гэж байгаа. Энэ дээр гишүүдийн саналыг, төсвийн ерөнхийлөн захирагч нарын болон аймгийн Засаг дарга нарын саналыг нэлээн түлхүү судалж, авч байгаа, энийг хууль хэрэгжсэн 6 жилийн туршлаган дээр үндэслэж хийгдэж байгаа өөрчлөлт байгаа гэдгийг хэлмээр байна.
Д.Дэмбэрэл:-Одбаяр гишүүн асуулт тавья
Д.Одбаяр:-Хоёр зүйл асууя. Олон жилийн өнгөрсөн жилүүдэд хараад байхад төсвийн төслөөр хэлэлцэх үед төсвөө батлах, Үндсэн чиглэл гээд л Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд тэрний үндэс болох сонгуулийн мөрийн хөтөлбөр гээд олон юмнууд хэлэлцээд явдаг. Жил жилдээ ингээд хэлэлцэхэд би ингэжойлгоод байгаа байхгүй юу. Энэ төсвөө батлаад үндсэн чиглэлээ батлахыгаа тухайн санхүүгийн жилтэйгээ их зөв уялдсан зүйл гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж хавар хэлэлцэх маань санхүүгийн жил өөрчлөгдөх тийм бодлого байна уу?
Хоёрдугаарт, ер нь Сангийн яам энэ төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, үндсэн чиглэл хэлэлцэх энэ тогтолцоогоо ямар байх нь зөв гэж үзээд байгаа юм бэ? одоогийнхоогоо буруу гэж үзээд ийм санал оруулж байгаа юмуу?
Гуравдугаарт, хавар хэлэлцсэн үндсэн чиглэл маань төсөв хэлэлцэхгүй үед өөрчлөгдөхгүй байхаа гэж Сангийн яам баттай бодож байгаа юмуу? хавар хэлэлцээд үндсэн чиглэлээ баталдаг, намар болохоор төсөв хэлэлцэхээр нөгөөдөх чинь их олон өөрчлөлтүүд гарна шүү дээ. Тэгж их сайн итгэлтэй тооцож байгаа ямар үндэслэл байнаа?
Д.Дэмбэрэл:-Баярцогт сайд
С.Баярцогт:-Асуудлын гол нь ингэж байгаа юм. Үндсэн чиглэл гэдэг баримт бичиг бол жил болгон хэлэлцэгдээд байгаа юм, манайх шиг жил болгон үндсэн чиглэл гэдэг баримт бичиг хэлэлцдэг ийм улс орон байхгүй. Засгийн газар нь 4 жилд нэг удаа Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг батлаад л тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга хэмжээгээ жил жилийнхээ төсөвт суулгаад л явж байгаа. Тэгэхээр манайд энэ уламжлагдаад ирчихсэн учраас үндсэн чиглэл гэдэг зүйлийг бид нар төсвийнхөөурд талд хэлэлцэхээр төсвийн өмнө ямар практик байгаа вэ гэхээр үндсэн чиглэлд ямар нэгэн байдлаар асуудлаа суулгавал тэр нь төсөвт суудаг гэсэн тийм ойлголт л үүсчихээд байгаа. Тэгээд үндсэн чиглэлийн хэлэлцүүлэг маань аягүй формаль хэлэлцүүлэг болчихоод байгаа юм, төсөвтөө шахагдчихдаг учраас. Төсөв нь өөрөө хугацаатай. Логикийн дагуу төсвөө батлахаас өмнө Үндсэн чиглэлээ батлах шаардлага заавал үүсчихдэг.
Тэгэхээр ерөөсөө төсөв маань 12 сарын 1-нд батлагдаж дуусах ёстой. Тэгэхээр Үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийн ач холбогдол нь ерөөсөө байхгүй болчихоод байгаа юм. Үндсэн чиглэлийг яаж хэлэлцэх вэ, хэдэн зүйлтэй байхав гэдгийг 2004 онд нарийвчлаад УИХ-ын тогтоолоор баталчихсан. 6 бүлэгтэй ийм л үндсэн параметрүүдийг тусгасан зорилт байдаг. Зарим тодорхой макро үзүүлэлтүүд нь тоогоор тусдаг. Төсвийн хүрээний мэдэгдэлтэй яагаад цуг хэлэлцье гэсэн санал тавьсан юм бэ гэхээр төсвийн хүрээний мэдэгдлийг бас энэ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг 2003 оноос хэрэглэж эхэлснээс хойш төсвийн хүрээний мэдэгдлийг хавар хэлэлцдэг болчихсон юм. Тэрэн дээр макро эдийн засгийн 6 үзүүлэлтийг 3 жилээр тавьж байгаа. Үндсэндээ 18 тоо баталж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхэд энэ тоонууд Үндсэн чиглэл дээр яг ижилхэн батлагддаг байхгүй юу. Тийм учраас хоёр давхардсан ажил хийхээ больё. Төлөвлөлтөө урьдчилж хийж байя гэдэг үүднээс хавар хэлэлцье гэдэг санал тавьсан юм. Энэ удаа бол агуулга нь алдагдчихаж байгаа юм. Яагаад гэвэл Засгийн газар энэ хуулийг 12 сард өргөн барьсан байхгүй юу. Тэгээд намрын чуулганаар хэлэлцэж чадаагүй. Одоо ингээд хаврын чуулганаар одоо хэлэлцчихвэл, одоо ингээд батлагдчихлаа гэх юм бол энэ намар үндсэн чиглэл хэлэлцэхгүй гэсэн үг.
Нэгэнт өргөн барьчихсан, үйл ажиллагаанаас болоод хавар хэлэлцчихэж багаа учраас бид нар заавал тавихаас өөр аргагүй ийм байдалтай л байгаад байгаа юм. Логикийн хувьд үндсэн чиглэл гэдэг баримт бичиг хэлэлцдэг парламент манайхаас өөр бараг байхгүй.
Д.Дэмбэрэл:-Чулуунбат гишүүн асуултаа тавья.
О.Чулуунбат:-Энэ төсвийн хүрээний мэдэгдлийн үедээ үндсэн чиглэлийг баталж байх нь болж байгаа юм. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдэл маань зүгээр нэг ийм мэдэгдэл, тунхаглалын чанартай баримт баймааргүй байна. 2, 3 жилийн өмнө манайх төсвийн хүрээний мэдэгдлийг хийж эхэлснээс нэлээн хэдэн жил болчихлоо. Миний санахын 2001, 2002 оноос эхэлсэн санаад байх юм. Нэлээн хэдэн жил болчихлоо, энэ мэдэгдлийнхээ хүрээн дотор макро эдийн засгийн параметрээ бариад яваад байсан юм. Гэтэл сая 2006 онд нөгөө мэдэгдлээсээ хамаагүй хэтрээд том алдагдалтай гарчихсан шүү дээ, төсөв. Нэгд.
Хоёрт, 2009 оны төсвийн төслийг оруулж ирэхдээ урд нь хийж байсан мэдэгдлээсээ хамаагүй хол 6 хувийн алдагдалтайгаар оруулж ирсэн. Бид нэлээн хэдэн гишүүд энийгээ буулгаачээ. Энэ чинь гадаадын хөрөнгө оруулагч, бизнесмен, худалдаачин, наймаачид, манай хөршүүдэд буруу сигнал өгч байна шүү дээ. Зах зээл рүү буруу сигнал өгч байна гэж хэлж байсан. 6-гаар нь баталчихсан. Дараа нь 2 сар танаад 300 млрд-ыг хасч болж байсан байхгүй юу. Уг нь 10 сард анх орж ирэхдээ тэр 300-гаа хасчихсан байсан бол бид нар их зөв сигнал өгөх байсан юм. Мөнгөний бодлогын хувьд ч гэлээ гэсэн бид нар зах руу бас иймэрхүү үндсэн чиглэл батлаад зах руу сигнал өгч байгаа л даа. Миний бодлоор тэр параметрээсээ хэт хальснаас Монголбанкин дээр хариуцлагаа ойлгоод жишээ нь, Батсүх бол би тэр шалтгаанаар өөрөө өргөдлөө өгсөн болов уу гэж бодоод байгаа юм.
Тэгэхээр энэ төсвийн хүрээний мэдэгдлийг Сангийн яам зүгээр нэг тунхаглалын чанартай баримт бичиг гэж хүлээж авмааргүй байна. Энийг хариуцлагатай хүлээж аваад энийг даган мөрддөг болмоор байна. Энэ талаар ямар ажил хийх юм бэ гэж асуумаар байна.
Достарыңызбен бөлісу: |